Тагнуулын ерөнхий газрын Төрийн мэдээлэл, холбооны газар, Дархан-Уул аймгийн Засаг даргын Тамгын газартай хамтран 2017 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр “Мэдээллийн аюулгүй байдал” сэдвээр сургалт зохион байгууллаа.
Сургалтад тус аймгийн төрийн болон төрийн өмчит 51 байгууллагын албан хаагч хамрагдаж, мэдээллийн аюулгүй байдлын үндсэн ойлголт, хууль, эрх зүйн орчин, гадаад, дотоод нөхцөл байдлын талаар мэдээлэл авав. Мөн Монгол Улсын төрийн байгууллагуудад тулгарч буй нийтлэг асуудлууд, чиг хандлагад чиглэсэн мэдээллийн аюулгүй байдлыг хангах арга зам, интернэтийн аюулгүй байдал, цахим хуудас, цахим шуудангийн аюулгүй байдал, олон нийтийн сүлжээнд аюулгүй ажиллах, фишинг халдлага, түүнээс сэргийлэх, сүлжээний төхөөрөмжүүдийн аюулгүй байдал, компьютерийн вирус, хорт кодыг илрүүлэх, тэдгээрээс урьдчилан сэргийлэх, кибер гэмт хэрэг, кибер терроризм зэрэг сэдвийн хүрээнд оролцогчдыг мэдээ, мэдээллээр хангалаа. Түүнчлэн сургалтын үеэр системийн эмзэг байдал, цоорхойг засаагүй тохиолдолд учирч болох хохирлыг туршилтаар харуулж, хэлэлцүүлэг зохион байгуулан заавар зөвлөгөө өгөв.
Цаашид Тагнуулын ерөнхий газрын Төрийн мэдээлэл, холбооны газраас дээрх сургалтыг бусад аймгуудад зохион байгуулахаар төлөвлөж байна.