92263017 •
  Ерөнхий зохицуулагч
1800-1280 •
  Иргэдээс мэдээ мэдээлэл авах
92263535 •
  Төрийн болон албаны нууцтай   холбоотой мэдээ, мэдээлэл
МАНСУУРУУЛАХ ЭМ, СЭТГЭЦЭД НӨЛӨӨТ БОДИСЫН ХУУЛЬ БУС ЭРГЭЛТТЭЙ ТЭМЦЭЖ БУЙ ӨНӨӨГИЙН НӨХЦӨЛ БАЙДАЛ

Манай улс 1990 онд Мансууруулах бодисын тухай 1961 оны конвенц, 1999 онд Сэтгэцэд нөлөөт бодисын тухай 1971 оны конвенц, 2001 онд Мансууруулах ба сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эргэлтийн эсрэг 1988 оны конвенци, 2008 онд Үндэстэн дамнасан зохион байгуулалттай гэмт хэргийн эсрэг НҮБ-ын конвенцийн нэмэлт протоколд нэгдэн орсон байдаг. Дотоодын хууль тогтоомжийн хүрээнд “Эрүүгийн хууль”, 2017 онд баталсан “Зөрчлийн тухай хууль”, Засгийн Газрын баталсан Үндэсний хөтөлбөрийн хүрээнд энэ төрлийн гэмт хэрэгтэй тэмцэж байна.

      Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг БНХАУ, ОХУ гэсэн хоёр хөрш орноос эсхүл тэдгээрээр дамжин Малайз, Сингапур, АНУ зэрэг бусад орноос хууль бусаар нэвтрүүлсэн, нэвтрүүлэхийг завдсан гэмт үйлдлүүд бүртгэгдэж байна. Сүүлийн жилүүдэд мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой гэмт хэргийн тоо улам бүр нэмэгдсэн, мөн насанд хүрээгүй хүүхдүүд холбогдох болсон нь цөөн хүн амтай улсын хувьд ноцтой асуудал юм.

2007-2017 оны хооронд үйлдэгдсэн энэ төрлийн гэмт хэрэгт дүн шинжилгээ хийхэд бүх төрлийн гэмт хэргийн дотор хар тамхи мансууруулах 'бодистой холбоотой гэмт хэргийн эзлэх хувь 0,2% байна. Мөн энэ төрлийн 500 гаруй хэрэг бүртгэгдэж 1300 орчим иргэн холбогдон хуулийн байгууллагад шалгагдсан байдаг. Харин 2018 он гарсаар хар тамхи, мансууруулах бодис хэрэглэсэн, бусдад худалдсан, тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн 29 хэрэгт 67 хүн холбогдон хууль хяналтын байгууллагад шалгагдсан бөгөөд өмнөх оны мөн үетэй харьцуулахад 60 орчим хувиар нэмэгджээ. Мөн улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэхээр завдсан 13 иргэний гэмт үйлдлийг таслан зогсоосон байна.

Хураагдсан мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын төрөл, зүйлийн хувьд ихэвчлэн “каннабис, “ice” буюу мөс, “шавар”, “кокайн” байна.

Энэ төрлийн гэмт хэргийг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэхдээ цахим сүлжээ ашиглан захиалга өгөх, “карго”-оор тээвэрлэх, мөн бусдыг хууран мэхэлж тээвэрлүүлэх, үүндээ өөрсдийн гэр бүл, найз нөхөд, төрөл садангийн харилцаа холбоог ашиглах, гэмт хэрэгт татан оролцуулах, хил, гааль болон хууль хүчний бусад байгууллагуудын албан хаагчидтай үгсэн тохиролцох зэрэг арга хэрэглэж байгаа нь хар тамхи, мансууруулах бодисын хууль бус эргэлтэд нөлөөлж буй гол хүчин зүйл болж, гэмт хэрэг үйлдэх нөхцөл боломжийг бий болгож байна.

Манай улсын иргэд ихэвчлэн БНХАУ-аас хар тамхи, мансууруулах бодис нэвтрүүлдэг бөгөөд БНХАУ 2017 онд мансууруулах бодистой холбоотой 165 мянган хэргийг шийдвэрлэж, мансууруулах бодистой холбогдож хууль зөрчсөн 194 мянган сэжигтнийг баривчилж, 102,5 тонн мансууруулах төрлийн бодис хураан авсан ба 2016 онтой харьцуулахад 10-15 хувь өссөн. Гэтэл мансууруулах бодистой тэмцэх ажлыг эрчимтэй хэрэгжүүлэн хяналтдаа авч хязгаарласнаар, нийгэм, эдийн засгийн хөгжил, иргэдийн аюулгүй байдал, нийгмийн тогтвортой байдалд ноцтой нөлөөлөх хэмжээнд хүрээгүй хэмээн дүгнэсэн байна.

Тус улсын мансууруулах бодисын нийлүүлэлтийн гадаад эх үүсвэр нь “Алтан гурвалжин”1, “Алтан Шинэ сар”2-ын бүс нутгууд болон Өмнөд Америк ба дотоод эх үүсвэрт тус улсад ургуулдаг мансууруулах болон донтуулах үйлчилгээтэй ургамал, хлортаминикетон, бусад нийлмэл бодис, сэтгэц мэдрэлд нөлөөлөх шинэ бодисын үйлдвэрлэл зэргийг нэрлэж болно.

2017 онд Юньнань, Гуанси, Сычуань, Гуйжоу муж ба Өөртөө сахиулах орны хууль сахиулах албад “Алтан гурвалжин” бүс нутгаас орж ирсэн геройн 7,3 тонн, мөс 11,2 тонн тус тус хураан авсан нь бүх улсын геройны хэмжээний 83 хувь, “Мөс”-ний 93 хувийг тус тус эзэлсэн байна. Өмнөд Африкаас нууцаар хил давуулан кокайн оруулж ирсэн хэрэг 70-ыг илрүүлж 97,7 кг кокайн хурааж авсан ба энэ хэрэгт БНХАУ-ын 9 муж хамрагдсан байна.

Иймд бид гадаад улс оронд зорчихдоо бусдын дайвар эд зүйлсийг авахгүй байх, өөрсдийн ачаа тээшийг байнга шалгаж, хараа хяналтаа алдахгүй байх, бусдын дарамт шахалтаар энэ төрлийн гэмт хэрэгт өртөхөөс урьдчилан сэргийлэх, гэмт хэргийн талаар ямар нэгэн мэдээлэл олсон даруйдаа тагнуулын байгууллага, цагдаагийн байгууллагад мэдэгдэх тодорхой хэмжээний мэдлэгтэй байж өөрийгөө болон бусдын аюулгүй байдлыг хангах чухал ач холбогдолтой юм.

 

1 Алтан гурвалжингийн бүс нутаг- Тайланд, Лаос, Мяньмарын хилийн бүс

2Алтан шинэ сарын бүс нутаг-Афганистан, Пакистан, Ираны хилийн бүс

НИЙТЭЛСЭН: 2018-05-01 өдөр 00:00:0 цаг           ҮЗСЭН: 1636