НАХЯ-ны Намын хорооны товчооны 1970 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн хурлаар ахмад алба хаагчдынхаа талаар авч хэлэлцэн, тогтоол гаргаж Намын хорооны дэргэд “Хувьсгалт тэмцлийн ахмад зүтгэлтний зөвлөл” байгуулсан.
Тус зөвлөл нь ардын хувьсгалын үйл хэрэгт оролцож явсан партизан, ДЯЯ, НАХЯ-ны системд ажиллаж байгаад тэтгэвэрт гарсан 1939 оны Халх голын байлдаан, 1945 оны чөлөөлөх дайн, манай улсын баруун хил дээр 1940-1948 онуудад болсон зэвсэгт тулгаралтад оролцож явсан ахмад дайчид, тагнуулчдын байгуулсан гавьяаг тодруулах, судалгаа хийх, тэдний баатарлаг үйлсийг сурталчлах үйл ажилагааг хэрэгжүүлж байжээ.
1990 онд өрнөсөн ардчилал, шинэчлэлийн өөрчлөлтийн улмаас НАХЯ татан буугдаж УАХЕГ, Хилийн ба ДЦУЕГ нэгдэж УАБХЕГ болон зохион байгуулагдахад тус газрын олон зуун ахмадуудыг нэгтгэсэн УАБХЕГ-ын Ахмадын нэгдсэн хороо зохион байгуулагдаж даргаар нь хошууч геанерал Ш.Дорж сонгогдон ажиллаж байсан. Энэ хорооны тэргүүлэгчдийн бүрэлдэхүүнд УАХБ-ын ахмадуудаа хариуцсан хурандаа Б.Дагвадорж, Д.Дан-Аа, дэд хурандаа Л.Хишгээ нар ажиллаж байжээ.
1994 онд Хилийн цэрэг УАХБ-ын бүрэлдэхүүнээс гарсан тул тус ахмадын нэгдсэн хороо татан буугдаж, ТТГ-ын ахмадын шинээр байгуулагдсан хорооны даргаар хурандаа Д.Дорж сонгогдон үйл ажиллагааны дүрмээ шинэчлэн баталж, улсын бүртгэлд “гишүүддээ үйлчлэх төрийн бус байгууллага”-ын статусаар бүртгүүлж үйл ажиллагаагаа үргэлжлүүлэн явуулах болжээ.
Өнөөдөр ТЕГ-ын ахмадын төлөөллөөс бүрдсэн Ахмадын холбоо ТББ нь 2018 оны 1 дүгээр сарын 24-ний өдөр Улсын бүртгэлд бүртгүүлж, дотроо ТТХГ- ын ахмадын хороо зэргийг багтаан 20 орчим салбар зөвлөлтэйгөөр үйл ажиллагаа явуулж байна.
Тагнуулын байгууллагын үе үеийн удирдлага ахмадын байгууллагынхаа үйл ажиллагааг байнга дэмжин, ажиллах нөхцөл боломжоор бүрэн хангаж ирсэн бөгөөд нийгмийн байдал, ахуй амьдралыг нь байнга анхаарч тэднийг тусалж, дэмжиж байдгаас гадна жил бүрийн хаврын тэргүүн сарын шинийн нэгэн, Олон улсын ахмадын баяраар нийт ахмадуудаа хүлээн авч хүндэтгэл үзүүлэх, урлагийн тоглолт үзүүлж, ахуй амьдрал нь тааруу, биеийн эрүүл мэнд нь сайнгүй байгаа ахмадуудад тусламж, дэмжлэг үзүүлдэг.
Тагнуулын байгууллагын ахмад албан хаагчид нь байгууллагынхаа шинэ залуу ажилтныг сургаж, хүмүүжүүлэх, ажлын арга барилаа олоход нь заавар зөвлөгөө өгч, дэмжлэг үзүүлэхээс гадна залуу хойч үеийнхэнд эх оронч үзэл санааг төлөвшүүлэх, үндэсний аюулгүй байдлыг хангахад тагнуулын байгууллагын оруулсан хувь нэмрийг сурталчлан таниулах зорилгоор ерөнхий боловсролын ахлах ангийн сурагчдад “Эх оронч үзэл, үндэсний аюулгүй байдлын баталгаа” сэдэвт лекц, уулзалтыг зохион байгуулан ажиллаж байна.