92263017 •
  Ерөнхий зохицуулагч
1800-1280 •
  Иргэдээс мэдээ мэдээлэл авах
92263535 •
  Төрийн болон албаны нууцтай   холбоотой мэдээ, мэдээлэл
Монгол Улс ба Хориг арга хэмжээ

Хориг арга хэмжээ

НҮБ-ын Дүрмийн дагуу НҮБ-ын Аюулгүйн Зөвлөл нь олон улсад энх тайван, аюулгүй байдлыг бий болгох, түүнийг сахин хамгаалахтай холбоотой арга хэмжээ авч хэрэгжүүлэхээр заасан.

НҮБ-ын Дүрмийн 41-р зүйлд “НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлөөс зэвсэг, хүч хэрэглэхгүйгээр хориг арга хэмжээ болон бусад арга хэмжээ авч хэрэгжүүлж болно” гэж заасан.

Хориг арга хэмжээ нь дараах хэлбэртэй байна. Үүнд:

  • Эдийн засаг, худалдааны хориг арга хэмжээ, зэвсгийн хориг, санхүүгийн хязгаарлалт, бараа бүтээгдэхүүний хязгаарлалт болон аяллын хориг гэх мэт.

НҮБ-ын гишүүн улсын хувьд Монгол Улс нь НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн тогтоол, түүний дотор хориг арга хэмжээ авахтай холбоотой тогтоолыг дагаж мөрдөх үүрэгтэй.

 

Терроризм болон үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэхтэй холбоотой санхүүгийн зорилтот хориг арга хэмжээ

Терроризм болон үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн тогтоол нь гишүүн улс орнуудыг санхүүгийн зорилт хориг арга хэмжээ хэрэгжүүлэхийг шаарддаг.

Санхүүгийн хориг арга хэмжээ нь дараах хоёр төрөлтэй байна. Үүнд:

  1. Террорист этгээд, террорист байгууллагын жагсаалтад орсон этгээдийн хөрөнгөтэй холбоотой эсхүл тэдгээрт санхүүгийн үйлчилгээ үзүүлэхтэй холбоотой асуудлаар санхүүгийн зорилт хориг арга хэмжээ.
  2. Үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэхтэй холбоотой жагсаалтад орсон хүн, хуулийн этгээдэд чиглэсэн санхүүгийн зорилтот хориг арга хэмжээ.

Терроризм болон үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэхтэй холбоотой, санхүүгийн зорилт хориг арга хэмжээг хэрэгжүүлэхэд дараах үндсэн дөрвөн хориг арга хэмжээний дэглэмийг удирдлага болгоно. Үүнд:

Терроризмтой холбоотой хориг арга хэмжээ:

  • НҮБ-ын АЗ-ийн 1267 /1999/ тогтоол болон түүнтэй холбоотой дагалдах бусад тогтоолууд (Энэ тогтоол нь Аль-Кайда, Талибан болон бусад террорист байгууллагуудын эсрэг чиглэсэн)
  • НҮБ-ын АЗ-ийн 1373 /2001/ тогтоол (терроризмтой тэмцэхэд чиглэсэн арга хэмжээ авч хэрэгжүүлэхтэй холбоотой)

Үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэхтэй холбоотой хориг арга хэмжээ

  • НҮБ-ын АЗ-ийн 1718 /2006/ тогтоол болон түүнтэй холбоотой дагалдах бусад тогтоолууд (Энэ тогтоол нь БНАСАУ-ын үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэхтэй тэмцэхэд чиглэсэн)
  • НҮБ-ын АЗ-ийн 2231 /2015/ тогтоол болон түүнтэй холбоотой дагалдах бусад тогтоолууд (Энэ тогтоол нь Иран Улсын үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэхтэй тэмцэхэд чиглэсэн)

Дээрх тогтоол, дагалдах бусад тогтоолын талаар болон тогтоолд тусгагдсан гол үүрэг, хариуцлагын талаар НҮБ-ын  https://www.un.org/securitycouncil/sanctions/information цахим хуудаснаас дэлгэрэнгүй мэдээлэл авч болно.

 

Хориг арга хэмжээг хэрэгжүүлэхтэй холбоотой Монгол Улсын холбогдох хууль, эрх зүйн баримт бичиг, үүрэг хариуцлагын асуудал

Монгол Улсын “Терроризмтой тэмцэх тухай хууль”, Засгийн газрын тогтоолоор батлагдсан “Террорист этгээдийн жагсаалтад оруулах, жагсаалтад орсон этгээдийн хөрөнгийн хөдөлгөөнийг хянах, зогсоох журам”-ын дагуу Монгол Улсад буй хүн бүр санхүүгийн зорилтот хориг арга хэмжээг хэрэгжүүлэх үүрэг хүлээнэ.

Дээрх хууль, журмын дагуу Монгол Улсын нутаг дэвсгэрт байрлаж байгаа аливаа хүн, хуулийн этгээд, эсхүл Монгол Улсын гадна байгаа Монгол Улсын иргэн, хуулийн этгээд бүр НҮБ-ын АЗ-өөс гаргасан эсхүл Монгол Улсын эрх бүхий байгууллагаас гаргасан хориг арга хэмжээний жагсаалтад орсон хүн, хуулийн этгээдэд хөрөнгө бий болгох, санхүүгийн үйлчилгээ үзүүлэх, гүйлгээ хийхийг хориглоно. Монгол Улсын “Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хууль”-д мөн мэдээлэх үүрэгтэй этгээдэд дээрхтэй холбоотой үүрэг оноосон зохицуулалт бий.

Монгол Улс нь санхүүгийн зорилт хориг арга хэмжээний дэглэмийг дагаж мөрдөхийн тулд Засгийн газар болон НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлөөс гаргасан хориг арга хэмжээний жагсаалтад орсон хүн, хуулийн этгээдийн жагсаалт, холбогдох мэдээллийг үндэслэн арга хэмжээг авч хэрэгжүүлнэ. Энэхүү жагсаалт нь тухай бүр шинэчлэгдэх бөгөөд www.gia.gov.mn/designations цахим хуудсанд байрласан.

 

Мэдээлэх үүрэгтэй этгээдүүдийн үүрэг

Тагнуулын ерөнхий газар нь Монгол Улсад санхүүгийн зорилт хориг арга хэмжээг хэрэгжүүлэх эрх бүхий байгууллага бол Санхүүгийн мэдээллийн алба нь мэдээлэх үүрэгтэй этгээдийн тайлан мэдээлэл болон хуулиар хүлээсэн үүргээ биелүүлж байгаа эсэхэд хяналт тавьдаг.

Тагнуулын ерөнхий газар, Санхүүгийн мэдээллийн албанаас мэдээлэх үүрэгтэй этгээдэд зориулсан санхүүгийн зорилтот хориг арга хэмжээг хэрэгжүүлэхтэй холбоотой зөвлөмж (гарын авлага)-ийг боловсруулж www.gia.gov.mn/guidelines цахим хуудсанд байршуулсан болно.

Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийн 4.1-т заасны дагуу санхүүгийн зорилтот хориг арга хэмжээг хэрэгжүүлэх үүргийг санхүүгийн бүх байгууллагууд, санхүүгийн бус бизнес, мэргэжлийн үйлчилгээ үзүүлэгчид хэрэгжүүлнэ. Мэдээлэх үүрэгтэй этгээд нь хууль тогтоомж, холбогдох дүрэм журмаар хүлээсэн үүргээ хэрэгжүүлж тодорхой үйлчлүүлэгч, бүтээгдэхүүн, үйлчилгээнд эрсдэлээс үл хамааран зохих хянан нийцэл /МУТСТ тухай хуулийг дагаж мөрдөх/-ийн хөтөлбөр, дотоод журмыг бий болгож түүнийг дагаж мөрдөх ёстой.

Тухайлбал, Мэдээлэх үүрэгтэй этгээд нь:

  • Санхүүгийн хориг арга хэмжээ авахтай холбоотой НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн тогтоолыг хэрэгжүүлэх журмын 5-р хэсэгт заасан үүргийг биелүүлэхдээ: /Террорист этгээдийн жагсаалтад оруулах, жагсаалтад орсон этгээдийн хөрөнгийн хөдөлгөөнийг хянах, зогсоох журам/
    • Хориг арга хэмжээний жагсаалтад орсон хүн, хуулийн этгээдийн шууд болон шууд бус өмчлөл, эсхүл хяналтад байгаа аливаа бүх хөрөнгийг царцаах;
    • Хориг арга хэмжээний жагсаалтад орсон хүн, хуулийн этгээдийн ашиг сонирхолын өмнөөс эсхүл шууд болон шууд бус, дангаар болон хэсэгчлэн хэлбэрээр хөрөнгө, санхүүгийн үйлчилгээ үзүүлэхийг хориглох.
  • Мэдээлэх үүрэг:
  • НҮБ-ын АЗ-өөс гаргасан хориг арга хэмжээний жагсаалтад орсон хүн, хуулийн этгээдийн нэр тохирсон;
  • НҮБ-ын АЗ-өөс гаргасан хориг арга хэмжээний жагсаалтад орсон хүн, хуулийн этгээдийн нэр тохирсон байж болзошгүй;
  • Хөрөнгө царцаасан тухай тус тус мэдээлэх үүрэгтэй.

 

Дээрхийг мэдээлэхдээ дараах зүйлсийг тусгасан байх шаардлагатай. Үүнд:

  • Мэдээлэл нь өөрийн мэдлэг мэдээлэл, сэжиглэсэн гэж үзсэн асуудалд үндэслэсэн байх
  • Тухайн хүн, хуулийн этгээдийн талаар авагдсан, мэдэж байгаа бүхий л мэдээллийг тусгасан байх
  • Тухайн хүнтэй холбоотой хөрөнгийн хэмжээ, хэлбэрийг тусгасан байх
  • Хөрөнгийг царцаасан тохиолдолд тухайн гүйлгээний талаар болон хөрөнгө царцаасантай холбоотой мэдээллийг тусгасан байх шаардлагатай.

 

“Хориг арга хэмжээний жагсаалтад орсон хүн, хуулийн этгээдийн хөрөнгөтэй холбоотой мэдээлэл хүргүүлэх маягт”-ыг эндээс татна уу.

Монгол Улсад санхүүгийн зорилтот хориг арга хэмжээний дэглэмийг зөрчих, хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй тохиолдолд Зөрчлийн тухай хуулийн дагуу торгуул ногдуулахаас гадна Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийн дагуу захиргааны арга хэмжээ авна. Үүнд: эрх, тусгай зөвшөөрлийг цуцлах, хүчингүй болгох, удирдах албан тушаалтны эрхийг түдгэлзүүлэх, шилжүүлэх зэрэг арга хэмжээг авч хэрэгжүүлнэ.

 

Хориг арга хэмжээний жагсаалтад орсон хүн, хуулийн этгээдэд зориулсан мэдээлэл

Хориг арга хэмжээний жагсаалтад орсон хүн, хуулийн этгээд өөрийг нь жагсаалтад оруулсантай холбогдуулан жагсаалтаас хасуулах талаар хүсэлт тавих эрхтэй. Тухайн хүсэлтийг шийдвэрлэх хүртэл хугацаанд хориг арга хэмжээ хүчинтэй үргэлжилнэ.

Хэрэв тухайн хүнийг хориг арга хэмжээний жагсаалтад орсон хүн гэж андуурсан, алдаатай нэр орсоноос үүдэн түүний хөрөнгө царцаагдсан тохиолдолд, нэгдүгээрт, мэдээлэх үүрэгтэй этгээдтэй холбогдож (арилжааны банк г.м) тайлбар гаргуулах эрхтэй. Мэдээлэх үүрэгтэй этгээд нь харилцагчид хөрөнгө чөлөөлөхтэй холбоотой хүсэлтийг эрх бүхий байгууллагад тавих талаар мэдэгдэх ёстой.

НҮБ-ын хориг арга хэмжээний жагсаалт: НҮБ-аас гаргасан хориг арга хэмжээний жагсаалтаас хасуулах тухай хүсэлтийг НҮБ-ын эрх бүхий байгууллагад тавина. НҮБ-ын эрх бүхий байгууллагын талаарх мэдээллийг НҮБ-ын албан ёсны цахим хуудаснаас харах боломжтой. Хэрэв тухайн жагсаалтад орсон хүн, хуулийн этгээд нь жагсаалтад оруулахад тавигдах шаардлагыг цаашид хангахгүй болсон гэж үзвэл Монгол Улсын Засгийн газраас  НҮБ-ын АЗ, холбогдох Хоригийн хороонд жагсаалтаас хасуулах тухай хүсэлт гаргах эрхтэй.

Дотоодын хориг арга хэмжээний жагсаалт: Жагсаалтаас хасуулах тухай хүсэлтийг Монгол Улсын Засгийн газарт тавина.

Санхүүгийн зорилтот хориг арга хэмжээтэй холбоотой дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл дараах хаягаар холбогдоно уу.

Цахим хаяг: www.gia.gov.mn   

Э-шуудан: amltf@gia.gov.mn

Утасны дугаар: 51-263017

НИЙТЭЛСЭН: 2019-09-03 өдөр 16:19:2 цаг           ҮЗСЭН: