92263017 •
  Ерөнхий зохицуулагч
1800-1280 •
  Иргэдээс мэдээ мэдээлэл авах
92263535 •
  Төрийн болон албаны нууцтай   холбоотой мэдээ, мэдээлэл
ХҮН ХУДАЛДААЛАХ ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ЗӨВЛӨМЖ
Хүн худалдаалах гэмт хэрэг нь хүнийг бэлгийн мөлжлөг, хүчирхийлэлд оруулах, албадан хөдөлмөрлүүлэх, эд эрхтнийг нь авч ашиглах зорилгоор хүч хэрэглэх, хүч хэрэглэхээр заналхийлэх, хулгайлах, хуурч мэхлэх зэрэг аргаар хүнийг элсүүлэх, тээвэрлэх, нуун далдлах, дамжуулах, хүлээн авах замаар үйлдэгддэг. Сүүлийн үед манай улсад энэ төрлийн гэмт хэрэг нэмэгдэх хандлагатай байна.
 
ХЗДХЯ 2017 онд “Хүн худалдаалахтай тэмцэх” үндэсний хөтөлбөрийг боловсруулан Засгийн газрын 148 дугаар тогтоолоор батлуулсан.
 
“Хүн худалдаалах” гэж хүнийг биеийг нь үнэлүүлэх, бусад хэлбэрээр бэлгийн мөлжлөг, хүчирхийлэлд оруулах, боолчлох, түүнтэй ижил төстэй нөхцөлд байлгах, хууль бусаар албадан хөдөлмөрлүүлэх, эд эрхтнийг нь авч ашиглах мөлжих зорилгоор хүнд хүч хэрэглэх, хүч хэрэглэхээр заналхийлэх, хулгайлах, залилах, хууран мэхлэх, эрх мэдлээ урвуулан ашиглах, эмзэг байдлыг нь далимдуулах, түүнчлэн өөр хүнийг хяналтдаа байлгаж байгаа этгээдийн зөвшөөрлийг авахын тулд төлбөр төлөх, хахуульдах аргаар хүнийг элсүүлсэн, тээвэрлэсэн, нуун далдалсан, дамжуулсан, хүлээн авсан хууль бус үйлдлийг хэлнэ. /Хүн худалдаалахтай тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйл/
 
Дээр дурдсан аргуудын аль нэгийг ашигласан тохиолдолд хохирогч өөрийг нь мөлжих гэж байгааг зөвшөөрсөн эсэхээс үл хамааран, мөн дурдсан аргуудыг хэрэглээгүй байсан ч мөлжих зорилгоор хүүхдийг урвуулан элсүүлэх, тээвэрлэх, дамжуулах, нуух буюу хүлээж авах үйлдлийг “хүн худалдаалах” гэж үзнэ.
 
“Хүн худалдаалах” гэдэгт тодорхой төлбөртэйгөөр (мөнгө авах, эд хөрөнгө болон түүнийг өмчлөх эрхээр солилцох г.м) эсхүл ямар нэгэн үүргийн гүйцэтгэлд тооцож (өрөнд өгөх г.м) хүнийг бусад хүмүүсийн мэдэлд бүр мөсөн буюу тодорхой хугацаагаар шилжүүлэхийг ойлгоно.
 
“Ашиг олох зорилгоор” гэж хүн худалдаалах замаар өөртөө болон бусад этгээдэд эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус ашигтай байдал, орлого бий болгохыг хэлнэ.
 
“Хууран мэхэлсэн” гэж үгээр буюу үйлдлээр, бодит байдлыг нуун дарагдуулах, эсхүл зохиомол байдлыг зориудаар бий болгох замаар бусдыг төөрөгдүүлэхийг хэлнэ. Энэ нь гадаад улсад ажиллах, суралцах, аялах, гэрлэхэд зуучлах зэргээр худал амлах хэлбэрээр илэрнэ.
 
“Эмзэг байдлыг нь далимдуулсан” гэдэгт хохирогчийн эдийн засаг, эрүүл мэнд болон хөгжлийн бэрхшээлтэй байдал, гэр бүлийн таагүй орчин, түүнчлэн амьдрал ахуйн бусад хүнд байдал зэргийг ашигласан байхыг ойлгоно.
 
“Элсүүлсэн” гэж хүнийг худалдаалах зорилгоор тухайн болон бусад этгээдийг айлган сүрдүүлэх, тулган шаардах, ятгах замаар гэмт ажиллагааны оролцогч болгох аливаа үйлдлийг хэлнэ. Хүн худалдаалах гэмт хэргийг үйлдэхдээ бусдыг татан оролцуулахаас гадна хохирогчийн биеэ хамгаалах чадваргүй болон эрхшээлдээ байгаа байдал зэргийг далимдуулан зөвшөөрүүлэх явдал нь энэ ойлголтод нэгэн адил хамаарна.
 
“Тээвэрлэсэн” гэдэгт хүн худалдаалж байгааг мэдсэн этгээд худалдаалагдаж буй хүнийг нэг газраас нөгөөд бүх төрлийн тээврийн хэрэгслээр ил болон далд хэлбэрээр зөөвөрлөхөөс гадна уг ажиллагаанд бүх талын дэмжлэг туслалцаа үзүүлэхийг ойлгоно. Хүн худалдаалж байгаа этгээд өөрөө тээвэрлэсэн бол энэ нь түүний гэмт үйлдлийн нэг хэсэг болно.
 
“Дамжуулсан” гэж хүн худалдаалж байгааг мэдсэн этгээд хүнийг гуравдагч улсын нутаг дэвсгэрээр дамжуулан хил нэвтрүүлэх, нэг этгээдээс нөгөөд хүнийг шилжүүлэх болон уг ажиллагаанд бүх талын дэмжлэг туслалцаа үзүүлэхийг хэлнэ.
 
“Орогнуулсан” гэдэгт хүн худалдаалж байгааг мэдсэн этгээд худалдаалагдаж буй хүнийг хүлээн авах этгээдэд шилжих хүртэл түр хугацаагаар өөрийн, эсхүл бусдын орон байранд хяналттай болон хяналтгүйгээр нуун байрлуулахыг ойлгоно.
 
“Хүлээн авсан” гэж худалдаалагдсан хүнийг өөрийн мэдэлд байлгаж, ашиглахаар шилжүүлэн авахыг ойлгоно.
 
“Эрх мэдлээ урвуулан ашиглах” гэдэгт хууль тогтоомж буюу эрх бүхий байгууллагын гаргасан шийдвэрийн дагуу өөрт нь олгогдсон албаны болон бусад бүрэн эрхийг санаатайгаар харш ашигласан явдлыг хамааруулж үзнэ.
 
“Эрхшээлдээ байгаа” гэдэгт эд хөрөнгийн болон бусад нөхцөл байдлын улмаас тухайн этгээдээс хараат байхыг ойлгоно.
 
“Хил давуулан” гэдэгт хүнийг худалдаалахын тулд улсын хилийг нууцаар, эсхүл хуурамч буюу хууль ёсоор олж авсан баримт бичиг ашиглан илээр нэвтрүүлэхийн аль аль нь хамаарна. Хүнийг хил давуулан худалдаалахдаа хууль бусаар Монгол Улсын хил нэвтрүүлсэн бол Эрүүгийн хуулийн 89 дүгээр зүйлээр давхар зүйлчилж эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.
 
“Хүнд хор уршиг учирсан” гэдэгт хүнийг худалдаалахтай шууд холбоотойгоор амь нас нь хохирсон, амиа хорлоход хүргэсэн, бие махбодид нь хүнд гэмтэл учирсан, сэтгэцийн болон бусад хүнд өвчнөөр өвчилсөн, түүнчлэн эд хөрөнгийн хувьд хохирол учирсан зэрэг үр дагавар бий болсныг ойлгоно.
 
“Биеийг нь үнэлүүлэх” гэж хохирогчийн хүсэл зоригоос гадуур түүнийг бусадтай бэлгийн харьцаанд төлбөртэй оруулахыг хэлнэ.
 
“Бэлгийн хүчирхийлэлд оруулах” гэдэгт биеийг нь үнэлүүлэхээс гадна тулган шаардах, хүч хэрэглэх буюу хүч хэрэглэхээр заналхийлж садар самууныг сурталчлахад татаж оруулсан, бэлгийн дур хүслээ ёс бусаар хангасан аливаа үйлдэл хийсэн зэргийг ойлгоно. Өрийн дарамтад оруулах зэргээр биеийг нь үнэлүүлсэн болон бусад хэлбэрээр бэлгийн хүчирхийлэлд оруулсан бол үүнд нэгэн адил хамаарна.
 
“Албадан хөдөлмөр хийлгэх” гэдэгт хүний хүсэл зоригоос гадуур түүгээр аливаа ажил үйлчилгээг төлбөргүйгээр гүйцэтгүүлэхийг хэлнэ.
 
“Боолчлох” гэдэгт эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус өмчлөх эрхэд хамаарах бүх, эсхүл зарим эрхийг хүн дээр хэрэгжүүлж, түүний төрөлхийн болон жам ёсны бүх эрхийг хориглох буюу хязгаарлахыг ойлгоно.
 
“Боолчлолтой ижил төстэй нөхцөлд байлгах” гэж хуульд харшилсан зан заншил, уламжлал, шашин шүтлэг зэрэгтэй холбоотойгоор хүний төрөлхийн болон жам ёсны бүх эрхийг хориглох буюу хязгаарлах явдлыг хэлнэ.
 
“Эд эрхтнийг нь авч ашиглах” гэдэгт хүний цус, нөхөн үржихүйн эд (өндгөвч, төмсөг, өндгөн эс, сүн, ураг)-ээс бусад эд эрхтнийг ашиг олох зорилгоор, хууль бусаар авсан үйлдлийг хамааруулж үзнэ.
 
“Мөлжих” гэдэгт бусдыг биеийг нь үнэлүүлэх, бэлгийн харилцаанд оруулан мөлжих, албадан ажиллуулах буюу үйлчлүүлэх, боолчлол буюу боолчлолтой төсөөтэй заншил, эрх чөлөөгүй байлгах, эрхтэнийг нь авах зэргийг ойлгоно.
 
ИРГЭДЭД ӨГӨХ ЗӨВЛӨМЖ
 
 Хүний наймаанд өртөхөөс хэрхэн урьдчилан сэргийлэх вэ?
 
Очих газрынхаа хаяг, холбоо барих утасны дугаарыг мэдэж, явахаасаа өмнө гадаадад байгаа ажил олгогчтойгоо холбогдож ажлын нөхцөл хөдөлмөрийн хөлснийхөө талаар баталгаажуулах, тухайн улс дахь Дипломат төлөөлөгчийн газарт хандаж судлах, цахим мэдээллийн сайтаас албан ёсны мэдээллийг нь судлах.
Жуулчны визтэй явж байгаа бол ажиллахаар, сурахаар явахаас сэрэмжлэх
Таны аяллыг зохион байгуулж буй компани хууль ёсны үйл ажиллагаа эрхэлдэг эсэх талаар зохих төрийн байгууллагаас тодруулж лавлах.
Ажлын гэрээтэйгээ сайтар танилцаагүй бол гэрээнд гарын үсэг зурахгүй байх. Шаардлагатай бол хуульч эсвэл итгэл даасан хүмүүст үзүүлж зөвлөгөө авах.
Гэр бүл найз нөхдөдөө хамт явах хүмүүс очих газрынхаа нэр, хаяг, холбоо барих утасны дугаарыг үлдээх.
 Хүний наймааны хохирогч болсноо хэрхэн мэдэх вэ?
 
Ажил олгогч нь бичиг баримтыг нь хураан авснаас болж дуртай үедээ явах боломжгүй болсон.
Ажил олгогч зарцуулсан зардлаа нөхөн авах нэрээр цалин хөлсгүй болон хэт бага цалингаар, урт цагаар ажиллуулж өрийн дарамтад оруулсан.
Бэлгийн болон бие махбодын хүчирхийлэлд орсон.
Виз, бичиг баримтын зөрчил зэргийг далимдуулан сэтгэл зүйн дарамтад оруулсан.
Хэн нэгэн хүний байнгын хараа хяналтад байх, тусгаарлагдсан, гадуур явах, хүмүүстэй уулзах, утсаар ярих боломжгүй болсон.
 Хилээр гарч байгаа иргэдийн зайлшгүй анхаарах зүйлс
 
Ажлын гэрээ заавал байгуулах.
Паспорт бичиг баримтыг хэнд ч бүү өг. Хэн ч таны паспорт бичиг баримтыг хадгалах эрхгүй.
Очсон газартаа Монгол Улсаас тухайн оронд суугаа ЭСЯ, Консулын газарт бүртгүүлэх.
Монголд байгаа гэр бүл, найз нөхдөд очсоноо мэдэгдэж, холбоотой байх зэргийг анхаарах нь зүйтэй. 
 ХАРИУЦЛАГА
 
 Монгол Улсын Эрүүгийн хуулийн 13.1 дүгээр зүйл. Хүн худалдаалах
 
Биеийг нь үнэлүүлэх, бусад хэлбэрээр бэлгийн мөлжлөг, хүчирхийлэлд оруулах, боолчлох, түүнтэй ижил төстэй нөхцөлд байлгах, эд, эрхтнийг авах, албадан хөдөлмөрлүүлж мөлжих зорилгоор хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж, хулгайлж, хууран мэхэлж, итгэл эвдэж, эрх мэдлээ урвуулан ашиглаж, эмзэг байдлыг нь далимдуулж, эсхүл хяналтдаа байлгаж байгаа хүнд төлбөр төлж, хахуульдаж хүнийг эрхшээлдээ оруулан элсүүлсэн; тээвэрлэсэн; орогнуулсан; дамжуулсан; хүлээн авсан бол хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
Энэ гэмт хэргийг:
2.1. хүүхэд, жирэмсэн эмэгтэйг мэдсээр байж;
 
2.2. хоёр, түүнээс олон хүнийг худалдаалж;
 
2.3. Монгол Улсын хилээр нэвтрүүлж үйлдсэн бол таван жилээс арван хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
 
Энэ гэмт хэргийг:
3.1. байнга тогтвортой;
 
3.2. зохион байгуулалттай гэмт бүлэг үйлдсэн бол арван хоёр жилээс хорин жил хүртэл хугацаагаар, эсхүл бүх насаар хорих ял шийтгэнэ.
 
Тайлбар:
 
- Хүүхдийн эсрэг энэ гэмт хэргийг үйлдсэнд тооцоход энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан аргаар үйлдсэн байхыг шаардахгүй.
 
- Энэ гэмт хэргийг үйлдсэнд тооцоход хохирогч өөрийг нь энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан аргаар хохироож байгааг өөрөө зөвшөөрсөн эсэх нь гэмт хэргийн зүйлчлэлд нөлөөлөхгүй.
НИЙТЭЛСЭН: 2018-10-05 өдөр 12:35:0 цаг           ҮЗСЭН: