Асуулт: Монголбанкны ОНХХ-ийн захирал Б.Лхагважав тус банкны зөвлөх, Солонгос улсын иргэн Ли-г төрийн нууцын зэрэглэлтэй мэдээлэлтэй танилцдаг гэж ойлгогдохуйц ярилцлагыг “Өнөөдөр” сонинд өгсөн байна. ТЕГ улсын хэмжээнд төрийн нууцын хадгалалт, хамгаалалтыг хариуцдагийн хувьд ямар тайлбар өгөх вэ?
Хариулт: Тийм ээ, ярилцлагыг үзсэн. Монголбанкны ОНХХ-ийн даргын ярилцлагаас нь иш татъя л даа. “Нууцын зэрэглэлтэй мэдээллийг аливаа хэлбэрээр задлахгүй байх үүргийг ноён Ли гэрээгээр хүлээсэн байгаа” гэж тэрээр хэлжээ. Нууцын зэрэглэлтэй материал гэдэгт юуг ойлгож буйг мэдэхгүй байна. Ярилцлагаас харахад Монголбанк гадаадын иргэнд төрийн нууцтай танилцах боломжийг олгожээ гэж ойлгогдохоор байна. Уг нь төрийн нууцтай танилцах эрх бүхий албан тушаалтныг ТЕГ-аар шалгуулж, зөвшөөрөл авсны үндсэн дээр зохих баталгааг гаргуулан ажиллуулах тухай Монгол улсын төрийн нууцын тухай хууль, Төрийн нууцыг хамгаалах тухай журамд тодорхой заасан байдаг.
Асуулт: Монголбанк энэ асуудлаар зөвшөөрөл хүсэж, танай байгууллагад хандсан уу?
Хариулт: Монголбанкнаас энэ асуудлаар манай байгууллагад хандсан зүйл байхгүй.
Асуулт: Гадаадын иргэн төрийн нууцтай танилцах эрхзүйн зохицуулалт байдаг юм уу?
Хариулт: Төрийн нууцтай холбогдох харилцааг хуулиар зохицуулахаас бус аливаа байгууллага, гадаадын иргэний хооронд байгуулсан гэрээгээр зохицуулахгүй. Хэрвээ төрийн нууцад хамаарах мэдээллийг зохих зөвшөөрөлгүй, дур мэдэн гадаадын иргэнд танилцах боломжийг Монголбанкны удирдлага олгосон байвал энэ нь хууль зөрчсөн хэрэг болно.
Асуулт: Нууцын зэрэглэлтэй материал гэдэг нь төрийн нууцад хамаарах асуудал бол яах ёстой вэ?
Хариулт: Хэрэв төрийн нууцтай холбогдох асуудал гарч ирвэл өөр зүйл шүү дээ. Шалгах хэрэг гарна.
Асуулт: Энэ дашрамд нэг зүйл асуумаар байна л даа. Танай байгууллага Баян-Өлгий аймгаас хүнийг авчран шалгаж байгаа тухай мэдээ хэвлэлээр нэг бус удаа гарч байна?
Хариулт: Иргэн Бураан овогтой Гылымханыг Эрүүгийн хуулийн 175-р зүйлд заасан хориглосон, хязгаарласан эд зүйл улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэх гэмт хэрэг үйлдсэн гэх мэдээллийг шалгах шаардлагатай болсон тул Баян-Өлгий аймгаас манай ажилтнууд авчирсан. Одоогоор эрүүгийн хэрэг үүсгэн сэжигтнээр цагдан хорьж, мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж байна.
ТЕГ-ын хэвлэлийн төлөөлөгч, ахмад Б.Зулаагийн “Өнөөдөр” сонины 2010.06.07-ны өдрийн
дугаарт өгсөн ярилцлагаас
НИЙТЭЛСЭН: 2010-06-08 өдөр 15:10:5 цаг
ҮЗСЭН: 1538
Хуваалцах