92263017 •
  Ерөнхий зохицуулагч
1800-1280 •
  Иргэдээс мэдээ мэдээлэл авах
92263535 •
  Төрийн болон албаны нууцтай   холбоотой мэдээ, мэдээлэл
УЛС ТӨРИЙН ХИЛС ХЭРЭГТ ХЭЛМЭГДЭГСДИЙГ ЦАГААТГАХ, ТЭДЭНД НӨХӨН ОЛГОВОР ОЛГОХ ТУХАЙ ХУУЛЬД ОРСОН ӨӨРЧЛӨЛТИЙН ТАЛААР

ТЕГ-ын Мөрдөн шалгах газар нь улс төрийн хилс хэрэгт шийтгэгдэж хэлмэгдсэн хүмүүст холбогдох хэргийг цагаатгах, тэдний хөндөгдсөн эрх, нэр төрийг сэргээх ажлыг чиг үүргийнхээ хүрээнд хэрэгжүүлж ирсэн.

Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн асуудлыг төрийн нэрийн өмнөөс эргэн харж нягтлан судлах, тэднийг цагаатгах ажил 1939-1945, 1957-1962, 1988 онуудад МАХН-ын Төв Хорооны шийдвэрээр хэсэгчилсэн байдлаар явагдаж ирсэн бөгөөд 1998 онд Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийг цагаатгах, тэдэнд нөхөн олговор олгох тухай хууль батлагдан гарснаар улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийг цагаатгах,  нэр төрийг нь сэргээх, тэдэнд нэг удаагийн нөхөн олговор олгох, улс төрийн хэлмэгдүүлэлтийн бусад үр дагаварыг арилгахтай холбогдсон харилцааг зохицуулах эрх зүйн үндэс бий болж, үйлчлэх хүрээг хуульчлан тогтоосон юм.

Хууль хэрэгжиж эхэлсэн 1998 оноос хойш 20 жилийн хугацаанд хэлмэгдэгчийг цагаатгуулах тухай гомдол гаргах хугацаа, нөхөн олговор авах хугацааг 1-3 жилийн хугацаагаар таван удаа сунгаж, нэмэлт өөрчлөлтийг гурван удаа оруулсан байна.

 ҮАБЗ-өөс 2014 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комиссын ажлын тайланг авч хэлэлцээд, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний тухай 56/39 дүгээр зөвлөмжид:

  1. Төв ба орон нутгийн архивт хадгалагдаж байгаа шалгагдаагүй хэргүүдийг шалгаж дуусгах.
  2. Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийг цагаатгах, тэдэнд нөхөн олговор олгох тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3-т заасан цагаатгуулах тухай гомдол гаргах хугацааг хоёр жилээр эцсийн удаа сунгах, энэ хугацаанд хууль тогтоомжийн дагуу Улсын комиссын үйл ажиллагааг дуусгавар болгохтой холбоотой бусад арга хэмжээг авч хэрэгжүүлэх асуудлуудыг тусгасан.

Зөвлөмжийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд ЦАУЗБУК, УДШ, УЕПГ, ТЕГ-ын хамтарсан хоёр ажлын хэсэг байгуулагдан:

- Тусгай архивт хадгалагдаж байгаа шалгагдаагүй төрийн эсрэг буюу улс төрийн  хэргийн судалгааг гаргаж, тэдгээр хэргүүдийг шалгаж шийдвэрлэх ажлыг эхлүүлж, орон нутгийн архивуудад хадгалагдаж байгаа шалгагдаагүй эрүүгийн хэргүүдийн тоо судалгааг гаргах, тус газрын Тусгай архивт төвлөрүүлэн татаж авах ажлыг 2018 онд багтаан дуусгах, дээрх хэргүүдийг 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл хугацаанд шалгаж дуусгах зорилт тавин ажиллаж байна.

- Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийг цагаатгах, тэдэнд нөхөн олговор олгох тухай хуульд цагаатгуулах гомдол гаргах хугацаа, нөхөн олговор авах нэхэмжлэл гаргах хугацаа, нөхөн олговрын хэмжээг нэмэгдүүлэхээр оруулсан хуулийн төсөл УИХ-ын 2017 оны намрын чуулганаар хэлэлцэгдэн батлагдаж  2018 оны 2 дугаар сарын 19-ний өдрөөс мөрдөж  эхэлсэн билээ. Хуульд улс төрийн хилс хэрэгт хэлмэгдсэн гэх хүнийг цагаатгуулах тухай гомдлыг 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл хүлээн авах, хэлмэгдэгчийн эхнэр, нөхөр, төрсөн болон үрчилсэн хүүхдэд хэлмэгдэгч цаазаар авах ял шийтгүүлсэн бол 80 сая төгрөг, хорих ял шийтгүүлсэн бол 40 сая төгрөгийн нөхөн олговор олгохоор тусгасан.

Цагаатгуулах тухай гомдлыг Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийг цагаатгах, тэдэнд нөхөн олговор олгох тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д заасан, улс төрийн хилс хэрэгт ял шийтгүүлсэн болон баривчлагдан мөрдөгдсөн этгээдийг цагаатгуулах тухай гомдлын дагуу хэрэг үүсгэх, мөрдөн шалгах, хянан шийдвэрлэх ажиллагааг УДШ, УЕПГ, ТЕГ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар явуулна гэж заасны дагуу УЕПГ-аас шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас үүсгэн ирүүлсэн хэргийг хүлээн авч мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна.

Аймаг орон нутгаас ирүүлж байгаа зарим гомдол, хүсэлт нь хэлмэгдсэн гэх хүний талаар тодорхой биш, зарим тохиолдолд гомдол гаргагч зөвхөн өөрийнхөө тухай бичсэн, ТЕГ-ын Тусгай архив болон Үндэсний төв архивын лавлагаа, тодорхойлолт байхгүй, хэлмэгдсэн гэх хүний талаар тодорхойлолт гаргасан иргэдийн холбогдох утасны дугаар болон хаяг тодорхойгүй байгааг анхаарч гомдол гаргахдаа дараах зүйлийг бүрдүүлж ирүүлбэл зохино. Үүнд:

  • Оршин суугаа газрын Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах салбар комиссоос зөвлөгөө, мэдээлэл авах. /НИТХ-ын дарга, нарийн бичгийн дарга, орон нутагт аймгийн ИТХ-ын дарга, нарийн бичгийн дарга/
  • ТЕГ-ын Тусгай архиваас тухайн хилс хэрэгт хэлмэгдсэн гэх хүнийг цагаатгасан, хэлмэгдсэнд тооцсон эсэхийг шалгуулж авсан хариу
  • Тухайн хэлмэгдсэн гэх хүн, түүнтэй садан төрлийн холбоотойгоо нотолсон Үндэсний төв архив болон бусад холбогдох архивын лавлагаа
  • Хэлмэгдсэн гэх хүний талаарх гомдлыг өмнө УДШ, УЕПГ-аас хянан үзсэн тухай хариу мэдэгдэх хуудас болон хариу өгсөн албан бичиг
  • Хэлмэгдсэн гэх хүний овог, нэр /хоч/, нас, оршин сууж байсан аймаг, сум, хот, хороо /тухайн үеийнхээр/ эрхэлж байсан ажил, хилс хэрэгт хэлмэгдсэн тухай бусад холбогдох мэдээллийг урьдчилан нягтлан тодруулж, цагаатгуулах тухай гомдолд тодорхой тусгаж өөрийн оршин суугаа хаяг болон холбогдох утасны дугаарыг бичиж ирүүлэх шаардлагатай.

Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийг цагаатгах, тэдэнд нөхөн олговор олгох тухай хуульд оруулсан нэмэлт өөрчлөлтөөр, улс  төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдэд олгох нөхөн олговрын хэмжээг уг хуулийн 13 дугаар зүйлийн 13.2-т энэ хуулийн 23.1-д заасны дагуу орон сууц аваагүй улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчид:

  1. Улс төрийн хилс хэрэгт холбогдуулан цаазаар авах ялаар шийтгүүлсэн хэлмэгдэгчийн эхнэр /нөхөр/, эсвэл хэлмэгдэгчийн төрсөн болон үрчилж авсан хүүхэд, хэлмэгдэгчийг нас барснаас хойш 10 сараас илүүгүй хугацааны дотор төрсөн хүүхдэд 80 сая төгрөг,
  2. Улс төрийн хилс хэрэгт холбогдуулан хорих ялаар шийтгүүлсэн хэлмэгдэгч, хэлмэгдэгч нас барсан бол түүний эхнэр /нөхөр/, эсвэл хэлмэгдэгчийн төрсөн болон үрчилж авсан хүүхэд, хэлмэгдэгчийг нас барснаас хойш 10 сараас илүүгүй хугацааны дотор төрсөн хүүхдэд 40 сая төгрөг олгохоор тусгасан.

Уг заалтыг 2019-2020 онд шат дараалан хэрэгжүүлэх ажлыг ЦАУЗБУК зохион байгуулан хуульд заасан чиг үүргийн дагуу холбогдох заавар зөвлөгөөг өгч ажиллаж байна.

НИЙТЭЛСЭН: 2018-05-14 өдөр 00:00:0 цаг           ҮЗСЭН: 970