Эх орныхоо тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг бататган бэхжүүлэх, үндэсний аюулгүй байдлыг сахин хамгаалах үйлсэд амьдрал тэмцэл, хөдөлмөр зүтгэлээ зориулж ирсэн ахмад буурлууд, чөлөөнд байгаа генерал, офицерууд, монгол тагнуулчдын гавьяат үйлс, шилдэг уламжлалыг өнөө үед нэр төртэй залгамжлан үргэлжлүүлж буй Монголын тагнуулын байгууллагын нийт офицер, албан хаагчид, тэдний гэр бүл, нийт ард иргэддээ Монгол Улсад орчин цагийн тагнуулын байгууллага үүсч хөгжсөний 91 жилийн ой, "Тагнуулын ажилтны өдөр"-ийн баярын мэндийг дэвшүүлье.
Ардчилсан нийгэм, эрх зүйт төрийн тогтолцооны өнөө үед тагнуулын байгууллага хуулиар хүлээсэн үндсэн чиг үүргээ хэрэгжүүлэхдээ хуулийг дээдлэн, хүний эрх, эрх чөлөөг хүндэтгэн, байгууллага, иргэдийн туслалцаа дэмжлэгт тулгуурлан ажиллаж байдгийг баярын энэ өдөр онцлон тэмдэглэж байна.
Өдгөө дэлхий дахины нөхцөл байдал хурдацтай хувьсан өөрчлөгдөж, төр засгийн удирдлагаас оновчтой, зөв шийдвэр гаргахад тагнуулын байгууллага, ажилтнуудын хүлээх үүрэг хариуцлага улам нэмэгдэж байна. Иймд бид байгууллагынхаа эрх зүйн орчныг боловсронгуй болгох, бие бүрэлдэхүүнээ чадваржуулах, албан хаагчдын нийгмийн баталгааг хангах, даяаршлын эрин зууны хөгжлийн чиг хандлага, олон улсын харилцааны хувьсал, Монгол Улсын нийгэм, эдийн засгийн өөрчлөлт зэрэг олон хүчин зүйлд дүгнэлт өгч үндэсний аюулгүй байдлыг хангахад онцгой анхаарч ажиллах болно.
Тагнуулын ажил бол онцгой хөдөлмөр билээ. Энэ хариуцлагатай албанд хоёргүй сэтгэлээр зүтгэж буй нийт албан хаагчиддаа болон тэдний гэр бүлд эрүүл энх, аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.
Монгол тагнуулчийн өлмий бат орших болтугай.
ТАГНУУЛЫН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАРГА, ХУРАНДАА Б.АРИУНСАН