ТЕГ-ын дарга Р.Болд төв, орон нутгийн бие бүрэлдэхүүнд олон улсын болон улс орны дотоод нөхцөл байдал, байгууллага, хамт олны өмнө тулгамдаж буй асуудлууд, тэдгээрийг хэрхэн шийдвэрлэж ирсэн талаар мэдээлэл хийв. Тэрээр тагнуулын байгууллагын ойрын үед анхаарч ажиллах чиглэлийг дараах байдлаар тодорхойлов. Үүнд: нэгд, тагнуулын дүн шинжилгээний ажлыг сайжруулах нөхцөлийг бүрдүүлэх, хоёрт, эдийн засгийн хөгжилд мэдээллийн дэмжлэг үзүүлэх буюу эдийн засгийн аюулгүй байдлыг хангах, гуравт, гадаадын тусгай албадтай тэмцэх, дөрөвт, мэдээллийн аюулгүй байдлыг хангах ажлыг шинэ шатанд гаргах, тавд, харъяаллын гэмт хэргээс сэрэмжлэх ажлыг идэвхжүүлэх гэв.
Эдгээр зорилтыг шийдвэрлэхийн тулд байгууллагын хүний нөөцийн чадавхийг бэхжүүлэхэд оруулах хөрөнгө оруулалтыг цаашид нэмэгдүүлнэ гэдгийг тэрээр тэмдэглэв. Мөн иргэд, төрийн бус байгууллагуудтай хамтран ажиллах явдлыг идэвхжүүлэн олон талтай болгох, ажилтан, албан хаагчдын нийгмийн асуудлыг дэс дараатай шийдвэрлэх, өнөөгийн хүрсэн амжилт дээрээ тулгуурлан байгууллагаа бэхжүүлэх, мэргэжлийн удирдлагыг сайжруулах чиглэлээр анхаарч ажиллахыг анхааруулав.