Химийн хорт болон аюултай бодис түүний хэрэглээний зохицуулалтыг боловсронгуй болгох, хяналтыг чангатгах, хэрэглэгчдийн мэдлэг, мэдээллийг дээшлүүлэх шаардлага улам бүр нэмэгдэж байна.
Өнөөгийн байдлаар дэлхийд 11 сая гаруй нэр төрлийн химийн бодис бүртгэгдсэний 70 мянга орчим нь ахуйн хэрэглээнд ашиглагддаг бөгөөд тэдгээрийн 10 мянга гаруй нь хүний эрүүл мэнд, байгаль орчинд тодорхой хэмжээний сөрөг нөлөө үзүүлдэг байна.
Химийн бодисыг шинж чанар болон хүний эрүүл мэнд, байгаль орчин, мал амьтанд үзүүлэх нөлөөллөөр нь “хортой, “аюултай” гэж ангилдаг байна. “Химийн хортой бодис” гэж хүний эрүүл мэнд, байгаль орчин, мал, амьтанд хортой нөлөө үзүүлэх, улмаар үхэлд хүргэх үйлчилгээтэй химийн бодис, тэдгээрийн нэгдлийг хэлдэг бол “химийн аюултай бодис” гэж тэсрэмтгий, шатамхай, идэмхий, исэлдүүлэгч, цочромтгой шинж чанартай химийн бодис, тэдгээрийн нэгдлийг хэлнэ.
Дэлхий хэмжээнд хамгийн их хэрэглэгддэг хорт болон аюултай бодис агуулсан бүтээгдэхүүний талаар танилцуулбал:
Зарим компаниуд химийн бодисын хор хөнөөлийг хангалттай хэмжээнд анхаарч үзээгүйн улмаас олон нийтийг хордуулах, өөрийн брэндийн нэр хүндийг унагах зэрэг эрсдэлийг гаргаж байна. Тухайлбал, хүүхдийн тоглоом үйлдвэрлэгч “Martell” компани нь хар тугалгыг олон тооны тоглоомд хэтрүүлэн ашигласан нь тогтоогдсоны улмаас АНУ-ын зах зээлээс сая гаруй тоглоомоо эргүүлэн татжээ. Цахилгаан барааны “Sony” корпорацийн “Playstation” нь хууль бусаар кадмийн агууламжийг хэтрүүлсэн нь илэрсэн тул мөн л зах зээлээс бараа бүтээгдэхүүнээ эргүүлэн татсан байна.
Монгол Улсын химийн хорт болон аюултай бодисын хэрэглээ, нөхцөл байдлын талаар
Монгол Улс 1996 онд “Аюултай хаягдал, хаягдлын устгалын хил дамжсан хөдөлгөөний тухай” Базелийн конвенц, 2001 онд “Аюултай зарим химийн бодис болон шавьж устгах бодис /пестицид/-ыг олон улсын хэмжээнд худалдаалахад хэрэглэх, урьдчилан мэдээлж зөвшилцөх журмын тухай” Роттердамын конвенц, 2004 онд “Удаан задардаг органик бохирдуулагчийн тухай” Стокгольмын конвенцод тус тус нэгдсэн байна.
“Химийн хорт болон аюултай бодисын тухай хууль”-ийг шинэчлэн баталснаар химийн бодисын ангиллыг НҮБ-ын баталсан жишигт нийцүүлэх, химийн бодисын зөвшөөрлийн тогтолцоог боловсронгуй болгон нэгдсэн тоо бүртгэлийн системд оруулан төрийн захиргааны төв байгууллагаас хяналт тавих боломжийг бүрдүүлжээ.
Манай улсын хувьд химийн бодисын хор нөлөөллийн их, багаас үл хамааран хилээр нэвтрүүлэх тусгай зөвшөөрлийг Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас аж ахуйн нэгжид олгодог байна. 2018 оны 4 дүгээр сарын байдлаар 2026 орчим химийн хорт болон аюултай бодисын ашиглах, импортлох, худалдах тусгай зөвшөөрөл бүртгэгджээ. Гэсэн хэдий ч химийн бодисыг хууль бусаар импортлох, худалдаалах зөвшөөрөлгүй компани, хувь хүн олширч химийн бодис нь нэг төрлийн далд бизнес болоод байна.
Уул уурхайн салбар эрчимтэй хөгжиж буйтай холбоотойгоор химийн бодисын хэрэглээ нэмэгдэж улмаар чанаргүй, баталгаагүй, хадгалалтын горим зөрчигдсөн бодисын хэрэглээнээс үүдэлтэй хор уршгууд гарсаар байна.
Үүнээс гадна жилд 300 орчим аж ахуйн нэгж химийн бодис импортлох тусгай зөвшөөрөл авдагийн 50-60 хувь нь хуванцар сав, баглаа боодлын зөвшөөрөл байдаг аж.
Хуванцар материалын найрлагад химийн 4000 гаруй бодис агуулагддаг бөгөөд тэдгээрийн нэг болох “Бисфенол А” гэх бодис нь хиймэл шүд, хуванцар сав, хүүхдийн тоглоомд их хэмжээгээр ордог. Энэхүү бодис нь эстроген даавар, бэлгийн эс, тархины эд эсийн бүтцэд сөргөөр нөлөөлдөг бөгөөд бусад улс орнууд хэрэглээг нь хязгаарлах, хориглох арга хэмжээг авч эхэлсэн байна. Тухайлбал,
Химийн бодисыг хилээр нэвтрүүлэх тусгай зөвшөөрөл олгож хяналт тавьж байгаа хэдий ч химийн бодисын найрлагатай бараа бүтээгдэхүүний импортод анхаарал хандуулахгүй байна. Тухайлбал, Хятадад дахин боловсруулсан цаасаар үйлдвэрлэсэн сурагчийн дэвтэр, хүүхдийн салфетка, ариун цэврийн цаас болон хром, хар тугалга, кадьми, хөнгөн цагаан, цайр зэрэг химийн бодисын агууламж нь хэтэрсэн хүүхдийн тоглоом, хүнсний бүтээгдэхүүнтэй хамт савласан тоглоом ихээр оруулж ирж байна. Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвөөс зах зээлд борлуулж буй нийтлэг 62 хуванцар тоглоомыг сонгон шинжилгээ хийхэд тэдгээрийн 26 хувь нь хром, хар тугалга, кадьми, хөнгөн цагаан, цайр зэрэг химийн бодис хэтрүүлсэн хэрэглэсэн нь тогтоогджээ.
БНХАУ-д жил бүр 400 гаруй хүүхэд чихрийн шижин өвчтэй болсны гол шалтгаан нь их хэмжээгээр бие эрхтэнд хортой химийн бодис бүхий чанаргүй цаас хэрэглэснээс болсон нь тогтоогджээ. Дахин боловсруулахад хэрэглэдэг цайруулах бодис, гэрэлтүүлэгч бодис зэрэг нь цусны эргэлтийн систем, дархлаа, нөхөн үржихүйн болон бодисын солилцооны үйл ажиллагааг доголдуулж хорт хавдар үүсэх нөхцөлийг бүрдүүлж, хүүхдийн оюун санаанд сөргөөр нөлөөлж буйг илрүүлэн баталсан тул Хятад улс хориг тавьж дахин ашиглахгүй болсон боловч манай оронд уг бүтээгдэхүүний хэрэглээ өргөн хэвээр байна. ДЭМБ-ын судалгаагаар жилд 15-аас доош насны 35000 хүүхэд ямар нэгэн байдлаар химийн хорт бодисын нөлөөллөөр амь насаа алддаг гэжээ. Манай улсын хувьд өдөрт дунджаар 9-11 хүүхэд ахуйн хий болон бусад бодист хорддог гэсэн судалгаа гарчээ.
Дэлхийн улс орнууд химийн бодисын хэрэглээний эрх зүйн зохицуулалтыг сайжруулах чиглэлээр дор бүрнээ тодорхой арга хэмжээг авч хэрэгжүүлж байна.
Тухайлбал, Европын холбоо 2007 онд “REACH” нэртэй химийн бодисын бүртгэл, үнэлгээ, зөвшөөрөл, хязгаарлалтын талаар баримт бичиг гаргажээ. Ингэснээр урт хугацааны туршид Европын зах зээлд оршин тогтнож байсан тодорхойгүй химийн аюултай бодисын үйлдвэрлэл, хэрэглээг зохицуулах эрх зүйн үндсийг бүрдүүлсэн байна. Уг зохицуулалт нь ЕХ-ны гишүүн улсууд болон тэдгээр рүү химийн бодис экспортлох хүсэлтэй бүх орнуудад үйлчлэх юм. Экспортлогч, үйлдвэрлэгч нь бүтээгдэхүүний химийн бодисын шинж чанар, эрсдэлийн үнэлгээг хийж “Европын химийн агентлаг”-т бүртгүүлэхээр хүсэлт гаргадаг байна. Тус агентлаг нь химийн бодист шинжилгээ хийж зөвшөөрөл олгодог бөгөөд “аюултай” гэж тодорхойлсон тохиолдолд зөвшөөрөл олгодоггүй байна.
Манай хөрш ОХУ-ын хувьд стратегийн гол зорилтуудын нэг нь химийн аюулгүй байдлыг хангах бөгөөд 2003 оны 12 дугаар сарын 4-нд Ерөнхийлөгч В.В.Путин “Химийн болон биологийн аюулгүй байдлыг хангахад төрөөс баримтлах бодлогын үндэс” баримт бичгийг баталсан. Уг баримт бичиг нь химийн бодис, түүний төрөл зүйлийг ангилах нэгдсэн систем бий болгох, химийн болон биологийн аюулын талаар урьдчилан таамаглах, түүнээс сэргийлэх болон үр дагаврыг арилгах, хими болон биологийн аюулт нөхцөл үүссэн үед нөхцөл байдлыг хэрхэн удирдах гэсэн үндсэн зорилтуудыг агуулдаг. Тус улсын зүгээс дотооддоо мөрдөгдөж буй хууль, эрх зүйн актуудыг олон улсад баримталж буй гэрээ, хэлэлцээр, мөрдөгдөж буй хууль эрхзүйн акттай уялдуулан боловсронгуй болгохыг зорьж байна.
Тухайлбал ЕХ-ны “REACH” зохицуулалтад нийцүүлэн химийн бодисын тухай шинэчилсэн хуулийг 2016 онд баталсан бөгөөд 2021 оны 7 дугаар сарын 1-нээс хүчин төгөлдөр хэрэгжиж эхэлнэ. Мөн “Удаан задардаг органик бохирдуулагчийн тухай” Стокгольмын конвенцыг хэрэгжүүлэх үндэсний төлөвлөгөөг 2017 онд боловсруулжээ. Төлөвлөгөөнд удаан задардаг химийн бодисын хуулийн зохицуулалт, менежментийг сайжруулах, удаан задардаг химийн бодистой тоног төхөөрөмжийг устгах, бохирдсон газар нутгийг цэвэрлэх, хяналт шинжилгээ хийх, мэдээллийг сайжруулах зорилтуудыг тусгаад байна.
ОХУ-д өнөөгийн байдлаар химийн хорт болон аюултай бодистой холбоотойгоор тулгараад буй асуудлуудыг дурдвал:
БНХАУ 2003 онд ЕХ-ны “REACH”-тэй төстэй бөгөөд “Хятадын REACH” гэгддэг “MEP Order 7” журмыг баталж, 2010, 2017 онд тус тус нэмэлт өөрчлөлт оруулсан. Уг журамд химийн бодисыг импортлохоос өмнө холбогдох байгууллагад мэдэгдэх ёстой тухай заажээ. Гэхдээ тэдгээрийг шалгах хугацааг тодорхой заагаагүй тул зарим тохиолдолд хэдэн сар ч болох тохиолдол байдаг байна.
Химийн аюултай болон хорт бодис нь гол, далайн ус, агаар, хүн амын өргөн хэрэглээгээр гэх мэт бүхий л замаар хүрээлэн буй орчин хүний эрүүл мэндэд ноцтой хохирол учруулах эрсдэлтэй. Өөрөө хэлбэл химийн бодисын хор уршгийг ямар нэг хил хязгаараар зааглах боломж хомс юм. Химийн бодисын хэрэглээг зохицуулж, түүнд хяналт тавихад төр, үйлдвэрлэгч, хэрэглэгч гэсэн бүхий л оролцогч талуудын идэвхтэй хамтын ажиллагаа хамгийн чухал болох нь олон улсын туршлагаас харагдаж байна.
Нийт иргэд, хэрэглэгчдэд зориулсан химийн бодис түүний зохистой, аюулгүй хэрэглээний талаар сургалт, мэдээллээр тогтмол хангах механизмыг бүрдүүлэх нь учирч болох аюулаас урьдчилан сэргийлэх гол арга зам болно.