“Ахмадын өдөр”-ийг тохиолдуулан Тагнуулын ерөнхий газраас ахмадуудаа урьж хүндэтгэл үзүүлэв. Энэ удаагийн ахмадууддаа хүндэтгэл үзүүлэх ажиллагаанд онцгойлон тэмдэглэх нэгэн баяр тохиосон нь энэ жил 100 насны ой нь тохиож буй тагнуулын байгууллагын ахмад ажилтан М.Гончиг гуай хүрэлцэн ирж сонирхолтой яриа хийж, залуу хойч үедээ сургаалиа хайрласан явдал байлаа. Тэрээр 18 настайгаасаа эхлэн Монгол Улсад 40 жил хөдөлмөрлөж ирсний дотор гадаад тагнуулын чиглэлээр Манжуурт тусгай үүрэг гүйцэтгэж явсан, Улсын Бага Хурлын дарга Г.Бумцэндийн комиссараар ажиллаж байсан гавъяатай буурал билээ.
Тагнуулын байгууллагын түүхэнд 100 насыг зооглосон ахмад ажилтан урьд өмнө нь байсан тухай архивын баримт байдаггүй юм байна.