Монгол Улсад Терроризмтой тэмцэх ажиллагааг зохицуулах зөвлөлөөс саяхан Ховд аймагт “Террорист халдлагын үед орон нутагт шуурхай штабыг зохион байгуулах нь” сэдэвт баруун бүсийн сургалт, дадлагыг зохион явууллаа. Энэхүү сургалт, дадлага нь болзошгүй аюулын үед аймгийн шуурхай штабыг идэвхжүүлэх талаар өгсөн онолын мэдлэгийг практиктай хослуулснаараа ач холбогдолтой юм.
Террорист халдлагын үед барьцаалагдсан иргэдийг чөлөөлөх шуурхай штабын дадлагын үйл ажиллагааг Ховд аймгийн Засаг дарга, аймгийн Терроризмтой тэмцэх ажиллагааг зохицуулах салбар зөвлөлийн дарга Г.Нямдаваа удирдан явуулж, дадлагад Зэвсэгт хүчний 123-р анги, цагдаа, онцгой байдал, эмнэлгийн орон нутгийн томилгоот бүлгүүд оролцсон байна.
Сургалтад Ховд, Баян-Өлгий, Увс, Завхан, Говь-Алтай аймгийн салбар зөвлөлийн нийт 50 орчим төлөөлөгчийг хамруулж, гэрчилгээ олгов.
Цаашид энэ төрлийн сургалт, дадлага бүсчилэн зохион байгуулагдах ажээ.