92263017 •
  Ерөнхий зохицуулагч
1800-1280 •
  Иргэдээс мэдээ мэдээлэл авах
92263535 •
  Төрийн болон албаны нууцтай   холбоотой мэдээ, мэдээлэл
Тагнуулаас Мөрдөн шалгах албыг нь салгаж үзсэн юм шүү, тэгээд болоогүй

 Миний бие Мөрдөх албаны тухай хуулийн төслийг олж, уншлаа.

    Уг хуулийн төслөөр бол Монгол Улсын иргэнийг үндэстэн дамнасан зохион байгуулалттай гэмт хэргээс хамгаалах орчин нөхцлийг сайжруулна гэсэн үндэсний аюулгүй байдлыг хагнах үзэл баримтлалын дагуу МУ-ын Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх зорилгоор сүүлийн үед арга, барил нь нарийсч, нууц, далд хэлбэрээр үйлдэгдэж, гаралт нь нэмэгдэж буй шинэ төрлийн зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх ажлыг сайжруулахын тулд бусад орны туршлагыг харгалзан Улсын мөрдөх алба байгуулах гэж байгаа юм шиг байна. 

    Улсын мөрдөх алба байгуулснаар тус тусдаа чиг үүргийг хэрэгжүүлж буй байгууллагуудын үйл ажиллагаа нэгдсэн зохион байгуулалтад орж, хамтын ажиллагаа нь сайжирч, санхүү, хөрөнгө, мөнгийг хэмнэх зэрэг давуу талуудтай байж болох юм. Гэвч хуулийн төслийн дагуу Улсын мөрдөх алба байгуулагдвал нууц арга, хүч, хэрэгсэл ашиглан төрийн эсрэг онц аюултай гэмт хэрэгтэй тагнуулын аргаар тэмцдэг  Тагнуулын байгууллагын ажиллах эрч хүч, итгэл үнэмшлийг илт сулруулсан, түүнийг цагдаажуулах гэсэн далд санаа, зорилго байна гэсэн сэтгэгдэл төрж байна.

    Мөрдөх албаны хуулийн төсөлд Тагнуулын байгууллагын тухай хуулийн 10.7.3, 11.1.4, 12.1.4, 12.1.5 заалтуудыг тус тус хүчингүй болгосонд тооцсугай гэсэн заалт оруулсныг олж уншаад ёстой л нүд бүлтийж, чих дэлдийлж, сэтгэл сэртхийлээ. Ямар эрүүл саруул ухаантай хүн ийм юм санаж, сэтгэдэг байна аа.

    Энэ бол хууль, журмын дагуу үйл ажиллагаагаа хэвийн, тогтвортой явуулж буй төрийн захиргааны төв байгууллагын дотоод ажилд  хөндлөнгөөс бүдүүлгээр оролцож буй хэлбэр гэж дүгнэхээс өөр арга алга. 

    Тагнуулын байгууллагын тухай хуулийн дээрх заалтуудыг хүчингүй болгох гээд байгаа нь мөн чанартаа төрийг харах нүд, сонсох чихгүй болгох гэсэн улс төрийн шинжтэй гэмт үйлдэл гэлтэй. 

    Тагнуулын байгууллага үйл ажиллагаагаа хэвийн, тогтвортой явуулахдаа тулгуур гурван  багана дээр суурилдаг. Энэ нь гадаад тагнуул, сөрөх тагнуул, хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажил юм. 

    Мөрдөх албаны хуулийн төслөөр бол энэ тулгуур гурван баганыг нь ганхуулаад эхэллээ. Мөрдөх албаны хуулийн төслөөр хүчингүй болгох гээд байгаа Тагнуулын байгууллагын тухай хуулийн      

    10.7.3-т  хуулиар харьяалуулсан гэмт хэрэгтэй тэмцэх,

    11.1.4-т Тагнуулын байгууллагад хуулиар харьяалуулсан гэмт хэргийг илрүүлэх, хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт явуулах болон уул гэмт хэрэг үйлдсэн буюу сэжиглэгдэж буй этгээдийг эрэн сурвалжлах гэсэн заалтууд байдаг.  

    Хуулиар харьяалуулсан гэмт хэрэгтэй тэмцэх чиг үүргийг Сөрөх тагнуулын алба хэрэгжүүлдэг. Сөрөх тагнуулын албаны илрүүлсэн хэрэг, зөрчилд хэрэг бүртгэлт хийдэг, мөрдөн байцаалт явуулдаг салбар нэгж нь Мөрдөн шалгах алба. Тэгэхээр ийм чиг үүргүүдтэй тусгай албадыг нь тодруулж хэлбэл Сөрөх тагнуул, Мөрдөн шалгах албыг нь устгах, эсхүл мөрөөдөөд байгаа Мөрдөх албандаа  энэ чиг үүргийг өгөх гээд байна л даа. Ингэж яавч болохгүй ээ.

    Тэгээд тагнуулын байгууллагад ганц тулгуур багана буюу гадаад тагнуулын алба нь л үлдэх нь л дээ. Тулгын гурван чулуунаас хоёрыг нь аваад хаячихаар үлдсэн ганц чулуун дээр нь тэр тулга тогтох уу? 

    Гадаад тагнуул, Сөрөх тагнуул гэдэг бол нэг зоосны хоёр тал бөгөөд зүйрлүүлж хэлвэл нэг нүүрний хоёр нүд, нэг толгойны хоёр чих юм. 

    Гэтэл нэг чихийг нь огтолж аваад, нөгөө толгойд наах гээд байхад нэг нүд нь уйлж, нөгөө нүд нь инээх хэрэг үү? 

    Хуулийн төсөлд Мөрдөх албаны чиг үүргийг тодорхойлохдоо одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж буй Тагнуулын байгууллагын тухай хуулиас Тагнуулын байгууллагын чиг үүргүүдийг үг үсэггүй хуулж оруулсны дээр бусад тусгай албадын хуулийн заалтуудаас ёстой л хаа гуя, хүзүү сээрээр нь залгаж, салгаж, нийлүүлээд үдчихсэн байх юм. 

    Мөрдөх алба гэгчийн чиг үүрэг дотор Тагнуулын байгууллагын тухай хуулиас “... нууц ажиллагааны техник хэрэгсэл олж авах, улсын хилээр нэвтрүүлэх, ашиглах, зөвшөөрөл олгох, мөрдөх шалгах ажиллагааны техник хэрэгслэлийн улсын хэмжээний нэгдсэн тоо бүртгэл хөтлөх” гэсэн заалтыг шууд хулгайлаад зүүчихэж. Хорлолтой нь хамгийн чухлыг нь шүү. 

    Тагнуулын нууц ажиллагааны техник, хэрэгслэлийг ачиж аваад хаашаа нүүх нь вэ? Энэ арай хэтэрнэ ээ. Тэгээд нэг нүдтэй, өрөөсөн чихтэй, арга, хүч, хэрэгслэлээ Мөрдөх алба гэгчид дээрэмдүүлчихсэн тагнуулын байгууллага ямар чиг үүргийг хэрэгжүүлж чадах вэ?  

    Ер нь Тагнуулаас Мөрдөн шалгах албыг нь салгаад нэг үзсэн юм шүү. Тэгээд болоогүй л байхгүй юу, эргээд нийлүүлсэн. 

    Дэлхийн улс орнуудын жишгээр бол Мөрдөх алба эсвэл товчоо нь үндэстэн дамнасан зохион байгуулалттай гэмт явдалтай тэмцдэг. Харин Тагнуулын байгууллага нь түүний үйл ажиллагаанд нь дэмжлэг, туслалцаа үзүүлдэг байна.      

    Дэлхийд тусгаар тогтнолоо зарласан том, жижиг аль ч улс орон бүрт бие даасан тагнуулын байгууллага байдаг бөгөөд тэр нь улс орных нь тусгаар тогтнолын илэрхийлэл, үндэсний аюулгүй байдлынх нь баталгаа болж байдаг.  

    Дэлхийн улс орнуудын жишгээр бол Мөрдөх товчоо үндэстэн дамнасан зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцдэг. Тэгвэл Тагнуулын Ерөнхий газар бол тусгай арга, хүч, хэрэгсэл ашиглан улс орныхоо үндэсний аюулгүй байдлыг тагнуулын аргаар хангадаг онцгой эрхтэй цорын ганц төрийн захиргааны төв байгууллага. 

    Их эзэн Чингис хаан маань төрийн харах нүд, сонсох чих болсон энэ албаа төрийн дээд эрдэнэ хэмээн өргөмжилсөн байдаг. 

    Бусад оронд Мөрдөх албыг байгуулахдаа сөрөх тагнуулын албыг цагдаад нэгтгэн цагдаажуулснаар алдаа гаргасан сургамж байна аа. Тухайлбал: 1940-өөд оны үед Канад Улс Сөрөх тагнуулын үүргээ Хатан хааны Морьт цагдаагийн албанд хариуцуулснаар тэд сөрөх тагнуулын ажил эрхлэнэ гэж ёстой л холион бантан хутгасан байдаг. Хатан хааны Морьт цагдаагийн алба эсэн бусын элдэв гэмт хэрэгтэй тэмцэх тал дээр бол давгүй ч тэдэнд сөрөх тагнуулын ажил явуулах ямарч дадлага, туршлага, чадвар байсангүй. Морьт цагдаагийнхан гадаадын тусгай албадын тагнан турших, хорлон сүйтгэх ажиллагаатай тэмцэхээсээ илүүтэй улс төрийнхний ашиг сонирхолд хэт автан өрсөлдөгчдийнхөө байр, суурийг тагнах, орон байр, албан газар нь  тагнах, чагнах хэрэгсэл суулгах зэргээр ажилласнаас хэтэрсэнгүй. Энэ нь улс төрийн бөөн будилаан үүсгэжээ.  

    Аливаа улсын тагнуул, сөрөх тагнуулын алба нь ямагт эсрэг талынхаа тагнуулын аргаар нэвтрэх байнгын обьект байдаг тул тэр үеийн ЗХУ-ын Тагнуулын байгууллага эл сул талыг нь овжин ашиглан олон тагнуулчдаа Канад руу нэвтрүүлж амжсан практик байдаг. Тэгээд 1970 онд Морьт цагдаагаасаа сөрөх тагнуулын албаа салгаснаар одоогийн тагнуулын байгууллагынх нь үндэс суурь,тавигдаж, үйл ажиллагаа нь төлөвших угтвар нөхцөл бүрдсэн гэж судлаачид үздэг. Үндэстэн дамнасан зохион байгуулалттай гэмт явдалтай тэмцэж буй дэлхийн улс орнуудад Мөрдөх товчоо буюу мөрдөх албаа тагнуулын байгууллага болгох үйл явц явагдаж байхад энэ хуулийн төслөөр бол Монголд тагнуулын байгууллагаа мөрдөх алба руу түлхэх хандлага эхлэх нээ.

    Миний ойлгож байгаагаар одоогийн тагнуулын байгууллагын эрх зүйн орчин, тогтолцоо Монголын нөхцөлд бүрэн тохирч байгаа. Харин үйл ажиллагааг нь боловсронгуй болгох, төгөлдөржүүлэх, эрчимжүүлэх, ажилтнуудынх нь нийгмийн баталгааг сайжруулах ёстой. Тэмүүжин сайдын хэлээд байгаагаар цалин, хөлс, урамшуулал, нэмэгдлүүдийг нь нэмэх шиг нэмээд өгөх, санхүү, аж ахуйн хувьд бэхжүүлэх, орчин үеийн шинэ техник, тоног төхөөрөмжөөр  тоноглох  зэрэг тулгамдсан асуудлууд зөндөө байгааг үгүйсгэх аргагүй ээ.

    Монголын Сөрөх тагнуулын албыг Мөрдөх албанд  механикаар хүч түрэн нэгтгэснээр хөрөнгө мөнгө хэмнэхээсээ илүү гарах сөрөг үр дагавар нь улс орны тусгаар тогтнол, язгуур эрх ашиг, үндэсний аюулгүй байдалд заналхийлэх хэмжээнд хүргэж болзошгүйг анхаарвал зохино. 

    Сөрөх тагнуулын үйл ажиллагаа, Мөрдөх албаны үйл ажиллагаа хоёр бол өөр өөрийн онцлог ялгаатай талуудтай, өөр өөрийн онцлог чиг үүрэгтэй, тагнах ажиллагаа нь өөр өөр обьктод чиглэдэг, түүнийгээ өөр өөр арга, хэрэгслэлээр өөр өөр зорилго, зорилтод нийцүүлэн  хэрэгжүүлдэг   төрийн тусгай албад. 

    Монголын Сөрөх тагнуулын алба бол тусгай сургуульд сайтар бэлтгэгдэж, гадаад хэл эзэмшин, олон улсын эрх зүй, орон судлал судалсан, өндөр мэдлэг, боловсрол, мэргэжилтэй, өөрийн орныхоо төрийн (тагнуулын) нууц бодлого, даалгаврыг манай оронд хэрэгжүүлж, үүрэг гүйцэтгэж буй гадаад орны тусгай албадын мэргэжлийн тагнуулчдын тагнан турших, хорлон сүйтгэх ажиллагааг илрүүлж, таслан зогсооход чиглэгдсэн чиг үүргийг хэрэгжүүлдэг хуулиар төр, ард түмнийхээ өмнө тодорхой үүрэг хүлээсэн төрийн тусгай алба юм. 

    Тэгвэл Мөрдөх товчоо нь үндэстэн дамнасан зохион байгуулалттай гэж нэрлэсэн гэмт хэрэгтнүүдтэй тэмцдэг нэг алба юм.

    Манай улсын эрдэс баялагт шунасан дэлхийн улс орнуудын байгууллага, иргэдийн их нүүдэл Монгол руу чиглэлээ. Даяарчлалын өнөөгийн нөхцөлд гадаад орны мэргэжлийн тагнуулчид Монголд ямарч хэлбэрээр, ямарч халхавчаар орж ирэх бүрэн бололцоотой бөгөөд тэдний тагнан турших үйл ажиллагааны цар хүрээ маш өргөн юм. Энэ нь Сөрөх тагнуулын албаны үйл ажиллагааны цар хүрээг улам өргөжүүлж, тэдний зүгээс явуулж болзошгүй гэмт ажиллагаатай тэмцэх ажлын арга барил, тактикийг улам боловсронгуй болгохыг шаарддаг. 

    Үүсч буй нөхцөл байдалтай холбогдуулан Сөрөх тагнуулын албаны чиг үүргийг Улсын мөрдөх албанд нэгтгэх бус харин ч эсрэгээрээ Эрүүгийн цагдаагийн гүйцэтгэх алба, Гадаадын иргэд, харъяатын асуудал эрхэлсэн газар, Хилийн тагнуул, Хилийн шалган нэвтрүүлэх алба зэрэг гадаадын иргэдтэй харьцдаг бүх албадыг Монгол Улсын Сөрөх тагнуулын албаны бүтцэд оруулан, нэгтгэж, үйл ажиллагааг нь улам өргөжүүлэх нийгмийн захиалга, шаардлага гарч байгааг харгалзан түүнийг шийдвэрлэх цаг үе тулж ирээд байна. 

    Сөрөх тагнуулын алба улсын чухал чухал обьектын аюулгүй байдлыг гүйцэтгэх ажлын шугамаар хангах, төрийн нууц, цацраг идэвхт болон тэсэрч дэлбэрэх, хүчтэй хордуулах бодисын хадгалалт, хамгаалалтад хяналт тавьж тэднийг алдагдаж, үрэгдэх, төрийн нууц задрахаас урьдчилан сэргийлэх ажил зохиодог. Эдгээр арга хэмжээний нэгдсэн тогтолцоо ч бүрэлдсэн.

    Хуулийн төслөөр бол Мөрдөх алба нь төрийн нууц тэр ч байтугай байгууллага, хувь хүний нууцад хяналт тавих үүрэгтэй байх нь. Мөрдөх алба гэгч нь байгууллага, иргэдийнхээ нууцад хяналт тавьснаар төрийн бус байгууллага, хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдийн дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцохоос гадна гэм зэмгүй ард, иргэдээ нууцыг нь хамгаалах нэрээр тагнах, эрх, эрх чөлөөг нь зөрчих, улмаар хэлмэгдүүлэлтийг  эхлүүлэх вий  гэсэн айдсыг төрүүлж байна.

    Зарим орны Мөрдөх алба байгууллага, иргэдийнхээ нууцад хяналт тавьдаг байж мэдэх юм. Харин төрийн нууц бол энэ албаны харьяаллын асуудал биш ээ. 

Буутай цагдаа улсын чухал объект руу хэнийг ч нэвтрүүлэхгүй гаднаас нь хамгаалаад байж чадна аа. Гэхдээ улсын чухал объект дотор болж буй улс орны язгуур эрх ашигтай шууд холбоотой асуудлуудаар гадаад орон, байгууллага, иргэдтэй байгуулж буй стратегийн ач холбогдол бүхий том, том гэрээ, хэлэлцээр, төслүүдэд судалгаа, шинжилгээ хийж, төр, засгийг үнэн зөв, бодит мэдээллээр хангах үүргийг хэрэгжүүлэх ёстой юм. Сөрөх тагнуулын албаар ийм өргөн цар хүрээтэй  судалгаа, шинжилгээний ажил хийлгэхийн тулд түүнийг бас л бүтэц, зохион байгуулалтын хувьд өргөжүүлэн бэхжүүлэх шаардлага гарна.  

Ц.Цаг

“Өдрийн сонин” 12.17 №298,299

НИЙТЭЛСЭН: 2013-01-01 өдөр 11:10:2 цаг           ҮЗСЭН: 925