Олон улсын ахмадын өдөр, Монголын ахмад настны өдрийг тохиолдуулан 10 дугаар сарын 1-ний өдөр ТЕГ ахмадуудаа хүлээн авч хүндэтгэл үзүүллээ. Уг арга хэмжээнд ТЕГ-ын дарга, хурандаа Д.Гэрэл оролцож, тус байгууллагын ахмад ажилтнуудад баярын мэндчилгээ дэвшүүлж, зарим ахмад ажилтанд шагнал гардуулж, буцалтгүй тусламж олголоо.
Түүнчлэн ТЕГ-ын дэд дарга, хурандаа Б.Энхсүх ахмадууддаа мэндчилгээ дэвшүүлж, тагнуулын байгууллагын үйл ажиллагаа, хүний нөөц, ахмадын талаар баримталж буй бодлогын талаар мэдээлэл хийсэн юм.
Арга хэмжээний үеэр Үндэсний тагнуулын академийн сонсогчид ахмадууддаа хүндэтгэлээ илэрхийлж Монгол Улсын Төрийн дуулал дуулж, шинэ сонсогчид болон шинэ залуу ажилтнуудын төлөөлөл ахмадууддаа баярын мэндчилгээ дэвшүүлж, Монгол Улсын тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдлыг сахин хамгаалах үйлсэд хөдөлмөр зүтгэлээ зориулж ирсэн ахмадуудынхаа гавьяат үйлс, үлгэр жишээ үйл хэргийг залгамжилж, хичээл сурлага, ажил хөдөлмөртөө шамдан амжилт гаргахаа илтгэсэн бол ахмад ажилтан, доктор, профессор, бэлтгэл хурандаа Л.Батдолгор залуу ажилтнуудад хандан захиа сургамжийн үг хэллээ.
Арга хэмжээнд урилгаар Монгол Улсын Ардын жүжигчин А.Долгор хүрэлцэн ирж тус байгууллагын ахмадуудад ая дууны мэндчилгээ дэвшүүллээ.