92263017 •
  Ерөнхий зохицуулагч
1800-1280 •
  Иргэдээс мэдээ мэдээлэл авах
92263535 •
  Төрийн болон албаны нууцтай   холбоотой мэдээ, мэдээлэл
Үндэсний тагнуулын академийн 2013-2014 оны хичээлийн жилийн элсэлтийн шалгалтын журам

Нэг. Ерөнхий зүйл

        1.1. Энэхүү журмын зорилго нь  Үндэсний тагнуулын академи (ҮТА)-ийн Аюулгүй байдлын 4 жилийн бакалаврын ангид элсэгчдийн элсэлтийн шалгалтын бүртгэл, шалгалттай холбоотой болон бусад харилцааг зохицуулахад оршино.

    1.2. ҮТА-д сонсогч шалгаруулан элсүүлэх ажлыг Монгол улсын Боловсрол, шинжлэх ухааны яамнаас баталсан “Оюутан элсүүлэх үлгэрчилсэн журам”, түүнд нийцүүлэн гаргасан энэхүү журмыг баримталж зохион байгуулна. Тус Академид сонсогч элсүүлэх ажил нь БШУЯ-ны элсэлтийн ерөнхий шалгалт, ҮТА-ийн нэмэлт шалгалт гэсэн 2 үе шаттай явагдах бөгөөд эхний шатанд урьдчилан бүртгэгдэж, судлагдсан иргэн энэхүү Журмын 2.3-д заасан элсэлтийн ерөнхий шалгалтыг өгсөн байна. Хоёр дахь шатанд 2.4-д заасан болзлыг хангасан иргэний материалыг элсэлтийн комисс хүлээн авч, нэмэлт шалгалтад оруулна.

   1.3. Орон нутгаас элсүүлэх сонсогчдын элсэлтийн бүртгэл, судалгааг тухайн аймаг, хот дахь ТЕГ-ын газар, хэлтэс ҮТА-ийн Сургалтын албаны заавар, зөвлөгөөний дагуу хийж, Академийн удирдлагад танилцуулна.  

   1.4. Орон нутгаас элсүүлэх сонсогчдын шалгалтыг ҮТА-иас томилогдсон багш, ажилтан очиж авна.

   1.5. Улаанбаатар хотоос элсэгчдийн нэмэлт шалгалтыг Академийн захирлын тушаалаар томилогдсон Элсэлтийн шалгалтын комисс удирдан зохион байгуулна.

Хоёр. Шалгуулагчдыг бүртгэх

    2.1. Улаанбаатар хотоос элсэхийг хүсэгчдийг 2013 оны 4 дүгээр сарын 08-ны өдрөөс эхлэн 5 дугаар сарын 30-ныг хүртэл Академийн Сургалтын алба бүртгэх ба судлах ажлыг Гүйцэтгэх ажлын тэнхим хэрэгжүүлнэ. Судалгааны явцад тухайн шалгуулагчид ТЕГ-т ажиллахад боломжгүй бодит шалтгаан илэрсэн бол элсэлтийн шалгалтад оруулахгүй бөгөөд байгууллагын ажлын нууцлалын шаардлагаар түүний шалтгааны талаар мэдээлэхгүй байж болно.

    2.2. Элсэхийг хүсэгчид дараах материалыг бүрдүүлнэ. Үүнд:

а/ Өөрийн гараар бичсэн элсэхийг хүссэн өргөдөл. Өргөдөл дээр өөрийн болон, эцэг эх асран хамгаалагчийн утасны дугаарыг бичнэ;

б/ Иргэний цахим үнэмлэх, түүний нотариатаар баталгаажуулсан хуулбар;

в/ Бүрэн дунд боловсролын гэрчилгээ, түүний нотариатаар баталгаажуулсан хуулбар;

г/ Элсэлтийн ерөнхий шалгалтын хуудас. Элсэлтийн ерөнхий шалгалтын оноо гараагүй тохиолдолд уг шалгалтыг өгөхөөр бүртгүүлсэн албан ёсны баримт;

д/ Өөрийн гараар бичсэн гурван үеийн намтар;

е/ Сүүлийн 6 сарын дотор авахуулсан 3х4 хэмжээний 4 хувь гэрэл зураг;

ё/ Элсэлтийн бүртгэлийн хураамж 10 000 төгрөг. Уг хураамжийг тэнцсэн, тэнцээгүй аль ч тохиолдолд буцаан олгохгүй.

ж/ Амьдарч буй баг, хорооны Засаг даргын тодорхойлолт;

з/ Ангийн багшийн тодорхойлолт;

и/ Төрийн албан хаагчийн анкет

    2.3. Элсэлтийн ерөнхий шалгалтыг нийгмийн тухай мэдлэг, математик, гадаад хэл (англи хэл, орос хэлний хичээлийн аль нэг)-ний хичээлээр өгнө. 

    2.4. Нийслэлээс элсэхийг хүсэгчид Элсэлтийн ерөнхий шалгалтад дээрх хичээл тус бүрээр 600 буюу түүнээс дээш, хөдөө орон нутгаас элсэгчид 560 буюу түүнээс дээш оноо авсан иргэн Академиас авах нэмэлт шалгалтыг өгөх эрхтэй болно.

    2.5. Энэ хичээлийн жилд 16-21 настай, 165 см ба түүнээс дээш өндөртэй, гадаад төрх байдлаараа хэт содон биш эрэгтэй болон цөөн тооны эмэгтэй сонсогчийг элсүүлнэ.

    2.6. Нэмэлт шалгалтад орох эрх бүхий иргэн товлосон хугацаанд Академи дээр өөрийн биеэр ирж, Элсэлтийн комисст бүртгүүлнэ.

    2.7. Судалгаанд орох болон элсэлтийн нэмэлт шалгалт өгөх бүртгэлийн материалыг хуурамчаар бүрдүүлсэн бол холбогдох хариуцлагыг бүртгүүлэгч 18 нас хүрсэн бол өөрөө,  хүрээгүй бол түүний эцэг, эх асран хамгаалагч хариуцна.

    2.8. Тус Академид суралцаж байгаад хасагдсан иргэнийг дахин элсүүлэхгүй.

    2.9. Академийн захиргаа шаардлагатай гэж үзвэл нэмэлт бүртгэлийг явуулж болох бөгөөд хугацааг тухайн үед нийтэд зарлана.

 Гурав. Элсэлтийн нэмэлт шалгалт авах

    3.1. Нэмэлт шалгалт нь биеийн тамирын шалгалт, сэтгэн бодох чадварыг тодорхойлох тест бөглөх, тодорхой сэдвээр эссэ бичүүлж ярилцах, англи, орос, хятад хэлний шалгалт зэргээс бүрдэх бөгөөд шалгалт тус бүрийг Элсэлтийн шалгалтын комисс авна. 

    3.2. Шалгуулагчид оноогоор тэнцсэн тохиолдолд нэмэлт шалгалтын оноо илүү авсныг нь элсүүлнэ.

    3.3. Элсэх болзол хангасан хүмүүсийг эрүүл мэндийн үзлэгт оруулна. Эрүүл мэндээр ҮТА-д тэнцэхгүй гэсэн эмнэлгийн байгууллагын дүгнэлт гарсан бол тус Академид элсүүлэхгүй. Түүний оронд хяналтын тооны шугамны доор 1 дүгээрт жагссан иргэнийг элсүүлнэ.

 Дөрөв. Элсэлтийн шалгалтын комиссын эрх, үүрэг

    4.1. Элсэлтийн шалгалтын комисс болон хөдөө, орон нутаг дахь газар, хэлтсийн шалгалт хариуцсан эрх бүхий ажилтан, Академийн Сургалтын алба нь элсэлтийн шалгалт болон тус шалгалттай холбоотой үйл ажиллагааг шударга, явуулах үүрэгтэй бөгөөд ямар нэгэн байдлаар зохисгүй үйлдэл гаргасан бол “Тагнуулын ерөнхий газрын дотоод журам”, “Үндэсний тагнуулын академийн багшийн ёс зүйн дүрэм”-ийн холбогдох заалтын дагуу ТЕГ-ын даргын болон ҮТА-ийн захирлын тушаалаар тус тус хариуцлага хүлээлгэх бөгөөд түүний тухай Академийн бие бүрэлдэхүүнд мэдээлнэ.

 Тав.  Бусад зүйл.

   5.1. Элсэлтийн ерөнхий шалгалтын онооны шаардлага хангасан, Академийн нэмэлт шалгалт, эрүүл мэндийн үзлэгт тэнцэж, хяналтын тоонд багтсан шалгуулагчид элссэн тухай Академийн захирал тушаал гаргаж, суралцах эрхийн бичиг олгоно.

   5.2. Суралцах эрхийн бичиг авсан элсэгч тогтоосон хугацаанд Академид өөрийн биеэр ирж бүртгүүлэх бөгөөд цэргийн анхан шатны мэдлэг олгох сургалтад хамрагдана. Цэргийн анхан шатны мэдлэг олгох сургалтад бүрэн хамрагдаагүй, сургалтын төлбөрийг Академид элссэнээс хойш нэг сарын хугацаанд төлөөгүй элсэгчийг Академиас хасна.

    5.3. Элсэлттэй холбогдсон аливаа маргааныг элсэлтийн комисс тухай бүрд нь эцэслэн шийдвэрлэнэ.

НИЙТЭЛСЭН: 2013-05-16 өдөр 12:10:1 цаг           ҮЗСЭН: 848