Зэвсэгт хүчний 89 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар үндэсний аюулгүй байдлыг хангах үйлсэд он удаан жил идэвх санаачлага, үр бүтээлтэй ажилласан ТЕГ-ын ахмадууд болон ажилтнуудыг төрийн дээд цол тэмдэг, одон, медалиар шагнаж урамшуулав.
Тус газрын Ахмадын хорооны дарга, бэлтгэл хурандаа Х.Загдрагчаа Монгол Улсын гавъяат хуульч цол, тэмдгээр, УАБХЕГ-ын дарга асан, хошууч генерал Б.Цийрэгзэн Сүхбаатарын одонгоор, ажилтнууд бусад одон, медалиар тус тус шагнагдсаныг Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж гардуулж өгөв.
Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж шагнагдагсдад баяр хүргэж үг хэлэхдээ, тагнуулын байгууллага улс орны аюулгүй байдлыг хангах баталгаа, оюун сэтгэхүй нь байх ёстой, мэдээлэл зөвхөн цуглуулах биш, тэдгээрт дүн шинжилгээ хийх замаар улс төр, эдийн засгийн чухал шийдвэр боловсруулах үндэслэлийг гаргаж өгдөг байх ёстой гэдгийг онцолж, үүний тулд тус байгууллагыг бүхий талаар дэмжиж ажиллахаа илэрхийлэв.