Төрийн нууцын хамгаалалтад тавих хяналт нь төрийн хадгалалт, хамгаалалтын бодит байдлыг судалж үнэлэлт дүгнэлт өгөх, төрийн нууцын тухай хууль тогтоомжийн зөрчил, дутагдлыг илрүүлэх, шалтгаан, нөхцлийг тогтоох, тэдгээрийг арилгах, дахин гарахаас урьдчилан сэргийлэхэд чиглэсэн төрийн үйл ажиллагааны төрөл юм.
Төрийн нууцын тухай Монгол Улсын хуулийн 14 дүгээр зүйлд төрийн нууцыг хариуцаж байгаа төрийн бүх шатны байгууллага нь салбарынхаа хэмжээнд хадгалагдаж байгаа болон бусад байгууллагын хариуцаж буй өөрийн салбарт хамаарах төрийн нууцын ашиглалт, хамгаалалтад хяналт тавих бүрэн эрхийг хэрэгжүүлэхээр заасан. Төрийн байгууллагын хуулиар хүлээсэн энэ бүрэн эрхийг байгууллагын удирдлага болон түүний удирдлага дор төрийн нууцыг хамгаалах нэгж, эсхүл нууцын ажилтан хариуцан хэрэгжүүлж төрийн нууцын хадгалалт, хамгаалалт, ашиглалтын байдалд өдөр тутам хяналт тавьж, хагас жил, бүтэн жилээр үзлэг, тооллогыг зохион байгуулж байх шаардлагатай юм.
Төрийн нууцын хяналтыг хэрэгжүүлснээр төрийн албан тушаалтан, албан хаагчид төрийн нууцын хууль тогтоомжийг хэрхэн хэрэгжүүлж байгаад үнэлэлт, дүгнэлт өгөх, зөрчил, дутагдлыг цаг тухайд нь илрүүлж арилгах, хадгалалт хамгаалалтыг дээшлүүлэх ач холбогдолтой. Ингэснээр үндэсний аюулгүй байдалд учрах аюул, занал, хохирлоос урьдчилан сэргийлэх тул төрийн нууцад хяналт тавих нь байгууллага, албан тушаалтан бүрийн үндсэн үүрэг болно.