Монгол Улсын Их Хурлын 07 дугаар сарын 09-ний өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар Тагнуулын байгууллагын тухай, Гүйцэтгэх ажлын тухай, Төрийн тусгай хамгаалалтын тухай хууль болон холбогдох бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг эцэслэн баталлаа.
Дээрх хуультай холбогдуулан Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн тухай, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай, Зэвсэгт хүчний тухай, Монгол Улсын хилийн тухай, Терроризмтой тэмцэх тухай хуулиудад нэмэлт, өөрчлөлт орлоо.
Хууль батлагдсанаар тагнуулын байгууллагын тогтолцоо нэгдмэл, илүү үр нөлөөтэй болж, түүний удирдлага, ажилтны эрх зүйн байдал, баталгаа сайжрахын зэрэгцээ тагнуулын байгууллагаас хуульд заасан чиг үүргээ бүрэн дүүрэн хэрэгжүүлэх нөхцөл боломж, хариуцлага, хяналтын тогтолцоо бүрдлээ.
Хуулийн төслийг боловсруулахдаа тагнуулын байгууллагын үйл ажиллагаанд холбогдох хууль тогтоомжид хийсэн оношилгоо-шинжилгээ болон гадаадын 20 гаруй орны тагнуулын байгууллагын хууль тогтоомж, тогтолцоо, чиг үүрэг, эрх хэмжээ, тагнуулын ажилтны эрх зүйн байдлын харьцуулсан судалгааны дүгнэлт, зөвлөмжийг харгалзан үзэв.