92263017 •
  Ерөнхий зохицуулагч
1800-1280 •
  Иргэдээс мэдээ мэдээлэл авах
92263535 •
  Төрийн болон албаны нууцтай   холбоотой мэдээ, мэдээлэл
Эгэл байлдагчаас эрхэм дээд цол генерал хүртэл

Монгол Улсад генерал цол олгож эхэлсэний 75 жилийн ойд.

Доктор Б.Эрдэнэбилэг

Бүтэмжийн Дүйнхоржав нь 1913 онд Сэцэн хан аймгийн Хурц вангийн хошуу, одоогийн Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын нутагт төржээ.

1930 оноос Эрдэнэцагаан уулын хошууны тамгын газар бичээч, мөн хошууны Баянцагаан сумын захиргааны нарийн бичгийн дарга, Хулстай сумын захиргааны нарийн бичгийн даргаар ажиллаж байгаад 1934 онд цэргийн албанд татагджээ.

1935 оноос ДХЕГ-т туслах төлөөлөгч, 1937 оноос ДЯЯ-нд ахлах төлөөлөгч, Сэлэнгэ аймаг дахь Дотоодыг хамгаалах ангийн дарга, 1940-1941 онд ДЯЯ-ны тусгай төлөөлөгч, тус яамны УАХБ-ын Гадаад тагнуулын хэлтсийн даргаар ажиллаж байв.

Тэрээр Гадаад тагнуулын хэлтсийн даргаар томилогдсоныхоо дараа дээд байгууллагын шийдвэрийг хэрэгжүүлж, Квантуны армийн эзлэн аваад байсан Хятад, Өвөр Монголын нутагт явуулж байгаа цэрэг, улс төр, эдийн засгийн бодлого, ард түмний санал сэтгэгдэл, зан байдал болон БНМАУ-ын эсрэг зохиогдож байгаа үйл ажиллагааг судлах чиглэлээр тагнуулын ажлыг идэвхжүүлсэн байна. Уг зорилтыг хэрэгжүүлэхийн тулд гадаад тагнуулын ажлыг Хайлаар, Халуун рашаан, Их хянган, Вангийн сүм, Баруун, Зүүн Сөнөд, Авга, Үзэмчин, Хуучидын хошууд зэрэг Шилийн голын 10 хошуу, Цахар чуулган, Улаанцавын чуулганы 5 хошуу, Жанчхүү, Долоннуур, Буут, Хөх хот, баруун өмнө чиглэлд Нинся муж, Альшаа хошуу, Эзэний голын торгууд, Хөх нуурын монголчууд, баруун Алтайн казахууд, Бархөл, Хами хотуудын чиглэлд тагнуулын ажлыг зохион байгуулсан бөгөөд энэ бүхэн нь улс орны гадаад аюулгүй байдлыг бэхжүүлэх, авагдсан мэдээ, баримтын үндсэн дээр ээлжит арга хэмжээг оновчтой төлөвлөн явуулах нөхцөлийг бүрдүүлж байжээ.

 УАХБ-аас Японы түрэмгийллийн аюул занал идэвхжсэн тэр үед дайсны аюул заналаас  урьдчилан сэргийлэх зорилгоор дайсан довтолсон үед ар талд нь тагнуул хийж, зэвсэг хэрэгслийн агуулах, зам гүүр, харилцаа холбооны шугам, цэргийн ар талын хэрэгсэл, шатахууны нөөц бүхий томоохон бэхлэлт зэргийг илрүүлэн устгахад бэлтгэх, дайсны эзэмшлийн нутагтай хил залгаа орших орон нутгийн ард түмний сонор сэрэмжийг дээшлүүлэх, хэрэгцээтэй цагт тэдний тус дэмжлэгийг авах чиглэлээр гүйцэтгэх ажилтан, орон нутгийн идэвхтэн ардуудын хэсэг, отрядуудыг зохион байгуулсан байна. Эдгээр отрядууд зүүн, зүүн өмнөд, өмнөд хилийн дэргэд 1941 оны сүүлч хүртэл суурьшин ажиллахдаа үндсэн үүргийн хүрээнд зарим арга хэмжээ авч зохих бэлтгэл хийхэд Б.Дүйнхоржав биечлэн очиж, заалт удирдлага өгч байв.

Тэрээр 1941 оны 7 дугаар сараас ДЯЯ-ны Улсыг аюулаас сахиж хамгаалах газрын даргаар томилогдсон бөгөөд 1949-1951 оны 8 дугаар сарын 30-ныг хүртэл Дотоод Явдлын Яамны сайдаар ажиллажээ.

            Маршал Х.Чойбалсангийн албан тасалгаанд. Зүүн талаас: ДЯЯ-ны сайд Б.Дүйнхоржав, М.Дүгэрсүрэн, С.Удвал, Б.Ширэндэв, Г.Бумцэнд, Х.Чойбалсан, Ш.Сүрэнжав нар. 1950 он


 1940-өөд оноос Шинжааны хятад бус үндэстний дотор Гоминьданы Хятадын дарлалыг эсэргүүцсэн эрх чөлөөний хөдөлгөөн өрнөж байсан боловч их үндэстний бодлого, улс төр, эдийн засгийн шахалт хавчилтаас болж, БНМАУ-ын баруун хилийн чанадад Оспаны толгойлсон зэвсэгт бүлэг казахын ард түмний тэмцлийг өөрсдийн явцуу сонирхолд урвуулан ашиглаж, зэвсэгт дээрэмчдийн арга барилд шилжин, манай улсын баруун хилд халдан цөмөрч удаа дараа хилийн будлиан өдөөх явдал 1943 оноос ихээхэн идэвжсэн юм.

Эдгээр нөхцөл байдлаас үндэслэн Шинжааны хятад бус үндэстний эрх чөлөөний хөдөлгөөнийг нарийвчлан судлах, тэдний толгойлогчтой холбоо тогтоох, дээрэм тонуул хийх, хил зөрчих явдлыг зогсоох нөхцөлийг бүрдүүлж зохион байгуулах ажлыг Б.Дүйнхоржав хариуцаж, 1943 оны 10 дугаар сард Ховдын хязгаарт очиж 3 cap ажилласан байна.

1943 оны 6 дугаар сарын 30-нд маршал Х.Чойбалсан, ба ДЯЯ-ны сайд Б.Шагдаржав нар И.Оспантай холбоо тогтоохоор Б.Дүйнхоржав, И.Пахамов нарыг баруун хилд томилохдоо өгсөн зааварт: “Шинжааны нутагт ажиллах нөхцөл бололцоог судлах, тагнуулчдыг суурьшуулах, хасгийн босогчидтой холбоо тогтоох” үүргийг хүлээлгэсэн бөгөөд үүний дагуу тагнуулын шугамаар хэд хэдэн удаагийн судалгаа явуулж, авсан мэдээ сэлт зэрэгт тулгуурлан шийдвэр гаргаж, Оспантай бие холбоо барьж, зөвлөх Пахомов, Баян-Өлгий аймгийн Дотоодыг хамгаалах хэлтсийн сургагч Онгорбаев, төлөөлөгч Мардаан нарын бүрэлдэхүүнтэйгээр 10 дугаар сарын сүүлчээр Оспан, түүний зарим шадар хүмүүстэй анхны уулзалтыг хийж амжсан байна.

Тэдэнтэй нэг биш удаа уулзаж харилцан ойлголцсоноор аль аль талдаа аюул занал учруулахгүй байхын хамт манай талаас тэдэнд бололцоотой тусламж дэмжлэг үзүүлэх зэргийг тусгасан товч хэлэлцээр байгуулж, гарын үсэг зурсан бөгөөд үүнээс хойш баруун хилийн байдал харьцангуй тайван болж, Шинжааны нутагт амьдарч байсан хэдэн зуун хүн ам, мал, хөрөнгө бүхий торгууд айл өрхийг тэдний санал хүсэлтийн үндсэн дээр нүүлгэн ирүүлэх ажил амжилттай болжээ.

Баруун хязгаарт зохиосон тагнуулын арга хэмжээнүүд энэ мэт тодорхой үр дүнд хүрч хэрэгжиж байсан хэдий ч Оспан казахын ард түмний эрх чөлөөний хөдөлгөөнөөс урваж, цөөн хэсгийн хамт Гоминьданы Хятадын талд орсон учир дэлхийн II дайны дараа түүнийг тагнуулын ажлын аргаар баривчлан авах ажлыг Б.Дүйнхоржав, орлогч сайд Б.Дорж нар хариуцан удирдаж, хэд хэдэн удаа тагнуулын хэсгийг хилийн цаана явуулсан авч уг зорилтыг биелүүлж чадаагүй бөгөөд Оспаны бүлгийнхэн 1951 онд хятадын чөлөөлөх армийнханд баригдаж устгагдсан юм.

Тэрээр орлогч сайдаар ажиллаж байхдаа буюу 1945 оны чөлөөлөх дайны үед Шилийн голын чуулган, Бандид гэгээний хийд, Долоннуурын чиглэлд тусгай хэсгийг толгойлон явж, халх, дарьгангын оргодол, урвагч нарыг илрүүлэн баривчлах, Японы эзэмшлийн нутагт амьдарч байсан Өвөр Монголын ард түмний дотор БНМАУ-ын улс төрийн бодлогыг тайлбарлан ойлгуулах, орон нутгийн засаг захиргааг сэргээн төвхнүүлэхэд дэмжлэг үзүүлэх үүрэг гүйцэтгэж явсан бөгөөд Өвөр Монголын засгийн тэргүүн Дэмчигдонров, түүний гэр бүл, зарим удирдах тушаалтныг БНМАУ-д ирүүлэх “Хар эрэг” хэмээх тагнуулын арга хэмжээг удирдаж, төлөвлөгдсөн зорилтын дагуу хэрэгжүүлж байжээ.

Зүүн талаас: ДЯЯ-ны УАСХГ-ын сургагч В.Ф.Артаманов, Сайд нарын Зөвлөлийн орлогч дарга С.Ламжав, хурандаа Б.Дүйнхоржав нар Чөлөөлөх дайны үед Өвөр Монголд. 1945 он

 

Бүтэмжийн Дүйнхоржав 1934 онд эр цэргийн албанд татагдан ирж, эх орныхоо төлөө байлдагчийн тангараг өргөж байсан бол үүнээс 25 жилийн дараа буюу 1949 онд цэргийн дээд цол хошууч генерал цол хүртжээ.

Б.Дүйнхоржавт хошууч генерал цол олгосон БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн 1949 оны 3 дугаар сарын 1-ний өдрийн 41 дүгээр тогтоол.

 

НИЙТЭЛСЭН: 2019-04-04 өдөр 11:32:5 цаг           ҮЗСЭН: 1080