Монгол Улсад генерал цол бий болсны түүхт 73 жилийн ойн хүндэтгэлийн арга хэмжээ дөрөвдүгээр сарын 28-ны өдөр боллоо.
Энэ удаагийн арга хэмжээг Тагнуулын ерөнхий газар зохион байгуулсан бөгөөд хүндэтгэлийн үйл ажиллагааны хүрээнд залуу үеийнхэнд эх оронч, үндэсний үзлийг төлөвшүүлэх, тэднийг сурч боловсроход дэмжлэг үзүүлэхэд генерал цолтнуудын оролцоог хангах зорилготой, нийгэмд үйлчлэх “Генерал клуб” төрийн бус байгууллагыг үүсгэн байгуулж, генералуудад зориулан “Монгол генералууд” дуу бүтээн, дүрсжүүллээ.
Одоогоос 73 жилийн өмнө буюу 1944 оны дөрөвдүгээр сарын 28-ны өдөр БНМАУ-ын Ардын сайд нарын Зөвлөлийн тогтоолоор улс орныхоо тусгаар тогтнол, дотоод, гадаад аюулгүй байдлыг хангах тусгай чиг үүрэгтэй байгууллагын 11 цэргийн гарамгай зүтгэлтэнд генерал цол олгож байсан түүхтэй. Түүнээс хойш эдүгээ хүртэл Монгол Улсын зэвсэгт хүчин, цагдаа, тагнуул, хил хамгаалах, шүүхийн шийдвэр гүйцэтгэх, онцгой байдлын байгууллагаас нийт 180 генерал цолтон төрөн гарч, тэдний нэлээд нь үндэсний аюулгүй байдлыг хангах тусгай чиг үүрэгтэй байгууллагадаа ажиллаж байна.
Ирэх жил генералуудад хүндэтгэл үзүүлэх арга хэмжээг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар зохион байгуулна.