“Төрийн мэдээлэл, холбооны газар”-аас “Монголын хуульчдын холбоо”-той хамтран 2018 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр “Мэдээллийн аюулгүй байдлын өнөөгийн нөхцөл байдал, тулгамдаж буй асуудлууд” сэдэв хэлэлцүүлэгийг “Хууль зүйн үндэсний хүрээлэн”-д зохион байгууллаа. Хэлэлцүүлэгт мэдээллийн технологийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй төр, төрийн бус байгууллага, их дээд сургуулиудын эрдэмтэн судлаач, хуульчид оролцлоо.
Хэлэлцүүлэгт “Төрийн мэдээлэл, холбооны газар”-аас “Төрийн байгууллагын мэдээллийн аюулгүй байдлын нөхцөл байдал”, Үндэсний тагнуулын академийн багш, доктор Н.Баатархуяг: “Мэдээллийн аюулгүй байдлын эрх зүйн орчинг боловсронгуй болгох нь”, хуульч судлаач Л.Галбаатар: “Мэдээллийн аюулгүй байдлын эрх зүйн зохицуулалт”, ЭЦА-ны ажилтан Д.Эрдэнэбулган: “Монгол Улсын цахим гэмт хэргийн өнөөгийн нөхцөл байдал”, ШУТИС-ийн мэдээлэл холбоо технологийн сургуулийн доктор, дэд профессор Я.Дашдорж: “Мэдээллийн аюулгүй байдлын бакалавр болон магистрын шатны боловсрол” сэдвээр тус тус илтгэл тавьлаа. Мөн “Үндэсний дата төв” УТҮГ, MNCERT/CC Цахим мэдээллийн аюулгүй байдлын мэдээлэл удирдлагын төвөөс өөрсдийн хэрэгжүүлж буй үйл ажиллагааны чиглэлээр танилцуулга хийв.
Мэдээллийн технологийн чиглэлээр эрдэм шинжилгээ, судалгаа, үйл ажиллагаа явуулж буй төр, хувийн хэвшлийн байгууллага, их дээд сургуулийн эрдэмтэн судлаач, албан хаагч, хуульчид тухайн салбарын эрх зүйн орчинг боловсронгуй болгох, эрх бүхий байгууллагаас хуулийн төслийг яаралтай өргөн барих, тухайн чиглэлийн хамтын ажиллагаа, ажлын уялдаа холбоог сайжруулах талаар санал солилцож, хэлэлцүүлэг зохион байгуулав.