Монгол Улс тусгаар тогтнолоо сэргээн тунхагласны 100 жилийн ойг угтан “Тусгаар тогтнол” сэтгүүлийн зөвлөлөөс санаачлан “Монгол, Түвэдийн 1913 оны гэрээ” сэдвээр олон улсын симпозиумыг аравдугаар сарын 13-14-нд зохион байгуулж, АНУ, ОХУ, Энэтхэг, ХБНГУ, БНСУ, Канад, Голланд, Монгол зэрэг 10-аад орны 20 гаруй судлаач илтгэл тавьж хэлэлцүүлэв.
Оролцогчид Монгол, Түвэдийн хооронд найрамдлын гэрээ байгуулагдах болсон учир шалтгаан, түүнийг тойрсон улс төр, аюулгүй байдлын асуудал, энэ талаар улсуудын бодлого, байр суурь ямар байсан талаар монголын болон гадаадын эрдэмтэн, судлаачдын хийсэн судалгааны дүнг хэлэлцэн санал солилцов.
Симпозиумд оролцогчид зөвхөн олон улсын эрхзүйн болон түүхийн судалгааны асуудалд анхаарлаа хандуулсаныг тэмдэглэж байв. Судалгааны дүнг нэгтгэн ном хэвлүүлэх юм.
1912-1913 онуудад Монгол, Түвэд хоёр улс харилцан тусгаар тогтнолоо хүлээн зөвшөөрч байгуулсан найрамдлын гэрээ нь өдгөө Монгол Улсын Гадаад харилцааны яамны архивт эхээрээ хадгалагдаж байгаа аж.