Үндэсний тагнуулын академи, Хууль зүйн үндэсний хүрээлэн, МУИС-ийн Олон улсын харилцаа, нийтийн удирдлагын сургууль, МУИС-ийн Хууль зүйн сургууль хамтран 4 дэх жилдээ олон улсын эрх зүйн чиглэлээр эрдэм шинжилгээний хурлыг 2 талт болон олон талт олон улсын гэрээнүүд Монгол улсын үндэсний аюулгүй байдалд хэрхэн нөлөөлж ирсэн, нөлөөлөх боломжтой байгаа болон олон улсын гэрээний эрх зүйн өнөөгийн байдалд анхаарал хандуулж, Монгол улсын үндэсний аюулгүй байдалд олон улсын эрх зүйн нөлөөллийг олон улсын гэрээгээр дамжуулан тодорхойлох, үнэлэлт дүгнэлт өгөх, тулгамдсан асуудлыг шийдвэрлэх талаар байр суурь, үндэслэлтэй санал дэвшүүлэх зорилгоор “Монгол улсын үндэсний аюулгүй байдал ба олон улсын гэрээ” сэдвийн дор 2015 оны 5-р сарын 27-ны өдөр Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн “Хуульчдын танхим”-д амжилттай зохион байгууллаа.
Хуралд Монгол Улсын Үндсэн хуулийн цэц, Улсын Дээд шүүх, Гадаад хэргийн яам, Хууль зүйн яам, Тагнуулын ерөнхий газар, Улсын ерөнхий прокурорын газар, Авлигатай тэмцэх газар, Зэвсэгт хүчний жанжин штаб, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Стратегийн судалгааны хүрээлэн, Шинжлэх ухааны академийн Олон улсын харилцааны хүрээлэн, Хууль зүйн үндэсний хүрээлэн, Цөмийн энергийн комисс, Шүүхийн ерөнхий зөвлөл зэрэг төрийн байгууллагын төлөөлөгчид, МУИС, ҮТА, ХСИС, БХИС, МУБИС, ОТИС, Шихихутуг Хууль зүйн сургууль зэрэг их, дээд сургуулийн багш, эрдэмтэн судлаачид болон Гадаад хэргийн яамны Дипломат Академийн захирал, Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд Х.Бэхбат, Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд Ж.Энхсайхан нар оролцлоо.
Хуралд оролцогч эрдэмтэн, судлаач нар Монгол улсын үндэсний аюулгүй байдлыг хангаж хамгаалахад олон улсын гэрээ онцгой үүрэг рольтой гэдэгтэй санал нэгдэн, Монгол улс олон улсын харилцааны идэвхитэй оролцогч болж байгаа энэ цаг үед олон улсын харилцаанд оролцохдоо тусгаар тогтнолоо баталгаажуулах зорилгын үүднээс аливаа асуудлыг үндэсний аюулгүй байдлаа хангаж, хамгаалах гэсэн өнцгөөс харах шаардлагатай тул тулгамдсан асуудлыг хөндсөн, ач холбогдолтой хурал болсон хэмээн дүгнэж, цаашид олон улсын гэрээ байгуулах, нэгдэн орохдоо үндэсний язгуур ашиг сонирхолоо харгалзан судалгаатай хандах, нэгэнт байгуулсан олон улсын гэрээг хэлбэрэлтгүй дагаж мөрдөхөд анхаарах, олон улсын гэрээтэй холбоотой хууль тогтоомжид өөрчлөлт оруулах шаардлагатай байгаа талаар санал бодлоо илэрхийллээ.