92263017 •
  Ерөнхий зохицуулагч
1800-1280 •
  Иргэдээс мэдээ мэдээлэл авах
92263535 •
  Төрийн болон албаны нууцтай   холбоотой мэдээ, мэдээлэл
ОРЧИН ҮЕИЙН ТЕРРОРИЗМ ҮҮСЧ БУЙ УЧИР ШАЛТГААН, НӨХЦӨЛ БА ТҮҮНД НӨЛӨӨЛЖ БУЙ ХҮЧИН ЗҮЙЛС

Орчин үеийн терроризмыг үүсгэж буй улс төр, нийгэм, эдийн засаг, соёл, иргэншил, оюун санааны дотоод ертөнцөд гүн нэвтэрч, тэдгээрийн уялдаа холбоо, учир шалтгааныг тогтоохгүйгээр, учир шалтгааныг арилгахгүйгээр, нөлөөлөгч хүчин зүйлсийг тооцохгүйгээр терроризмоос сэргийлэх, түүнтэй тэмцэх үйл ажиллагаа  үр дүн муутай байх болно. Иймээс терроризмыг үүсгэж буй учир шалтгаан, холбогдох нөхцөл болон хүчин зүйлсийг нарийвчлан судлах нь түүнтэй тэмцэх, түүний аюулаас сэргийлэхэд чухал ач холбогдолтой гэж үзэж байна.

Гадаад, дотоодын тэргүүлэх эрдэмтэд, судлаачдын бичиж туурвисан бүтээлд орчин үеийн олон улсын терроризмыг үүсгэж буй шалтгаан, түүнийг төрүүлж буй нөхцөл, хүчин зүйлсийнх нь хамт тодорхой хэмжээгээр системчлэн ангилсан байдлууд ажиглагдаж байна.  Тухайлбал, ОХУ-ын судлаач Д. Вишняков, Г. А. Бондаренко, С.Г.Васин, Е.В.Грацианский. “Ю.М.Антоня, Ш Паламдорж, Ц. Дашзэвэг нарын  бүтээлийг дурдаж болох юм.

Терроризм үүсэж буй учир шалтгааныг тэд дараах байдалтай холбон үзэж байна. Үүнд:

Нэгдүгээрт, улс төр, эдийн засаг, нийгэм, үзэл суртал, угсаатны зүйн болон хууль эрх зүйн хүрээн дэх зөрчил хурцадсанаас;

Хоёрдугаарт, нийгмийн амьдралын хэвшлийг нийгмийн тогтолцооны дийлэх олонхын тусын тулд хэрэглэх хүсэлгүй хувь хүн, хэсэг бүлэг, байгууллага хүчирхийллийн замаар илүү давуу онцгой эрх олж авах гэсэн тэмүүллээс;         

Гуравдугаарт, төр, байгууллага, хувь хүмүүс өөрсдийн улс төр, нийгэм, эдийн засгийн зорилгодоо хүрэхийн тулд террорист аргуудыг ашиглаж хэрэглэснээс орчин үеийн терроризм үүсч байна гэсэн байгаа юм.

            Харин терроризм үүсч байгааг нь:

  1. зан заншил болон уламжлал, бусад суурь үнэт зүйлс оюун санаа, түүний өөрийгөө үнэлэхтэй холбоотой бусад бүлгийн ахуйн шинж чанартай эсхүл тухайн үндэсний, нийгэмд буй бэлэн нийгмийн болон үндэсний, шашны зөрчилтэй асуудлаас;
  2. Дайн болон цэргийн мөргөлдөөнүүдийн хүрээнд террорист үйл явдал цэргийн ажиллагааны хэсгийг үүсгэн тогтоож байгаагаас;
  3. Хол, ойрын хөршүүдээсээ соёл, материал баялаг, ахуй амьдралын төвшнөөрөө өндөр баян чинээлэг нийгмийн хэсэг бүлэг өөрийн улс төр, эдийн засаг, цэргийн хүчин чадал бусад давуу байдлаа ашиглан бага буурай хөгжилтэй улс орнуудад болон сул дорой нийгмийн хэсэг, бүлгүүдэд өөрийн хүсэл сонирхлоо албадан тулгаж хүлээлгэх гэсэн оролдлогоос;
  4. Нууц, хагас нууцлагдсан байдлаар үйл ажиллагаа явуулдаг нийгэмлэг, байгууллагуудаас шашны болон  шашны явцуу бүлэглэлийнхэн өөрсдийн ид шидийн тарниар ертөнцийг өөрчлөх увьдас чадалтай гэж сүсэгтэн олныг өөртөө татаж байгаагаас;  
  5. Улс төрийн зорилгыг хэрэгжүүлэхийн төлөө юун түрүүнд терроризмыг Оросод ашиглаж байсан түүхэн уламжлал оршсоор байгаагаас, тухайлбал, анх 1860-аад онд оросод терроризм үүсч, улмаар хувьсгал, хувьсгалын эсэргүүцлийн хөдөлгөөн, сталины хэлмэгдүүлэлт гэх мэтээр үргэлжилсээр байгаагаас;  
  6. хууль эрх зүйн төвшинд шийдэгдээгүй эдийн засаг, санхүүгийн асуудал, тэр дундаа үл хөдлөх хөрөнгийн хувьчлал зэрэг нь терророгенийн хүчин зүйлээс; Өөрөөр хэлбэл:  

-Үл хөдлөх хөрөнгийн харилцааны шинэ бүтэц бий болж, хууль бус үйл ажиллагаа явуулдаг далд удирдагчид хүчээ авч бэхжин нөлөөллийнхөө хүрээг тэлж өргөжүүлэх;

-Хүн амын нэлээд хэсгийг нийгмийн хамгааллын шаардлагатай төвшингээр хангахаа больсноос нийгмийн харилцаа эрүүгийн гэмт хэргийн тоо эрс өсөн нэмэгдэхэд нөлөөлснөөр албан бус норм хэм хэмжээг бэхжүүлэх;

-Эрх чөлөө, шударга ёсны тухай ойлголтыг өөрчлөн зан үйлийн зарчмуудыг сэргээж хүчирхийллийг улс төрийн болон бусад зорилгод  "хууль ёсны" хэрэгсэл болгон ашиглах хүсэл эрмэлзлээс;

-Амьдралын хэв маяг болон ахуйн зайлшгүй элментүүд нь тахин шүтэх хүч ба зэвсэг болдог улс төр, шашны бусад радикал болон экстремист байгууллагуудын хандлагаас зэрэг олон шалтгааны улмаас орчин үеийн терроризм үүсэн гарч байна. 

ОХУ-д орчин үеийн терроризмыг үүсгэж буй шалтгааны талаар олон нийтийн дунд явуулсан нэгэн санал асуулгын байдлаас харахад:

  1. хүн амын нийгэм, эдийн засгийн доройтлоос - 26%;
  2. эрүүгийн бүлгүүдийн хоорондох сөргөлдөөнөөс - 19%;
  3. хүн амын шилжилт хөдөлгөөнөөс - 13%;
  4. үндэсний болон шашны хэт даврагч бүлгийн идэвхжилтээс - 8%;
  5. хил залгаа хөрш улс орнуудын улсын хил, хил орчмын газар нутаг дахь дайн, зэвсэгт мөргөлдөөнөөс - 8%;
  6. ажилгүйдлийн тоо эрс өссөнөөс - 7%;
  7. хөрш орноос шилжин суурьшигчдын шилжилт хөдөлгөөнөөс - 7%;
  8. үндэснийхээ тусгаар тогтнолын төлөө гэсэн үндэстэн ястнуудын хүсэл эрмэлзлээс - 5%;
  9. гадаадын террорист бүлэглэлүүдийн үйл ажиллагаа, тэдний нөлөөллөөс - 4%;
  10. үндэсний ялгаварлан гадуурхах хүчин зүйлсээс - 3% нь шалтгаалж төрөн гарч байна гэсэн байдаг.

Орчин үеийн терроризмыг үүсгэн бий болгож буй нөхцөл байдлаас харахад харамсалтай нь терроризм өсөн нэмэгдэх хандлагатай нь илт байгаа юм.

Терроризм үүсэх эхний буюу нэг дэх нөхцөл бол мэдээллийн нийгэм үүссэн явдал юм. Орчин үеийн терроризмын хэлбэрүүд XIX зуунд Европт хэвлэл мэдээллийн хөгжилтэй хамт үүссэн түүхтэй байдаг.

Олон нийтийн мэдээллийн хэрэгсэл хүчирхэгжих тусам олон түмний ухамсар бүрэлдэхэд тэдний үүрэг нь өндөрсдөг ба үүнтэй зэрэгцэн терроризмын давалгаа ч маш эрч хурдтай тархах үйл явц явагддаг байна. Учир нь засаг төрийн үйл ажиллагааг эсэргүүцсэн хорлон бусниулах шинжтэй  сурталчилгаа, хувьсгалч буюу хэт туйлширсан нийтлэл өгүүлэл нь терроризм дэлгэрэх эх үүсвэр болдог. Иймээс ч радио, сонин, сэтгүүл, интернетийн сүлжээ орчин үеийн терроризмын өсөлт, тархалт,  дэлгэрэхэд гол үүрэг гүйцэтгэж байгааг дэлхийн улс орнуудын эрдэмтэд судлаачид бүгд хүлээн зөвшөөрөх болжээ.

Терроризм үүсэх хоёр дахь нөхцөл бол орчин үеийн шинжлэх ухаан технологийн эрчимтэй хөгжилттэй шууд холбоотой болно. Шинжлэх ухаан, технологийн дэвшил хөгжил улам боловсронгуй болох тутам техногений орчин улам нарийн түвэгтэй, эмзэг болдог байна. Орчин үеийн технологийн хөгжлийн үр дүнд террористууд "газар-агаар" пуужингаас аваад нууцлалын өндөр чадамжтай программ хангамж дээр суурилсан харилцаа холбооны автоматжуулсан тоног төхөөрөмж, алсын удирдлагатай тэсрэх төхөөрөмж, дуран хараат винтов, гранатомет   хэрэглэх  болсон байна. Энэ нь орчин үеийн террорист байгууллага, бүлэглэлүүдийн технологийн орчин улам нягт, эрчимтэй хөгжиж байгааг харуулж байгаа хэрэг мөн бөгөөд түүнээс үүсэх аюулын хэмжээ ч ихсэж байна.

Терроризм үүсэх гурав дахь нөхцөл нь: ЗХУ тэргүүтэй социалист орнуудад коммунист дэглэм задран унасан явдал социалист чиг баримжаа сонгон хөгжиж байсан олон улс орнуудад социализм, коммунизм байгуулах  гэсэн гэгээн зорилго нь учир утгагүй  болж ундэстэн угсаатнаа аврах, шашин номоо дээдлэх, хамгаалах, сэргээх явдал тэдгээр улсуудын үндсэн зорилго нь болоод зогсохгүй АНУ тэргүүтэй барууны орнуудын үнэт зүйлс таалагдаж өөрсдийн уламжлалт нийгмийн байгуулалаасаа либерал үнэт зүйлсийг дээдэлсэн нийгэм рүү шилжиж орсон явдал юм.

Терроризм үүсэж буй дөрөв дэх нөхцөл нь: ЗХУ задарснаар Дэлхийн коммунист капиталист хоёрт туйлт нийгмийн тогтолцоо үгүй болж Зөвлөлтийн нөлөөн дор социалист чиг баримжаа баримтлан хөгжиж байсан Ази, Африк, Латин америкийн улс орнууд мөн Арабын зарим улсууд буюу гурав дахь ертөнцийн гэгддэг байсан орнууд нийгэм, эдийн засгийн хүндрэлтэй асуудлуудтай тулгарч улмаар улс оронд нь хямралт байдал нүүрлэж, тогтворгүй байдал үүсч тэр бүү хэл тэдгээрийн зарим нь бүр сонгож авсан хөгжлийн чиг баримжаагаа алдахад хүрсний уршгаар тухайн улс орнуудад засгийн газрынхаа үйл ажиллагааг эсэргүүцсэн сөрөг хүчин, нам, эвсэл бүлэг бий болж үйл ажиллагаагаа идэвхжүүлэх таатай нөхцөлийг буй болгосон явдал юм.

Терроризм үүсгэж буй тав дахь нөхцөл нь: ЗХУ-ын нөлөө суларсан хоосон орон зайг АНУ тэргүүтэй барууны өндөр хөгжилтэй улсууд эзлэх, өөрийн нөлөөг тэлэх ардчиллыг дэлгэрүүлэх, хүний эрх, эрх чөлөөг хамгаалах сонирхолдоо хэт хөтлөгдөн  тэдгээр улс орнуудын үндэсний эрх ашгийг  хөндөж эхэлсэн нь бас тэдний эсрэг реакцийг идэвхжүүлсэн байна. Тухайлбал, XXI зууны энэ их хувьсал, өрсөлдөөн, хөдөлгөөнийг дагаад дэлхий ертөнцөд хүний эрх, эрх чөлөөг дээдлэх, хөгжлийн түлхүүр - чөлөөт зах зээлийн өрсөлдөөнийг сурталчлах, барууны соёлыг түгээх даяаршлын үзэгдлээс  үүдсэн  дэлхийн хоёр том соёл иргэншлийн хооронд явагдаж буй мөргөлдөөн, түүнээс үүдэлтэй дайн үүсээд байгааг бид харж байна. Энэхүү дайны нэг тал нь олон мянган жилийн уламжлалтай, суурь дэвсгэр өргөн, өсөн тэлж буй чадавхтай исламын соёл иргэншил, нөгөө тал нь шинэчлэгдэн хувьсаж буй, эрч хүч өндөртэй, даяаршуулах үйл явцын шинж чанарыг өөртөө агуулсан барууны соёл иргэншил юм. Энэ утгаараа орчин үеийн ба ирээдүйн олонхи дайн нь шинэхэн төрлийн хуваагдлын шугамын дагуух дайн байна гэж судлаачид тооцоолж байна. Хуваагдлын шугамын дагуух дайн, зэвсэгт мөргөлдөөн нь өөр өөр соёл иргэншилд харьяалах улс, бүлэг хоорондын үндэстэн-шашны, овог хоорондын  зөрчил юм. Энэ дайн нь хүчирхийлэх үйлдлээрээ мөргөлдөөнөөс давна. Ийм дайн нь улс хооронд, засгийн газрын бус бүлэг хооронд, эсхүл улс ба засгийн газрын бус бүлгийн хооронд дэгдэж болно.

Терроризмыг үүсгэж буй зургаа дахь нөхцөл нь: Хоёр туйлт тогтолцооны үед АНУ,ЗХУ тэргүүтэй улсууд бие биенийхээ эсрэг тэмцэгч террористуудыг хоёулаа ивээн тэтгэж байсан явдал нь олон улсын терроризм идэвхжих, хэлбэржихэд бас нэг урьтал нөхцөл болсон гэж үзэж болно. Жишээ нь АНУ, 2001 оны 9 дүгээр сарын 11-нд АНУ-д болсон террорист халдлагыг төлөвлөж гүйцэтгэсэн дэлхийд зартай олон улсын террорист байгууллага “Аль-Кайда”-ын удирдагч Усама бен Ладенг Афганистанд байлдаж байсан Зөвлөлтийн цэргийн эсрэг ажиллагаанд тэд оролцуулахын тулд түүнд бүх талын дэмжлэг үзүүлж байсан, мөн тэд Македоны нутаг дэвсгэр дээр Косовагийн албанчуудын салан тусгаарлагчдын террорист ажиллагааг өөгшүүлж байсан явдал, хамгийн сүүлд Сири дэх Ассадын дэглэмийг унгахын тулд түүнийг эсрэгүүцэгч сөрөг хүчний босогчдыг мөнгө санхүү, зэвсэг техникээр хангаж засаг төрийнх нь эсрэг дайтуулж байгаа бол ЗХУ Палестины тусгай хүчнийхэн, Курдын партизанууд, Шиньжаны уйгарын салан тусгаарлагч нарт багагүй туслалцаа дэмжлэг үзүүлж байсан явдал юм. Тэгвэл, өнөөдөр АНУ болон НАТО-гийн зэвсэг техник, цэргийн мэргэжилтэн, зөвлөх, сургагчдын дор ажиллаж буй Украйны цэргийн анги салбаруудын эсрэг тэмцэж буй Донецк, Луганскын зэвсэгт хүчний үйл ажиллагааг ОХУ дэмжиж байсан жишээг хэлж болох юм.

Терроризмыг үүсгэж буй болгож буй долоо  дахь нөхцөл нь Террористуудын мэдэгдэл, үзэл суртлын зохиол, бүтээлүүд, хариуцлага хүлээж буй байдал болон террорист шинжтэй вэб –сайт, DVD, хэвлэлд тавигдсан терроризмын үзэл суртлын шинжтэй материалууд нь олон нийт, нийгмийн сэтгэл зүйд хүчтэй нөлөөлж террорист халдлага хийх сэдэлт болж байна.

Терроризмыг үүсгэж буй болгож буй найм дахь нөхцөл нь: Геополитикийн субъектын зүгээс терроризмтой тэмцэл явуулах чадваргүй гэдгийг 2001 оны 9 дүгээр сарын 11-нд АНУ-д хийсэн халдлагаар дэлхий нийтэд харуулж зарлан тунхагласан байдал юм. Үүнийгээ террористууд дэлхийн улс орнуудын засгийн газруудын улс төрийн айдсыг илчлэх механизм гэдэг байна.

Терроризм үүсэх ес дэх нөхцөл нь түүхэн хөгжлийн явцад бий болсон шашин, үндэс угсаа, үзэл суртлын зөрчилдөөнөөс үүдэлтэй үндэсрэхэг үзэл дээр суурилсан салан тусгаарлах, шашны радикал, экстремист үзэл бодол юм. Дэлхийн ихэнх улс орны нийгмийн ухамсарт эргэлтийн шинж чанартай радикал үзэл дэлгэрч, олон улсын терроризмыг геополитикийн тавцанд гаргах нөхцөлийг бүрдүүлсэн гэж үзэж болно. Ухамсарын энэ шинж төлөв нь ялангуяа гуравдагч  ертөнцийнхөн, социалист  чиг баримжаат улсуудад давамгайлан илэрч байна.

Нийгмийн ахуй нөхцөл, соёл нь дотоодын болон олон улсын террорист бүлгүүдийн үүсэл хөгжилд хүчтэй нөлөөлж байна. Ялангуяа үүнд нэг буюу хэд хэдэн радикал соёлын нөлөө орж байна. Эдгээр нь зүүн, барууны, угсаатны, шашны зэрэг үзэл номлолд итгүүлэхийг оролддог ба хорлон  бусниулах шинжтэй, радикал соёл руу шууд хөтөлдөг байна.

Терроризм үүсч хөгжихөд мөн улс төр, эдийн засаг, нийгэм, үзэл суртал, угсаатны болон хууль эрхзүйн хүчин зүйлүүд зохих хэмжээгээр нөлөөлж байна. Тухайлбал:

  1. Улс төрийн хүчин зүйлд:

-Улс орны бүрэн бүтэн байдал, эв нэгдлийг алдагдуулах, Үндсэн хуульт төрийн байгууллыг нураах зорилготой гадаадын террорист байгууллагуудын хүсэл эрмэлзэл;

-Нам, эвсэл, хөдөлгөөнүүдийн улс төрийн тэмцлийн хурцадмал байдал, улс төрийн тэмцлийг доройтуулагч улс төрийн тэмцлийн  соёлгүй, туршлагагүй байдал;

-Нийтээр хүлээн зөвшөөрч тунхаглан зарласан ардчилсан зарчмууд, тэдгээрийн хэрэгжилт хоорондын зөрчилдөөнтэй байдал;

-Террорист аюул заналын эсрэг тэмцэх хууль сахиулах байгууллагуудын тогтолцоо, тэдгээрийн үйл ажиллагааны дорой байдал;

-Угсаатан хоорондын харилцаа, үндэстэн хоорондын зөрчил мөргөлдөөнийг зохицуулах эрх баригч байгууллага, ард иргэдийн хоорондын харилцан ажиллагаа хангалтгүй байгаа байдал;

-Улс орны үндэсний төрийн байгууламжийн бүтэц, зохион байгуулалтын оновчгүй, дорой байдал, түүнийгээ орчин үеийн хөгжилд нийцүүлэх гэсэн оролдлогын бүтэлгүйдэл, улс төрийн үндэсний форм болон шинэ чиглэл боловсруулахад учирч буй саад тотгорууд;

-Улс төрийн шинэчлэлийн үр дүнгүй байдал;

-Дэлхийн өндөр хөгжилтэй улс орнууд, өнөө үеийн олон туйлт дэлхий ертөнцөд тэргүүлэх нөлөө бүхий их гүрнүүд даяршиж буй энэ нийгэмд ардчилал, хүний эрх эрх чөлөөг хамгаалах, улс орны эдийн засгийг хямралаас гаргах, хөрөнгө оруулалт хийж  хөгжүүлэх уриатайгаар өөрсдийн улс төр, эдийн засгийн ашиг сонирхлоо хэрэгжүүлэхийн тулд улс төрийн системд дарамт  шахалт үзүүлэх, тулгах үйлдэл.

  1. Эдийн засгийн хүчин зүйлд:

-Хувьчилал болон түүний дараах төр, засгийн эдийн засгийн бодлого нь хүн амын амьдралын төвшинг бууруулж, ядуу, нэн ядуу давхарга  болгон хувиргах үйл явц;    

-Хөлдөлмөрийн чадвартай хүн амын ихэнх хэсгийг ажилгүйдэл, ядууралд оруулах үзэгдэл;

-Их гүрнүүдийн эрчим хүчний нөөц, байгалийн баялаг ашигт малтмалын төлөөх шинэ колончлолын нөлөөллөө тогтоох гэсэн ил далд өрсөлдөөн тэмцэл;

-Эрүүгийн гэмт хэрэгжсэн буюу эрүүжсэн эдийн засгийн үүсэл, өрнөл;

-Tеррорист байгууллага гадаадын санхүүгийн идэвхтэй дэмжлэгтэй, дотоодын эх үүсвэрийг ашиглан санхүүжих байдал.

  1. Нийгмийн хүчин зүйлд:

-Эсрэг, тэсрэг ашиг сонирхолтой нийгмийн хэсэг, бүлэг, салаа бүрэлдэн үүсч нийгмийг   зааглах үйл явц;

-Хүн амын нийгмийн баталгааг хангах үр дүнтэй тогтолцоо үгүйлэгдэх үзэгдэл;

-Хүн амын нийгмийн хамгаалалт эрс буурч, архаг болон хурц, халдварт өвчинээр өвчлөгчдийн тоо нэмэгдэж амьдрах хугацаа богинсох үйл явц;

-Гэмт хэргийн өсөлт;

-Хүн амын оюун санаа, шударга ёс, тэгш байдал алдагдаж, ёс суртахуун, эх оронч үзэл хүмүүжил, соёлын төвшин, хууль эрх зүйн мэдлэгийн доройтол;

-Олон нийтийн хэвлэл мэдээлэлийн хэрэгслээрх хүчирхийлэл, харгислалыг тахин шүтсэн сурталчилагаа, нөлөө.

  1. Үндэс угсаатны хүчин зүйлд:

-Үндэстэн хоорондын харилцааг хурцатгасан асуудал (үндэсний онцгой давуу талыг сурталчлах, үндэсний болон шашны үзэн ядалт дайсагналцлыг өдөөн хатгаж дэвэргэх);

-Янз бүрийн үндэстэн, бүлгүүдийн улс төр, эдийн засаг, нийгэм, соёлын ялгаа нөхцөл тэгш биш байдал;

-Улс төрийн бүтцүүдийн баталсан оршин тогтохуй, үндэсний хөгжил хөндсөн  улс төр, нийгэм, эдийн засгийн болон бусад хурц асуудлыг шийдвэрлэх үйл явцуын удаашралт, хойшлуулалт;

-Хүнийг яс үндэс гарал үүслээр нь гадуурхах, басамжилан доромжлох, үл тоомсорлох үзэгдэл, үйл явцын өрнөл, тархалт, өргөжилт;

-Шашин, соёл, хэл, зан заншлыг нь үл хүндэтгэх, гутаах үйлдэл;

-Хууль бус үйл ажиллагаанд радикал, экстремист, үндэсрхэг байгууллага, хөдөлгөөн,  тэдгээрийн удирдагчдыг татан оролцуулах үйл ажиллагаа;

-Хүн ам нь олон үндэстнээс бүрэлдсэн улсад тэдгээрийн элит давхаргын удирдлагын эрх мэдлийн төлөөх тэмцэл, бодлого.

  1. Эрх зүйн хүчин зүйлд:

Төр засгийн удирдагчид хийгээд, улс төрийн нам, байгууллага, хөдөлгөөний манлайлагчдын болон нийт хүн амын хууль эрх зүйн мэдлэгийн түвшин доогуур байх нь өөрийнхөө  хийсэн үйлдлийн төлөө хариуцлага хүлээх чадваргүй болж, тэдгээрийн хор уршиг, үр дагаварын  төлөө, хууль хяналтын байгууллагууд  хариуцлагын арга хэмжээ авахгүйгээр дуугүй өнгөрдөг байдал. 

  1. Үзэл суртлын хүчин зүйлс:

-Иргэний нийгмийн үзэл суртлын салбарт төрийн нэгдмэл бодлого байхгүй байдал;

-Үндэсний болон  түүх, соёлын үнэт зүйлийг хүлээн зөвшөөрдөггүй, эх оронч үзлийн эсрэг, нигилизмын үзэл сурталыг бий болгох үйл явцын өрнөл;

-Олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр үндэсний үзэлтэй улс төрийн элитүүд бусад үндэстнийг үзэн ядах, үл итгэлцлийг өдөөх зорилгоор байнгын сурталчилгаа явуулах үзэгдлийн өрнөл, дэлгэрэлт;

-залуу, өсвөр үеийнхний дунд хууль ёсыг ажил амьдрал дээрээ сахин биелүүлэх зан үйлээр хүмүүжүүлэх үр дүнтэй тогтолцоог бүрдүүлээгүй байдал.

 Дүгнэлт:

Дээр өгүүлсэн хэсгээс дараах дүгнэлтийг хийж болох юм:

Терроризмоос сэргийлэхийн тулд түүний үүсэж бүрэлдэх нөхцөл, учир шалтгааныг олж тогтоох, нөлөөлж буй хүчин зүйлсийг харгалзан үзэж тэдгээрийн нөлөөллийг багасгах, хаах арга замыг олж хэрэгжүүлэх нь нэн чухал болох нь тодорхой байна. Терроризмоос ангид орших боломжгүй болохыг дэлхийн хэт их, их гүрнүүдэд тохиолдож  буй террорист халдлага, тэдгээрийн үр дагавар харуулж байгаа учир урьдчилан сэргийлэх ажил, арга хэмжээний ач холбогдлыг өсгөж байна.

Терроризмоос сэргийлэх, түүнтэй тэмцэх тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагын ажилтан, алба хаагч бүхэн терроризмоос сэргийлэх ажил, арга хэмжээг хэрэгжүүлэх, түүнтэй тэмцэх стратеги, тактикт суралцсан байхыг өнөө үеийн улс төр, нийгмийн нөхцөл байдал шаардаж байна.

Доктор (Ph.D) Д.Дэлгэрсайхан

НИЙТЭЛСЭН: 2018-07-18 өдөр 00:00:0 цаг           ҮЗСЭН: 1300