92263017 •
  Ерөнхий зохицуулагч
1800-1280 •
  Иргэдээс мэдээ мэдээлэл авах
92263535 •
  Төрийн болон албаны нууцтай   холбоотой мэдээ, мэдээлэл
ТЕГ-ын Тусгай архиваас Дорнод аймгийн Сүмбэр сумын “Ялалт” музейд Тагнуулын байгууллагын Халх голын дайнд гүйцэтгэсэн үүргийн талаар шинэ булан байгуулав

Тагнуулын байгууллага үйл ажиллагаагаа ил тод, нээлттэй болгох, иргэдтэйгээ ойртож ажиллахыг эрмэлзэж нэлээд ажил хийж байгаагийн нэг нь ТЕГ-ын Тусгай архиваас орон нутагт тогтмол үйл ажиллагаа явуулдаг музейнүүдэд тагнуулын байгууллагын түүх, үйл ажиллагааг харуулсан үзмэрүүдийг архивын баримтанд тулгуурлан дэглэж, байнгын үзмэрийн булан байгуулсан явдал юм.

1. Дорнод аймгийн Сүмбэр суманд байрлах “Ялалт” музейд “Халх голын дайнд Тагнуулын байгууллагын гүйцэтгэсэн үүргийн талаар” байнгын үзмэрийн булан байгуулсан. 

Уг буланд Халх голд дайн болж болзошгүй тухай мэдэгдсэн ДЯЯ-ны шифр, хилийн чанадад үүрэг гүйцэтгэсэн тагнуулчид, Халх голын дайнд оролцсон ажилтнуудын зураг, намтар, гүйцэтгэсэн үүрэг, Японы армийн хөдөлгөөн, байршлыг харуулсан схем, Японы тагнуулчдыг баривчилсан тухай мэдээ зэрэг олон баримт үзмэр болон дэглэгдсэн байна.

“Ялалт” музейг жилдээ гадаад,  дотоодын 2000 гаруй иргэн үзэж сонирхдог бөгөөд эдгээр үзэгчид тагнуулын байгууллагын талаар бага ч гэсэн үнэн бодит мэдээллийг энэ үзмэрийн булангаас олж авах боломжтой юм.

2. ТЕГ-ын Тусгай архиваас Цагаатгах Ажлыг Удирдан Зохион Байгуулах Улсын Комисс болон Хэнтий, Орхон аймгийн  салбар комисстой хамтран эдгээр аймгуудаас хэлмэгдэгсдийн талаар архивын баримтад тулгуурлан үзмэрүүд бэлтгэн үзмэрийн буланг шинээр байгуулжээ. 

Хэнтий аймгийн “Цэцэн хан”-ы музейд Ж.Лхүмбийн хэрэгт Хэнтий аймгаас хэлмэгдсэн иргэд, мөн хэрэгт хэлмэгдсэн ДЯЯ-ны ажилтнуудын талаар архивын үнэн бодит баримтанд тулгуурласан, хойшид ийм хэрэг дахин давтагдахгүй байлгах талаар сэрэмжлүүлэг болгосон үзмэрийг дэглэсэн байна. 

Дашрамд дурдахад Ж.Лхүмбийн Хэнтийн группийн улс төрийн хилс хэргийн дайчилгаа 1933 оны 5 дугаар сарын 29-нд эхэлж, 174 хүнийг хэлмэгдүүлсэн бол эдүгээ Хэнтий аймгаас Цэцэн хан Навааннэрэн, Богдын сүүлчийн хатан Гэнэнпил, Д.Лосол, Д.Догсом зэрэг төрийн томоохон зүтгэлтнүүд багтсан 3468 иргэн  цагаатгагджээ.

НИЙТЭЛСЭН: 2013-10-24 өдөр 08:28:5 цаг           ҮЗСЭН: 787