92263017 •
  Ерөнхий зохицуулагч
1800-1280 •
  Иргэдээс мэдээ мэдээлэл авах
92263535 •
  Төрийн болон албаны нууцтай   холбоотой мэдээ, мэдээлэл
ТЕГ-ын Архив, бүртгэлийн хэлтсийн дарга Д.Буджавтай хийсэн ярилцлага

АРХИВИЙН БАРИМТУУДЫГ ИЛ БОЛГОХООР
АЖИЛЛАЖ БАЙНА


   
 


   Түүх, үйл ажиллагаа нь олон нийтийн анхаарлын төвд байдаг ТЕГ-ын Тусгай архивын талаар товч танилцуулахаас ярилцлагаа эхлэх үү? “Тусгай” гэж онцолсны учир юу вэ?

   Монгол улсын ууган архивуудын нэг болох ТЕГ-ын Тусгай архив нь 1932 онд байгуулагдсан бөгөөд 1922 онд Дотоодыг хамгаалах газар байгуулагдсан үеэс хойших тагнуулын байгууллагын үйл ажиллагааны явцад үүсч бий болсон баримтууд, мөн Цагдан сэргийлэх байгууллага, Хилийн ба Дотоодын цэрэг, Засан хүмүүжүүлэх хөдөлмөрийн байгууллагын үйл ажиллагааны явцад бий болсон 1990 оныг хүртэлх, өөрөөр хэлбэл НАХЯ-ыг татан буугдах хүртэл бүтцэнд нь байсан байгууллагуудын баримтуудыг төвлөрүүлэн хадгалсан баялаг сан хөмрөгтэй. Эдгээр баримтууд дотор Монгол Улсын түүхэнд холбогдох баримтууд ч бий.

   Тус архив нь тагнуулын байгууллагын үйл ажиллагааны явцад бий болсон түүх, практик, эрдэм шинжилгээний ач холбогдолтой баримтаар архивын сан хөмрөгийг нөхөн бүрдүүлэх, тэдгээрийг эмхлэн цэгцлэх, хадгалалт, хамгаалалтын нөхцөл, нууцлалыг хангах, тоо бүртгэл хөтлөх, архивын мэдээллээр үйлчлэх ажлыг олон нийтийн хүртээл болгох, сурталчлах ажлыг зохион байгуулан ажиллаж ирлээ.

    Тусгай архив гэсний тухайд бол, гүйцэтгэх ажлын нууц арга, хэрэгсэл ашиглан явуулж буй тагнуулын ажлын явцад хуримтлагдсан “Нууц”-аас “Онц чухал-маш нууц”-ын зэрэглэлтэй түүх, эрдэм шинжилгээ, мэдээлэл, лавлагааны ач холбогдолтой баримт, материалуудыг хадгалж, хамгаалж байдаг манай архивын онцлогийг харгалзан БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн 1960 оны 5 дугаар сарын 5-ны өдрийн 216 дугаар тогтоолоор НАХЯ-ны архивыг “Тусгай архив” гэж нэрлэх болсон юм билээ. Энэ цагаас хойш “Тусгай архив” гэсэн хэвлэмэл хуудас, тэмдэг хэрэглэж, байгууллага, иргэдтэй харилцаж  байна.

   Архивын үйл ажиллагааг орчин үеийн шаардлагад нийцүүлэн өөрчлөх, шинэчлэх талаар ямар ажлууд хийгдэж байна вэ?


   Сүүлийн жилүүдэд тагнуулын байгууллагын удирдлагаас архивын ажил, үйлчилгээг сайжруулахад анхаарч, ажилтнуудын архив, албан хэрэг хөтлөлтийн талаархи мэдлэг мэргэжлийг дээшлүүлж, АЕГ-ын дэргэдэх Сургалтын төвд анхан шатны болон мэргэшүүлэх сургалтанд хамруулах, тэдний тав тухтай ажиллах орчныг бүрдүүлэх, орчин үеийн техник, хэрэгсэл, тоног төхөөрөмжөөр хангах зэрэг арга хэмжээг  шат дараатайгаар авч хэрэгжүүлснээр ажлын бүтээмж дээшилж байна. Тухайлбал, архивын баримтуудын модон тавиурыг архивын зориулалтын нягтруулсан шүүгээгээр бүрэн сольсон нь  баримтын хадгалалт, хамгаалалтын нөхцөлийг сайжруулсан чухал ажил болсон. Архивын нийт ажилтнууд үндсэндээ орчин үеийн өндөр хүчин чадал бүхий компьютер, мэдээллийн бусад техник хэрэгслээр хангагдаж, архивт мэдээллийн технологи нэвтрүүлэх эхлэл тавигдаж байна. Саяхан бид Тусгай архивын цаасан суурьтай баримтыг компьютерт оруулах замаар цахим сан байгуулах, ашиглалтын нөхцөлийг өөрчлөх, хэрэглэгчдэд мэдээллээр үйлчлэх ажлыг шуурхай болгох зорилгоор “Цахим архив” төсөл боловсруулж, төслийн зардлыг байгууллагын 2010 оны төсөвт тусгах удирдлагын шийдвэр гаргуулаад байна.

   Төслийг хэрэгжүүлснээр архивын сан хөмрөгт хадгалагдаж буй тагнуулын байгууллагын түүхэнд төдийгүй Монгол Улсын түүхэнд ач холбогдол бүхий судлагдахуун болох архивын  баримтын цахим сан үүсгэх, хоёрдогч мэдээллийн сантай ажиллах программ шинээр боловсруулах, ашиглалтын цахим хувьтай болгосноор эх баримтыг ашиглалтаас чөлөөлж, хадгалалтын хугацааг уртасгах, эрдэм шинжилгээ, судалгааны зорилгоор болон  байгууллага, иргэдийн хууль ёсны эрх, ашиг сонирхолыг хангаж, архивын мэдээллийг нийтийн хүртээл болгох үйлчилгээг шуурхай болгоно.

   Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийг цагаатгах тухай хуулийг хэрэгжүүлэхэд танай архив тодорхой үүрэг хүлээсэн байгаа. Энэ чиглэлээр хийж буй ажлын талаар Та юу хэлэх вэ?

    1998 онд УИХ-аас баталсан “Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийг цагаатгах тэдэнд нөхөн олговор олгох тухай ” хуулийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд иргэдийн эрэлт хүсэлтийг хөнгөн шуурхай барагдуулж, хэлмэгдэгчдийн талаар архивын лавлагаа, цагаатгасан тогтоолын хуулбар олгох, мөрдөн байцаалтын хэргийг холбогдох байгууллагуудад гаргаж танилцуулах, тоо бүртгэл хөтлөх, хэлмэгдүүлэлтийн талаар судалгааны материал бэлтгэх зэрэгт гол анхаарлаа чиглүүлэн ажиллаж ирлээ.

    Уг хуулийг хэрэгжүүлж эхэлснээс хойш байгууллага, иргэдээс 43364 эрэлт, хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэн 32377 архивын лавлагаа, мөн тооны тогтоолын хуулбар олгосон. Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдсэн гэх боловч мөрдөн байцаалтын хэрэггүй, таслан шийдвэрлэсэн тогтоолгүй хэлмэгдэгсдийн талаархи мэдээллийг агуулсан байж болох  архивын холбогдох баримтуудад эрж хайх ажлыг хийж, “Хэрэг материал нь олдохгүй байгаа хүмүүсийн бүртгэл”-ийг 2001 оноос хөтөлж эхэлсэн. Энэ бүртгэлд 1774 хүн бүртгэгдээд байна.
   
   Тус архив нь ОХУ-ын ХАБА-ны Төв архивтай цагаатгалын асуудлаар харилцаж, 1930-1940-өөд онд ЗХУ-д хэлмэгдсэн монгол иргэдийн хэрэг материалыг хуулбарлан авах ажлыг хариуцан гүйцэтгэж ирлээ. Одоогийн байдлаар 300 гаруй хүний биеийн байцаалт, ял шийтгэсэн тогтоол, цагаатгасан магадлалын хуулбар зэрэг товч баримтууд, 60 гаруй хүнд холбогдох хэргийн  материалыг бүрнээр нь хуулбарлаж авчирсан.

   ОХУ-ын ХАБА-ны архивтай тогтоосон харилцаа шинэ түвшинд гарч, тус архивын удирдлага танай байгууллагын урилгаар ажлын айлчлал хийсэн тухай мэдээлэл гарч байсан. Айлчлалын гол үр дүн юу байв?

   Саяхан ОХУ-ын ХАБА-ны Архив, бүртгэлийн газрын дарга, дэслэгч генерал В.С.Христофоров тэргүүтэй төлөөлөгчид ТЕГ-ын урилгаар ажлын айлчлал хийж, ЗХУ-д хэлмэгдсэн монгол иргэдийн хэрэг материалтай танилцах, хуулбарлан авахад учирч буй бэрхшээл, хүндрэлийн талаар  ярилцан санал солилцож, энэ ажлыг түргэтгэх,  цаашид хоёр архивын хамтын ажиллагааг өргөжүүлж, архивын баримтын судалгааны бүтээл гаргах чиглэлд хамтран ажиллахаар тохиролцлоо. 2011 онд “Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийг цагаатгах, тэдэнд нөхөн олговор олгох тухай” хуулийн хэрэгжих хугацаа дуусгавар болохтой холбогдуулан ЗХУ-д хэлмэгдсэн монгол иргэдийн хэрэг материалыг хуулбарлан авчрах ажлыг   эрчимжүүлэхэд ХАБА-ны Архив, бүртгэлийн газрын албаны хүмүүс өөрсдөөс шалтгаалах бүхий л асуудлаар туслахаа илэрхийлсэн.

   Ажлын айлчлалын үеэр оросын тал хэлмэгдсэн 19 монгол иргэний хавтаст хэргээс чухал ач холбогдолтой баримтуудыг хуулбарлан авчирч, ТЕГ-ын Тусгай архивт шилжүүлэн өгсөн. Эдгээр 19 хүний нэрийг бид ЦАУЗБУК-оор дамжуулан өдөр тутмын хэвлэлүүд өгсөн нь нийтлэгдсэн тул иргэд уншиж мэдсэн байх.

   Тус архив нь байгууллага, улмаар улс орны түүхтэй холбоотой үнэтэй мэдээлэл бүхий баялаг сан хөмрөгтэй гэлээ. Эдгээр мэдээллийг ил болгож, судалгааны эргэлтэд оруулах, түүхийн үнэн мөнийг олон нийтэд хүргэх талаар ямар ажил хийгдэж байна вэ?

   Сүүлийн жилүүдэд, нэг талаас, архивын баримтыг үзэж судалж, түүхийн үнэнийг олны хүртээл болгох гэсэн эрдэмтэд, судлаачдын эрэлт, хүсэлт,  нөгөө талаас, архив өөрийн сан хөмрөгт хадгалагдаж байгаа баримтыг судлах, сурталчлах, хэвлэн нийтлэх, мэдээлэл, лавлагаа, танин мэдэхүйн зорилгоор байгууллага, иргэдэд ашиглуулах  үүргээ биелүүлэх шаардлага өсөн нэмэгдэж байна. Гэтэл тус архивт хадгалагдаж буй баримтын дийлэнхи нь төрийн нууцад хамаарах баримтууд тул тэр болгон нийтийн хүртээл болгох боломжгүй байдаг. Тиймээс Тусгай архивын сан хөмрөгөөс нууцын зэрэглэлтэй, “Төрийн нууцын жагсаалт батлах тухай” хуульд заасан хугацаа дуусгавар болсон буюу 60 жил хадгалагдсан баримтанд  судалгаа хийж ил болгон эрдэм шинжилгээ, судалгаанд ашиглуулах, нийтийн хүртээл болгохоор ажиллаж байна. Тодруулж хэлбэл, 1948 оноос өмнөх баримтуудыг судалж байгаа бөгөөд тус архивын түүхэнд анх удаа ийм ажил хийж байгаа нь онцлог юм. 

   Энэ ажил хэдийд дуусч, судлаачид, хэвлэл мэдээллийнхэн танилцах боломжтой болох бол?

   “Төрийн нууцын жагсаалт батлах тухай” хуулийн Төрийн нууцыг ил болгох гэсэн 21 дүгээр зүйлд “Төрийн нууцыг ил болгох асуудлыг Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн саналыг үндэслэн Засгийн газар Улсын Их Хуралд өргөн мэдүүлнэ” гэж заасан байдаг. Манай архив энэ ондоо багтаан ил болгох баримтын талаархи санал, дүгнэлтээ ТЕГ-ын даргын дэргэдэх Зөвлөлийн хуралдаанд оруулж хэлэлцүүлэх төлөвлөгөөтэй ажиллаж байна. Үүний дараагаар хуулийн дагуу асуудал шийдэгдэх байх. Цаг хугацааг яг урьдчилан хэлэх боломж алга байна.

   Саяхан болтол “ТЕГ-ын музей“ гэсэн хаяг бүхий танай музей үйл ажиллагаа явуулж байсан санагдана. Музей архивт харъяалагддаг уу?

   ТЕГ-ын музей бүтэц, орон тоогоор манай архивт харьяалагддаг. Тус музей нь 2002 онд тагнуулын байгууллагын 80 жилийн ойгоор байгуулагдсан бөгөөд  үндэс суурь нь 1983 онд байгууллагдсан НАХЯ-ны музей юм. НАХЯ татан буугдсанаас хойш УАБХЕГ-ын харьяалалд үйл ажиллагаагаа явуулж байсан уг музей 1998 онд Хилийн цэргийн болон УАБХГ-ын музей болж салсан юм. Түүнээс хойш тус музейн үзмэрүүдийг төв байрандаа хэсэг хугацаанд байрлуулж байгаад 2002 онд сая байрлаж байсан байранд музейг шинэчлэн байгуулж нээсэн юм. Энэ байр нь музейн зориулалтын барилга биш тул үзмэрийн хадгалалт, хамгаалалтын нөхцөл хангагдаагүй, энэ байдал нь үзмэрийн чанарт сөргөөр нөлөөлөх, үзмэрийг дахин сольж, шинэчлэн үзүүлэх фонд байхгүй  зэрэг шалтгаанаас улбаалан тус музейн үйл ажиллагааг түр зогсоон, 2007 оноос  үзмэрүүдийг ТЕГ-ын төв байранд шилжүүлэн байрлуулах ажлыг хийж эхэлсэн юм. 2008 оны 2 дугаар сард болсон үзэсгэлэнгийн нээлтэнд оролцсон эрдэмтэн судлаачид, олон нийтийн төлөөлөгчид, тус байгууллагын  ахмад ажилтнууд энэ үзэсгэлэн нь олон нийтэд тус байгууллагын түүх, үйл ажиллагааны талаар зөв ойлголт өгөх, шинэ залуу ажилтнуудад албаараа бахархах, ахмад үеэ хүндэтгэх үзэл төлөвшүүлэхэд чиглэгдсэн зөв зүйтэй арга хэмжээ болсон байна гэж таашаан хүлээж авсан. Энэхүү үзэсгэлэн нь ТЕГ-ын музейн үзмэр, Тусгай архивын баримтуудад тулгуурлан шинэчлэгдэн хийгдэж байгаа юм. Тухайлбал, Тагнуулын байгууллагын эрхэм зорилго, Тагнуулын ажилтны тангараг, Тагнуулын байгууллагын ажилтнуудаас хилийн чанадад тусгай үүрэг гүйцэтгэж байсан тухай, “Дамбийжанцанг устгасан цэрэг-тагнуулын арга хэмжээ”, “Дүрвэгсдийн хөдөлгөөн”, “Улс төрийн хэлмэгдүүлэлтийн түүхээс”, “Хэлмэгдүүлэлт ба УАХБ” зэрэг 30 гаруй үзмэрийн самбар, тагнуулын байгууллагын түүхэнд гавъяат үйлс бүтээж, мөнхөрсөн хүмүүсийн цээж баримал болон бусад сонирхолтой үзмэрүүдийг дэлгэн үзүүлсэн байгаа. Дашрамд дурдахад, хэрэв үзэсгэлэнг үзэж сонирхох хүсэлтэй хамт олон байх юм бол үзэх цаг хугацаагаа урьдчилан тохироод ирж сонирхож болох юм. Та энэ үзэсгэлэнг үзсэнээрээ тагнуулын байгууллага Монгол Улсын эрх чөлөө, тусгаар тогтнолын төлөө гүйцэтгэж ирсэн түүхэн замналаас танилцаж, мөн цаг төрийн шуурганд яаж алдаж, эндэж явсныг ч мэдэх болно.

   Архив, албан хэрэг хөтлөлтийн улсын үзлэг танай байгууллага дээр саяхан явагдаж өнгөрлөө. Үзлэгийн дүнгийн талаар мэдээлсэн үү?

   Монгол Улсын Ерөнхий сайдын захирамжийн дагуу явагдсан  “Архив, албан хэрэг хөтлөлт, төрийн байгууллагуудын ажлын зохион байгуулалтын улсын үзлэг”-ийг угтаж,  тус архиваас тусгай төлөвлөгөө гарган ажилласан.
   Ер нь бүр 2004 оны улсын үзлэгийн дараагаар үзлэгийн мөрөөр хийх ажлын төлөвлөгөө гарган байгууллагын болон архивын жил бүрийн ажлын төлөвлөгөөнд  тусган хэрэгжүүлж ажиллаж ирсэн. Манай хамт олны чармайн ажилласны ч үр дүн гарлаа гэж бодож байна. Үзлэгээр тус архивын ажлын өнөөгийн түвшинг тодорхойлж, үнэлэлт дүгнэлт өгч, илэрсэн зөрчлийг засч залруулах талаар холбогдох албан тушаалтнуудад нь анхааруулж, зөвлөгөө өгсөн. Бид энэ үзлэгээр 96.1 хувийн амжилттай шалгагдаж, өмнөх үзлэгээр шалгагдсан амжилтаа ахиулсан.

   Ярилцлага өгсөн Танд баярлалаа

 

"Өдрийн сонин" 2009.09.21
НИЙТЭЛСЭН: 2009-09-24 өдөр 10:10:4 цаг           ҮЗСЭН: 1577