Эрдэмтэд “Covid-19”-ийн халдвараас сэргийлэхэд баримтлах ёстой 2 метрийн зай нь салхитай орчинд хангалтгүй болохыг анхааруулж байна. Кипр Улсын Никосиа их сургуулийн эрдэмтэд салхигүй, тогтуун орчинд иргэд хооронд 2 метрийн зай барьснаар халдвараас сэргийлэх боломжтой. Харин салхитай, задгай орчинд буюу 4км/ц хурдтай салхитай үед вирус 5 секундэд 6 метр хүртэл зайд тархах боломжтой бол салхины хурд 15 км/ц байгаа үед 1.6 секундэд энэ зайд тархаж байгааг тогтоожээ.
Шинэ төрлийн коронавируст халдварын эсрэг хөгжүүлэлтийн шатанд явж буй 100 гаруй вакцины дундаас АНУ-ын “Moderna Inc” компанийн бүтээж буй вакцины хүн дээрх туршилт өнгөрөгч 03 дугаар сард эхэлсэн байна. Туршилтад орсон 8 хүний нэг хэсэгт нь 100 микрограмм, нөгөөд нь 25 микрограмм тунгаар вакцин хийсэн бөгөөд тэдгээрийн цусанд “Covid-19” өвчин тусаад эдгэрсэн хүмүүсийн цусанд үүссэнээс илүү хэмжээний эсрэг биет үүсч байгаа аж. Цусанд үүсэх эсрэг биетийн хэмжээ нь вакцины тунгаас хамаарч их, бага байсан хэмээн компанийн зүгээс мэдэгдсэн бөгөөд хэдий хэмжээний эсрэг биет шинэ төрлийн коронавирусээс бүрэн хамгаалах болон уг эсрэг биет хүний биед ямар хугацаанд хадгалагдах боломжтойг судалж байна. Түүнчлэн, нэгдүгээр шатны туршилт үр дүнтэй болсон ч 8 хүн хамруулсан нь чамлалттай гэж үзжээ. АНУ-ын холбогдох байгууллагаас вакцины хоёрдугаар шатны туршилтыг эхлүүлэх эрхийг “Moderna Inc” компанид олгосон бөгөөд энэ удаад 250 микрограмм, 50 микрограмм тун ашиглах аж. Харин гуравдугаар шатны туршилтыг 07 дугаар сард эхлүүлэх бөгөөд туршилт амжилттай болбол 2021 оны эцэс гэхэд 50 микрограмм тун бүхий 1 тэрбум нэгж вакцин үйлдвэрлэхээр төлөвлөсөн байна.
АНУ-ын эрдэмтэд “Covid-19”-ийн халдвар дэгдэхээс өмнө буюу 2015-2018 оны хооронд эрүүл иргэдээс авсан цусны дээжийг шинжлэн заримд нь туслагч (helper) болон устгагч (killer) Т-лимфоцит дархлааны эс байгааг илрүүлсэн байна. Эрдэмтэд үүнийг эдгээр иргэд өмнө нь өөр төрлийн коронавирусний халдвар аван, улмаар биед нь дархлааны Т-лимфоцит эс үүссэн байх магадлалтай хэмээн дүгнэж байгаа аж. Уг эс нь “Covid-19” өвчнийг үр дүнтэй эсэргүүцдэг эсэх нь бүрэн тогтоогдоогүй ч вакцины цаашдын судалгаанд чухал үүрэг гүйцэтгэнэ хэмээн үзэж байна.
БНХАУ-ын эрдэмтэд “Covid-19”-өөр өвдөн эдгэрсэн хүмүүсээс авсан эсрэг биетийг ашиглан уг өвчнийг эмчлэх эм гарган авч байгаа талаар мэдэгдэв. Энэхүү шинэ эм нь өвчний эдгэрэлтийн хугацааг богиносгохын зэрэгцээ түр зуурын дархлаа тогтоож байгааг амьтан дээр хийсэн туршилтын дүн харуулсан байна. Тодруулбал, уг эмийг тарьснаас хойш 5 хоногийн дараа гэхэд бие дэх вирусний хэмжээ 2500 дахин буурч байсан байна. Мөн эрүүл амьтанд түүнийг тарихад түр зуурын дархлаа тогтсон байна. Дархлааны хугацаа одоогоор хэдхэн долоо хоног байх магадлалтай ч эрдэмтэд энэхүү хугацааг уртасгах боломжийг судалж байгаа аж. Судалгааны багийнхны мэдээлж байгаагаар уг эм нь 2020 оны сүүлч гэхэд бэлэн болох бөгөөд цаашид эмийн клиникийн туршилтыг Австрали зэрэг бусад улсад хийхээр төлөвлөж байна.
Хятадын уламжлалт анагаах ухаан коронавирусний эсрэг эмчилгээнд үр дүнтэй байгааг олон улсын судлаачид нотолсон. Тодруулбал, Хятадын уламжлалт эм бэлдмэл нь үрэвсэл, вирус, хууч өвчний эмчилгээнд үр дүнтэй байдаг тул коронавирусний халдвар авсан өвчтөнүүдэд уушгины тэжээлийг нэмэх, ханиалгыг багасгах, цэр арилгах, үрэвслийг багасгах зорилгоор уламжлалт эмийг хэрэглэж байна.
Шанхай хотын Фүдан болон Жяо Тун их сургуулийн эрдэмтдийн гарган авч буй рибонуклейн хүчлийн мессенжер /mRNA/ вакцины амьтан дээр хийсэн туршилтын дүн эерэг гарсан байна. Энэхүү вакцин нь вирусний уургийн хатгуурын нөлөөг саармагжуулж, улмаар ижил төрлийн хатгуур бүхий гадны биетийн нөлөөг эсэргүүцэх биеийн дархлааг өдөөдөг байна.
БНХАУ-ын Шэньжэньд төвтэй биотехнологийн BGI группын хийсэн шинэ төрлийн коронавирусийг илрүүлэх сорил нь БНСУ, ХБНГУ, Испани, Их Британи улсад хийсэн ижил төрлийн сорилтой харьцуулахад илүү өндөр мэдрэмжтэй байгаа талаар Нидерландын эрдэмтэд мэдэгдэв.