92263017 •
  Ерөнхий зохицуулагч
1800-1280 •
  Иргэдээс мэдээ мэдээлэл авах
92263535 •
  Төрийн болон албаны нууцтай   холбоотой мэдээ, мэдээлэл
Олноо Өргөгдсөн Монгол Улсын үеийн тагнуулын үйл ажиллагаа

Доктор Б.Эрдэнэбилэг

1911 оны Үндэсний эрх чөлөөний хувьсгалаар төрийн тусгаар тогтнолоо сэргээн мандуулсан монголчуудын үйл хэрэг эхний үед амжилтанд хүрч, олон монгол угсаатан эвлэлдэн нэгдэж, нэгдмэл төр улсаа байгуулах талаар тодорхой бодлого, үйл ажиллагаа явуулж байв.

Энэ үеийн гадаад нөхцөл байдлыг дүгнэн үзэхэд Алс Дорнодыг мэдэлдээ нэгэнт авсан Хаант Оросын газар нутгаа тэлэх цаашдын зорилго, шинээр тогтносон ДИУ-ын Ар Монголыг өөрийн мэдлийн хэмээн үзэж байсан улс төрийн байр суурь, Монголд уул уурхайн концесс болон төмөр зам барих эрх олж авах гэсэн их гүрнүүдийн ашиг сонирхол давхцан солбилцон байв. Эдгээр улс гүрнүүд өөрсдийн бодлого, сонирхлоо хэрэгжүүлэхийн тулд дипломат тагнуулын хийгээд бусад аргыг өргөн ашиглаж байв.

Ийм үед хөрш их гүрнүүдийн зүгээс Монгол Улсыг хэрхэн үзэж, ямар чиглэл бодлого баримталж буй болон тэдгээрийн захиргаанд оршин байсан монгол угсаатнуудын байр суурийг тандан мэдэх ажлыг хэрэгжүүлэхийн тулд Богд хаан өөрийн итгэлт шадар түшмэдээр дамжуулан гадаад тагнуулын ажлыг тусгаар улсаа тунхаглан зарласан тэр үеэс явуулж эхэлсэн ажээ.

Үндэсний эрх чөлөөний хөдөлгөөн үр дүнд хүрч, олон монгол угсаатан Монгол Улсыг дэмжиж байсан энэ үед тагнуулын ажлыг идэвхтэй явуулах боломж бүрдэж байв.

Энэ үед хилийн чанадад явж мэдээлэл цуглуулж байсан гол хэлбэр нь бадарчлан явах, шашны томоохон хуралд оролцох, мөргөл үйлдэх, хийдэд шавилан суух халхавчийг гол төлөв ашигладаг байжээ. Тухайлбал: Хүрээний лам Д.Чагдаржав Орос, Польш, Итали, Франц, Энэтхэг орноор, япон хэмээх А.Данзан Япон, Хятад, Гандан хийдийн аграмба лам Н.Хаянхирваа Орос, Халимаг, Туркт, барга лам Ц.Лувсанням Орос, Хятад, Төвд, нэрт түүхч, манжич Б.Буянчуулган Хаант Оросод удаа дараа, чин ван лам Л.Дашдэндэв Хятадад, “Цагаан” хэмээх хочтой лам Данзан Ил Тарвагатай болон Шинжааны нутгуудаар хэдэн жилээр явж байжээ. Тэд ихэвчлэн тэнүүлч бадарчингийн халхавчийг хэрэглэж байжээ.

Богд хааны тагнуулын үйл ажиллагаанд тодорхой мэдэгдэж буй хүмүүсийн  нэг нь Их Хүрээний гавж лам, Богд хааны даалгавраар Орос болон Туркт тусгай үүрэг гүйцэтгэж, хожим нь улс орны аюулгүй байдлыг сахин хамгаалах Дотоодыг Хамгаалах Газрын даргаар ажиллаж, их гүрний түрэмгий бодлогыг эсэргүүцэж, түүнийхээ золиос болон хэлмэгдсэн Намжилын Хаянхирваа юм.

Намжилын Хаянхирваа гэргийн хамт.

Тэрээр 1900 оны орчим Орос орныг зорьж, Халимагийн нэгэн хийдэд гурван жил орчим шавилан суужээ.

Нэрт эрдэмтэн Бямбын Ренчин Хаянхирваагаар эсперанто хэл заалган сурсан тухайгаа дурсахдаа: “Би Хаянхирваагаар багшлуулж, эсперанто хэл сурсан. Хаянхирвааг би 1923 оноос танина. Автономит Буриад улс байгуулагдсаны баярт төлөөлөгчөөр хамт явж, Улаан-Үд орсон. Намайг 1927 онд Судар Бичгийн хүрээлэнд ирж ажиллахад Дотоодыг Хамгаалах Газрын даргаар ажиллаж байсан. Чингээд намайг “эсперанто хэл сурч үз. Маш хялбархан хэл” гэхэд нь заалгасан. Чингээд эсперанто хэлээр  ярих, тэр хэл дээрх ном үзэх гэж уулздаг байсан. Хаянхирваа энэ хэлээр бичсэн ном орчуулж байсан. Хаянхирваа өөрөө энэ хэлийг сурсан тухайгаа ярихдаа: “Бадарчлан явж, Оросын халимаг ястнаар явсан. Тэгэхэд Монголын Богдын шавь хэмээн маш их хүндэтгэдэг байсан. Хуралд нь хурж, шавилан сууж байтал дайн үймээн болж, олон лам нар дайжин Английн цэргийн усан онгоцонд сууж Стамбул орсон. Нэгэн турк хүнтэй танилцаж, дагаж ажил хийж мөнгө олж байсан. Тэр хүн дагуулж, эсперанто хэлний 1 жилийн сургуульд суралцуулсан. Тэгээд эсперанто хэлтэй жуулчид буудалладаг буудлын газар ачаа буулгах, ачих, үйлчлэх ажилд орж ажиллаж байсан гэж ярьдаг байсан” хэмээн өгүүлжээ.

Дээр өгүүлсэн түүний амьдралын түүхийн нэгээхэн хэсэг нь түүний туулсан замналын түүхийн нэгэн тал боловч уг хэрэгтээ Олноо Өргөгдсөн Монгол Улсын үед тусгай үүрэг гүйцэтгэж байсан тухай судлаачдын бүтээл, судалгааны дүгнэлтүүдээс тодорхой болж байгаа юм. Тухайлбал: Судлаач  Г.Дүйнхэржэв “Намжилын Хаянхирваагийн улс төрийн намтар” судалгааны бүтээлдээ баримтуудыг харьцуулан судалсаны үндсэн дээр “Н.Хаянхирваад Богд хаант Монгол Улсын Засгийн Газраас тагнуулын үүрэг өгч, зориуд бадарчин маягтай явуулсан бололтой. Түүнийг Орос улсад төрийн тусгай зардлаар явуулаад эхийг нь улсаас тэжээж байсан гэж үзэх үндэстэй байна. Н.Хаянхирваа нь гавж зэрэгтэй эрдэмтний хувьд мартенист бүлэглэлд оролцож байсан нь улмаар тэр үеийн Оросоос дорно дахинд явуулах хэтийн бодлого, зорилготой ямар нэг хэмжээгээр холбогдож, нэвтэрч орсон бололтой. Тэрхүү мартенист бүлэглэлд оролцож явсан нь монгол төр, хаан эзнийхээ өмнө хүлээсэн үүргээ биелүүлж явсан албан ажил болж таарч байна” гэсэн дүгнэлт гаргажээ. Мөн хожмын судлаачид түүнийг тусгай үүрэг гүйцэтгэж байсныг нотлон тэмдэглэсэн судалгааны өгүүлэл, нийтлэл цөөнгүй  хэвлүүлэн гаргаж, тагнуулын үйл ажиллагаа нь улам бүр тодорсоор байгаа юм.           

Түүнийг Олноо Өргөгдсөн Монгол Улсын үед гадаадад тусгай үүрэг гүйцэтгэж байсан тухайд тодруулах бас нэгэн баримт нь тэрээр улс төрийн хэргээр баривчлагдан хоригдож байхдаа 1934 оны 5 дугаар сарын 24-нд мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэгтээ: “... Тэр үед тагнуулын ажлыг олон түмнээс нууцаар явуулах хэмээх явдалгүй. Харин эзэн хааны зарлиг хэмээн илэрхийгээр бүдүүлэг явуулж ирсэн. Олноо Өргөгдсөний 2 дугаар оноос эхлэн эзэн хаан Жибзундамба хутагт, шанзудба Бадамдорж, чин ван лам Дашдэндэв нар сүм хийдийн дотор тагнуулын байгуулалт хийж, Да амбан, Магсар бээс харчуудын дотор тагнуулын ажил зохион байгуулж байхад Богдын дэргэд байсан Баатар захирагч тагнуулын ажилд товчлогчийн чанартай оролцож, гадаадаас ирсэн мэдээ зүйлийг Богдод нэвтрүүлэн өгөх ба Жибзундамба зэрэг дээд удирдагчдын гадаадад гарах ба дотоодын бүхий л бичиг хэргийг ерөнхийлөн эрхэлж байв. Баатар захирагч бүхий л мэдээг өөрийн гараар бичиж, Богдод өгдөг журамтай байв” хэмээснээс үзэхэд хаант төрийн энэ нууц ажлыг тодорхой мэддэг байсан, мөн Халимагт олон жил шавилан сууж, дараа нь Туркт явж ажиллаж байсныг тусгай үүрэг гүйцэтгэж байсантай холбон үзэх бас нэгэн шижим юм.  

Н.Хаянхирваагийн мэдүүлэгт дурьдагдаж буй Баатар захирагч бол Богд Жибзундамбын дэргэд шадарлан явдаг ба хааны гадаад тагнуулын чиглэлээр ирсэн мэдээ зүйлийг Богд хаанд нэвтрүүлэн өгөх, тагнуулчдыг гадаадад гаргах, дотоодын бүхий л бичгийн хэргийг эрхэлдэг байв.

Баатар захирагч энэ үүргийг гүйцэтгэхдээ тагнуулын бүхий л мэдээг өөрийн гараар бичиж, Богд Жибзундамбад өгдөг журамтай байжээ. Эдгээрээс үзвэл тэр үед тагнуулын үйл ажиллагааны нууцлалыг хангах чанд журамтай байсан байна.

Судалгаанд мэдэгдэж буйгаар мэдүүлэгт дурьдагдан буй Баатар захирагч бол 1938 онд “японы тагнуул, хувьсгалын эсэргүү байгууллагын төв бүлгийн гишүүн” хэмээн хилс хэргээр хэлмэгдсэн лам Чойжамцын Баатар мөн бололтой. Тэрээр хилс хэргээр баригдан байцаагдахдаа “Богд Жибзундамбын дэргэд шадарлан 25 жил ажилласан” гэж мэдүүлсэн нь Н.Хаянхирваагийн мэдүүлэг дэх Баатар захирагчийн тухай мэдүүлсэнтэй таарч байгаагаас гадна Ч.Баатар нь Богдын сангаас хөрөнгө зарах эрхтэй байсан зэрэг нь түүнийг нэг хүн байсныг нотолж буй юм. Богд хаантай ойр байсныг батлах бас нэгэн баримт нь байцаагдаж байхдаа: “9 дүгээр Богдыг залах ажилд зориулан хувийн цагаан чулуун хөөрөг, 2 лангийн алтан бэлзэг 1-тэй туслах хэмээн санаж, хадгалан байсан нь үнэн” хэмээн мэдүүлснээс харж болох юм.

Мөн үеийн тагнуулын үүрэг гүйцэтгэж байсан тодорхой хэмжээнд мэдэгдэж буй хүмүүсийн нэг нь Жонон ван Ширнэндамдингийн тагнуулын үйл ажиллагааны асуудал бөгөөд тухайн үеийн тагнуулын үйл ажиллагааг тодруулах баримт сэлт ховор бөгөөд Ширнэндамдин тайжийн 1931 онд улс төрийн хэргээр баривчлагдах үедээ өгсөн мэдүүлгээс зарим зүйлийг тодруулж болохоор байна. Тэрээр мэдүүлэхдээ: “... арван естэйгөөс эхлэн Манж амбан сайдын яамнаа алба гурван жил хааж, Чин Улсын эцсийн үед Хаалган хотноо Монгол-Дөрвөдийн албыг 40 жил шахам төлөөлж байсан. Ширнэндамдин би бол Монгол овогтны үндсийг хамгаалах бодлогыг хэдийнээс бодож эрмэлзсээр ирсэн нь одоо хэвээр болой. Миний бие Ардын засаг байгуулсны дараа Холбоот улстай гэрээ байгуулах хэргээр явахдаа бид Тагна Тува, Дотоод Монгол зэргийг монгол овогтонд нэгтгэх тухай уул гэрээнд оруулах саналыг гаргаж байсан боловч уг саналыг бусдад эзэрхэх гэсэн бодлого хэмээн хэрэгсээгүй болой” гэжээ.

Үүнээс үзэхэд Манжийн төрд итгэгдэж, томоохон албан тушаал хашиж, суурьшиж чадсан нь Монголын төр, түүний тагнуулын албаны алсыг харсан бодлого гэлтэй.

Хожим Ардын Засгийн Газраас түүнийг 1923, 1924, 1927 онуудад тусгай үүрэг гүйцэтгүүлэхээр Хятадад томилон илгээсэн бөгөөд Монгол Улсын гадаад байдал түгшүүртэй байсан тэр үед гадаад орны байдал, улс төрийн зүтгэлтнүүдийн санаа бодол, эрмэлзлэлийг тандан мэдэх даалгаврыг гурван удаа амжилттай биелүүлж, тухай бүр чухал мэдээ сэлт олж ирж байсны зэрэгцээ гадаадад амьдарч буй нөлөө бүхий монгол гаралтай хүмүүстэй холбоо тогтооход ихээхэн хувь нэмэр оруулсан юм.  

1913 оны 1 дүгээр сард Дотоод Хэргийг Бүгд Захиран Шийтгэгч Яамны тэргүүн сайд Да лам Цэрэнчимэд “Японтой харилцаа тогтоох, Монголын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрүүлэх, Ар, Өвөр Монголыг хамаарсан тусгаар тогтнолын талаар Японы үзэл бодлыг лавлаж мэдэх”-ээр явсан хэрэг нь бүтсэнгүй буцан ирсэн байна.

Үүний дараа хэрэг явдлыг илээр явуулж болохгүйд хүрмэгц туршлагатай тагнуулч “япон” хэмээх А.Данзанг 1914-1915 оны үед Гадаад яамны сайд чин ван М.Ханддоржийн даалгавраар Харбинд явуулж, япончуудын Монголын талаарх байр суурь, Монголын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрүүлэх болон дипломат харилцаа тогтоох боломж нөхцөл буй эсэхийг тандан мэдэхээр явуулж байв.

А.Данзан нь Богд хаант болон Ардын Засгийн хоёр төрийн нүүрэнд эх орныхоо үндэсний нэгдэл, тусгаар тогтнолын төлөө амь насаа хайрлалгүй зүтгэж явсан тагнуулч, “япон” хэмээн алдаршсан Москва, Бээжин, Токиод төрийн албаны өндөр зиндааны түшмэдээс эхлээд мэргэжлийн тагнуулчид, дипломатчид, худалдаачид хүртэл мэддэг байсан Түшээт хан аймгийн Дайчин вангийн хошууны харъяат бөгөөд Богд хаант Монгол Улсын тагнуулын томоохон төлөөлөгчдийн нэг юм.

А.Данзан Японд явсан тухайгаа хилс хэргээр баригдан 1932 оны 2 дугаар сарын 24-нд мэдүүлэхдээ: “Миний бие урьд автономит засгийн үед Япон Улсад хувийн хэргээр зугаацан явахаар зохих газар мэдүүлэхэд тэр үеийн Гадаад яамны сайд Цэрэндоржоос чиний явах гэсэн чинь зүйтэй. Ер нь Монголоос Японд явсан хүн байдаггүй хэмээн хүлээн зөвшөөрч, тус хотноо байсан Сато хэмээх хүний хамтаар Японы нийслэл Токио хотноо очиж, Гадаад яамны зэрэг газруудаар очсон ба өөрийн хэргээр зугаацан явсан атал Японоос намайг их л хүндэтгэн үзэж, Гадаад яамандаа хүлээн авч, элдэв олон үзэсгэлэн ба цэргийн хэрэглэл, зэр зэвсэг тэргүүтнийг бүгдийг үзүүлсэн... Хамт явсан Сато бол урьд монгол газар тагнуулаар ирж байсан бөгөөд дараа 17 /1927/ онд Жанчхүү хотноо дахин учирсан” хэмээжээ. Үүнээс үзэхэд А.Данзан тэрхүү Сато гэгчийг Хүрээнд хэдэн жил суусан мэргэжлийн тагнуулч гэдгийг мэддэг байсан нь Богд хааны тагнуулын алба чамлалтгүй түвшинд байсныг илтгэнэ.

Гурван улсын гэрээний дараа буюу 1916-1917 онд Монголын тагнуулын алба Монголын баяд, дөрвөдийн зарим ноёд бэйл Нацагдоржийн удирдлага дор нууцаар хуйвалдаж, Хятадын пүүсээр дамжуулан Үрүмч дэх Шинжаан мужийн захирагчтай холбоо тогтоон бэлэг сэлт, цалин пүнлүү шагнуулаад баруун хязгаарыг Монгол Улсаас салгаж, Шинжаан мужид нийлүүлэх гэсэн салан тусгаарлах гэсэн урвагчдын хэргийг шалган тогтоож, зорилго, үйлдлийг нь таслан зогсоож байв. Хуйвалдагчдын хэргийг тагнуулын шугамаар “нарийвчлан сурвалжлан байцааж” бэйл Нацагдорж Хятадад захирагдахыг хүсч, Үрүмчийн захирагчаас ихээхэн шагнал авч, бусад ван, гүнгүүдийг ятган ухуулж, чуулган дарга, хошой чин ван Түгээмэл, туслагч жанжин Саруул, түгээмэл гүн Түмэнбаяр нарын хамт Хятадад дагаар орох бичиг зохион үйлдэж, уг бичигтээ Паньджунай, Бат-Ерөөлт далай хан Түмэндэлгэржав нарын гарын үсгийг хуурамчаар зураад Үрүмчийн захирагчаар дамжуулан Хятадын Ерөнхийлөгчид хүргүүлсэн болохыг тогтоож байжээ.

Богд хааны тагнуулын албанд зүтгэж явсан эдгээр хүмүүс хожмоо 1921 онд Ардын хувьсгалыг ялалтанд хүргэх, тусгаар тогтнол, аюулгүй байдлаа сахин хамгаалах үйлсэд ихээхэн үүрэг гүйцэтгэсэн байдаг. 

НИЙТЭЛСЭН: 2019-04-08 өдөр 09:22:5 цаг           ҮЗСЭН: 2088