Монголд олзлогдсон япон цэргүүдийн түүхийг өгүүлсэн судалгааны бүтээл ном болон хэвлэгдлээ
Шинэ оны өмнөхөн Түүхийн ухааны докторын зэрэг хамгаалсан Тагнуулын ерөнхий газрын Тусгай архивын орлогч дарга Б.Эрдэнэбилэг “Дайны золиос болсон хүмүүс: 1945-1947 онд Монголд байсан Япончууд” хэмээх номыг эрдмийн ажлын удирдагч багш, МУИС-ийн профессор, Түүхийн шинжлэх ухааны доктор Ж.Урангуагийн хамт эрхлэн хэвлүүлж, олны хүртээл болгожээ. Монголын түүхэнд тодоор тэмдэглэгдэн үлдсэн энэ түүхэн үйл явдал, шинэ бүтээлийнх нь талаар доктор Б.Эрдэнэбилэгтэй ярилцлаа.
“ХХ зууны 1939-1945 онд үргэлжилсэн Дэлхийн II дайн нь дэлхий дахины томоохон зөрчил, хүн төрөлхтөний түүхэн дэх хамгийн аймшигт хөнөөлт дайн байсан. Энэхүү дайнд 61 улс орон оролцож, 110 сая гаруй хүн цэргийн албанд татагджээ. Нийт 60 сая гаруй хүн амь үрэгдсэний ихэнх нь энгийн иргэд, дэлхийн хүн амын 2.5 хувь нь байжээ. Дайны хохирол хөнөөлийг тоон үзүүлэлтээр илэрхийлж болох ч хүмүүсийн сэтгэл санааны хохирлыг хэмжих боломжгүй. Тэр тусмаа дайнч бодлого, түрэмгийллийн золиос болсон дайны олзлогдогсод эх орноосоо таслагдан харь оронд албадлагын хөдөлмөр эрхлэн сэтгэл санаа, бие махбодийн ямар их шаналал үзсэнийг төсөөлшгүй” хэмээн номын нэг зохиогч Ж.Урангуа номын өмнөх үгэнд онцлон тэмдэглэжээ.
1945 оны чөлөөлөх дайныг Дэлхийн II дайны төгсгөлийн шат гэж түүхчид дүгнэдэг. Энэ дайны ул мөр Монголд ч тод үлджээ?
Тийм ээ. 13 дугаар зуунаас эхлэлтэй Монгол Японы харилцааны түүхэнд ул мөрөө үлдээсэн олон үйл явдлууд байдаг. Үүний нэг нь 1945 оны чөлөөлөх дайны дараа Монголд ажиллаж, амьдарч байсан олзны япон цэргүүдийн асуудал юм. 1972 онд Япон улстай дипломат харилцаа тогтоох хүртэл Монгол Японы харилцааны гол сэдэв нь олзны япон цэргүүдийн асуудал байв. Дэлхийн II дайны төгсгөлд Зөвлөлтийн тал холбоотон гүрнүүдийн өмнө хүлээсэн үүргийн дагуу Японы эсрэг дайнд орж, ялалт байгуулсанаар японы 600 мянга гаруй дарга, цэргүүдийг олзолж авсан байдаг. Ер нь дэлхийн II дайнд ялагч болсон ЗХУ-д нийт 4 сая гаруй олзны цэрэг байв. Үүнээс 640 мянга гаруй нь Японы олзны цэрэг байсан.
БНМАУ нь чөлөөлөх дайны ялагч улсын хувиар ЗХУ-ын удирдагчидтай харилцан тохиролцсоны үндсэн дээр Зөвлөлтийн талаас 1945 оны төгсгөл үед 12318 япон цэргийг нэрсийн жагсаалтгүйгээр зургаан удаагийн цуваагаар хүлээн авсан байдаг. Тухайн үед Улаанбаатарт хотжих үйл явц эхэлж байсан учир нийслэлийн өнгө төрхийг илтгэсэн зарим барилгуудын суурийг тавих, барих зэрэг бүтээн байгуулалтын ажилд япон цэргүүд дайчлагдсан. Олзны цэргүүд 1946-1947 оны төгсгөл үеийг хүртэлх хоёр жил орчмын хугацаанд бүтээн байгуулалтад ажиллаад 10700 орчим япон цэрэг нутагтаа буцсан бөгөөд Монголд нас барсан 1600 гаруй япон цэргийг нэр бүхий 17 газарт оршуулсан. Үүний хамгийн том дурсгал нь Дамбадаржаа дахь Япон цэргийн цогцолбор юм.
Япон цэргүүд Улаанбаатар хотын ямар бүтээн байгуулалтуудад оролцсон байдаг вэ?
Олзны япон цэргүүд хоёр жилийн хугацаанд Засгийн газрын ордны суурь, Дуурийн театр, Гадаад явдлын яамны барилга 23 айлын орон сууцны хамт, “Элдэв-Очир” кино театр, Улсын номын сан, Намын төв Хорооны 12 айлын орон сууц, Намын сургуулийн хичээлийн байр, Нэгдүгээр амаржих газрын барилга, МУИС-ийн байрны өргөтгөл, мөн хотоос гадна байсан Ихтэнгэр, Сонгино, Нүхт зэрэг газарт тодорхой тооны барилга, байгууламж барьсан.
Доктор Э.Лувсанбалдан нэгэн өгүүлэлдээ “Олзны япон цэргүүд Монголд байх хугацаандаа бүрэн бус тооцоогоор 50 сая 534 мянга 529 төгрөгийн ажил хийж, 68 сая 069 мянга 112 төгрөгийн зардал гаргасан” хэмээн бичсэн байдаг.
Олзны Япон цэргүүд Монголд ямар нөхцөлд амьдарч байсан бол?
Дайны дараа улс орны эдийн засаг хүнд байсан. Ийм үед олзлогдсон цэрэг тэжээх нь байтугай өөрийн орны иргэдээ яаж тэжээх вэ гэж байсан цаг үе. Тиймээс БНМАУ, ЗХУ-д ч ялгаагүй олзны япон цэргүүд сайн нөхцөлд байгаагүй нь судалгаанаас харагддаг. Энэ тухай олзны япон цэргүүдийн дурдатгалууд их бий. Тэд нар нутагтаа очоод дурдатгалаа бичсэн байдаг. Тэр дурдатгалдаа монгол хүний ёс жудгийн тухай бичиж үлдээсэн нь олзуурхууштай. Тухайлбал, Орос цэргүүд япон цэргүүдийг галт тэрэгнээс буунгуут цаг, эд зүйлсийг нь дээрэмддэг. Тэгэхэд монгол хүмүүс тусархуу, өлсөж цангасан цэргүүдэд хашаан дээгүүр давуулан идэх юм шиддэг байсан гэх мэтээр монгол хүний сайхан чанарыг дурсан өгүүлсэн байдаг.
ШҮНЖИ ВАТАНАБЭ ГЭЖ ОЛЗОНД БАЙСАН ЦЭРЭГ САЯХНЫГ ХҮРТЭЛ ЖИЛ БҮР МОНГОЛД ИРДЭГ БАЙСАН
Монголд олзлогдож байсан цэрэг Юки Касуга гэж эмч нутагтаа очоод дайнд олзлогдогсдын “Монгол нийгэмлэг”-ийг санаачлан байгуулсан. Энэ нийгэмлэг нь Монгол Япон улс дипломат харилцаа тогтоох хүртэл хоёр орны харилцаанд тодорхой үүрэгтэй ажилласан. Токио хот дахь “Ясукуни” гэж сүмд жил бүр тогтсон өдөр очиж Монголд хамт ажиллаж байсан нөхдийнхээ дурсгалыг хүндэтгэн мөргөл үйлддэг. Энэ сүмийг 1869 онд эзэн хаан Мэйжи эх орон, эзэн хааныхаа төлөө амиа өргөсөн цэргүүдийн дурсгалд зориулан барьсан гэдэг. Тиймээс цэргийнхэн нь сүмдээ мөргөдөг. Японоос жил бүр Монголд ирдэг япон цэрэг ч байна. Шүнжи Ватанэбэ гэж олзонд байсан цэрэг саяхныг хүртэл жил бүр Монголд ирдэг байсан. 2014 онд Монголд ирэхдээ “Өдрийн сонин” дэлгэрэнгүй ярилцлага өгсөн байдаг. Энэ хүн МУИС-ийн барилга дээр ажиллаж байсан. Улаанбаатарт ирэх болгондоо МУИС-ийн нэгдүгээр байрыг харж, Монголд ажиллаж байсан үеэ дурсан санадаг гэж ярьсан байдаг. Шүнжи Ватанэбэ гуай одоо ч амьд сэрүүн байгаа.
Та докторын судалгааны сэдвээрээ яагаад 1945 оны чөлөөлөх дайны үеийг сонгож авах болов?
Би “1945 оны чөлөөлөх дайн ба БНМАУ-ын Улсыг аюулаас хамгаалах үйл ажиллагаа” сэдвээр докторын зэрэг хамгаалсан. Даяаршлын эрин үед хууль хүчний байгууллагуудын үйл ажиллагааг шинжлэх ухааны үндэстэйгээр судлах нь үндэсний аюулгүй байдлыг хангахад чухал үүрэгтэй юм болов уу гэж судлаач хүний хувьд хардаг. Орчин үед тагнуул судлал гэж нэг томоохон судлагдахуун гарсан. Тагнуул судлалын нэг томоохон салбар нь тагнуулын түүх судлал юм. Тагнуулын байгууллагын түүх нь төрийн түүхийн нэгэн адил алдаа оноотой, хар, цагаантай бичигдэж ирснийг та бүхэн мэднэ.
Түүхийн ой санамж бол дахин давтаж болшгүй сургамж байдаг. Жишээ нь, Их хэлмэгдүүлэлтийг Дотоод явдлын яамныхан хийсэн мэтээр ярьж, бичиж ойлгодог нэг хэсэг бий. Гэтэл тухайн үеийн аюулаас хамгаалах байгууллага маань дээрээ нам засагтай, нам төрийн шийдвэрийг биелүүлдэг. Мэдээж үүний цаана Зөвлөлтийн тухайн үеийн удирдагчдын бодлого, эрх ашиг оршиж байсан. Энэ мэтчилэн тагнуулын байгууллагын талаар олон нийтийн дунд буруу, зөрүү ойлголтууд байдаг. Энэ бүхнийг засаж, залруулж, түүхийн үнэнийг олон нийтэд хүргэхийн тулд тодорхой сэдвээр судалгааны бүтээл туурвин нийтийн хүртээл болгохоор ажиллаж байна.
Танай байгууллагаас өмнө нь “Маршалын захидлууд” гэж ном гарсан. Таны энэ бүтээл тагнуулын түүх судлалын чиглэлээр гарч буй хоёр дахь ном болж байна уу?
Үгүй ээ. Өмнө тагнуулын түүх судлалын чиглэлээр олон бүтээл хэвлэгдсэн ч ихэнх нь дотоодын хэрэгцээнд, нууцын зэрэгтэй гарсан байдаг. Миний хувьд үүний өмнө 2014 онд Гандантэгчэнлин хийдийн Эрдэм соёлын хүрээлэнтэй хамтран Монголын сүм хийдийн талаар Тусгай архивын баримтад тулгуурлан олон нийтэд хүргэсэн номонд эмхэтгэгчээр оролцсон. Бид Тагнуулын байгууллагынхаа түүхийг судалж, олон нийтэд сурталчлах чиглэлээр ажиллаж, бүтээлүүд ч ар араасаа гарч байна.Тагнуулын байгууллагын 90 жилийн ойгоор олон нийтэд зориулж, анх удаа 90 жилийн түүхээ харуулсан гэрэл зургийн 2 боть цомог гаргасан. Үүнээс хойш Тусгай архивын баримтыг судлаач, түүх сонирхогчдод хүргэх зорилготой судалгааны бүтээлүүд гарч байна.
БНМАУ чөлөөлөх дайнд орсон улс төрийн ач холбогдол юу байсан бэ?
1945 оны Чөлөөлөх дайнд Монгол оролцсон нь цэрэг, дайны үйл ажиллагаа гэхээсээ илүүтэй Зөвлөлтийн удирдагчидтай харилцан тохиролцож, дайны дараа хөрш Хятад болон олон улсад тусгаар тогтнолоо хүлээн зөвшөөрүүлэх алхам хийх холыг харсан шатрын нүүдэл гэж ойлгож болно. Энэ дайнд энхийг эрхэмлэгч улсуудын талд орсон нь хожим НҮБ-ын бүрэн эрхт гишүүн болоход томоохон түлхэц болсон. Энэ тухай НҮБ-д гишүүнээр элсэхэд илгээсэн албан бичигт “1945 оны чөлөөлөх дайнд энхийг эрхэмлэгч орнуудын тоонд орж тулалдсан, энхийг эрхэмлэгч улс” хэмээн тодорхойлсон байдаг.
Японы эсрэг дайнд БНМАУ-ыг оролцуулах тухай асуудлыг Сталин нарын ЗХУ-ын удирдлага 1945 оны долоодугаар сарын эхээр БНМАУ-ын Ерөнхий сайд Х.Чойбалсанг Москвад урьж авчран Зөвлөлт-Хятадын хэлэлцээний тухай мэдээлэх үедээ ярьж тохиролцсон байдаг. Дайны дараа ЗХУ-ын аюулгүй байдлыг хэрхэн хангах вэ гэдэг нь Сталины хувьд амин чухал асуудал байв. Тэгээд ч И.В.Сталин холбоотон гүрнүүдийн Ялтын хэлэлцээрийн дагуу 1945 оны хоёрдугаар сард Японы эсрэг дайнд орох ЗХУ-ын болзлуудын нэгдүгээрт “БНМАУ-ын статус-квог хэвээр хадгалах” гэсэн болзол тавьсан. Бүх асуудлын гол гогцоо нь БНМАУ-ын газар зүйн байрлалд байсан.
Дэлхийн II дайны төгсгөл үеийн олон улсын уулзалтууд, Америк болон Хятадын дипломат төлөөлөгчидтэй хийсэн уулзалтууд дээр Монголын тусгаар тогтнолын асуудал Зөвлөлтийн эрх ашгийн үүднээс тодруулбал Алс Дорнодын хилийн аюулгүй байдлаа хангах Зөвлөлтийн геополитикийн бодлогын үүднээс тавигдаж байсныг баримтууд харуулдаг. Зөвлөлтийн энэ Алс Дорнодын хил хязгаарын аюулгүй байдлаа хангах геополитикийн бодлого, БНМАУ-ын удирдагчдын тусгаар тогтнолоо олон улсад хүлээн зөвшөөрүүлэх улс төрийн бодлого нэгэн цаг хугацаанд бас нэгэн огтлолцол дээр тавигдсан нь тусгаар тогтнолоо баталгаажуулахад гол хүчин зүйл болсон байдаг.
Харин БНМАУ-ын хувьд тусгаар тогтнолоо олон улсад хүлээн зөвшөөрүүлэхийн зэрэгцээ мөн дайнд оролцсон гол учир шалтгаан нь энэ дайнаар Монголын удирдагчид Өвөр Монгол, Баргыг нэгтгэх, нэгдсэн Монгол Улс байгуулах давхар зорилготой байсан. ХХ зуун гарснаас хойш монголчуудын үзэл санаанд хүчтэй байсан зүйл нь монгол үндэстэн нэгдэх үзэл санаа юм. Энэ үзэл санааг хэрэгжүүлэхийг гурвантаа зорьсон байдаг. Эхнийх нь 1911 оны үндэсний эрх чөлөөний хувьсгалын дараа Өвөрмонголоо нэгтгэхээр зорьсон боловч харамсалтай нь Орос, Хятад хоёр гүрний хэлэлцээрээр үр дүнд хүрээгүй. Гэвч тодорхой тооны өвөрмонгол, барга хүмүүс Монголд дагаар орсон байдаг.
Удаах нь 1921 оны Ардын хувьсгалын дараа бас нам төрөөс монгол угсаатныг нэгтгэх бодлого үйл ажиллагаа явуулсан. Дорвитой үр дүнд хүрээгүй ч мөн л тодорхой тооны монгол угсаатан хүмүүс Монгол Улсдаа дагаар орсон. 1945 оны чөлөөлөх дайнд Монголын удирдагчид Японд дайн зарласан тунхаг бичигтээ “Монгол овогтон нэгэн гэр улс болох” зорилгыг дэвшүүлсэн боловч 2 хөршийн геополитикийн бодлогын нөлөөгөөр энэ зорилгоо биелүүлж чадаагүй. Монголын тагнуулын байгууллага дайны өмнөх болон дунд үед дайны ажиллагааг ялалтад хүргэх мэдээ мэдээллээр Монгол-Зөвлөлтийн цэргийн командлал, нам төрийн эрх барих дээд байгууллагыг ханган ажиллаж байснаас гадна монгол овогтон нэгдэн нийлэх асуудлыг судалж байсан нь судалгааны үр дүнгээс тодорхой харагддаг юм.
Монгол угсаатан нэгдэн нийлэх тухай үзэл санаа ямар нэг баримт бичигт үлдсэн байдаг уу?
Монгол Улс тэртээ 1911 онд Манж Чин гүрнээс салан тусгаарлаж, өөрийн статус-квог тунхаглан зарласан тэр цагаас хойш Монголын тусгаар тогтнолыг бусад улсууд хүлээн зөвшөөрөөгүй байсан бөгөөд Монгол тусгаар улс болох үйл хэрэгтээ оросуудаас удаа дараа тусламж хүсэж, тэд ч өөрийн эрх ашгийн үүднээс тусламж үзүүлж ирсэн. Гэсэн хэдий ч Монголын ар хударгаар Хятадтай үгсэн Монголыг Хятадын нэг хэсэг хэмээн гэрээ хэлэлцээрүүд байгуулсаар ирсэн түүхтэй. Манай улс ХХ зууны 40-өөд он хүртэл олон улсад тусгаар тогтнолоо хүлээн зөвшөөрүүлж чадаагүй байсан. Ийм байдалтай дэлхийн II дайны үед хүрч ирсэн.
1945 онд Японд дайнд зарлах тухай тунхаглалд нэгдүгээрт: “Монголын ард түмний хэдэн зуун жилийн турш өөртөө бүрэн эрх чөлөөтэй тусгаар тогтнохын төлөө зорьж ирсэн санаа сэтгэлийг дагуулан Монгол овогтон нэгэн гэр улс болох”. Хоёрдугаарт: “ЗХУ-ын ард түмэнд ах дүүгийн найртай сэтгэлийн үүднээс 1936 оны гуравдугаар сарын 12-ны өдөр нийслэл Улаанбаатар хотноо байгуулсан “СССР, БНМАУ хоёрын Харилцан туслалцах гэрээ”-н доторхи үүргээ үнэнчээр биелүүлэх”, Гуравдугаарт: “Нэгдсэн үндэстний үйлсэд өөрийн тус нэмрийг оруулахын тулд нэгдсэн үндэстний талд оролцоно” хэмээн мэдэгдсэн байдаг. Үүнийг тухайн үед “Үнэн” сонинд нийтэлж, олон түмэнд тунхагласан байдаг.
Тухайн үед Монголын төр засгийн удирдлагууд ч монгол овогтноо нэгтгэчихнэ гэсэн итгэлтэй байсан. Харамсалтай нь 1945 оны 7 дугаар сард болсон Зөвлөлт-Хятадын хэлэлцээрээр Гоминданы Хятадууд Монголын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрөхдөө Монголын тусгаар тогтнолыг одоогийн байгаа хилээр нь хүлээн зөвшөөрнө гэж Зөвлөлттэй харилцан тохиролцсон байдаг.
ЗХУ МОНГОЛЫН ТУСГААР ТОГТНОЛЫГ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРҮҮЛЭХЭД ХҮЧИН ЧАРМАЙЛТ ГАРГАСАН НЬ ЦААНАА ГЕОПОЛИТИКИЙН ТОМ БОДЛОГО БАЙСАН
Тэгвэл Зөвлөлт Японы эсрэг дайнд орох болсон шалтгаан юу байв?
ЗХУ Ази дахь дайнд оролцсоноор 1904-1905 оны Орос-Японы дайны ялагдлаар Японд алдсан газар нутгаа эргүүлэн авахыг хүссэн. Нөгөө талд ЗХУ-ын хувьд Азид өөрийн нөлөөг тогтоох нэгэн боломж гэж харж байсан улс төрийн бодлоготой уялдсан гэж үзэх үндэстэй.
Чөлөөлөх дайнд Америкчууд Зөвлөлтийг татан оролцуулсан нь ямар учир холбоотой вэ?
Америкийн тал Ази дахь Японы түрэмгийллийг богино хугацаанд хүн хүч, эдийн засгийн хохирол багатайгаар зогсоохын тулд ЗХУ-ыг уг дайнд татан оролцуулахдаа Зөвлөлтийн талаас тавьсан ямар болзлыг хүлээн авахад бэлэн байсан. Зөвлөлтийн тал Америкаас юу хүссэн бэ гэхээр тухайн үед АНУ Гоминданы Хятадад маш их тусламж дэмжлэг үзүүлдэг, хамгийн их нөлөөтэй байв. Тиймээс Монголын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрүүлэх асуудалд Америкийн дэмжлэгийг авахаар Сталин шийдвэрлэсэн.Энэ утгаараа Хятад улсаар Монголын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрүүлэхэд Америкийн нөлөө тодорхой хэмжээнд байсан гэж үздэг.
Төрийн бодлого боловсруулагчид түүхийн энэ мэт онцлог үйл явдлуудад анхаарал тавьдаг болов уу. Та юу гэж бодож байна?
Миний бодлоор өнгөрсөн түүхээс авах ёстой гол зүйл гэж бий. Дээр өгүүлсэн их гүрнүүдийн геополотикийн бодлого өнөөдөр ч үргэлжилсээр байгаа.Түүхээс авах ёстой гол зүйл нь энэ. Геополитикийн бодлогын хэлбэр нь өөрчлөгдөж болох ч агуулга нь тэр хэвээрээ явж байдаг. Тэгэхээр өнөөдөр ч гэсэн бодлого үйл ажиллагаа явуулахдаа түүхээс сургамж авч, түүхийн алдаа оноог харж байх нь ирээдүйд засаглахад илүү дөхөм болно. Түүх бол өчигдөр, өнөөдөр, маргаашийн хэлхээс юм.
Олзны Япон цэргийн асуудлыг япончууд өөрсдөө хэр зэрэг сонирхож байна вэ?
Дайн дууссаны дараа ЗХУ, Японы харилцаа сайжирсан тэр үеэс олзны япон цэргийн асуудал хүчтэй яригдаж эхэлсэн. Монголын Улаан загалмай нийгэмлэгийн шугамаар Японы холбогдох албаныхан Япон цэргийн булшийг эргэж тойрох асуудлыг 1956 оноос тавьж эхэлсний үр дүнд Японы нэр бүхий төрийн зүтгэлтнүүд Монголд хэд хэдэн удаа айлчлал хийсэн байдаг. 1962 оноос Монголд айлчилсан хүмүүс болон 1966 онд нас барагсадтай салах ёс гүйцэтгэх ар гэрийнхэн ирж, ёслол гүйцэтгэснээс хойш энэ ажил тасралтгүй үргэлжилсэн. 1991 онд Японы тал Монголоос озлны цэргүүдийнхээ шарилыг эргүүлэн авах хүсэлт тавьсны дагуу 1994 онд Японоос тусгай мэргэжилтнүүд ирж Хужирбуланд зөөн авчирч чандарлаад эх орондоо авч явсан. Энэ мэтчилэн Японы зүгээс олзны цэргүүдийнхээ асуудалд их анхаарал хандуулж байсан. Харин сүүлийн жилүүдэд японы судлаачид энэ асуудлыг ихээхэн сонирхож, эрдэм шинжилгээний хурал зохион байгуулах, хамтарсан судалгаа хийх ажлуудыг явуулах болсон.
Олзны Япон цэргүүдийн талаарх эх баримтууд Тагнуулын ерөнхий газрын Тусгай архивт хадгалагддаг гэсэн үг үү?
Монголд олзлогдон ажиллаж байсан япон цэргүүдийн талаарх баримтын судалгааг өргөжүүлэхэд ТЕГ-ын Тусгай архивын эх баримт материал ихээхэн хувь нэмэр оруулж байна. Судалгааны эргэлтэд оруулсанаар уг сэдвийн судалгааг цаашид гүнзгийрүүлэх, бусад архивын баримттай харьцуулан судлах боломжтой болж байгаа юм.
Та энэ бүтээлээ багштайгаа хамтарч гаргасан юм байна?
Тийм ээ. Энэ бүтээлийг миний докторын ажлыг удирдагч, МУИС-ийн профессор, Түүхийн шинжлэх ухааны доктор Ж.Урангуа багш эрхлэн хэвлүүлсэн.Багш маань өөрөө Орос Японы судлаачдын бүтээлүүд, архивын баримтуудыг тодорхой хэмжээнд үзсэн. Судалгаа бодитой гарахад Тусгай архивт хадгалагддаг эх баримтууд чухал үүрэгтэй. Би 2014 онд академич С.Чулуун багшаараа удирдуулан олзны япон цэргийн асуудлаар МУИС-д магистрын зэрэг хамгаалсан. Энэ бүтээлээс өмнө Үндэсний төв архив дахь баримтуудын хүрээнд доктор Ч.Дашдаваа “Монголд олзлогдсон япон цэргүүд” гэсэн бүтээл гаргасан байдаг. Энэ удаагийн судалгаа маань өмнөх түүхийн судалгааг зохих хэмжээнд урагшлуулсан бүтээл болсон болов уу гэж бодож байна. Энэ номонд Японы “Шова” их сургуулийн профессор Боржигин Хүсэл зөвлөхөөр ажилласан.
ТЕГ-ын Тусгай архивт нууцын зэрэгтэй их хэмжээний материал хадгалагддаг гэдэг. Нууцаас гаргаж, олон нийтийн хүртээл болгох хуулийн хугацааг багасгасан байх аа?
Тусгай архивт нууцаас онц чухал нууцын зэрэгтэй маш их баримтууд хадгалагддаг. Энэ баримтууд дотор Монголын түүхэнд ач холбогдолтой чухал баримтууд байна.Төрийн болон албаны нууцны тухай хууль шинэчлэн батлагдаад 2018 оны 9 сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн. Энэ хуулиар эх баримтын нууцын зэрэглэлээс гаргах хугацаа багассан. Ингэснээр ил болгох боломжтой түүх, эрдэм шинжилгээний ач холбогдолтой баримтууд хуулийнхаа хүрээнд нууцын зэрэглэлээс гараад явах байх.
Ер нь Тусгай архивын судлаачид нууцын зэрэглэлээс гарсан, олон нийтэд хүргэж болох материалуудыг судалгаа шинжилгээнд үндэслэн олон нийтэд хүргэх чиглэлээр ажиллаж байна.Энэ зорилгынхоо хүрээнд гаргаж буй бүтээлүүдийн нэг нь “Дайны золиос болсон хүмүүс 1945-1947 онд Монголд байсан япончууд” ном юм.