92263017 •
  Ерөнхий зохицуулагч
1800-1280 •
  Иргэдээс мэдээ мэдээлэл авах
92263535 •
  Төрийн болон албаны нууцтай   холбоотой мэдээ, мэдээлэл
ҮТА-ийн элсэлтийн шалгалтын бүртгэл эхэллээ

Үндэсний тагнуулын академийн элсэлтийн шалгалтын бүртгэл эхэллээ. Элсэгчдийг 2014 оны 4 дүгээр сарын 01-нээс 5 дугаар сарын 25-ны өдөр хүртэл Үндэсний тагнуулын академийн Сургалтын албан дээр бүртгэнэ. 
Элсэлтийн шалгалтын журмыг хавсралтаар хүргэе.

Үндэсний тагнуулын академийн 2014-2015 оны хичээлийн жилийн элсэлтийн шалгалтын журам

Нэг. Нийтлэг үндэслэл

1.1. Энэхүү журмын зорилго нь Үндэсний тагнуулын академи (ҮТА)-ийн Аюулгүй байдлын 4 жилийн бакалаврын ангид элсэгчдийн элсэлтийн шалгалтын бүртгэл, шалгалтыг зохион байгуулахтай холбоотой харилцааг зохицуулахад оршино.

1.2. ҮТА-д сонсогч шалгаруулан элсүүлэх ажлыг Монгол Улсын Боловсрол, шинжлэх ухааны яамнаас баталсан “Оюутан элсүүлэх үлгэрчилсэн журам”, түүнд нийцүүлэн гаргасан энэхүү журмыг баримталж зохион байгуулна. Тус Академид сонсогч элсүүлэх ажил нь Боловсролын үнэлгээний төвийн Элсэлтийн ерөнхий шалгалт, ҮТА-ийн нэмэлт шалгалт гэсэн 2 үе шаттай явагдах бөгөөд эхний шатанд урьдчилан бүртгүүлж, судлагдсан иргэн энэхүү Журмын 2.3-д заасан элсэлтийн ерөнхий шалгалтыг өгсөн байна. Хоёр дахь шатанд 2.4-д заасан болзлыг хангасан иргэний материалыг элсэлтийн комисс хүлээн авч, нэмэлт шалгалтад оруулна.

Жич: Монгол Улсын Засгийн газрын 2013 оны 2 дугаар сарын 2-ны өдрийн 37 дугаар тогтоолын дагуу элсэгчид нь Монгол хэлний шалгалтыг заавал өгсөн байна.

1.3. Орон нутгаас элсүүлэх сонсогчдын элсэлтийн бүртгэл, судалгааг тухайн аймаг, хот дахь ТЕГ-ын газар, хэлтэс ҮТА-ийн Сургалтын албаны заавар, зөвлөгөөний дагуу хийж, Академийн удирдлагад танилцуулна.

1.4. Орон нутгаас элсүүлэх сонсогчдын шалгалтыг ҮТА-иас томилогдсон багш, ажилтан авна.

1.5. Улаанбаатар хотоос элсэгчдийн нэмэлт шалгалтыг Академийн захирлын тушаалаар томилогдсон Элсэлтийн шалгалтын комисс удирдан зохион байгуулна.

1.6. Элсэлтийн шалгалтын үйл ажиллагаанд хууль, шударга ёсыг дээдлэх ил тод, нээлттэй байх, мэдээллээр шуурхай хангах зарчмыг баримтална.

Хоёр. Шалгуулагчдыг бүртгэх

2.1. Улаанбаатар хотоос элсэхийг хүсэгчдийг 2014 оны 4 дүгээр сарын 01-ны өдрөөс эхлэн 5 дугаар сарын 25 хүртэл Академийн Сургалтын алба бүртгэж судлах ажлыг Гүйцэтгэх ажлын тэнхим хэрэгжүүлнэ.  Судалгааны явцад тухайн шалгуулагч ТЕГ-т алба хаах боломжгүй бодит шалтгаан илэрсэн тохиолдолд элсэлтийн нэмэлт шалгалтад оруулахгүй.

2.2. Элсэхийг хүсэгчид дараах материалыг бүрдүүлнэ. Үүнд:
а/ Өөрийн гараар бичсэн элсэхийг хүссэн өргөдөл. Харилцах утасны дугаарыг бичнэ;
б/ Иргэний цахим үнэмлэх, түүний нотариатаар баталгаажуулсан хуулбар;
в/ Бүрэн дунд боловсролын гэрчилгээ, түүний нотариатаар баталгаажуулсан хуулбар;
г/ Элсэлтийн ерөнхий шалгалтын хуудас. Элсэлтийн ерөнхий шалгалтын оноо гараагүй тохиолдолд уг шалгалтыг өгөхөөр бүртгүүлсэн албан ёсны баримт;
д/Өөрийн гараар бичсэн гурван үеийн намтар;
е/ Сүүлийн 6 сарын дотор авахуулсан 3х4 хэмжээний 4 хувь гэрэл зураг;
ё/ Элсэлтийн бүртгэлийн хураамж 10 000 төгрөг. Уг хураамжийг тэнцсэн, тэнцээгүй аль ч тохиолдолд буцаан олгохгүй.
ж/ Оршин суугаа газрын тодорхойлолт;
з/ Ангийн багшийн тодорхойлолт;
и/ Төрийн албан хаагчийн анкет

2.3. Элсэлтийн ерөнхий шалгалтыг математик, гадаад хэл (англи, орос хэлний хичээлийн аль нэг), нийгмийн тухай мэдлэг хичээлээр өгсөн байна.

2.4. Элсэхийг хүсэгчид Элсэлтийн ерөнхий шалгалтад дээрх хичээл тус бүрээр 650 буюу түүнээс дээш оноо авсан иргэн Академиас авах нэмэлт шалгалтыг өгөх эрхтэй болно.

2.5. Элсэхийг хүсэгчид нь 16-21 настай, 165 см ба түүнээс дээш өндөртэй, бие болон оюун санааны хувьд тусгай албаны шаардлага хангасан, хэт содон тэмдэг, ил мэнгэ, сорви, шивээсгүй байна.

2.6. Нэмэлт шалгалтад орох эрх бүхий иргэн товлосон хугацаанд Академи дээр өөрийн биеэр ирж  Элсэлтийн шалгалтын комисст бүртгүүлнэ.

2.7. Тус Академид суралцаж байгаад хасагдсан иргэнийг дахин элсүүлэхгүй.

2.8. Академийн удирдлага  шаардлагатай гэж үзвэл нэмэлт бүртгэлийг явуулж хугацааг тухайн үед нийтэд зарлана.

Гурав. Элсэлтийн нэмэлт шалгалт авах

3.1. Эрүүл мэндийн үзлэгээр орж тэнцсэн элсэгч Академийн нэмэлт шалгалтад орно. Эрүүл мэндээр ҮТА-д тэнцэхгүй гэсэн эмнэлгийн байгууллагын дүгнэлт гарсан бол тус Академид элсүүлэхгүй.

3.2. Нэмэлт шалгалт нь биеийн тамирын шалгалт, сэтгэн бодох чадварыг тодорхойлох тест бөглөх, тодорхой сэдвээр эссэ бичүүлж ярилцах зэргээс бүрдэх бөгөөд шалгалт тус бүрийг Элсэлтийн шалгалтын комисс авна.

3.3. Элсэлтийн шалгалтын комисс нь элсэгчдийг кодолж шалгалт бүрийн дараа дүнг мэдээлнэ.

3.4. Ерөнхий шалгалтын оноон дээр нэмэлт шалгалтуудын оноог нэмж, нийт оноог гарган ТЕГ-аас тогтоосон хяналтын тоонд багтсан хүнийг элсүүлнэ. Шалгуулагчдын оноо тэнцсэн тохиолдолд нэмэлт шалгалтын оноо илүү авсныг нь элсүүлнэ.

Дөрөв. Элсэлтийн шалгалтын комиссын эрх, үүрэг

4.1. Элсэлтийн шалгалтын комисс болон орон нутаг дахь газар, хэлтсийн шалгалт хариуцсан эрх бүхий ажилтан, Академийн Сургалтын алба нь элсэлтийн шалгалт болон тус шалгалттай холбоотой үйл ажиллагааг шударга явуулах үүрэгтэй бөгөөд ямар нэгэн байдлаар зохисгүй үйлдэл гаргасан бол “Тагнуулын ерөнхий газрын дотоод журам”, “Үндэсний тагнуулын академийн багшийн ёс зүйн дүрэм”-ийн холбогдох заалтын дагуу ТЕГ-ын даргын болон ҮТА-ийн захирлын тушаалаар тус тус хариуцлага хүлээлгэнэ.

Тав. Элсэлтийн шалгалтын комиссын үйл ажиллагаандхяналт тавих

5.1. Академийн захирал нь элсэлтийн шалгалтын комиссын үйл ажиллагаанд хяналт тавьж, холбогдох үүрэг, даалгавраар хангаж ажиллана.

Зургаа. Бусад зүйл.

6.1. Элсэлтийн ерөнхий шалгалтын онооны шаардлага хангасан, эрүүл мэндийн үзлэг, Академийн нэмэлт шалгалтад тэнцэж, хяналтын тоонд багтсан элсэгч нарт элссэн тухай Академийн захирал тушаал гаргаж, суралцах эрхийн бичиг олгоно.

6.2. Суралцах эрхийн бичиг авсан элсэгч тогтоосон хугацаанд Академид өөрийн биеэр ирж бүртгүүлэх бөгөөд цэргийн анхан шатны мэдлэг олгох сургалтад хамрагдана.

6.3. Цэргийн анхан шатны мэдлэг олгох сургалтад бүрэн хамрагдаагүй, сургалтын төлбөрийг Академид элссэнээс хойш нэг сарын хугацаанд төлөөгүй элсэгчийг Академиас хасна.

6.4. Элсэлттэй холбогдсон аливаа маргааныг элсэлтийн комисс тухай бүрд нь эцэслэн шийдвэрлэнэ.

6.5. Судалгаанд орох бүртгэлийн материалыг хуурамчаар бүрдүүлсэн тохиолдолд тухайн элсэгчийн материалыг цагдаагийн байгууллагад шилжүүлнэ.

Холбоо барих

Хаяг: Улаанбаатар хот, Үндэсний Тагнуулын Академи, Чингэлтэй дүүрэг, Худалдааны гудамж -3а

Сургалтын албаны утас: 263304, 260119

НИЙТЭЛСЭН: 2014-04-01 өдөр 08:46:0 цаг           ҮЗСЭН: 798