Билгийн тооллын XVII жарны “Урвуулагч” хэмээх шороон гахай жилийн зуны дунд сарын шинийн гуравны Хотол чуулган барилдлагатай Хөх нохой өдрийн морин цагт Бүх цэргийн Их хар сүлдийг цэнгүүлэн тайх ёслол Төв аймгийн Эрдэнэ сумын нутаг, туг сүлдний зохилдлоготой Агуйт ууланд боллоо.
Бүх цэргийн Их хар сүлдийг цэнгүүлэн тайх ёслолд Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Х.Баттулга, УИХ-ын гишүүн, Батлан хамгаалахын сайд Н.Энхболд, Зэвсэгт хүчний жанжин штабын дарга, хошууч генерал А.Ганбат тэргүүтэй зэвсэгт хүчний удирдах бүрэлдэхүүн болон үндэсний аюулгүй байдлыг хангах чиг үүрэг бүхий байгууллагуудын удирдлага оролцож, Агуйт уулын тахилгат овоонд ёслолыг эхлүүлсэн ба Их хар сүлдийг төрийн цэргийн дүрмийн дагуу Агуйт уулын оргилд өмнө, дорно, өрнө, умрын элч сүлдийн хамт тусгайлан зассан суудалд байрлуулж, цэнгүүлэн тайх ёслол үйлдэв.
Тайх ёслолын дараа Монгол Улсын төрийн дуулал эгшиглэж, оролцогчид Бүх цэргийн Их хар сүлднээс адис авснаар ёслол өндөрлөв.