92263017 •
  Ерөнхий зохицуулагч
1800-1280 •
  Иргэдээс мэдээ мэдээлэл авах
92263535 •
  Төрийн болон албаны нууцтай   холбоотой мэдээ, мэдээлэл
МОНГОЛ УЛС ТӨВИЙГ САХИСАН НУТАГ ДЭВСГЭР БИШ
"ТУСГААР ТОГТНОЛ" сэтгүүл 2019 №1 (45)
ТАГНУУЛ СУДЛАЛ

 

 

МОНГОЛ УЛС ТӨВИЙГ САХИСАН НУТАГ ДЭВСГЭР БИШ

Хураангуй: Энэхүү өгүүлэлд Монгол Улс төвийг сахисан нутаг дэвсгэр биш болохыг олон улсын эрхзүйн үүднээс тайлбарлаж, өмнө нь дэвшигдэж байсан байнга төвийг сахих  санаачилгыг няцаан тайлбарлахыг оролдсон болно. 

Түлхүүр үг: төвийг сахисан нутаг дэвсгэр, төвийг сахисан бүс, байнга төвийг сахих.

АНУ-БНАСАУ-ын удирдагчдын түүхэн уулзалт 5-6 дугаар саруудад анх удаагаа зохион байгуулагдах яриа хэлэлцээ албан ёсоор тодорхой болсонтой холбоотойгоор сайхь уулзалтыг Улаанбаатар хотноо зохион байгуулах боломжтой талаар янз бүрийн санал санаачилга гарч ирсэн нь зүй ёсны үйл явц мөн байсан билээ. Энэ бол боломжит олон хувилбаруудын нэг  байв.

Харин тэрхүү санаачилгаа Монгол Улс neutral territory буюу “төвийг сахисан нутаг дэвсгэр” учраас тийм уулзалтыг зохион байгуулах боломжтой гэсэн байдлаар тавьсан нь олон улсын эрх зүйн ямар ч үндэслэлгүй гэдгийг энд онцлон тэмдэглэмээр байна.

Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн зүгээс байнга төвийг сахих үзэл санаагаа тийнхүү дахин цухалзуулж байгаа бололтой. Тэрбээр  2018 оны 4 дүгээр сарын 23-нд өөрийн блогдоо бичсэн саналдаа дээрх байр сууриа дахин давтсан байна. Бид аливаа санал санаачилга гаргахдаа популист маягаар хандаж, twitter-ээр жиргэх шаардлагагүй болов уу.        

Зарим судлаачид, хэвлэл мэдээллийн хэрэгслүүд түүний араас Монгол Улсыг төвийг сахисан,  de facto төвийг сахисан улс хэмээн хэлж бичиж эхлэв.[1]

Түүгээр ч барахгүй Трамп-Ким Жон-ун нар 2018 оны 6 дугаар сарын 12-нд  Сингапурт уулзахаар тохиролцсоныг тус улс мөн “төвийг сахисан”  учир хэмээн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд бие биеэсээ хуулбарлан бичиж эхэлсэн билээ.[2]

Тэгвэл Сингапур улс ч төвийг сахисан улс биш гэдгийг зориуд цохон дурдаж байна. Сингапур нь Британийн хамтын нийгэмлэгийн 53 гишүүн улсуудын нэг, АПЕК, АСЕАН, АРФ-ын гишүүн, дэлхийн санхүү-худалдааны нэг том төв, өндөр хөгжсөн дэд бүтэцтэй, тансаг зэрэглэлийн үйлчилгээ үзүүлдэг, АНУ-ын Ази-Номхон далайн дахин тэнцвэржүүлэх бодлогод чухал байр суурь эзэлдэг, тиймээс ч АНУ-тай 2012 оноос жил бүр Стратегийн түншлэлийн яриа хэлэлцээг зохион байгуулдаг (Strategic Partnership Dialogue, SPD), 2017 оны 11 дүгээр сард АНУ-Сингапурын хамтарсан 6 дахь удаагийн (Exercise Forging Saber (XFS) цэргийн хээрийн сургууль болсон, Сингапур-Энэтхэгийн хамтарсан тэнгисийн цэргийн томоохон сургууль (SIMBEX) Өмнөд Хятадын тэнгист 1994 оноос хойш 24 дэх удаагаа зохион байгуулагдаад байгаа юм.

Монгол Улс төвийг сахисан нутаг дэвсгэр биш, төвийг сахисан орон ч биш гэдгийг юуны өмнө онцлон тэмдэглэе. Учир нь хөрш гүрнүүд хийгээд олон улсад Монгол Улс бол төвийг сахисан улс биш гэдгийг тайлбарлах шаардлага гарч ирж байна. Монгол Улсын Үндсэн хууль, Гадаад бодлого, Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал, Цөмийн зэвсгээс ангид Монгол Улсын хууль, Үндэсний аюулгүй байдлын тухай хууль, Цөмийн зэвсэггүй бүсийн статус, Монгол Улсын Төрийн цэргийн бодлогын үндэс, Батлан хамгаалах багц хуулиуд, Монгол Улс, ОХУ, БНХАУ-тай байгуулсан найрсаг харилцаа, хамтын ажиллагааны гэрээнүүд болон олон улстай байгуулсан бусад гэрээ, хэлэлцээрүүдэд Монгол Улс төвийг сахисан нутаг дэвсгэр, байнга төвийг сахисан, de facto төвийг сахисан улс гэсэн нэр томьёонууд огтоос байхгүй. Хуулийн заалт, олон улсын гэрээний заалтыг төсөөтэй хэрэглэж  болохгүй гэсэн эрх зүйн алтан зарчим байдаг.

Олон улсын эрх зүйд олон улсын гэрээгээр дайны талбар болгон ашиглахыг хориглосон дэглэм бүхий газар нутгийг neutral territory буюу “төвийг сахисан нутаг дэвсгэр” гэдэг.[3] Тиймээс төвийг сахисан нутаг дэвсгэр гэдэг нь бүрэн эрхт тусгаар тогтносон улсын нутаг дэвсгэр биш юм. Тэнд аль нэг улс дээд, бүрэн эрхээ хэрэгжүүлэхгүй. Төвийг сахисан нутаг дэвсгэрт тусгаар бүрэн эрхт улсын нутаг дэвсгэр, аль нэг улсын нутаг дэвсгэрийн хэсэг, колонийн нутаг дэвсгэр, /protectorate, suzerainty, vassal, мөн концессын нутаг дэвсгэр ч ордоггүй. 1888 оны 10 дугаар сард есөн гүрэн гарын үсэг зурсан Константинополийн конвенциар Суэцийн суваг, Үндэстнүүдийн Холбооны ивээл дор 1920 оны 2 дугаар сард Парист 14 гүрний гарын үсэг зурсан гэрээгээр Норвегийн Шпицбергений арлыг “төвийг сахисан нутаг дэвсгэр”  болгон зарласан байдаг.

1959 оны 12 дугаар сард Вашингтон хотноо 12 улс гарын үсэг зурсан олон улсын гэрээгээр Өмнөд туйл буюу Антарктикт цэрэг зэвсэггүй, төвийг сахисан олон улсын эрх зүйн онцгой дэглэм тогтоосон. Гэрээ ёсоор энд зөвхөн шинжлэх ухааны судалгаа хийхэд бүх улсад нээлттэй болсон билээ. Антарктик нь ямар нэг улсын бүрэн эрхээс ангид оршино. Мөн сар, сансрын уудам, далайн ёроол, түүний хэвлийг олон улсын гэрээгээр цэрэг зэвсэггүй болон төвийг сахисан нутаг дэвсгэр болгосон юм.

Олон улсын эрх зүйд neutral zone буюу “төвийг сахисан бүс” гэсэн ойлголт мөн байдаг.[4] XIX зуунд Нидерландын Нэгдсэн вант улс болон Пруссын дунд оршиж байсан “төвийг сахисан бүс” 1830 онд Бельгийн вант улс болсон түүхтэй. 1887 оны  дараа Тайланд болон Энэтхэг-Хятадын хойг дахь Францын колонийн дундах Меконг мөрнийн зүүн эргийг төвийг сахисан бүсээр нэрлэж байжээ. Саудын Араб-Иракийн дундах төвийг сахисан бүс 1981 онд албан ёсоор төгсгөл болсон байдаг. 

Байнга төвийг сахисан, эсвэл төвийг сахисан улс л энхийн зууч хийх боломжтой гэсэн ташаа ойлголт зарим хүмүүст байдаг. Норвеги бол НАТО-гийн гишүүн боловч дуулиан шуугиан болголгүй маш сайн энхийн зууч хэрэгжүүлдэг туршлагатай.

Швед, Финланд нь Трамп-Кимийн уулзалтыг зохион байгуулах  боломжтой улсуудын тоонд орж байсан. 1960-1970-аад онд Австрийн нийслэл Вена хотод  Зөвлөлт, Тайванийн  нууц уулзалтууд ч явагдаж байсан билээ. 

2017 оны 11 дүгээр сард Европын холбооны 23 орны Батлан хамгаалахын сайд нар АНУ-ын тэргүүлсэн НАТО-гаас тусдаа Холбооны гишүүн орнуудын  зэвсэгт хүчнийг интеграцчлах үндсэн дээр нэгдсэн бүтэц буй болгох гэрээнд гарын үсэг зурсан. Ийнхүү Европын холбоо улс төр-эдийн засгийн интеграци төдийгүй нэгдсэн армитай цэргийн эвсэл болох чиглэлд том алхам хийснээр Швед, Австри, Финландын статус ч өөрчлөгдөх төлөвтэй болов.[5]

Globalization, digitization эргэлт буцалтгүй болсон эрин үед гадаад бодлого, аюулгүй байдлын асуудалд XIX зууны үеэ өнгөрөөсөн дангаарших, зожигрох сэтгэлгээгээр хандах нь явуургүй юм. ХХI зуунд төвийг сахих тухай ярьж хэлж байгаа Монголоос өөр нэгээхэн бээр ч улс гүрэн байхгүй болой.

Монгол Улсын байнга төвийн санаачилга нь гадаад бодлогын шинэ парадигм болж чадахгүй гэдгийг юуны өмнө дахин тэмдэглэмээр байна. Монгол Улс байнга төвийг сахиж үл болох зарим учир шалтгааны талаар зохиогч байр сууриа урьд нь олон удаа илэрхийлж байсан болно.[6] Монгол Улсын байнга төвийг сахих гадаад бодлогын санаачилга нь олон тулгуурт гадаад бодлогын зарчимтэй шууд зөрчилддөг.

2016 оны 7 дугаар сард зохиогдсон АСЕМ-ын дээд түвшний 11 дэх удаагийн Улаанбаатарын дээд уулзалтыг даргалж байсан Монгол Улс байнга төвийг сахих санаачилгаа дэмжүүлж чадаагүй. Монгол Улсын байнга төвийг сахих санаачилгыг Дээд уулзалтын хурал даргалагчийн (Ц.Элбэгдорж) мэдэгдлийн төсөлд: “... Итгэлцлийг бэхжүүлэх, зуучлах олон улсын хамтын нийгэмлэгийн хүчин чармайлтад хувь нэмэр оруулахаар гаргаж буй байнга төвийг сахих санаачилга дахь Монгол Улсын хүчин чармайлтыг сайшааж байна” [7] гэсэн байдлаар оруулжээ. Харин дээд уулзалтын 2 дахь өдрийн үдээс хойшхи төгсгөлийн хуралдаанаар эцэлж, батлан гаргасан Хурал даргалагчийн мэдэгдэлд: “Тэд итгэлцлийг бэхжүүлэх арга хэмжээ нь энхтайван, тогтвортой байдлыг хангах үйлсэд чухал хувь нэмэр оруулж буйг тэмдэглэж, үүнтэй холбоотойгоор төвийг сахисан улс орнуудын хүч чармайлтыг ч мөн дурдав”[8] гэсэн байдлаар өөрчлөгдөн гарсан билээ. Эндээс харахад, АСЕМ-ын дээд түвшний Улаанбаатарын уулзалтаар ч Монгол Улс байнга төвийг сахих санаачилгаа дэмжүүлж чадсангүй гэсэн дүгнэлтэд хүргэсэн. Тус чуулганд ОХУ-ын Засгийн газрын тэргүүн Д.Медведев, БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көцян, Японы Ерөнхий сайд Шинзо Абэ, БНСУ-ын Ерөнхийлөгч асан Пак Гын-хэ, Энэтхэгийн Дэд Ерөнхийлөгч Мохаммад Хамид Ансари, Европын холбооны Зөвлөлийн Ерөнхийлөгч Дональд Туск, Европын холбооны комиссын Ерөнхийлөгч  Жан Клауд Юнкер, Европын холбооны Аюулгүй байдал, гадаад бодлогын Дээд төлөөлөгч Федерика Могерини зэрэг нөлөө бүхий зүтгэлтнүүд оролцсоныг онцлон дурдах хэрэгтэй.      

Харин Монгол Улс АСЕМ-Улаанбаатарын дээд уулзалтаар ОХУ, Монгол Улс, БНХАУ-ын гурван талт уулзалт, “гуравдагч хөрш”-ийн бодлого, цөмийн зэвсэггүй бүсийн статус, ШХАБ-ын талаар нэлээд сайн  ярьж, тайлбарлаж дэмжлэг авах ёстой байсан юм. Гэтэл энэ талаар ганц үг ч ган хийгээгүй юм. Энэ бол 100 жилд тохиох түүхэн боломжийг алдсан гэсэн үг. Учир нь АСЕМ-ын 51 гишүүн, хоёр байгууллага болох ЕХ, АСЕАН-аас бүрдсэн энэ байгууллагын дээд чуулган буюу саммит нь Ази-Европт 2 жил тутамд ээлжлэн зохион байгуулагддагт  оршино.

Өөр нэг зүйлийг дурвал: Монгол Улсын байнга төвийг сахих санаачилгыг АНУ-ын заавраар хийгдэж буй үйлдэл байж магад хэмээн болгоомжилсон дүгнэлт бодол, санал 2016 оны 8 дугаар сард зохиогдсон ОУМЭ-ий XI их хурлын үеэр өмнөд хөршийн төлөөлөгчдийн тавьсан илтгэлд хийх хандлага ажиглагдаж байсан нь анхаарах асуудал мөн.[9] Гэтэл АНУ-ын байр суурь тэс өмнөө байсан юм.

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Жон Керри 2016 оны 6 дугаар сарын 5-нд Монголд Улсад нэг өдрийн айлчлал хийсэн билээ. АНУ Монгол Улсыг ардчилал, хүний эрх харьцангуй хязгаарлагдмал, чөлөөт хэвлэл хяналттай, авторитар дэглэмтэй хоёр хөршид нь Монголоор байнга үлгэр жишээ үзүүлэхийн тулд, “ардчилалын баянбүрд” (oasis of democracy)[10] хэмээн онцолдог нь Монгол Улс ардчилалын оройд гарчихсан гэсэн үг биш нь мэдээж. Жон Керри айлчлалын үеэр Шангри-Ла зочид буудалд монголын залуу манлайлагч нарын төлөөлөлтэй уулзаж харилцан ярилцсан нь анхаарал татсан юм. Ярилцлагын үеэр залуус Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн санаачилсан Монгол Улс байнга төвийг сахих бодлогын тухайд  АНУ-ын санаа бодол ямар байгааг сонирхжээ. Жон Керри хариулахдаа: “Тийм ээ, төвийг сахина гэж чухам юуг хэлж байгаагаас хамаарна. Өөрөөр хэлбэл, юуны учир, ямар зүйлийн талаар та төвийг сахих вэ? гэдгээс л хамаарна гэсэн үг юм. Хүний эрхийн талаар би та бүгдийг битгий төвийг сахиасай гэж хүсэх байна. Ардчиллын  тухайд би та бүхнийг битгий төвийг сахиасай гэж  хүсч байна. Гэхдээ, хэрэв та бүхэн хэсэг бүлэг улс хоорондын тодорхой сөргөлдөөний тухайд төвийг сахих гэж байгаа бол хүний гараар могой бариулах маягийн зарим нэг зүйл рүү чирэгдэн орох шаардлагагүй. Энэ нь төвийг сахих гэж чухам юуг хэлэхээс хамаарна. Миний бодлоор хэн байсан билээ дээ? Данте (Дундад зууны үеийн Италийн гүн ухаанч, яруу найрагчийг хэлсэн болов уу Д.У) бичиж байсан шиг санагдаж байна. Аугаа их ёс суртахууны хямралын үед гол нь төвийг сахиж  амиа хойхоолоод тээнэгэлзэн суусан тэдгээр хүмүүс тамын тогооны хамгийн халуун бугшсан ангал руу ордог тухай өгүүлсэн байдаг. Зөв биз? Өнөөдөр та бүхэн тамд итгэхгүй байж болно, та бүхэн диваажинд итгэхгүй байж болно, ер нь юунд ч итгэхгүй байж болно. Харин цэвэр ёс суртахууны асуудлуудын үүднээс авч үзвэл та бүхэн ёс суртахууны луужинтай байх хэрэгтэй нь ойлгомжтой  болов уу. Тиймээс хэрэв та ёс суртахууны луужингаа алдвал та бүхэн улс орноо алдана, та эдлэх эрхээ алдана, та эрх чөлөөгөө алдах хамгийн их эрсдэлтэй. Учир иймээс хаана төвийг сахих, төвийг сахихыг хэрхэн ойлгож тодорхойлохоос үүдэн болгоомжтой хандаасай гэж хэлмээр байна.

Бас нэг жишээг та бүхэнд товч хэлье. Асад Сирид ард түмнийхээ талаар явуулж буй үйлдлийг хараад ямар ч улс төвийг сахина гэж би бодохгүй байна. Энэ бол нэг жишээ юм. Төрлөөр устгахын тухайд ч хэн ч төвийг сахиж чадахгүй байх гэж бодож байна. Цэрэгжсэн хүүхдүүдийн тухайд ч хэн нэгэн төвийг сахиж чадахгүй. Хүний наймааны тухайд ч мөн адил хэн ч төвийг сахиж чадахгүй болов уу. Үүнийг л би ёс суртахууны луужин баримжаа гээд байгаа юм шүү дээ. Эдгээр зүйлсийн тухайд ямар нэг мэдрэмж төрөх нь хүний ухамсрын зүй ёсны хэрэгцээ шаардлага байхад эдгээр зүй бус үйлдлүүдийн талаар санаа бодлоо илэрхийлэхгүй, ёс суртахууны луужин баримжаагаа барихгүй харин ч холдуулаад амьдралдаа зүгээр л мөрөө хөөгөөд явж болохгүй биздээ”[11] гэснээс тодорхой харагдаж байгаа юм.

Солонгосын хойгийн хурацдмал байдлыг шийдвэрлэхэд Монгол Улс тодорхой үүрэг гүйцэтгэх боломжтой гэж үздэг.

Монгол Улс нутаг дэвсгэрээ цөмийн зэвсэггүй бүс хэмээн зарлаж, 2012 оны 9 дүгээр сард цөмийн зэвсгээс ангид статусаа НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн Р5-аар баталгаажуулах чиглэлд загвар болохуйц анхны гэж хэлж болохуйц туршлага хуримтлуусан бөгөөд энэ нь Солонгосын хойгийг цөмийн зэвсэггүй бүс болгох үйл хэрэгт чухал парадигм болох талтайг үгүйсгэж үл болмой.[12]

2013 оны 10 дугаар сард Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж БНАСАУ-д албан ёсны айлчлал хийх үеэр тус улсын шинэ удирдагч Ким Жон-унтэй уулзана гэж мэдээлж байсан хэдий ч уулзаж чадаагүй нь олон улсын анхаарал татаж байсан билээ.

Монгол Улс байнга төвийг сахих санаачилга дэвшүүлээгүй байсан 2014 оны 5 дугаар сард АНУ, БНАСАУ-ын төлөөлөгчдийн 1.5 дугаар сувгийн дипломат  уулзалтыг Улаанбаатар хотноо амжилттай зохион байгуулж, БНАСАУ-ын цөмийн асуудлыг хэлэлцэж байсан билээ. Дурдсан уулзалтад БНАСАУ-ын Гадаад хэргийн дэд сайд бөгөөд зургаан талт хэлэлцээний асуудал хариуцсан тусгай төлөөлөгч,  одоогийн БНАСАУ-ын Гадаад хэргийн сайд Ри Ён-хо Зэвсэглэлийг хорогдуулах судалгааны хүрээлэнгийн зөвлөх гэсэн албан ёсны бус статустай, АНУ-ын талаас Төрийн департаментын БНАСАУ-ын асуудал хариуцсан төлөөлөгч асан Жонс Хопкинсийн их сургуулийн Олон улсын харилцааны ахисан түвшний сургуулийн солонгосын асуудал судлаач Жоел С.Вит (Joel S.Wit) тэргүүтэй төлөөлөгчид оролцож байсан юм.[13]

2018 оны 3 дугаар сарын 16-нд Монгол Улсын Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга З.Энхболд Монгол Улс Зүүн хойд азийн энхтайван, тогтвортой байдлыг бэхжүүлэхэд чиглэсэн аливаа санал, санаачилгыг тууштай дэмжиж ирсэн бөгөөд БНАСАУ, БНСУ-ын хооронд дээд түвшний уулзалт хийхээр болсонд баяртай байгаагаа илэрхийлж, мөн БНАСАУ болон АНУ-тай найрсаг харилцаатай цөөхөн орнуудын нэг мөнийн хувьд тус улсуудын хооронд хийхээр яригдаж буй дээд түвшний уулзалтыг Монгол Улсад зохион байгуулах боломжтой гэдгээ төвийг сахих байр суурьтай огт холбогдолгүйгээр албан ёсоор уламжилсан нь зөв зүйтэй байр суурь байв. Монголын санал хэрэгжих, эс хэрэгжихээс үл хамаараад бид идэвхтэй, нээлттэй гадаад бодлого явуулж, байр сууриа тодорхой илэрхийлж байх хэрэгтэй нь ойлгомжтой.

2017 оны намар шинээр зохион байгуулагдсан Үндэсний аюулгүй байдлын Нарийн бичгийн даргын газар 2015 оны 9 дүгээр сард баталсан  “Монгол Улс байнга төвийг сахих санаачилгыг дэмжсэн зөвлөмжийг 2018 оны 2 дугаар сард хүчингүй болгосон нь Монгол Улсын үндэсний язгуур эрх ашигт нийцсэн зөв зүйтэй шийдвэр болсон билээ.

Монголд нэжгээд удаа ирж УИХ болон Ерөнхийлөгчийн сонгуулийн үйл явцыг ажиглаж байсан Канадын Бритиш Колумбын их сургуулийн Азийн судалгааны институцийн судлаач профессор Жюльян Дайеркeс (Julian Dierkes) Монгол Улсын байнга төвийг сахих санаачилгыг “New Star in the Firmament of Mongolian Foreign Policy?” буюу “Монгол Улсын гадаад бодлогын Тэнгэрт ассан Шинэ од” хэмээн зүйрлэж, энэ нь энхийг эрхэмлэсэн, нээлттэй гадаад бодлоготой нь зөрчилдөж байгааг тэмдэглээд дурдсан санаачилгыг Ц.Элбэгдоржийн ирээдүйн албан тушаалын амбицтай нь холбон тайлбарлаж бичсэн байдаг.[14]

Бид цаашид үндэсний аюулгүй байдалд ноцтой сөрөг нөлөө үзүүлж болох байсан Монгол Улс байнга төвийг сахих санаачилга дэвшүүлэх болсон субьектив учир шалтгааныг судлан гаргах шаардлага буй.

Харилцан хамаарал гүнзгийрч, даяаршлын үйл явц биднээс шалтгаалахгүй эрчимтэй гүнзгийрч буй өнөөд үед түншлэл, холбоотны харилцаагүй, гадны тусламж дэмжлэггүй, бие даан хөгжих, үндэсний аюулгүй байдлаа хангах боломжгүй.

Өнөөдөр байнга төвийг сахих статусаа Үндсэн хуулиндаа суулгасан авторитар дэглэм бүхий Туркменистан улс дэлхий нийтийн хөгжлөөс тусгаарлагдаж, эдийн засаг, нийгмийн хөгжил нь ноцтой доголдож, иргэд нь гадаадад дүрвэж, батлан хамгаалах хүч чадал нь үлэмж суларсаар  байгааг харж байгаа билээ.

Бид олон улсын харилцааны олон туйлт дэлхийн шинэ дэг тогтолцоонд дасан зохицож, урагш алхахаас бус түүнээс зугтааж байнга төвийг сахин сууж, хойш алхаж үл болмой.                                                                             

Байнга төвийг сахих гадаад бодлого нь зөвхөн дайн, энхийн асуудал, их гүрнүүдийн аюулгүй байдлын бодлого, дарамт шахалт, нөлөөллийн бодлоготой холбогдолтойгоор шууд үүдэн гарч ирсэн байдгийг бид анхаарах ёстой.

Монгол Улс байнга төвийг сахих тухай хууль санаачлан боловсруулж, энэ талаар Монгол Улсын Үндэсний аюулгүй байдал, Гадаад бодлогын үзэл баримтлалд өөрчлөлт оруулж, түүнийгээ хөрш хоёр гүрэн болон олон улсад ухуулан ойлгуулах гэж хичээж байсан нь үндэсний аюулгүй байдалд алсдаа таатай биш нөлөө үзүүлэхээр байсныг тэмдэглэе. Гадаад бодлогыг хуулиар зохицуулдаггүй. Учир нь тухайн улсын хууль тухайн улсын нутаг дэвсгэр дээр л хүчин төгөлдөр үйлчилдэг. Тэгвэл гадаад бодлого нь олон улсын харилцаа, их гүрнүүдийн бодлого, байр суурь, хүчний хуваарилалт, геополитикийн орчны өөрчлөлтөөс шууд хамаардаг. Монгол Улс “байнга төвийг сахих” тухай ойлголтыг өөрсдийн хуулиар тайлбарлаад олон улсын эрх зүйд нэгэнт тогтсон заншлын хэм хэмжээг өөрчилж үл чадна. Хамгийн гол нь байнга төвийг сахих статус нь олон улсын харилцаа, дэлхийн хөгжлийн чиг хандлага биш болсоор удаж байгаад оршино. Өнгөрсөн хугацаанд Монгол Улс байнга төвийг сахиснаар жинхэнэ утгаараа өөрийн толгойтой болж байгаа, гадаад бодлого жинхэнэ ёсоор хэлбэржиж байгаа юм шигээр тайлбарлаж бичиж байсан нь ихээхэн төөрөгдөл байсныг мөнхүү дахин тэмдэглэмээр байна.

Гадаад бодлогыг хэлбэржүүлэх тухай олон улсын харилцааны онолын ойлголт гэж байдаггүй. Монгол Улсын гадаад бодлогын зорилго, зорилт, зарчим, тэргүүлэх чиглэл хийгээд “гуравдагч хөрш”-ийн бодлого, бусад чиглэл, нэгдмэл байдлыг хадгалж, залгамж чанарыг хангах зэрэг өргөн хүрээтэй асуудлууд үзэл баримтлалд зангигдаж тусгагдсан. Одоогийн Монгол Улсын гадаад бодлого “хэлбэржээгүй” биш, харин ч маш сайн “хэлбэржсэн” гадаад бодлого мөн. Тэр нь үндэсний язгуур эрх ашгийг дээдэлж, нээлттэй, энхийг эрхэмлэсэн, олон тулгуурт, эвсэлд үл нэгдсэн, ардчилалын үнэт зүйлийг эрхэмлэсэн, олон улсын эрх зүйн нийтлэг хэм хэмжээ, зарчмыг баримталсан, бие даасан гадаад бодлого болно.

Ном зүй

Монгол Улсын Үндсэн хууль. УБ., 1992

Цөмийн зэвсгээс ангид байх тухай Монгол Улсын хууль. УБ., 2000

Дипломат албаны тухай Монгол Улсын хууль. УБ., 2000

Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал. УБ., 2010

Монгол Улсын Гадаад бодлогын үзэл баримтлал. УБ., 2011

Монгол Улс, ОХУ-ын Найрсаг харилцаа, хамтын ажиллагааны гэрээ. Москва., 1993

Монгол Улс, БНХАУ-ын Найрсаг харилцаа, хамтын ажиллагааны гэрээ. УБ., 1994

Монгол Улс байнга төвийг үл сахих нь. Өгүүллийн эмхтгэл. ХИС, ОУХНСС. УБ., 2016



[1] Julian Dierkes and Mendee Jargalsaikhan. “8 Reasons Why Mongolia’s Capital Ulaanbaatar Might Be The Place for a Trump-Kim Summit”-The Diplomat. March 10, 2018 https://thediplomat.com/2018/03/8-reasons-why-mongolias-capital-ulaanbaatar-might-be-the-place-for-a-trump-kim-summit/

С.Баясгалан: “Хойд Солонгос, АНУ уулзалтаа Монголд “тоож” зохион байгуулах уу? гэдэг бол эхний асуудал” 2018.03.13, ikon.mn

[2] Ankit Panda. “June 12 in Singapore Time and Place of TrumpKim Summit Set”. The Diplomat. May 11, 2018 Karishma Vaswani. “Why North Korea’s Kim Jong-un feels comfortable with Singapore”. BBC News. May 11, 2018

[3] Международное право: Учебник (Отв. ред. Ю.М.Колосов, В.И. Кузнецов.-Дипломатическая академия, МГИМО, МИД РФ, Международные отношения. М.:1996, с. 68

[4] Oppenheim’s International Law. Ninth Edition. Volume I, Part 2, 1992, рр. 92

[5] Jill Petzinger. The EU has signed a deal to integrate 23 armies. 20 Nov.  2017 https://www.weforum.org/agenda/2017/11/the-eu-has-signed-a-deal-to-integrate-23-armies

[6] Д.Уламбаяр. “Байнга төвийг сД.Уламбаяр. “Байнга тєвийг сахих їйл ба Монгол Улсын гадаад бодлогын сорилт” - Монгол Улс байнга тєвийг їл сахих нь. УБ.: 2016, т. 3-34, Д.Уламбаяр. “Олон туйлт дэлхийн шинэ дэг журамд дасан зохицох нь буюу байнга тєвийг їл сахих учир шалтгаан” - “Зууны мэдээ” сонин, 2016.05.120, №93 (5279) Д.Уламбаяр. “Монгол Улс байнга тєвийг сахих Ерєнхийлєгчийн санаачилга, хоёр хєршийн хандлага”-“ОХУ, БНХАУ-2015” судалгааны уулзалтын эмхтгэл. УБ.: 2016, т. 57-71

[7] 11th ASEM Summit “20 Year of ASEM5 Partnership for the Future through Connectivity”.  CHAIR’S STATEMENT. Draft. Brussels, 5 July 2016 10689/16, p. 21

[8] АСЕМ-ын дээд тївшний 11 дэх удаагийн уулзалт. “АСЕМ-ын 20 жил: Уялдаа холбоогоор єртєєлєн ирээдїйн тїншлэлийн тєлєє” УБ.: 2016, т. 9

[9] Na Lin. “Mongolia’s “Permanent Neutrality” Policy and Influence on China”-Монгол Улсын Ерєнхийлєгч Ц.Элбэгдоржийн ивээл дор “Тогтвортой хєгжил ба Монгол судлал” сэдэвт олон улсын монголч эрдэмтдийн их хурал. Илтгэлийн товчлолууд. УБ.: 2016, pp.232-233, “Монгол Улсын “Байнга тєвийг сахих” бодлого хийгээд тїїний Хятад улсад їзїїлэх нєлєє”-дэлгэрэнгїй єгїїлэл-“Pax Mongolica” сэтгїїл,  ШУА-ийн ОУХХ. Vol.2 2016 №3 (4) 106-115 дахь тал, Л.Тїмэнцэцэг. “Монгол Улсын “Байнга тєвийг сахих” бодлого, тїїний Хятад, Монголын харилцаанд їзїїлэх нєлєєг товч єгїїлэх нь”-“Олон улсын харилцаа” сэтгїїл. МУИС, ОУХНУС. 2016 №1/32 (458), т. 7-13

[10] “US Secretary of State John Kerry hails Mongolia as “oasis of democracy” in tough neighbourhood”-The Straits Times. Asia. June 5, 2016

[11] Secretary Kerry’s Conversation With Young Leaders, Remarks John Kerry Secretary of State,  Shangri La Hotel, Ulaanbaatar.:  Mongolia, June 5, 2016,  Embassy of the US, Ulaanbaatar.: Mongolia

[12] Урианхан Ж.Энхсайхан. Монголын цємийн ирээдїй... УБ.: 2015, т. 67-89

[13] “Track 1.5” US-N. Korea talks being held in Mongolia by Park Hyun, Washington correspondent and Gil Yun-hyung, Tokyo correspondent. The Hankyoreh. May 22, 2017

[14] Julian Dierkes. “Is Permanent Neutrality a New Star in the Firmament of Mongolian Foreign Policy?” “Mongolia Focus” October 8 2015

НИЙТЭЛСЭН: 2019-11-22 өдөр 16:58:2 цаг           ҮЗСЭН: 94