Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, үнэт металл /алт/, түүх, соёлын дурсгалт зүйл, байлдааны галт зэвсэг, галт хэрэгслийг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэх гэмт хэрэг нь хүнд гэмт хэрэгт тооцогддог бөгөөд үйлдсэн этгээдэд 12 жил хүртэл хугацаагаар хорих ял оногдуулдаг.
Тагнуулын байгууллага сүүлийн 5 жилийн хугацаанд 4.7 тэрбум төгрөгийн үнэ бүхий нийт 65 кг алт улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн үйлдлийг илрүүлж, хууль бус үйл ажиллагааг таслан зогсоож, хураагдсан эд зүйлсийг улсын орлого болгосон.
Манай иргэд соёлын өвийг бүртгэх, судалж шинжлэх, хадгалах, хамгаалах, сэргээн засварлахтай холбогдсон харилцааг зохицуулдаг хууль тогтоомжийн талаарх мэдлэг, мэдээлэл дутмагаас энэ төрлийн гэмт хэрэгт холбогдож байна. Соёлын биет өв буюу түүх, соёлын дурсгалт зүйлийг улсын хилээр нэвтрүүлэхийг хориглосон байдаг бөгөөд гагцхүү Соёлын өвийг хамгаалах тухай хуульд заасны дагуу судалгаа шинжилгээ хийлгэх, сэргээн засварлах, гадаадад үзэсгэлэнд гаргах зорилгоор эргүүлэн авчрах нөхцөлтэйгээр соёлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага /БСШУСЯ/-ын зөвшөөрлөөр улсын хилээр нэвтрүүлэх боломжтой. Иймд иргэд өв залгамжилсан, худалдаж авсан, бэлгэнд авсан эд зүйлсийг (олдвор, металл болон зурмал бурхан, судар г.м) улсын хилээр нэвтрүүлэх тохиолдолд мэргэжлийн байгууллагаар шинжилгээ хийлгэж дүгнэлт гаргуулан, холбогдох зөвшөөрлийг авах, шинжилгээгээр палеонтологи, археологийн олдвор, түүх, соёлын дурсгалт зүйл болох тухай дүгнэлт гарсан тохиолдолд соёлын өвийн бүртгэл мэдээллийн санд бүртгүүлэх шаардлагатай юм.
Түүнчлэн бусдын дайвар ачаа барааг хилээр нэвтрүүлэх зэргээр улсын хилээр бараа хууль бусаар нэвтрүүлэх гэмт хэрэгт холбогдож байна.
ИРГЭДЭД СЭРЭМЖЛҮҮЛЭХЭД:
Эрүүгийн хуулийн 18.5 дугаар зүйл
“Улсын хилээр барааг хууль бусаар нэвтрүүлэх” гэмт хэрэг
2.1.албан тушаалынхаа байдлыг ашиглаж;
2.2.байлдааны галт зэвсэг, галт хэрэгсэл, цөмийн бодис, цацраг идэвхт хаягдал, тэсэрч дэлбэрэх бодисыг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлж үйлдсэн бол таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.