92263017 •
  Ерөнхий зохицуулагч
1800-1280 •
  Иргэдээс мэдээ мэдээлэл авах
92263535 •
  Төрийн болон албаны нууцтай   холбоотой мэдээ, мэдээлэл
ОЛОН УЛСАД ТӨРИЙН НУУЦТАЙ ХОЛБООТОЙ ХАРИЛЦААГ ЗОХИЦУУЛСАН ЭРХ ЗҮЙ, ХАНДЛАГА /ТӨГСГӨЛ/

Аюулгүй байдал судлалын хүрээлэн  геополитик, улс төр, эдийн засгийн өрсөлдөөн, цахим шилжилтийн эрин, мэдээллийн ба хосолмол дайн, аюулгүй байдлын шинэ чиг хандлагын тухай судалж, өмнөх дугааруудад нийтэлсэн бол  төрийн нууцыг хангах эрх зүй, чиг хандлагын талаар энэ дугаарт үргэлжлүүлэн өгүүлэхийн сацуу энэ чиглэлээрх Монгол Улсын  эрх зүйн уламжлал, шинэчлэлийн талаар товч танилцуулж байна.

Англи-Саксоны эрх зүйн бүл:

АНУ-д төрийн нууцыг хамгаалах асуудлыг ерөнхийлөгчийн 12958 тоот үндэсний аюулгүй байдалд хамаарах  нууц мэдээллийн тухай зарлиг, түүнд оруулсан нэмэлт өөрчлөлт буюу  13292 тоот зарлигаар зохицуулдаг. Уг зарлигийг  1995 онд ерөнхийлөгч Б.Клинтон гаргасан бол 2003 онд Ж.Буш шинэчилсэн байна. Уг хуульд төрийн нууцыг  маш нууц, нууц, конфиденциаль гэсэн зэрэглэлтэй байхаар заасан ба  хуульд өөрөөр заагаагүй бол  АНУ-ын нууц баримт бичигт  өөр зэрэглэл тогтоож болохгүй гэжээ. Тус баримт бичигт төрийн нууцад хамаарах мэдээллийн хүрээг тодорхойлсон ба  тус хүрээнд  асуудлыг хөндөөгүй  мэдээ мэдээлэл баримт бичиг нь  төрийн нууцад хамаарахгүй байна. 2001 оны халдлагаас хойш АНУ аюулгүй байдлыг салбарын эрх зүй, үйл ажиллагаанд шинэчлэл хийж “Терроризмоос урьдчилан сэргийлэх, таслан зогсооход шаардлагатай нөхцөл бүрдүүлэх замаар Америкийг нэгтгэж, бэхжүүлэх тухай хууль” буюу англи товчилсон нэрээрээ “Эх оронч хууль” (USA Patriot Act), холбогдох бусад хууль, тогтоомжийг баталсан. АНУ-ын төрийн нууцлалын системийг ерөнхийлөгч Б. Обамагийн 13526 тоот зарлиг болон түүнээс хойш гарсан эрх зүйн баримтуудаар бий болгосон байдаг. 2011 оны 10-р сард ерөнхийлөгч Б.Обама Нууцалсан сүлжээний аюулгүй байдлыг сайжруулах, бүтцийн шинэчлэл хийх тухай 13587 тоот зарлиг гаргасны зэрэгцээ мэдээллийн аюулгүй байдлын асуудал хариуцсан  тусгай агентлаг байгуулсан байна. 

Э.Сноудены дуулианаас 2 жилийн дараа хяналтын шинэчлэлийг оруулсан “Эрх чөлөөний” гэх (Freedom Act) хуулийн төслийг АНУ-ын Сенат 2015 баталсан. Эрх чөлөөний хуулиар шинээр гарч буй технологи нь  бүгдийн үндсэн эрх хийгээд  хувийн нууцад халдах боломжийг нэмэгдүүлж байгаа тул хувийн, албаны болон төрийн нууцын халдашгүй байдлыг хангахад холбогдох компаниуд болон төрийн байгууллагуудын үүрэг хариуцлагыг нэмэгдүүлсэн.

Их Британид Төрийн нууцын талаарх 1911 оны хууль шинэчлэгдэн нэмэлт, өөрчлөлтөөр 1989 онд батлагдсан.  Шинэчлэлийн үндсэн агуулга нь  төрийн мэдээллийг эрх мэдэлгүйгээр задруулах явдал нь  гэмт хэргийн шинжтэй болохыг тодорхойлсон байна. Үүгээр төрийн албан хаагчид үүргээ үл биелүүлэх, хууль бусаар бичиг баримтад хориг тавих нь  гэмт үйлдлийн шинжийг бий болгоно гэж үзсэн. Төрийн нууцын актаар хамгаалагдсан мэдээллийг  аюулгүй байдал, тагнуулын холбоотой,  батлан хамгаалахтай холбоотой, олон улсын харилцаатай холбоотой,  гэмт хэрэг тусгай мөрдлөгтэй холбоотой гэж үндсэнд нь 4 ангилсан байна. 

БНХАУ болон Зүүн Европ, Төв Азийн орнууд

БНХАУ-ын Төрийн нууцыг хамгаалах хууль нь тунхагийн шинжтэй бөгөөд төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж,  хувь хүн бүгдэд нь  улсын нууцыг хамгаалах үүрэг хүлээлгэсэн.  Муж, өөртөө засах орон, улсын чанартай хот тус бүрт төрийн нууцыг удирдан зохион байгуулах нэгж ажиллах, төрийн нууцыг хамгаалах, хамгаалалтыг сайжруулах, амжилт гаргасан хувь хүн байгууллагыг төрөөс  шагнахаар хуульдаа тусгасан байна. Энэхүү хуульд мэдээлэл технологийн орчинд  төрийн нууцыг боловсруулах, хадгалах, хамгаалах, устгах талаар нарийн заалтууд тусгажээ.  Тус улсад  төрийн нууцыг задруулсан, үрэгдүүлсэн тохиолдолд  тухайн этгээдэд хариуцлага хүлээлгэхээс гадна удирдах албан тушаалтанд нь давхар хариуцлага хүлээлгэдэг тогтолцоотой байна.

Зүүн Европ, Төв Азийн орнууд:  ЗХУ-ын бүрэлдэхүүнд байсан  болон социалист системийн орнууд хүний эрх, эрх чөлөө, нээлттэй нийгэм, төрийн ил тод байдлыг хангах чиглэлд аюулгүй байдлын салбарын өргөн хүрээний шинэтгэл хийж байгаа боловч төрийн тусгайлсан чиг үүрэгтэй байгуулагуудын эрх, үүргийг сулруулах, тэдгээрийн үйл ажиллагаанд тавих хяналтыг хэт чангатгах хандлагууд гарч байгаа тухай шүүмжлэл гарах болсон. Зүүн Европын Чех, Серби, Болгар, Польш зэрэг орнуудын хувьд либералчлах хандалга давамгайлж байгаа бол Төв Азийн орнуудын хувьд харилцан адилгүй боловч консерватив хандлага ажиглагдаж байна. 

Монгол Улсын төрийн нууцыг хамгаалж ирсэн уламжлал, эрх зүйн орчин

Их Монгол Улсын үед төрийн нууцыг хамгаалах асуудлыг агуулгаар нь Их Засаг хуульд тодорхой тусгажээ. Тухайлбал, Эзэн ноёноосоо өөр хүнтэй харьцах, алба үүргийн хувьд мэдсэн мэдээллийг бусдад задруулах зэргийг хоригложээ. Энэ уламжлал хожим гарсан Юань улсын хууль цааз, Монгол Ойрадын Их цааз, Халх журам зэрэг гол гол хууль цаазын дурсгал бичгүүдэд зохих хэмжээгээр тусгалаа үлдээжээ. Харин Богд Хаант Монгол Улсын үед төрийн нууцыг хамгаалах эрх зүйн зохицуулалт орхигдсоноос алба ажлын хувьд өөрт нь мэдэгдсэн төрийн нууцтай холбоотой мэдээллийг гадны улсад дамжуулж хувийн ашиг хонжоо олох санаархал цөөнгүй гарчээ. Энэ байдлыг таслан зогсоохын тулд тухайн үеийн Дээд хурлаас ноёд, түшмэдүүдийг тангараг тавиулах асуудал хэлцэгдсэн ч дэмжлэг авч чадаагүй байна. Төрийн нууцтай холбоотой мэдээллийг зарлиг шийдвэрээр хамгаалж чадаагүй нь тусгаар тогтнолын төлөөх тэмцлийн өрнөлтөд сөрөг нөлөө үзүүлснийг судлаачид тэмдэглэсэн байдаг.

Харин 1921 оны Ардын хувьсгалаас хойш төрийн нууцтай холбоотой асуудлыг тогтоол шийдвэрээр журамлаж эхэлжээ. 1945 онд БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн 51 дүгээр тогтоолоор “улсын нууц” болж, тусгайлан хамгаалагдах мэдээнүүдийн жагсаалтыг баталсан нь  улсын нууцыг тогтоосон  социолист нийгмийн үеийн анхны баримт бичиг болжээ. Үүнээс өмнө зөвхөн хэвлэлд нийтлэх, радиогоор нэвтрүүлэхийг шууд хориглох зүйлийн жагсаалтаар  мэдээлэлд хяналт тавьдаг байв. Үүнээс хойш БНМАУ-ын Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн зарлиг, СнЗ-ийн тогтоол зэрэг эрх зүйн хэм хэмжээний актуудаар уг харилцааг зохицуулж байгаад Монгол Улсын шинэ ардчилсан Үндсэн хуулийн агуулга, зарчим, шинэчлэл өөрчлөлтийн бодлогод нийцүүлж 1995 онд Төрийн нууцын тухай, Төрийн нууцын жагсаалт батлах тухай Монгол Улсын хуулийг батлан мөрдүүлжээ. Нийгмийн хөгжил дэвшил, цаг үеийн шаардлагад нийцүүлэн уг хуулийг зайлшгүй өөрчлөн сайжруулах шаардлагатай болсон тул 2017 оноос уг хуулийг шинэчлэн Монгол Улсын төрийн болон албаны нууцын тухай хуулийг батлан  мөрдүүлжээ. Уг хууль нь:

Төрийн болон албаны нууцыг хамгаалах нь  төрийн байгууллага, хувийн хэвшил төдийгүй Монгол Улсын иргэний нийтлэг чиг үүрэг болгосон,

Нууцлах хугацааг багасгаж, нууцаас гаргах ажиллагааг хялбаршуулсан нь мэдээллийн эрх чөлөө, иргэдийн мэдэх эрхийг хангахад чухал түлхэц болсон,

Албаны буюу байгууллагын нууцыг хамгаалах чиглэлд дэвшил болсон зэрэг олон эерэг өөрчлөлтийг тусгаснаараа онцлог болсон гэж үздэг.

ДҮГНЭЛТ

Мэдээлэл, харилцаа холбооны технологи, цахим шилжилт нь төрийн нууцад халдах боломжийг нэмэгдүүлж байгаа тул улс орнууд төрийн нууцын харилцааг зохицуулах эрх зүйн орчныг боловсронгуй болгох, төр, нийгэм, иргэдийн үүрэг хариуцлагыг нэмэгдүүлэх, удирдах албан тушаалтанд нь давхар хариуцлага тооцох, нууцтай танилцах хүрээг улам зааглах  зэрэг арга хөшүүргийг хуульдаа нэмж тусгах болжээ. Нөгөө талаар нээлттэй нийгэмд улс орнууд  төрийн нууцтай холбоотой эрх зүйн баримт бичигтээ төрийн нууц мэдээлэлд хамааруулж болохгүй  мэдээллийн жагсаалтыг хуульчилсан нь олон улсын эрх зүйн чиг хандлага, хүний эрх, эрх чөлөөг дээдэлсэн  чухал зохицуулалт болж байна.