Халх голд Монгол-Зөвлөлтийн дайчдын байгуулсан түүхт ялалтын 75 жилийн ойд зориулсан “Халх гол-75” үзэсгэлэн энэ сарын 20-нд нээлтээ хийлээ.
Монгол цэргийн музейгээс зохион байгуулсан уг үзэсгэлэнд ТЕГ-ын тусгай архивт хадгалагдаж байсан “Япон баргын олзлогдсон цэргүүдээс Маршалд гаргасан хүсэлт”, “Дорнод аймгийн Дотоодыг хамгаалах хэлтсээс цагийн байдлын талаар Маршалд явуулсан мэдээ” зэрэг үнэт баримтуудыг анх удаа дэлгэлээ. Эдгээр баримт нь Халх голын ялалтанд тагнуулчдын оруулсан хувь нэмрийг илтгэх чухал баримтуудын нэг хэсэг юм.