92263017 •
  Ерөнхий зохицуулагч
1800-1280 •
  Иргэдээс мэдээ мэдээлэл авах
92263535 •
  Төрийн болон албаны нууцтай   холбоотой мэдээ, мэдээлэл
МОНГОЛ, ОРОС, ХЯТАД ГУРВАН ТАЛЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ШИНЭ ӨРНӨЛ

Хаяа нийлсэн хөрш орнуудтайгаа дэд бүтцийн хэлхээ холбоогоо эрчимжүүлэх санаачилгаа Монгол Улс анх 2014 онд “Талын зам” төслийн хүрээнд дэвшүүлсэн бөгөөд тэр нь төмөр зам, хурдны автозам, газрын тос болон байгалийн хий дамжуулах хоолой, өндөр хүчдэлийн цахилгаан дамжуулах шугамаар Орос, Хятадыг Монголоор дамжуулан холбох зорилготой байв. Уфа хотноо болсон Монгол Улс, БНХАУ, ОХУ-ын төрийн тэргүүнүүдийн уулзалтаар манай талын эл санаачилга дэмжигдэн гурван талт хамтын ажиллагааг хөгжүүлэх “Замын зураг”-ийг боловсруулахаар тохирсон. Улмаар “Монгол-Орос-Хятадын хооронд эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөр”-ийг боловсруулах тухай Санамж бичгийг 2015 оны 7 дугаар сарын 9-нд байгуулсан байдаг. Энэ Санамж бичгийн дагуу боловсрогдсон Хөтөлбөрийн хэлэлцээрийг 2016 оны 6 дугаар сарын 23-24-нд Ташкент хотноо болсон ШХАБ-ын ээлжит хуралдааны үеэр гурван талын дээд хэмжээний уулзалтаар гарын үсэг зурсан.

2016 онд Монгол Улсын Засгийн газар анх дэвшүүлсэн Талын зам санаачилгыг зөвхөн дэд бүтцээр үл хязгаарлаж, илүү олон салбар хүрээг хамрах үүднээс “Хөгжлийн зам” болгон өөрчилсөн билээ.

Эдийн засгийн коридорт оролцох Монголын сонирхол

Эдийн засгийн коридор байгуулах Монгол Улсын сонирхол нь хоёр хөршийн зам тээврийн дэд бүтэцтэй холбогдох, эдийн засгаа хил залгаа орнуудтай илүү нягт уялдуулахад чиглэсэн бөгөөд энэ нь дараах хэд хэдэн хүчин зүйлээр нөхцөлдсөн гэхэд болно. Үүнд:   

  1. Зүүн хойд Азийн эдийн засаг хурдацтай өсч, улам бүр нэмэгдэж буй эрчим хүчний түүхий эдийн эрэлтийг хангахад аль болохоор түлхүү оролцох нь Монголын хөгжлийн нэг тулгуур байх боломжтой бөгөөд энэ нөхцлийг бүрдүүлэхэд Коридорын дэд бүтэц чухал үүрэг гүйцэтгэнэ.
  2. Орос, Хятадын харилцаа хурдацтай урагшилж энэ хоёр гүрний хамтын ажиллагаа Евразид төдийгүй дэлхийн бодлогод чухал нөлөөтэй болж хувирав. Тэгэхдээ хөршүүд маань Монголыг баруугаар нь, бас зүүгээр нь тойрсон дэд бүтцүүдийг бий болгож байгаа. Иймд бид хөршүүдийнхээ зам-тээврийн сүлжээний гадна үлдэхгүйн тулд эдийн засгийн коридорын бүтээн байгуулалтыг идэвхтэй урагшлуулах шаардлагатай.
  3. Хоёр хөршөөс бусад бүс нутгуудтай хийж буй худалдааны эргэлт, хөрөнгө оруулалт дорвитой өсөхгүй байгаа. Тиймээс эдийн засгийн коридор байгуулагдсанаар Монгол Улс бүс нутаг руу гарч, худалдааны хязгаарлагдмал байдал өөрчлөгдөх сайн талтай.
  4. Эдүгээ Монголын экспортын үнийн дүнгийн 80 гаруй хувийг түүхий болон хагас боловсруулсан эрдсийн бүтээгдхүүн эзлэж байгаа бөгөөд тэдгээр нь овор ихтэй тул гуравдагч орны зах зээлд гарахад, өнөөгийн нөхцөлд, тээврийн зардлаа дааж өрсөлдөх чадваргүй байгаа юм. Нэг хэсэгтээ л, тухайлбал эрдсийн бүтээгдхүүнээ бэлэн, эсвэл хагас бэлэн бүтээгдхүүн болгон боловсруулж гаргах чадвартай болтлоо хүссэн хүсээгүй хил залгаа зах зээлд борлуулахаас өөр аргагүй гэсэн үг. Энэ нь уул уурхай, ХАА-н салбарт түлхүү хамаатай.

Монгол Улсын өнөөгийн эдийн засгийн боломж, бүс нутаг дахь чиглэл хандлага нөхцөл байдал нь хил залгаа орнуудтай эдийн засгаа илүү нягт уялдуулах бодит шаардлагыг бий болгосон юм.

Эдийн засгийн коридорын Монгол дахь ашиг тус

Монгол, Хятад, Орос гурван улсын эдийн засгийн коридор байгуулагдсанаар:

а\ Монгол Улсын эдийн засгийн өсөлтийг түргэтгэх нэг хүчин зүйл болно. Хоёр хөрш улс манай экспортыг бүрнээ шингээхийн зэрэгцээ, импортын хэрэгцээт тоног төхөөрөмж, технологи, хэрэглээний бараа, хүнсний бүтээгдхүүнийг шаардлагатай хэмжээгээр хангах чадавхтай юм.

б\ Коридор ажиллаж эхэлснээр транзит тээврийн төлбөр байдлаар Монголын талд багагүй хэмжээний орлого орно. Эдүгээ транзит тээврийн хэмжээ нь УБТЗ-ын нийт ачаа тээврийн хэмжээнд 10.9%-ийг эзэлдэг ч ачаа тээврийн нийт орлогын 22,8%-ийг бүрдүүлдэг байна. 2018 он гэхэд УБТЗ тээвэрлэх ачаагаа 34 сая тоннд хүргэж, дамжин өнгөрөх ачааг 10 сая тоннд, 2020 онд нийт тээвэрлэх ачааг 48 сая тонн, 2030 онд 76 сая тоннд аваачих боломжтой талаар судалгаа гарсан байна.

в\ Эдийн засгийн бус бусад үр өгөөж авчирна. Төмөр болоод авто замын ашиглалт арчилгаа, түүний дагуух техникийн үйлчилгээ, шатахуун цэнэглэл, зочид буудал, нийтийн хоолны чиглэлээрх үйлчилгээнээс олох шууд бус эдийн засгийн өгөөжийг бас бодолцох ёстой. 

г\ Өрсөлдөх чадвар сайжирна. 2015 оны дэлхийн өрсөлдөх чадварын тайланд 144 орноос Монгол Улс нийт дэд бүтцийн байдлаараа 3,1 үнэлгээ авч 119 дүгээр байранд, үүний дотор төмөр замынхаар 69-д, автозамынхаар 130-д  орсон  аж. Коридорын  ачаар  Монголын нутаг дахь тээврийн  боломж, хурдац нэмэгдэн зах зээлд нийлүүлэгдэх мах, сүү, ноос ноолуур төдийгүй үр тариа, төмс, хүнсний ногоо зэрэг газар тариалангийн бүтээгдэхүүний хэмжээ өснө.

Монголын эдийн засгийн ашиг сонирхолд тулгарах сорилт

  1. Коридорын улмаас Монголын эдийн засгийн хоёр хөршийн нөлөө нэмэгдэх үү гэвэл нэмэгдэнэ. Юуны өмнө өрсөлдөх чадвараар хавьгүй өндөр өмнөд хөршийн бараа Монголын зах зээлд улам бүр давамгайлах нөхцөл бүрдэнэ. Гэхдээ нөгөө талаас, Монголын экспортын бараанд бас таатай нөхцөл бүрдэнэ гэдгийг эсрэгцүүлж жиших ёстой. Хамаарлын эцсийн үр дагавар нь олон улсын хөдөлмөрийн эрүүл хуваарь байх билээ.
  2. Коридороор бараа илгээгч хийгээд хүлээн авагч нь хоёр хөрш тул тэдний нийтлэг сонирхолд автахаас өөр аргагүй нөхцөл байдал үүсэх эрсдэлтэй. Гэхдээ хоёр хөрш хоорондын транзит тээвэр нэмэгдсэнээс олох шууд орлого болон дайвар өгөөжийг Монголын тал гол шалгуур болгох юм.

III. Коридор нь гурван талын ашиг сонирхолд үйлчлэх учраас хоёр хөршийн аль нэг нь давамгайлсан үйлдэл, байр суурь илэрхийлэх нөхцөлд нөгөө нь тэнцвэржүүлэх үүрэг гүйцэтгэх сайн тал бас бүрдэнэ, өөрөөр хэлбэл нэг талын дарамтад орохоос сэргийлэх Коридор бүрдүүлэх эерэг талтайг энд тэмдэглэвэл зохино. 

Эдийн засгийн коридорыг хэрэгжүүлэх механизм

Хөтөлбөрийн хэрэгжилтийг зохион байгуулах бүтэц, механизм аажим бүрэлдэж байна. Монголын талаас зохицуулагч байгууллага нь Гадаад харилцааны яам, Оросын талаас Эдийн засгийн хөгжлийн яам, Хятадын талаас Хөгжил шинэтгэлийн хороо ажиллахаар талууд тохиролцсон.

Мөн гурван талын Гадаад хэргийн дэд сайд нарын зөвлөлдөх механизм бий.

Талуудын эрх бүхий байгууллагууд төслүүдийн хэрэгжилтэд дүн шинжилгээ хийх, хэрэгжүүлэхэд шаардлагатай арга хэмжээг тохиролцох зорилгоор гурван талын экспертийн түвшний уулзалтыг 2017 оны 3 дугаар сард Бээжинд, 8 дугаар сард Москвад зохион байгуулсан ба Монголын тал энэ ондоо багтаан Улаанбаатарт хийхээр төлөвлөж байна. Өөрөөр хэлбэл жилд 3 удаа уулзалт хийн ярилцаж байх нь асуудлыг шуурхай шийдвэрлэж, бүтээн байгуулалт түргэн хэрэгжих чухал нөхцөл болно.

Мөн судлаач эрдэмтдийн саналыг сонсох, хэлэлцүүлэг өрнүүлэн санал, зөвлөмж гаргах зорилготой Гурван улсын тинк танкуудын холбоо 2015 онд байгуулагдсан ба хоёр удаа хуралдаад байна.

Түүнчлэн төслүүдийн судалгаа хийж техник-эдийн засгийн үндэслэлүүдийг боловсруулах зорилготой Хөрөнгө оруулалтын зураг төслийн төвийг гурван улсын эхний төслийг хэрэгжүүлж эхэлсний дараа Улаанбаатар хотноо байгуулахаар тохиролцсон.

Монгол Улс дотооддоо эдийн засгийн коридорын ажлыг уялдуулан зохицуулах зорилгоор Үндэсний Ажлын хэсэг байгуулсан. Тус ажлын хэсгийг Гадаад хэргийн дэд сайд ахалж, Зам тээврийн хөгжлийн яам, Эрчим хүчний яам, Үндэсний хөгжлийн газар гэх мэт холбогдох гол байгууллагуудын 20 орчим төлөөлөлийг багтаадаг.

Ийнхүү эдийн засгийн коридорыг бүтээн байгуулах гурван талын шат шатны механизм бүрэлдэхийн зэрэгцээ дотоодын үйл ажиллагааг нэгтгэн зангидах бүтэц бий болсон төслүүд амжилттай урагшлах чухал нөхцөл болно.

Эдийн засгийн коридорын тэргүүлэх төслүүд

Гурван улсын эдийн засгийн коридорын бүтээн байгуулалтад гурван тал чухал гэж үзсэн 32 төсөл байгаагаас хамгийн түрүүнд хэрэгжүүлэх тэргүүлэх ач холбогдолтой 3 төслийг талууд сонгон хэрэгжүүлэхээр тохиролцоод байгаа билээ. Монгол Улсын нутаг дэвсгэрээр дайрч буй зүүн баруун төвийн гурван маршрутаас зүүн баруун маршрутын түр хойшлуулж, эхний ээлжинд төвийн мартрутын дагуух төмөр зам, авто зам, эрчим хүчний шугамыг сайжруулахаар тохиролцоод байгаа юм.

Төмөр зам: Одоогийн байдлаар Монгол Улсын төмөр замын сүлжээ 1932,1 км урт бөгөөд үүнээс Монгол-Оросын хувь нийлүүлсэн “Улаанбаатар төмөр зам” хувь нийлүүлсэн нийгэмлэгийн өмчлөлд байдаг 1815 км зам нь төвийн коридорын төмөр зам юм. “Төмөр замын төв коридор (Улаан Үд-Наушки-Сүхбаатар-Улаанбаатар-Замын үүд-Эрээн-Улаанцав–Жанчхүү–Бээжин-Тяньжин)-ыг иж бүрэн шинэчлэн хөгжүүлэх, барих, цахилгаанжуулах эдийн засгийн үндэслэлийг судлах”-аар заасан. Эл төслийн хүрээнд шийдэгдэх тэргүүн ээлжийн зорилтуудад төмөр замыг цахилгаанжуулах, хэсэгчилсэн хос замтай болох, зарим замыг шинээр барих, хөдөлгөөний удирдлага-диспетчерийн ажлыг сайжруулах, эдийн засаг эрх зүйн орчинг боловсронгуй болгох зэрэг ажлууд хийгдэх юм.

Авто зам: 2016 оны байдлаар Монгол Улсад нийтдээ 49250 км автозам байгаагийн 28,2 хувь нь буюу 13891 км нь хатуу хучилттай зам байгаа аж. Зургийг үзнэ үү

Манай авто замын 2 чиглэл (АН-3 болон АН-4) нь Азийн их хурдны зам (Great Asian Highway)-ын сүлжээнд хамрагддаг болно.   Үүнээс төвийн коридороор дайрч өнгөрдөг нь АН3 бөгөөд энэ замын манай нутаг дээрх замын урт 1041 км юм. Гурван улсын эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөрт Азийн автозамын сүлжээний АН-3 (Улаан Үд-Хиагт\Алтанбулаг-Дархан-Улаанбаатар-Сайншанд-Замын үүд\Эрээн-Бээжингийн гаднах тойрог-Тяньжин) чиглэлийг дамжин өнгөрөх тээвэрлэлтэд идэвхтэй ашиглах, тус чиглэлд хурдны автозам барих эдийн засгийн үндэслэлийг судлахаар тусгасан.

Үүний зэрэгцээ “Автозамын сүлжээгээр олон улсын автотээвэр гүйцэтгэх тухай Монгол Улс, Оросын Холбооны улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийг 2016 оны 12 дугаар сард үсэг  зурж байгуулсан бөгөөд энэ хэлэлцээр хүчин төгөлдөр болж 3 улсыг дамнасан авто тээврийн харилцааны уялдааг сайжруулахад чиглэсэн зохион байгуулалтуудыг хэрэгжүүлснээр худалдааны эргэлт үлэмж нэмэгдэх техникийн боломж бүрдэнэ. Мөн нийт АНЭЗНК-ийн хэмжээний эрх зүйн зохицуулалтад манай орнууд хамрагдахын сацуу гуравдагч орнууд руу автотээврээр бараа нийлүүлэх, шуурхай импортлоход таатай орчин бүрдэнэ.

Эрчим хүч: Гурван улсын дамнасан 500кВт-ын шугам татах төсөл хэрэгжих нь эцсийн дүндээ манайд ашигтай тал нь давамгайлна гэж үзнэ. Манай орны хувьд эрчим хүчнийхээ хэрэгцээний 85 хувь орчмыг дотоодын үйлдвэрлэлээр хангаж үлдсэнийг импортоор ОХУ-аас авч буй. Энэ импорт нь ид ачааллыг давах зориулалттай  тул нийлүүлэгч талд ч бас зохистой бус юм. Хэрвээ дээрх төсөл хэрэгжвэл “горим”-ын шинжтэй ийм импортыг хангахад таатай нөхцөл бүрдэх болно.

Засгийн газар хоорондын комиссын сүүлийн хуралдааны үеэр ОХУ-ын эрчим хүчний компаниуд Монголын талтай хамтарсан компани байгуулах, шинэ төслүүд хэрэгжүүлэх, Монголын эрчим хүчний байгууламжуудыг шинэчлэхэд оролцох сонирхлоо илэрхийлжээ. Энэ сонирхлыг юуны өмнө Монгол орны хойд бүсэд баригдах усан цахилгаан станцтай холбох боломжтой, чингэснээр оросын талаар тавьж буй “экологи”-ийн чагтыг мултлах боломж бүрдэж мэднэ. Хамтран ашигласан нөхцөлд тэнд үйлдвэрлэх цахилгааныг 3 улсыг дамнасан мөнөөх шугамд нийлүүлж болно.   

Дүгнэлт

Монгол, Хятад, Орос гурван улсын эдийн засгийн коридор байгуулах нь Монгол Улсад бүс нутгийн эдийн засгийн интеграцид оролцох боломж бүрдүүлж, уул уурхайд түшиглэсэн эдийн засгийг солонгоруулахад ач холбогдолтой. Энэхүү коридорыг бүтээн байгуулах талаар гурван улс дээд түвшинд нэгэнт амжилттай тохиролцоо хийсэн. Өдгөө хэрэгжүүлэх шат эрчимжиж байна. Үүнд, гурван талын ажлын уялдааг хангах механизмууд шат шатанд бүрэлдэж байна; төслүүдийн ТЭЗҮ хийх, судалгааны үе шат руу ороход бэлэн болсон; гадаад талд Хятадын талын санаачилга, хүчин чармайлтаар олон улсын санхүүгийн механизмууд төлөвшиж, Бүс Замын холбоотой төслүүд эхнээсээ санхүүжилт аваад байна.

Эдийн засгийн коридорт оролцоход Монголын хамгийн том давуу тал нь газар зүйн ойр дөт нөхцлөөс гадна терроризм, тогтворгүй байдал гэх мэт Төв Ази, Баруун Азийн чиглэлд учирдаг гол эрсдлүүд энд байхгүй. Монголын санал болгож чадах зүйл бол аюулгүй тайван, тогтвортой, урт хугацаандаа найдвартай байдал юм.

Ж.Баясах: Доктор (Sc.D), профессор

Б.Индра: Судлаач (Ph.D)

НИЙТЭЛСЭН: 2018-05-24 өдөр 00:00:0 цаг           ҮЗСЭН: 1272