Монгол Улсын Их Хурлын 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар Төрийн болон албаны нууцын тухай хуулийг баталж, 2017 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж, мөрдөж эхэлсэн билээ. Хууль хэрэгжүүлэхтэй холбогдуулж Засгийн газрын 2017 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 246 дугаар тогтоолоор “Монгол Улсын төрийн болон албаны нууцыг хамгаалах нийтлэг журам”, “Төрийн болон албаны нууц хамгаалах ажилтанд цалингийн нэмэгдэл олгох журам”, “Төрийн болон албаны нууцын бүртгэл, мэдээллийн нэгдсэн сан байгуулж ашиглах журам”, “Төрийн болон албаны нууцыг хамгаалахад туслалцаа, дэмжлэг үзүүлсэн хуулийн этгээд, иргэнийг урамшуулах журам”-ыг тус тус баталсан.
Тагнуулын байгууллагын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.11-т заасан “Төрийн болон албаны нууцыг хадгалах хамгаалах, ашиглах үйл ажиллагааг улсын хэмжээнд зохицуулах, хяналт тавих, мэргэжил арга зүйн удирдлагаар хангах” үүргийн дагуу Тагнуулын ерөнхий газраас төрийн байгууллага, бусад хуулийн этгээдийн нууц хамгаалах ажилтнуудад мэргэжил, арга зүйн туслалцаа үзүүлэх мэргэшүүлэх сургалтыг улсын хэмжээнд зохион байгуулж байна.
Сургалт 2017 оны 11 дүгээр сарын 14-ний өдрөөс эхэлсэн бөгөөд нийслэл дэх төрийн байгууллагуудын нууц хариуцсан ажилтнууд хамрагдаж байна. Харин орон нутаг дахь төрийн байгууллагын нууц хариуцсан ажилтнуудын сургалт энэ сарын 20-ний өдрөөс эхэлнэ.
Цаашид төрийн байгууллагын удирдах албан тушаалтнууд болон төрийн нууцтай танилцах эрх бүхий албан тушаалтнуудад шат дараалсан сургалтыг зохион байгуулна.