92263017 •
  Ерөнхий зохицуулагч
1800-1280 •
  Иргэдээс мэдээ мэдээлэл авах
92263535 •
  Төрийн болон албаны нууцтай   холбоотой мэдээ, мэдээлэл
БАНКНЫ САЛБАР ДАХЬ ГАДААДЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫГ ЗОХИЦУУЛАХ ТУРШЛАГА, СУРГАМЖ
"ТУСГААР ТОГТНОЛ" сэтгүүл 2019 №1 (45)
ТАГНУУЛ СУДЛАЛ

 

 

БАНКНЫ САЛБАР ДАХЬ ГАДААДЫН ХӨРӨНГӨ
ОРУУЛАЛТЫГ ЗОХИЦУУЛАХ ТУРШЛАГА, СУРГАМЖ
 

Эдүгээ дэлхийн дийлэнх оронд гадаадын банкны үйл ажиллагааны зохицуулалтыг тухайлсан зохистой харьцааны шалгуур үзүүлэлтүүд болон банкны зах зээл дэх үндэсний болон гадаадын банкны тэнцвэрийг тодорхой хэмжээгээр хангах, сул буюу бүрэн хөгжөөгүй үндэсний банкны зах зээлийн хэсэгт орох гадаадын хөрөнгө оруулалтыг зөвшөөрөх, “бохир” мөнгө шилжүүлэх сувгийг хаахуйц хоёр талт болон олон талт олон улсын зохицуулалт тохиролцоогоор хэрэгжүүлж байна.

Үндэсний банкны системд гадаадын хөрөнгө оруулалт орсон нөхцөлд тэдгээрийн үйл ажиллагааг зохицуулах, хяналт тавих асуудлыг А.М.Михайлов, Р.И.Хансевяров, Е.С.Кудакова1, А.С.Лишунин2, О.В.Хмыз3 нар шинжилсэн байна. Мөн гадаадын хөрөнгө оруулалттай банкны үйл ажиллагааг зохицуулах арга зүйн үндсийг А.В.Козырев4 гүнзгийрүүлэн шинжилсэн байдаг.

Гадаадын банкны нэвтрэлтийг тусгайлан хязгаарлаагүй орнуудад ч тусгай зөвшөөрөл хүссэн гадаадын банкийг үүсгэн байгуулагч хэд хэдэн шаардлагыг хангасан байх ёстой бөгөөд гадаадын этгээд үндэсний банкны хувь нийлүүлсэн хөрөнгө худалдан авахад нэгдэн нийлэх, нэгтгэх тухай болон шударга өрсөлдөөний тухай хууль тогтоомжоор зохицуулдаг. Түүнчлэн тухайн ганцаарчилсан тохиолдолд лиценз олгодог дэглэмтэй орнууд эдийн засгийн тогтвортой байдал, үндэсний аюулгүй байдлын эрх ашгаа харгалзан асуудлыг шийддэг эрхтэй байна.

Үүнээс гадна, төр засгийн болон орон нутгийн эрх бүхий байгууллагууд тухайн улсын ашиг сонирхолд харш гэж үзвэл үндэсний банкуудыг гадаадын хяналтад шилжүүлэхийг хориглох эрхтэй. Банк санхүүгийн шинэ байгууллагыг байгуулахад тусгай зөвшөөрөл олгох эсэхийг үүсгэн байгуулагчийн гарал үүслийн улс орноос хамааруулж шийдэх практикийг ОХУ хэрэгжүүлдэг.

Олон улс оронд оршин суугч бус гадаадын этгээдийг банкны салбартаа нэвтрүүлэхийг хязгаарлахын тулд:

Тусгай зөвшөөрөл олгохыг хүссэн олон тооны, нарийвчилсан өргөдөл мэдүүлэг;

Тусгай зөвшөөрөл олгох олон шат дамжлагатай нүсэр процедур;

Удирдлага болон ажилтан албан хаагчдын ур чадвар, үйл ажиллагааны бүтэц, үүсгэн байгуулагчдын санхүүгийн нэр хүнд зэрэгт тавьсан илт хатуу стандарт, шалгуур;

Үйл ажиллагаанд тавих зохицуулалтын илэрхий хүнд суртлын механизмын бий болгох зэргийг зориудаар ашигладаг. Энэ бүхэн албан ёсны хязгаарлалтаас илүү чухал хязгаарлагч хүчин зүйл болдог.

Хүлээн авагч эдийн засгийн хувьд гадаадын банкны үзүүлэх нөлөө эерэг болон сөрөг аль аль нь байж болно. Улс орны үндэсний банк санхүүгийн систем хэдий хэр өндөр хөгжилтэй бөгөөд банкны үйл ажиллагааг зохицуулалтын механизм илүү нарийн төлөвшсөн байна, эерэг нөлөө нь төдийчинээ их байна. Өрсөлдөөн нэмэгдэх, туршлага шилжүүлэн авах, гадаадын хөрөнгө оруулалтын урсгалыг дэмжих гэсэн гурван үндэслэлээр гадаадын банкийг оруулах либерал дэглэмийг дэмжигчид маргадаг. Гэхдээ хуучин социалист системийн хөгжиж буй орнуудын хувьд гадаадын хүчирхэг банктай өрсөлдөх нь сүйрлийн үр дагаврыг авчирч болзошгүй. Үндэсний банкууд хэрээс хэтэрсэн эрсдэл үүрэхэд хүрч, зах зээлийн хэмжээ, ашигт ажиллагааны хувьд алдагдалтай хэсэгт шахагдаж, улмаар дампуурах, эсхүл гадаадын хяналтад шилжих аюултай. Унгар, Польш, Чех улсад ийм үйл явц ажиглагдсан.

Банкны салбар дахь гадаадын хөрөнгө оруулалт хязгаарлагдмал тооны улс орны хүрээнд төвлөрснөөр банкны системийн нэг орноос хамаарах хамаарал нэмэгдэх аюул бий. Энэ нь эдийн засгийн аюулгүй байдал, үндэсний эрх ашигтай шууд холбоотой. Гадаадын банкны үйл ажиллагаа нь ихэвчлэн толгой компани байрших улс орны засгийн газрын улс төрийн бодлогоос шууд хамаардаг. Гадаадын үндэстэн дамнасан банкны бүлэглэл толгой бүтцээ хамгаалан хадгалахын тулд гадаадын салбараа золиослох боломжтой байдаг. Тиймээс нэг орны гадаадын ганц банк зах зээлд өндөр хувь эзлэх жижиг орнуудад болзошгүй аюулын эх үүсвэр авчирдаг.

Ерөнхийдөө үндэсний банкны системийг гадаадын капиталд бодитойгоор нээж нэвтрүүлэх нь улс орнуудын хувьд харилцан адилгүй ялгаатай хэвээр байна. Үүнд олон хүчин зүйлс нөлөөлдөг. Тухайлбал:

Гадаадын хөрөнгө, түүний дотор банкны салбарт түүнийг оруулах талаарх төр, засгийн улс төрийн ерөнхий хандлага;

Үндэсний банкны тогтолцооны төлөвшлийн түвшин, олон улсын банк санхүүгийн сүлжээнд интеграцчлагдсан байдал;

Олон улсын болон улс хоорондын хэлэлцээрүүдийн хүрээнд хүлээсэн үүрэг;

Гадаадын банкуудын нэвтрэлтэд үндэсний банкны хувь нийлүүлэгчдийг оролцуулан бизнесийн хүрээнийхэн иргэд, олон нийтийн хандлага;

Төрөөс эдийн засгийн аюулгүй байдлаа хамгаалах сонирхол зэрэг болно.

Хөгжингүй эдийн засагтай улс орнуудад хүчин чадавх сул байж болзошгүй банкийг шүүлтүүрээр илрүүлэх, наанадаж банкны өрсөлдөөнийг сулруулахгүйгээр хязгаарлахад зохицуулалтын үндсэн үүрэг оршдог. Харин хөгжиж буй болон социализмын дараах орнуудад эсрэгээрээ хэт өрсөлдөөнөөс зайлсхийх, гадаадын зарим орны илт хүчирхэг банкууд зах зээлийг бүхэлд нь, эсхүл түүний үнэ цэнэтэй хувь хэсгийг монопольчлохоос урьдчилан сэргийлэхэд онцгойлон төвлөрөх шаардлагатай гэсэн дүгнэлт хийж болно.

Гадаадын банкинд тусгай зөвшөөрөл олгох, хяналт тавих байгууллага нь зарим улсад яаж тогтоосныг хүснэгт 1-д харуулав.

Гадаадын банкны үйл ажиллагаа нь харилцан адилгүй зохицуулалтын дэглэм, үндэсний хэмжээний зах зээл дэх өрсөлдөөний түвшин, төрөлжилт, олон улсын үйл ажиллагааны зэрэглэл зэргээс шалтгаалан өөр өөрийн онцлог шинж чанартай байдаг. Гэвч үйл ажиллагааны нийтлэг шинж чанарыг дор дурдсанаар тодорхойлж болох юм. Үүнд:

Гадаадын үндэстэн дамнасан компаниуд нь гол томоохон экспортлогч, импортлогчдод үйлчлэхэд анхаарлаа төвлөрүүлдэг;

Банкны уламжлалт зээл олголтын ашиг гэхээсээ илүү санхүүгийн бусад нарийн үйлчилгээний төлбөр, комиссын төлбөрийн шимтгэлээр орлогын урсгал, ашиг орлогын бодлого хэрэгжүүлэх;

Банк хоорондын зах зээлийг зээлжих гол эх үүсвэр болгон ашиглах;

Гадаад валют болон оршин суугч бус гадаадын харилцагчидтай үлэмж хэмжээний ажил гүйлгээ хийх зэрэг болно.

Энэ нь нэг талаас гадаадын банкны үндэстэн дамнасан хүчирхэг бүлэглэлийн чадавхи, нөгөөтэйгүүр тэдний бие даасан бодлого, тодорхой шийдвэр гаргах менежментийн эрх хязгаарлагдмал, салбарын сүлжээ сул, хадгаламжийн бааз хангалтгүй, үйлчилгээний өртөг зардал өндөр зэрэгтэй холбоотой юм.

Улс орнуудад гадаадын банкийг хянаж зохицуулах чиг үүргийг тусгайлсан зохицуулагч агентлаг, эсвэл төв банк гэсэн хоёр субъект хэрэгжүүлдэг байна. Өндөр хөгжилтэй санхүүгийн зах зээл хөгжсөн орнуудад голдуу тусгайлсан зохицуулагч агентлаг байгууллагууд ажилладаг байна. Улс төрийн тогтолцооны онцлогоос хамааран БНХАУ-д Төрийн зөвлөлийн харьяа Засгийн газрын зохицуулагч агентлаг үйл ажиллагаа явуулдаг. Ихэнх шинэ зах зээлийн эдийн засагтай болон шилжилтийн эдийн засагтай оронд Төв банк тусгай зөвшөөрөл олгох болон үйл ажиллагаанд хяналт тавих чиг үүргийг гүйцэтгэж байна.

БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Банкны Зохицуулах Хороо нь банк зээлийн байгууллагууд (санхүүгийн лизингийн компаниуд, траст, хөрөнгө оруулалтын компаниуд)-ыг удирддаг, хяналтын төрөлжсөн байгууллага юм. Төрийн өмчит банкууд (төрийн өмчит банк) тусдаа ангилалд ордог. БНХАУ-ын банкны зохицуулалт нь маш нарийн хатуу шаардлагыг тавьдаг.5 БНХАУ-ын Төв банк болох Ардын банкнаас мөнгөний болон валютын ханшийн нэн идэвхтэй бодлого хэрэгжүүлдэг. Ийм учраас тусгай зөвшөөрлийг төв банк бус, харин Засгийн газрын тусгай агентлаг эрхлэн олгодог онцлогтой.

Практикт дүрмийн сангийн хэмжээнд тавигдах хамгийн доод шаардлага нь өрсөлдөөнт орчинг бүрдүүлэх хийгээд системийн санхүүгийн тогтвортой байдлыг тодорхойлдог банкны салбарт нэвтрэх гол хязгаарлалт болдог.

Зах зээлд оролцогчдын тоо өрсөлдөөний түвшинтэй шууд хамааралтай гэж үздэг боловч энэ хүрээнд өрсөлдөөн болон өрсөлдөх чадвар хоорондын оновчтой тэнцвэрийг хадгалах шаардлагатай болдог. Банкны системийн зохицуулалтын зорилгыг хэрэгжүүлэх арга замтай нь уялдуулах нь онцгой чухал. Хөрөнгө оруулалтын хэмжээний хувьд зах зээлд нэвтрэн орох хязгаарлалт сул байх нөхцөлд үндэсний банкууд өрсөлдөх чадваргүй болно.

Өндөр хөгжилтэй оронд гадаадын банкны дүрмийн сангийн хэмжээнд тавих шаардлага харьцангуй бага. Тухайлбал, Европын ихэнх оронд Европын Төв Банкнаас тогтоосон 5 тэрбум евротой тэнцэх босгыг мөрддөг. Евро бүсийн бус орноос Их Британи, Польш улс түүнийг дагаж мөрдөхөөс гадна хуучин социалист орнууд энэ жишгийг баримталж байна.

Гадаадын зарим улсад банк байгуулах дүрмийн сангийн босго хэмжээг хүснэгт 2-д үзүүлэв.

ОХУ-ын зохицуулалтын онцлог

ОХУ-ын хууль тогтоомжоор гадаадын хөрөнгө оруулалттай банк зээлийн байгууллага, даатгалын байгууллага болон ашгийн бус байгууллагууд гэсэн хуулийн этгээд байгуулах онцлог зохицуулалтыг тогтоосон байдаг. ОХУ-ын хууль тогтоомжийн дагуу гадаадын банк ОХУ-д банкны үйл ажиллагааг зөвхөн хоёр л хэлбэрээр явуулах зохицуулалттай. Тухайлбал, оршин суугч этгээдийн банкны дүрмийн санд хөрөнгө оруулах, ОХУ-д төлөөлөгчийн газраа нээх хэлбэрээр оролцох эрхтэй байх зэрэг болно.

Гадаадын хөрөнгө оруулалттай банк гэж оруулсан капиталын хувь хэмжээг үл харгалзан оршин суугч бус этгээд хөрөнгө оруулсан оршин суугч бүртгэлтэй банк зээлийн байгууллагыг хэлдэг.

Гадаадын банкны үйл ажиллагааг төрөөс зохицуулах механизмын харьцуулалтыг хүснэгт 3-д харуулав.

ОХУ-ын банкны системд гадаадын капиталын оролцооны хязгаарлалтын хэмжээг (квот) Төв банктай зөвшилцсөний үндсэн дээр ОХУ-ын Засгийн газрын санал болгосноор Холбооны хууль болж баталдаг. Энэ квотыг гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж, гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжид оршин суугч бус капиталын харьцаагаар тооцож, ОХУ-д бүртгүүлсэн нийт банк зээлийн байгууллагад хөрвүүлэн тооцдог. ОХУ-ын Төв банк нь гадаадын хөрөнгө оруулалттай банкуудад олгосон квотын хязгаарт хүрмэгц банкны үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгох ажиллагаагаа зогсоодог.

ОХУ-ын Төв банк Засгийн газартай тохиролцсоны дагуу гадаадын орнуудад хийх ОХУ-ын хөрөнгө оруулалт, Оросын банкны салбар байгуулах үйл ажиллагаагаа явуулахад саад бэрхшээл учруулдаг улсын банканд хязгаарлалт тавих эрхтэй байдаг. ОХУ-ын банк нь үүсгэн байгуулагчдын байрлаж буй орноос оросын банкны системд гадаадын хөрөнгө оруулалтын хэмжээг харгалзан үзэж, ОХУ ба үүсгэн байгуулагч орны хоорондын харилцааны онцлогийг тооцдог. Үүнээс гадна ОХУ-ын банк нь үндэсний банкны системд гадаадын хөрөнгө оруулалтын талаархи гадаадын хөрөнгө оруулалттай холбоотой тусгай арга хэмжээ авч, хөнгөлөлттэй татварын дэглэмтэй улс орнуудад бүртгүүлэх газар болон гаалийн зохицуулалтын тарифын арга, эсвэл орон нутгийн хөрөнгө оруулалтын талаарх тусгайлан хяналт тавих эрхтэй байдаг.

Гадаадын хөрөнгө оруулалттай банк үүсгэн байгуулахаас гадна гадаадын банкууд ОХУ-ын нутаг дэвсгэр дээр төлөөлөгчийн газраа нээх боломжтой бөгөөд гадаадын зээлийн байгууллагын төлөөлөгчийн газар нээх, үйл ажиллагаа явуулах тухай журмаар зохицуулдаг. Гадаадын зээлийн байгууллагын төлөөлөгчийн газар нь ОХУ-ын нутаг дэвсгэр дээр нээгдсэн гадаадын зээлийн байгууллагын салангид тусгаар нэгж юм. Оросын банкны салбарын эдийн засгийн байдал, нөхцөл байдлыг судалж, үйлчлүүлэгчдээ зөвлөгөө өгөх үйлчилгээ үзүүлэх, оросын банкны байгууллагуудтай холбоо тогтоож, өргөтгөх, олон улсын хамтын ажиллагааг хөгжүүлэх зорилгоор төлөөлөгчийн газрыг гадаадын зээлийн байгууллага байгуулан ажиллуулж байна.

Гадаадын банкны төлөөлөгчийн газрыг оффшор бүсээс нээх асуудлыг шийдвэрлэхдээ ОХУ-ын Төв банк, гадаадын банкны гарал үүслийн үндэсний төв банк хоёрын хооронд байгуулсан банкны хяналт шалгалтад мэдээлэл солилцох боломжийг олгохуйц хоёр талын хэлэлцээр байгаа эсэхийг харгалзан үздэг. Зөвшөөрлийг гурван жилийн хугацаатайгаар олгодог. Төлөөлөгчийн газрын гадаад ажилтны тоо нь дүрмээр хоёр хүнээс хэтрэхгүй байх ёстой.

БНХАУ-ын зохицуулалтын онцлог

1979 оноос эхлэн гадаадын банкууд төлөөлөгчийн газраа Бээжин болон бусад хот, эдийн засгийн тусгай бүсэд нээх эрхтэй болжээ. Хожим нь 1984 онд гадаадын банкуудад гадаад валютын зээлийг олгохыг зөвшөөрч үйл ажиллагааны жагсаалтыг өргөжүүлсэн байна. Оршин суугч бус этгээд, хамтарсан үйлдвэрүүдээс хадгаламж татахыг зөвшөөрснөөр уг эх үүсвэр гадаадын банкны үндсэн харилцагчдын суурийг бүрдүүлсэн. 1985 онд эдийн засгийн тусгай бүсэд салбараа нээх эрхийг гадаадын банкуудад зөвшөөрсөн ба “БНХАУ-ын эдийн засгийн онцгой бүсэд гадаадын болон хамтарсан банкуудын үйл ажиллагааг зохицуулах журам” батлан гаргасан байна.

Гадаадын банкны байгууллагын тоо, хэмжээ нэмэгдэх хэрээр тэдгээрийн үйл ажиллагааны зохицуулалтын хүрээг сайжруулах шаардлагатай болсон учир Гадаадын банкны төлөөлөгчийн газрыг байгуулах журмыг 1991 онд,7 гадаадын капиталын оролцоотой банк санхүүгийн байгууллагыг зохицуулах журмыг 2002 онд8 тус тус баталсан байжээ.

2018 оноос гадаадын банкийг хянах тогтолцоонд зарим өөрчлөлт оруулах талаар доорх асуудлыг хэлэлцсэн байна. Үүнд:

Үндэсний банкуудад гадаадын өмчлөлийн хязгаарлалтыг цуцлах;

Банкны салбар болон охин компани нэгэн зэрэг байгуулахыг гадаадын банкинд зөвшөөрөх;

Юаниар үйл ажиллагаа эрхлэхийг хүссэн гадаадын хөрөнгө оруулагч банкинд “нэг жилийн хүлээх хугацаа” шаардахыг цуцлах;

Гадаадын банкны салбарын жижиглэнгийн харилцагчийн юанийн хугацаат хадгаламжийн босгыг 1 сая юанаас 500,000 юань болгож буулгах;

Гадаадын банкуудын гадаадын хөрөнгө оруулалттай банкууд засгийн газрын бонд гаргахад андеррайтерийн үйлчилгээ үзүүлэх эрхтэй болно.

БНХАУ-д олон салбартай гадаадын банкны удирдах салбар юанийн болон дериватив бизнес эрхлэх зөвшөөрөлтэй бол бусад салбар нь тусгай зөвшөөрөл авах хүсэлт гаргах шаардлагагүй болно. Үйл ажиллагаа явуулж байгаа гадаадын банк эргэлтийн хөрөнгийн нийт активыг БНХАУ-ын бүх салбартаа хуваарилахдаа зохицуулалтын шаардлагыг хангаж байгаа нөхцөлд шинээр байгуулагдсан салбар, ажлын байранд цаашид эргэлтийн хөрөнгийг хуваарилах шаардлагагүй болох зэрэг болно.

Дүгнэлт

Дэлхийн улс орон бүр тусгай зөвшөөрөл олгох, дүрмийн сангийн хүрэлцээний хамгийн бага хэмжээг тогтоох зэрэг гадаадын банкны нэвтрэлтийг хянах эрхзүй болон институциональ зохицуулалтыг ашиглаж байна. Банк санхүүгийн зах зээл нь төгөлдөржсөн өндөр хөгжилтэй орнууд гадаадын сул, сэжигтэй банкийг оруулахгүй байх болон мөнгө угаалт, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх асуудлыг олон улсын түвшинд нарийн чанд зохицуулж, харин бусад хязгаарлалтын хувьд харьцангуй либерал бодлого хэрэгжүүлж байна. Шинэ зах зээлийн эдийн засагтай орнууд, ялангуяа БНХАУ, ОХУ болон бусад хөгжиж буй томоохон орон үндэсний зах зээлээ хамгаалах чиглэлээр хориглолтын хатуу зохицуулалтыг ил далд хэлбэрээр хийж байна.

Ашигласан эх сурвалжийн жагсаалт

Михайлов А.М., Хансевяров Р.И., Кудакова Е.С. Мировой опыт государственного регулирования банковской деятельности в условиях институциональных изменений. -// Экономические науки. 2018, № 5 (162). с. 27-31. ISSN 2072-0858

Лишунин А.С. Зарубежный опыт управления финансовой безопасностью кредитных организаций. -//Интернет-журнал “Науковедение”. 2017, Том 9, № 4. – 8 с. ISNN 2223-5167

Хмыз О.В. Регулирование деятельности иностранных банков в Российской Федерации. //Банковское дело. 2011, № 37 (469). с. 39-46. ISSN 2071-4904

Козырев А.В. Методические основы организации деятельности банков с участием иностранного капитала в Российской Федерации. -//Мир экономики и права. 2011, № 6. с. 22-29. ISSN 2075-079Х

Наумова Т.С., Олейник Г.С. Иностранный капитал в банковском секторе экономики: институциональная характеристика. -//Общество: политика, экономика, право. 2017, № 8. – 8 с. ISSN 2071-9701

Чебаненко Е.Н. Эволюция привлечения иностранного капитала в банковскую систему Китая. -//Проблемы современной экономики. 2012, № 1 (41). с. 331-334. ISSN 1818-3395

Селищев А.С., Селищев Н.А. Особенности современной инвестиционной банковской деятельности в Китае. -//Вестник Новгородского государственного университета. 2014, № 82. с. 114-118. ISSN 2076-8052

Иностранные банковские учреждения в КНР. Available from www:https://www.minfin.ru/common/upload/nifi/bankknr.pdf

Положения КНР “О руководстве деятельностью иностранных финансовых организаций”. Avalable from www: http://law.uglc.ru/money.htm/2

1 Михайлов А.М., Хансевяров Р.И., Кудакова Е.С. Мировойопыт государственного регулирования банковской деятельности в условиях институциональных изменений. Экономические науки. 2018, № 5 (162).с. 27-31. ISSN 2072-0858

2 Лишунин А.С. Зарубежный опыт управления финансовой безопасностью кредитных организаций. //Интернет-журнал “Науковедение”.2017, Том 9, № 4. – 8 с. ISNN 2223-5167

3 Хмыз О.В. Регулирование деятельности иностранных банков в Российской Федерации. //Банковскоедело. 2011, № 37 (469). с. 39-46. ISSN 2071-4904

4 Козырев А.В. Методические основы организации деятельности банков с участием иностранного капитала в Российской Федерации. //Мирэкономики и права.2011, № 6.с. 22-29. ISSN 2075-079Х

5 Наумова Т.С., Олейник Г.С. Иностранный капитал в банковском секторе экономики: институциональная характеристика. //Общество: политика, экономика, право. 2017, № 8. – 8 с. ISSN 2071-9701

6 Чебаненко Е.Н. Эволюция привлечения иностранного капитала в банковскую систему Китая. //Проблемы современной экономики. 2012, № 1 (41). с. 331-334. ISSN 1818-3395

7 Иностранные банковские учреждения в КНР.Available from www:https://www.minfin.ru/common/upload/nifi/bankknr.pdf

8 Положения КНР “О руководстве деятельностью иностранных финансовых организаций”.Avalable from www: http://law.uglc.ru/money.htm/2

НИЙТЭЛСЭН: 2019-11-22 өдөр 16:46:2 цаг           ҮЗСЭН: 82