Иргэний нэр бүхий хөдөлгөөн, зарим намаас хувьсгал хийж УИХ-ыг тараана гэж шаардаж байгааг та юу гэж үзэж байна? Энэ чинь төрийн эргэлт хийнэ гэдгээ илт илэрхийлж байгаа хэрэг биш үү, ийм зүйл ярьж байгаа хүмүүст хүлээлгэх хариуцлага гэж байна уу, энэ ер нь юу болоод байгаа юм бэ?
Аливаа хувьсгалын зорилго засгийн эрхийг авахад л оршино гэдэг биз дээ, хууль ёсны төр, засгийг өөрчлөх, тараах нэг л арга бий, энэ бол хуулинд юу гэж заасан, түүгээр л шийдэх явдал. Улс төрөөр тоглохын тулд хэлсэн үг, мэдэгдлийнхээ үр дагавар, хариуцлагыг хүлээх чадвартай байх ёстой, хариуцлага хүлээх болохоор элдэв шалтаг, шалтгаан тоочоод унадагийг олон түмэн харсан шүү дээ. Ер нь хэлсэн үгэндээ хариуцлага хүлээхгүй гэдэг, аливаа албан тушаалтанд халдашгүй дархан эрх олгодог явдал нь хуулийн өмнө бүгд тэгш байх зарчимд нийцэхгүй. Хувьдаа би үүнийг нэг их таашаадаггүй. Ардчиллыг монголчууд өөрсдөө хэний ч зааваргүйгээр авч явах үедээ байна, улс орныг айл гэр болгон тоглож болохгүй, монголчууд нэг юм хийх гэж нөгөө юмаа эвддэг зуршилтэй улс. Гэхдээ хуулинд заагаагүй аргаар хууль ёсны төр, засгийг өөрчлөх, тараахыг элдвээр оролдвол эрүүгийн хуулийн 82 дугаар зүйлд заасан “төрийн эрх мэдлийг хууль бусаар авах, хуйвалдаан зохион байгуулах” гэмт хэрэгт л холбогдоно. Энэхүү гэмт хэргийг өдүүлсэн аливаа этгээдийг бид хуулийн дагуу л хариуцлага хүлээлгэнэ. Хийрхсэн олныг турхираад ард нь хоцордог, мэдээллийг илт гуйвуулан олныг төөрөгдүүлдэг талаар зарим хүмүүс мэргэшжээ. Тэд хийрхсэн элдэв мэдэгдлийнхээ үр дагаварыг л хариуцах ёстой.
Ийм шаардлага тавиад нилээд хугацаа өнгөрлөө шүү дээ, зарим нь иргэний дайнд уриалж байна, зарим нь босоцгоо гэх юм, зарим нь буудна гээд байх юм, иргэдийн байдлыг харахад үнэхээр айдастай болоод байна шүү дээ?
Иргэний дайн дэгдээе, босоцгоо, зэвсэг барин тэмцье, буудъя хэмээн улайм цайм ярьж, уриалж байгаа хүмүүст сэрэмжлүүлэхэд энэ нь эрүүгийн хуулийн тодорхой зүйл ангийг зөрчсөн, гэмт хэргийн шинжтэй үйлдэл. Цаашид гэмт хэрэгт холбогдохгүйн тулд хууль тогтоомжоо мэдэж байж хийрхэх хэрэгтэй биз. Ийм хийрхэлийг дамжуулж, нэвтрүүлж байгаа манай хэвлэл, мэдээллийн зарим хэрэгслүүд ч хэдийгээр арилжааны зарчим байгаа ч дотроо нэгийг тунгааж байгаа байлгүй дээ. Өнөөдөр бидэнд эв нэгдэл, үндэсний нягтрал, цаг алдахгүй хөгжих явдал ус, агаар шиг хэрэгтэй байна, гэтэл өөр хоорондоо зэвсэг барин тэмцэлдэж, талцахыг уриалж байгаа нь харамсалтай. Хуулиа мэдээд ийм үйлдэл санаатай хийж байгаа бол нэг хэрэг хариуцлагаа үүрнэ биз, мэдэхгүйгээр гэнэдэж байгаа бол хууль тогтоомжоо сайтар судалж байж улс төрөөр тоглохыг ил, далд байдлаар энэ байдлыг өөгшүүлж байгаа иргэдэд анхааруулах байна.
Цусан тангараг өргөж амлалтаа нэхнэ, төр, засгийг тараана гэж андгайлж байна, ийм ноцтой мэдэгдлийг олон нийтийн хэрэгслээр чөлөөтэй цацах юм, ийм аймшигтай зүйл гарч байхад та бүхэн яагаад чимээгүй суугаад байна вэ, ер нь яах ёстой юм бэ, монголчууд цусаа үзэхээр улайрдаг гэдэг шүү дээ?
Таны асуултад хариулт нь агуулагдчих шиг боллоо. Үнэхэээр иргэдэд айдас төрүүлэх нь хэнд хэрэгтэй юм бол, тэрнийг нь тангараг өргөж байгаа хүмүүсээс л асуу даа. Иргэд цусан тангараг өргөнө гэдгээс илт зэвүүцэж байна. Хэвлэл, мэдээллийн хэрэгслийнхэн ч ийм хийрхэгчдээс зайгаа барьсан байдалтай байна, Харин улс төрийн экстремизм Монголд нэгэнт үүрлэж дээ. Монголын улс төр иймдээ тулж байгаа нь үнэхээр харамсалтай.
Манайд тулгарч байгаа үндэсний аюулгүй байдлын хамгийн гол аюул юунд байна вэ, таны хэлж байгаа энэ улс төрийн экстремизм үү ?
Үндэсний аюулгүй байдлын хамгийн сэтгэл зониулж байгаа заналхийлэл нь бусдын хараат болох, эдийн засгийн аюулгүй байдал сулрах үйл явц гүнзгийрсээр байгаа явдал. Ийм эмзэг нөхцөлд гэдсэндээ хөлөө жийлцэж, эв нэгдлээ бутаргахыг оролдож байгаа нь зөв үү, энэ л тусгаар тогтнолд учруулж байгаа аюул биш үү. Хэн юунд турхираад байна вэ? Иргэд дор бүрнээ дүгнэлт хийж байгаа биз ээ. Үндэсний эв нэгдлийг сарниулах үйлдэл ч хуулиар хатуу хариуцлага хүлээлгэх заалттай шүү дээ.
Гэхдээ иргэд үнэхээр бухимдалтай байна шүү дээ, төр, засгийн байж байгаа байдал нь энэ бухимдлыг тайлахгүй харин ч өтгөрүүлж байна гэдгийг олон хүн хэлж байна.
Монголчууд эртнээс төрөө дээдэлж ирсэн, төрдөө л эцсийн найдвараа тавьдаг. Үүнийг ойлгох хэрэгтэй. Иргэдийн дунд бухимдал байна, ядуурал буурахгүй байна, баян, ядуугийн ялгаа илт байна, шударга ёс хаана байна энэ мэт нийгмийн дүр зургийг бид ойлгож байна. Иргэний хөдөлгөөн, иргэд, улс төрийн зарим байгууллагуудаас төр засгийн ажлын дутагдлыг шүүмжилсэн, ил тод ажиллахыг шаардсан, шийдвэр гаргахад оролцуулахыг хүссэн зэрэг зөв шаардлага, шүүмжлэл гаргаж байгааг тагнуулын байгууллага огт хөндөхгүй байгаа, харин иргэд зөвхөн хууль зөрчихгүй, хуулийн хүрээнд л ажиллах ёстой гэдгийг л хэлэх байна.
Тагнуулын байгууллага Оюутолгойн гэрээний ард болж байгаа үйл явдлыг мэдэж байгаа, тэрнийгээ хэлэхгүй байна, тухайлбал, таныг энэ мэдээллийг дарагдуулж байна гэх аястай зүйлийг зарим хүн яриад байна л даа.
Тагнуулын байгууллага улс төрийн явцуу аливаа ашиг сонирхлоос ангид байж, зөвхөн үндэсний ашиг сонирхолыг хамгаалах үйлсэд л зүтгэх ёстой, тэгж ч байна. Өнөөдөр тагнуулын байгууллагыг бэхжүүлэх шаардлага юу юунаас илүү чухал байна. Энэ бол үндэсний ашиг сонирхол. Бид улс төрч гэж өөрсдийгөө нэрлэдэг хүмүүсээс хүсэж байгаа ганц зүйл бол тагнуулын байгууллагыг гаднаас нь өдөөн хатгаж улс төржүүлэхгүй байхыг л хүсэж байна. Энэ бол ямар ч төсөв зардлаас илүү бидэнд үзүүлж байгаа хамгийн хүчтэй дэмжлэг болно.
"Өдрийн сонин"-ы
2010.04.05