92263017 •
  Ерөнхий зохицуулагч
1800-1280 •
  Иргэдээс мэдээ мэдээлэл авах
92263535 •
  Төрийн болон албаны нууцтай   холбоотой мэдээ, мэдээлэл
ШИНЭ КОРОНАВИРУС (COVID-19)-ЫН ХАЛДВАРЫН ТАЛААРХ МЭДЭЭЛЭЛ

Нэг. Covid-19 вирусын халдварын талаарх ерөнхий нөхцөл байдал

Өнгөрсөн сарын 28-наас 03 дугаар сарын 02-ны 15:00 цагийн хооронд Шотланд, Чех, Армен, Доминикан, Ирланд, Люксембург, Катар, Эквадор Улсад коронавирусын халдвар шинээр бүртгэгдэж, БНСУ, Италид халдварын тархалт хурдацтай нэмэгдэж дэлхийн нийт 64 улсад бүртгэгдээд байна. Олон улсын хэмжээнд 03 дугаар сарын 02-ны өдрийн 15:00 цагийн байдлаар 89074 хүн халдвар авч, 3050 хүн амь насаа алдаад байна. Үүнийг сүүлийн 3 хоногтой харьцуулан үзвэл:

НҮБ-ын ЕНБД Антони Гутерреш 2020 оны 03 дугаар сарын 09-20-ны өдрүүдэд АНУ-ын Нью-Йорк хотноо зохион байгуулагдахаар төлөвлөж байсан “Жендерийн тэгш байдлыг дэмжих, эмэгтэйчүүдийг чадавхижуулах асуудал” сэдэвт олон улсын хуралдааныг хойшлуулахыг зөвлөв.

Цаг уурын ялгаатай нөхцөлд халдвар өөр байдлаар илэрч байгаа бөгөөд өнөөгийн байдлаар дэлхийн улс орнуудад коронавирусын эсрэг нийт 20 гаруй вакцины туршилт хийгдэж байна.

 

Хоёр. Covid-19 вирусын халдварын талаарх улс орнуудын нөхцөл байдал

 

БНСУ. Тус улсад халдвар авсан иргэдийн тоо огцом нэмэгдэж 03 дугаар сарын 02-ны 12:00 цагийн байдлаар 4212-д хүрч, 22 хүн нас бараад байна. БНСУ-ын Засгийн газар 02 дугаар сарын 29, 03 дугаар сарын 01-нийг шийдвэрлэх өдрүүд буюу “чухал мөч” хэмээн онцолж, иргэдээ гэрээс гарахгүй байхыг уриалж байсан.

БНСУ-ын Эрүүл мэндийн сайд “....хэдийгээр улсын хэмжээнд халдварын тархалт буурч байгаа ч эрсдэл өндөр хэвээр байгаа, харин өмнө төсөөлж байснаас Дэгүгээс бусад хэсэгт өвчин тархах эрсдэл буурсан...” гэжээ.

Тус улсад коронавирусын халдвараар өвдөн хэвтэн эмчлүүлээд 02 дугаар сарын 22-ны өдөр эдгэрэн эмнэлгээс гарч, гэртээ тусгаарлагдсан иргэн 2 дахь удаагаа өвдсөн нь батлагдав. Вирусын халдвартай өвчтөнүүдээс хамгийн залуу нь 45 хоногтой нярай байна. Түүний аав Шинчонжид сүмийн итгэгч аж.

Дэгү хотын Шинчонжи сүмийн итгэгчдийн 87 хувь вирусын халдвартай гарч байна. Харин БНСУ-д нийт халдвар авсан өвчтөнүүдийн 53 хувь нь Шинчонжи сүмтэй холбоотой байна. Шинчонжи сүмийн итгэгчид 1 дүгээр сард БНХАУ-ын Ухань хот руу аялаад ирсэн нь тогтоогджээ. Одоогийн байдлаар 81 улс БНСУ-аас ирэх зорчигчдод хориг тавиад байна.

 

Япон. Тус улсад 03 дугаар сарын 02-ноос эхлэн мөн сарыг дуустал сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг зогсоох шийдвэр гарсантай холбоотойгоор бага насны хүүхэдтэй эцэг, эхчүүдийг ажлаас нь чөлөөлж мөнгөн тэтгэмж олгох сан байгуулахаар төлөвлөж байна. Өнөөдрийн 15:00 цагийн байдлаар 256 хүн өвдөж, 6 хүн нас бараад байна.

Мөн Японы “Diamond Princess” хөлөг онгоцонд байсан Их Британийн 1 иргэн нас барснаар хөлөг дээр халдвар авсан иргэдийн үхлийн тохиолдол 7 болов.

Японы Олон нийтийн эрүүл мэндийн хүрээлэн болон судалгааны “Riken” хүрээлэн хамтран “Covid-19” вирусын шинжилгээний хариуг 10-30 минутад гарган авах технологийг амжилттай боловсруулснаа мэдэгдэв. Эрдэмтдийн хэлж байгаагаар энэ нь одоо хэрэглэж буй аргатай технологийн хувьд адил ч, хариу гарах хугацааг олон дахин багасгаснаараа ач холбогдолтой юм.

Түүнчлэн Япон Улсын Засгийн газраас коронавирусын халдварыг 30 минутад оношлох “PCR оношилгоо”-ны төхөөрөмжийг 03 дугаар сард багтааж нэвтрүүлэхээр ажиллаж байна. Гэвч энэхүү төхөөрөмжийн нэг бүрийн үнэ хэдэн сая иен болох төлөвтэй.   

Японы Ерөнхий сайд Ш.Абэ тус улсын Засгийн газрын Онцгой комиссын  2020 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн хуралдааны үеэр “ирэх 7-14 хоногийн хугацаанд шинэ төрлийн коронавирусын халдвар өргөн хүрээг хамарч тархахаас урьдчилан сэргийлж, тархалтыг зогсоож ажиллах нь нэн чухал байна. Олон нийтийг хамарсан соёл урлаг, биеийн тамир, спортын арга хэмжээг хоёр долоо хоногийн хугацаатай цуцлах, зохион байгуулах хугацааг нь хойшлуулах, хамрах хүрээг нь хумих зэрэг арга хэмжээ авахыг уриалж ажиллана” хэмээжээ.

Мөн тэрээр Японы Засгийн газар 02 дугаар сарын 27-ны өдрийн 00 цагаас эхлэн Япон Улсын хилээр нэвтрэхээс өмнөх 14 хоногийн хугацаанд БНСУ-ын Дэгү хот, Хойд Гёнсан мужийн Чёндү хотод зорчсон гадаад улсын иргэдийг хүндэтгэх шалтгаангүй нөхцөлд Япон Улсад нэвтрүүлэхийг хориглох арга хэмжээ авч ажиллахыг мэдэгдсэн.

Японы Олимпийн хороо, Японы Биеийн тамир, спортын холбооны ажлын алба байрлаж буй Токио хотын Шинжүкү дүүрэг дэх “Japan Sports Olympic Square”-р зочилсон нэг иргэн халдвар авсан нь 02 дугаар сарын 26-ны өдөр тогтоогдоод байна. Уг байгууламжид спортын хэд хэдэн баг, нийгэмлэг байрладаг аж. Японы эрх баригч Либерал Ардчилсан намын Ерөнхий хэргийн зөвлөлийн дарга Ш.Сүзүки “Коронавирусын халдварын тархалтын улмаас Токиогийн 2020 оны Олимп, Паралимпийн тоглолт цуцлагдах аваас Ерөнхий сайд Ш.Абэгийн Засгийн газарт улс төрийн хариуцлага тооцохыг олон нийтийн зүгээс шаардах болно” гэв.

JAL /Japan Air Lines/ компани коронавирусын дэгдэлтийн улмаас Японыг зорих БНСУ, Тайванийн жуулчдын тоо эрс багасаж байгаа тул 03 дугаар сарын 01-нээс эхлэн Ханэда-Сөүлийн чиглэлийн  өдөрт 3 удаагийн нислэгийг 2, Нарита-Бусан чиглэлийн 2 нислэгийг 1, Кансай-Тайпэй чиглэлийн долоо хоногийн 7 нислэгийг 03 дугаар сарын 05-наас эхлэн 4 болгож цөөлөхөөр төлөвлөөд байна. Ингэснээр JAL компанийн БНСУ руу 7 хоног бүр үйлддэг нислэгийн тоог 35-аас 21, Тайвань руу үйлддэг нислэгийн тоог 49-оос 46, Хонконг руу 14-өөс 7, Кансай-Шанхай чиглэлд 7-оос 3 хүртэл багасгаж, коронавирусын дэгдэлттэй холбогдуулан дээрх чиглэлд 7 хоног бүр нийт 98 тогтмол нислэг үйлддэг байсныг 34 болгож багасгах юм.

 

Иран. Тус улсад 03 дугаар сарын 02-ны 12:00 цагийн байдлаар 978 хүн халдвар авч 54 хүн нас бараад байна. Ираны Засгийн газрын хэвлэлийн төлөөлөгч 03 дугаар сарын дунд үеийг хүртэл шинэ коронавирусын халдварын тархалт эрс нэмэгдэх учир Эрүүл мэндийн яамнаас гаргаж буй заавар зөвлөгөөг дагах, шаардлагагүй тохиолдолд гэрээс гарахгүй байх зэрэг зөвлөмжийг иргэддээ өгч байна.

Ираны Дэд ерөнхийлөгч, Эрүүл мэндийн дэд сайд, парламентын 5 гишүүн халдвар авсан бөгөөд Засгийн газар, парламентын гишүүд тусгаарлагдсан тул Засгийн газар, парламентын үйл ажиллагаа зогсоод байна. Тус улсад коронавирустай өвчтөнүүд байсан эмнэлэгийг иргэд шатаасан хэрэг гарав. “Тэд нүгэлтэй учир өвчин туссан, нүгэлтнүүдийг гэсгээн цээрлүүлэх ёстой“ гэж шатаасан хүмүүс ярьсан байна.

АНУ коронавирусын халдвартай тэмцэхэд туслах саналыг Иран Улсад тавьсан талаар АНУ-ын ТНБД Майк Помпео Конгрессийн хуралдаан дээр мэдэгдсэн. Энэ тухай Ираны Гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч “АНУ манай улсад эдийн засгийн терроризм үзүүлэх байдлаар өргөн хэмжээний дарамт шахалт үзүүлж, тэр ч бүү хэл эмнэлэгийн тоног төхөөрөмж, эм хэрэгсэл худалдан авахыг хүртэл хааж боосон хэрнээ коронавирустай тэмцэхэд тусална гэж байгаа нь утгагүй, улс төр-сэтгэлзүйн тоглоом хийж буй хэрэг” гэж мэдэгдлээ. Харин БНХАУ-аас тусламж хүссэн бөгөөд Хятадын талаас эмч нарын бүлэг явуулахаар болоод байна.

 

Кувейт. Тус улсад шинэ төрлийн коронавирусын халдвар 46 болсонтой холбогдуулан тус улсын Иргэний агаарын тээврийн газраас БНСУ, Иран, Итали, Ирак Улс руу хийх нислэгүүдээ цуцлах, Засгийн газраас газрын тос экспортлохоос бусад төрлийн гадаадын усан онгоцнуудыг далайн боомтод нэвтрэхийг хориглох шийдвэр гаргаад байна. Мөн олон нийтийн цахим сүлжээгээр ард иргэдийг айдаст автуулах, эмх замбараагүй байдал бий болгож болзошгүй худал мэдээлэл тараасан иргэдэд захиргааны хариуцлага хүлээлгэх шийдвэр гаргасан. Коронавирусын тархалттай холбогдуулан Кувейт Улсын Засгийн газраас, цэцэрлэг, ерөнхий боловсрол, их, дээд сургуулийн амралтыг 2 долоо хоногоор (03 дугаар сарын 01-14) сунгах шийдвэрийг гаргав.

 

АНУ. Тус улсын Ореган мужид илэрсэн тохиолдол нь Вашингтон мужийн оршин суугч бөгөөд уг иргэн вирус дэгдсэн газар орон руу зорчоогүй, батлагдсан тохиолдолтой ойр буюу ямар нэг харилцаанд ороогүй бол Калифорни мужид илэрсэн тохиолдол мөн л ямар зам сувгаар халдвар авсан нь тодорхойгүй байна. Энэхүү нөхцөл байдал нь шинэ коронавирус нь олон төрлийн зам сувгаар дамжин халдварлаж буйг харуулж байна.

АНУ-ын “Модерна” /Moderna/ хэмээх эм үйлдвэрлэгч компани “mRNA-1273” нэртэй вакцин амжилттай гарган авч АНУ-ын Засгийн газрын халдварт өвчин судлалын төвд гардуулан өгсөн байна. Уг вакцины туршилтыг энэ оны 04 дүгээр сараас эхлэн сайн дураараа хамрагдах хүсэлтэй хүмүүс дээр нэмэлтээр эхлүүлэх аж. Туршилтын 1 дүгээр үе энэ оны 04 дүгээр сараас АНУ-д явагдаж 20-25 хүн хамруулж, коронавирусын эсрэг дархлаа үүсгэж байгаа эсэхийг нь шалгах бөгөөд үр дүн нь 07-08 сард гарах төлөвтэй байна. Хоёрдугаар шатны туршилтыг БНХАУ-д явуулахаар төлөвлөжээ.

АНУ-ын Халдварт өвчин судлалын Үндэсний төвийн захирал Энтони Фаучи коронавирусын тархалт 2021 он хүртэл үргэлжлэх магадлалтай, ард түмэн бэлэн байх ёстой гэж анхааруулсаар байна. Мөн Энтони Фаучи АНУ-ын эрх баригчидтай хийсэн хаалттай уулзалтын үеэр тус улсад коронавирусыг илрүүлэх шинжилгээний нөөц хангалттай биш байгаа гэдгийг сануулжээ.

АНУ-ын Хойд Калифорнид эмнэлгийн 2 ажилтан өвчний халдвар авсан нь тогтоогдсоноор тус улсад нийт 84 тохиолдол бүртгэгдэж, 2 хүн нас бараад байна. Мөн 02 дугаар сарын 29-ний өдөр Вашингтон мужид нас барсан анхны тохиолдол гарснаар уг муж онц байдал зарласан. Судлаачдын үзэж байгаагаар мужийн хэмжээнд вирус хэдэн долоо хоногийн хугацаанд тархаж, 1500 орчим хүнд халдварласан байх магадлалтай гэжээ. Тус улсын Засгийн газраас шинжилгээ хийх чадамжаа нэмэгдүүлэх арга хэмжээ авч байгааг мэдэгдсэн.

 

Европын орнуудад Өнөөдрийн 12:00 цагийн байдлаар Итали Улсад халдвар авсан хүний тоо 1.694 болж, 34 хүн амь насаа алдаад байна. Их Британид 13, Нидерландад 3, Францад 30, Испанид 26, Данид 1, Германд 51, Австрид 4, Хорватад 1, Израйльд 3 халдварын тохиолдол шинээр бүртгэгдэв.

Дэлхийн олон орноос маш их хүн ирдэг Францын Луврын музейн үйл ажиллагааг коронавирусын халдвар тарааж болзошгүй гэсэн үндэслэлээр зогсоогоод байна.

Англи Улс хүн хүч дутагдаж болзошгүй гэж үзэн тэтгэвэрт гарсан эмч нараа тодорхой хугацаанд дахин ажиллах санал тавиад байна.

Италийн Милан хотын “Luigi Sacco” эмнэлгийн захирал Массимо Гали шинэ коронавирусын халдвар, шинж тэмдгийг судлаад халдвар авсан Итали болон Хятад өвчтөнүүдийн вирусээс гаргаж авсан биетийг харьцуулан шинжлэхэд генетикийн ялгаанууд ажиглагдаж байгаа буюу Хятадад үүссэн коронавирусээс гаргаж авсан эсрэг биет Ромд халдварласан Хятад жуулчнаас гаргаж авсан эсрэг биетүүд Итали өвчтөнийхөөс ялгаатай байна гэжээ.

 

БНХАУ. Тус улсын Ляонин, Шаньши, Гуандун, Юньнань, Гансу, Гуйжоу мужийн эрсдэлийн зэргийг Бямба гаригт буюу 02 дугаар сарын 29-ний өдөр “өндөр” эрсдэлтэйгээс “бага” эрсдэлтэй буюу 1 дүгээр түвшин болгон бууруулав.

БНХАУ-ын Үндэсний эм судалгааны лаборатори 5 төрлийн вакцин гарган авсан бөгөөд 04 дүгээр сард клиник туршилтад оруулахаа мэдэгдээд байна. Мөн шинэ төрлийн оношлуур гарган авахаар ажиллаж байгаа бөгөөд туршилтын загвар нь 5 төрлийн амьсгалын замын халдварт өвчнийг 15 минутын дотор оношлох боломжтой ажээ.

Жөжяны Анагаахын их сургуулийн харьяа Нэгдүгээр эмнэлгийн судлаачид вирусын халдвар авсан 30 хүний нулимс болон нүдний салст бүрхэвчээс ялгарч буй шингэний дээж авч судлахад хүний салст бүрхүүлийн үрэвсэл бүхий нэг өвчтөнөөс авсан дээжээс шинэ төрлийн коронавирус илэрсэн байна. Үүнээс улбаалан судлаачид “Сovid-19” нүдээр дамжин халдварлах эрсдэлтэй байж болзошгүй хэмээн үзэж байгаа аж.

Хонконгийн засаг захиргаа ирэх долоо хоногоос иргэдийг ажилдаа орох үед нь ажилтан, албан хаагчдын амралт, цайны цагийг зөрүүлэх зэргээр нэг дор олноор цуглах, уулзахаас сэргийлэх арга хэмжээ авахаар төлөвлөж байна. Мөн Хонконгийн эмч нар иргэдийг амны хаалтаар хангах, БНХАУ-тай хилээ хаахыг шаардан жагсаж байна.

БНХАУ-ын Академич Жон Наншань “өвчний эх үүсвэрийг олохын тулд бид ганц Хятадыг биш, харин гадаад орнуудыг авч үзэх болно” гэж мэдэгджээ. Учир нь судалгааны баг Ухань хот дахь худалдааны төвд өвчний анхны тохиолдол илэрсэн гэж үзэхгүй байгаа ба өмнө нь тэр захад очиж байгаагүй хүмүүс халдвар авсан, мөн БНХАУ-д зорчиж байгаагүй гадаадын иргэд халдвар авсан зэргээс үзэхэд энэ вирус анх Хятадад үүсээгүй байх магадлалтай аж.

Хятадын эрдэмтэд “Covid-19” вирусын халдвар авч нас барсан хүнд хийсэн задлан шинжилгээний хариуг нийтэд зарлав. Задлан шинжилгээний дүнгээс үзвэл энэхүү вирус нь хүний уушгийг хамгийн их гэмтээдэг болохыг тогтоожээ. БНХАУ-д анх 85 настай эрэгтэй их хэмжээний тархины шигдээсийн улмаас эмнэлэгт хүргэгдэн ирсэн байна. Эмнэлэгт хүргэгдэх үедээ халуурсан, ханиалгасан шинж тэмдэг илрээгүй бөгөөд 10 хоногийн дараанаас хоолой загатнах, халуурах шинж илэрчээ. Компьютер томографийн шинжилгээгээр өвчтөний 2 элэг их гэмтсэн байжээ. Тухайн иргэн эмнэлэгт хэвтсэнээс хойш 13 хоногийн дараа “Covid-19” вирусын халдвар авсан нь тогтоогдож, 28 дахь хоногтоо амьсгалын дутагдлаас болж нас барсан байна. Судалгааны дүнгээс үзэхэд өвөрмөц үрэвслийн урвал амьсгалын замын болон уушгины цулцангийн гүн хэсэгт гэмтэл учруулж, коронавирусаас үүдэлтэй уушгины шинэ хэлбэрийн хатгалгаа болсон байна. Мөн “Covid-19”-н үед явагдах эмгэг процесс нь SARS, MERS-ийн хам шинжтэй маш төстэй бөгөөд уушгины үрэвсэл SARS-тай адил ноцтой биш байсан байна. “Covid-19” вирус уушгинаас бусад дотоод эрхтэнд халдварладаг эсэх нь одоогоор тодорхойгүй байгаа бөгөөд нас барсан хүний бусад эрхтэн өвчтэй байсан тул нэмэлт судалгаа хийгдэж байна.

БНХАУ-ын үйлдвэрлэл, үйлчилгээний салбар “Сovid-19” өвчний улмаас ихээхэн хохирол хүлээж байгаа бөгөөд 02 дугаар сард тус улсын борлуулалтын худалдан авагчдын индекс /БХАИ/ 1 дүгээр сараас 14.3 нэгжээр буурч 35.7 нэгжид хүрсэн байна. Ийнхүү дэлхийн хамгийн том үйлдвэрлэгч, экспортлогч улсын БХАИ буурсан нь тус улсын 2020 оны эдийн засгийн зорилтод томоохон сорилт болоод зогсохгүй дэлхийн эдийн засагт сөргөөр нөлөөлөхөөр байна.

БНХАУ-ын Хубэй мужийн Ухань хотын дэд дарга Шү Хунлань хөл хорио тогтоосноос хойш бараа бүтээгдэхүүний үнээ нэмсэн 339 тохиолдлыг шалгаж 298-д нь үнэ бууруулах үүрэг өгсөн бөгөөд Ухань хот дахин 1 сарын хүнсний нөөцтэй талаар мэдэгдээд байна. Мөн дараах 4 төрлийн арга хэмжээг авч хэрэгжүүлэхээр шийдвэрлэсэн байна:

  •  Томоохон хүнсний зах болон онлайн худалдааны сүлжээ дэлгүүрүүдэд үнийг бууруулж, иргэдэд ээлтэй болгох;
  •  Хотын захиргаанаас махны нөөцийг нэмэгдүүлж, зах зээлийн ханшаас 15 хувь бага үнээр борлуулах;
  •  Бага орлоготой иргэдийг 10 юанийн үнэ бүхий 5 кг хүнсний ногоогоор хангах ажлыг эрчимжүүлэх;
  •  Өргөн хэрэглээний барааны үнийг албаны эх сурвалжаас иргэдэд тогтмол мэдээлж байхаар болжээ.

БНХАУ-ын Засгийн газар гадаадын иргэдийг тус улсад нэвтрэх болон буцахад хүндрэл учруулахгүй байх, бизнесийн хэвийн үйл ажиллагааг дэмжих үүднээс дараах арга хэмжээг авахаар болсон байна:

  • Халдварт өвчний үед инноваци, хувийн бизнес эрхлэх, шинжлэх ухааны судалгаа хийх зорилгоор тус улсад буй гадаад иргэдийн виза болон оршин суух зөвшөөрөл дууссан нөхцөлд тэдгээрийг 2 сараар сунгах;
  • Хөрөнгө оруулалт, старт-ап бизнес, эсвэл худалдааны асуудлаар яаралтай БНХАУ-д зорчих шаардлагатай гадаадын иргэд нэвтэрч буй боомт дээрээс виза авах эсвэл урилгыг үндэслэн түр нэвтрэх зөвшөөрөл олгох;
  • Эмнэлгийн тусламж, эмийн судалгаа, хөгжүүлэлт, академик солилцоонд хамрагдаж буй гадаадын иргэд, эсвэл халдварын эсрэг ажилд оролцож буй иргэдэд 24 цагийн шуурхай, сертификатын үйлчилгээ үзүүлэх;
  • Халдварын эсрэг ажиллах гадаадын иргэдийн оршин суух зөвшөөрлийн хугацааг тэдгээрийн ажлаас хамаарч шуурхай сунгана. Өвчинтэй тэмцэхэд дэмжлэг үзүүлж сайн ажиллаж байгаа гадаадын иргэдийн БНХАУ-д байнга оршин суух зөвшөөрлийг сунгах асуудлыг шуурхай шийдвэрлэх;
  • Халдварын эсрэг материал хэрэгсэл, олон улсын экспорт, импортын бараа бүтээгдэхүүн болон хөдөө аж ахуйн шинэ бүтээгдэхүүнийг хилээр шуурхай оруулж, гаргах нөхцөлийг бүрдүүлэх;
  • Халдварын нөхцөл байдлаас хамааран орон нутгийн цагаачлалын албаны үйлчилгээ харилцан адилгүй байх бөгөөд эрсдэл багатай газар үйл ажиллагаагаа бүрэн сэргээх, дунд эрсдэлтэй газар үйл ажиллагаагаа хэсэгчлэн аажим сэргээх, өндөр эрсдэлтэй газар зөвхөн яаралтай асуудлыг шийдвэрлэх байдлаар ажиллах;
  • Оршин суугчид орж, гарах зөвшөөрлийн болон гадаадын иргэд виза, оршин суух зөвшөөрлийн хүсэлтээ цахимаар гаргах боломжтой аж.

 

ОХУ. Тус улсын Худалдаа аж үйлдвэрийн танхимын мэдээлснээр, коронавирусын тархалттай холбоотойгоор Оросын эмийн үйлдвэрүүдэд түүхий эд нийлүүлэгч Хятадын компаниуд үйл ажиллагаагаа зогсоосон тул антибиотик, халуун бууруулах болон бусад нэн шаардлагатай эм, бэлдмэл үйлдвэрлэгчид үйлдвэрлэлээ зогсоох эрсдэл үүсч болзошгүй байна.

ОХУ-д вирусын халдварын 2 тохиолдол (БНХАУ-ын иргэд) бүртгэгдсэн ба хоёул бүрэн эдгэрч эмнэлэгээс гарсан. Коронавирусын эсрэг эм, эмчилгээ одоо болтол тогтоогдоогүй бөгөөд дээрх иргэдэд хийсэн гол эмчилгээ нь энгийн ханиад, томуугийн үед хийгддэг эмчилгээ ба тэжээллэг хоол унд өгөх, биеийн эсэргүүцэл, дархлааг сайжруулах витаминууд байсан аж.

ОХУ-ын Хорио цээрийн албанаас иргэдээ гадаад улсад зорчихгүй байхыг уриалсаар байгаа бөгөөд одоогоор Итали Улсаас ОХУ-д ирж буй зорчигчдыг анхан шатны үзлэгээр өвчний шинж тэмдэг илрээгүй тохиолдолд тусгаарлах шаардлагагүй хэмээн мэдээллээ. Түүнчлэн Сахалин мужийн захиргаа Хоккайдо чиглэлийн нислэгийг хязгаарлах хүсэлтийг Засгийн газартаа тавиад байгаа аж. Тус улс 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөс хойш нийт 3 сая хүнийг коронавирусын үзлэг шинжилгээнд хамруулжээ.

Москва хотын 1 дүгээр эмнэлэгт тусгаарласан иргэдийн нэг нь “Covid-2019” вирусын халдвар авсан нь тогтоогдсон тухай мэдээлэл “Telegram” цахим хуудаст гарлаа. Коронавирусын нөхцөл байдалд мониторинг хийх, хяналт тавих шуурхай штаб “тус өвчтөнд иж бүрэн шинжилгээ хийж байгаа бөгөөд шинжилгээний хариу эцэслэн гараагүй байна” гэж мэдээллээ. Италийн Милан хотод зорчсон тус өвчтөнийг 6 хүний хамт тусгаарласан байсан ч сэжигтэй байдал илэрсэн тул тусгаарласан байна.

ОХУ-ын Засгийн газрын шийдвэрээр 2020 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 00:00 цагаас эхлэн тодорхой бус хугацаагаар ОХУ-БНСУ чиглэлийн агаарын хөдөлгөөнийг зогсоох болсныг мэдэгдлээ. ОХУ-ын “Аэрофлот” болон түүний охин “Аврора” компани БНСУ-д буй ОХУ-ын иргэдийг эх нутаг руу нь буцаах зорилгоор захиалгат нислэгүүдийг үйлдэх юм байна. “Аврора” компани нь зөвхөн “Сахалин-Сөүл-Сахалин” чиглэлийн нислэгийг үйлдэх аж. “Аэрофлот” компанийн нислэгээр Москва хотод газардсан зорчигчдыг тус хотын “Шереметьево” олон улсын онгоцны буудлын тусгай тоноглосон “F” терминалд хүлээн авч, онгоцны ариутгал болон зорчигчдын биеийн халуун болон бусад шинжилгээг авч, цааш нэвтрүүлэх болон дамжин өнгөрүүлнэ.

 

ТАГНУУЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

НИЙТЭЛСЭН: 2020-03-02 өдөр 16:04:0 цаг           ҮЗСЭН: 36714