92263017 •
  Ерөнхий зохицуулагч
1800-1280 •
  Иргэдээс мэдээ мэдээлэл авах
92263535 •
  Төрийн болон албаны нууцтай   холбоотой мэдээ, мэдээлэл
“БАЯЛГИЙН ХАРААЛ”-ЫН ЭДИЙН ЗАСГИЙН БУС ҮР ДАГАВАР

Байгалийн баялаг ихтэй орнуудын зарим нь баялагтаа тулгуурлан хөгжлийн өндөр түвшинд хүрч чадсан байхад зарим орон ядуу, буурай хэвээр үлдсэн байдаг. Үнэлгээ өндөртэй байгалийн нөөц баялагаар арвин улс орнуудад эдийн засгийн хөгжлийн гажуудал үүсэх зүй тогтлыг танин мэдэхүйн түвшинд “арвин ихийн парадокс” (paradox of plenty) хэмээн томъёолох нь бий.[i] Энэ нь эдийн засгийн харилцаанд орж буй аливаа субъект (бие хүн, аж ахуйн нэгж, улс орон) зах зээлд борлуулж ашиг хүртэх үнэлгээ өндөртэй ямар нэгэн нөөц баялагийн хуримтлал хангалттай ихтэй бол түүнээс олох ашиг орлого төдий хэмжээнд нэмэгдэж, “амжилттай”, “баян” гэсэн категорид багтах энгийн логикоос зөрүүтэй үр дүнд хүргэх гажуудал бүхий зүй тогтол юм. Танин мэдэхүйн энэ ойлголтыг энгийн хэллэгээр “баялгийн хараал” (resource curse) гэж зүйрлүүлэн нэрлэх болсон нь өдгөө эдийн засгийн болон улс төрийн шинжлэх ухааны судалгааны эргэлтэд нэгэнт орж, албан ёсны нэр томъёоны хэмжээнд хэрэглэгдэх болжээ. Нутаг дэвсгэр, эсхүл далай дахь эдийн засгийн онцгой эрх бүхий бүсийнхээ дотор нефть, байгалийн хий, эрдэс болон үнэт металлын агууламж өндөртэй сав ба орд газар бүхий улс орнууд хөгжлийн тодорхой үе шатандаа эдийн засгийн өсөлт саарах, нийгмийн ба хүний хөгжлийн индекс буурах, бүр цаашлаад улс төрийн тогтолцооны хувьд ардчиллаас ухрах үзэгдлүүд ажиглагддаг нийтлэг зүй тогтолтой байна. Хэдийгээр энэ нь байгаль, нийгмийн хууль биш, зөвхөн зүй тогтлын шинжтэй тул “парадокс” хэмээн томъёолж байгаа ч үүсэх нөхцөл, шалтгааныг нь тайлбарлах хоёр үндсэн үзэл хандлага байна. Нэг талаас, тухайн улсын газар зүйн байршил, геополитикийн хүчин зүйл, эдийн засаг, нийгмийн хөгжлийн түвшин, улс төрийн тогтолцоо, ардчилсан институтүүдийн төлөвшлөөс хамааралтай[ii] гэж үзэх релятивист байр суурь, нөгөө талаас, нийтлэг шинжтэй, байгалийн баялаг ихтэй улс орон бүр хөгжлийнхээ тодорхой үе шатанд туулж гардаг, энэ нь дээр дурдсан хүчин зүйлүүдээс харьцангуй бага хамааралтай бөгөөд “бүрэн урьдчилан сэргийлэх, зайлсхийх аргагүй, зөвхөн сөрөг нөлөөллийг нь бууруулах боломжтой”[iii]  гэж үзэх детерминист хандлага юм.

Нийтлэг зүй тогтлууд

Нөөц баялаг нь эдийн засгийн өсөлтийг нөхцөлдүүлэгч хүчин зүйл гэхээсээ илүү сөргөөр нөлөөлөгч хүчин зүйл болох тухай үзэл санаа анх 1950-60-аад онд буурай хөгжилтэй орнуудад тулгарч байсан хямрал, хүндрэлээс үүдэн судлаачдын дунд тархаж эхэлсэн байдаг. Харин “баялгийн хараал” хэмээх нэр томъёон анхлан судалгааны эргэлтэд оруулсан хүн бол Р.Оути бөгөөд тэрээр 1993 онд эрдэс баялгийн нөөц ихтэй улсууд баялгаа ашиглан эдийн засгийн өсөлтөө хангаж чадахгүй байгаа төдийгүй эсрэгээрээ, эрдэс баялгийн нөөц хавьгүй багатай буюу огт байхгүй улсуудаас дор үзүүлэлттэй байгааг энэхүү зүй тогтлоор тайлбарласан байдаг. Ж.Сакс, А.Уорнэр нар мөн байгалийн баялгийн арвин их нөөц, эдийн засгийн өсөлт хоёрын урвуу хамаарлыг судалсан байна. Улс үндэстний хэмжээнд тохиолддог, засаглалын алдаанаас үүдэлтэй энэхүү зүй тогтлыг хувь хүний үйлдэлтэй адилтгаж, хонжворт сугалаагаар гэнэт их хэмжээний мөнгө хожоод түүнийгээ хэрхэн зарцуулахаа мэдэхгүй буруу шийдвэр гаргаж буй байдалтай төстэй гэж үзэх нь ч бий. “Баялгийн хараал”-ын талаарх ихэнх судалгаа зөвхөн нөөц баялгийн үзүүлэх нөлөөлөл, ялангуяа сөрөг нөлөөллийн талаар таамаглал дэвшүүлж ирсэн бөгөөд үүний учир шалтгаан, нөхцөлдүүлэгч бусад хүчин зүйлсийн талаарх судалгаанд бага анхаарал хандуулж ирсэн ч сүүлийн жилүүдэд энэ тал руу илүү анхаарах болж байна. Тухайлбал, баялгаас олсон ашиг орлогын зарцуулалтын байдал, засаглалын хэлбэр, институтүүдийн үр ашигтай байдал, байгалийн баялгийн төрөл, хэлбэр, тухайн улсын аж үйлдвэржилтийн түвшин, үе шат зэргээс хамаарч эдийн засгийн өсөлтөд сөргөөр нөлөөлөх хүчин зүйлсийн үйлчлэл харьцангуй их, бага байх нь хамаарна гэж үзэж байна. Энэхүү үзэгдлийн эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөлөл, үр дагавар, түүнээс гарах арга замын талаар цөөнгүй судалгаа, хэлэлцүүлэг өрнөдөг тул бид төдийлэн ил харагдахуйц биш нөлөөлөл болох нийгмийн салбар, аюулгүй байдлын үр дагаврын талаар хийсэн зарим судалгаанаас түүвэрлэн танилцуулж байна

НИЙГМИЙН ҮР ДАГАВАР

Олон улсын валютын сангийн ангиллаар, дэлхийн 51 улсыг “байгалийн нөөц баялаг ихтэй”-д тооцож байна. Эдгээр нь экспортынхоо 20-оос доошгүй хувийг, эсхүл төсвийн орлогын мөн 20-оос доошгүй хувийг сэргээгдэхгүй нөөц баялгийн борлуулалтаар бүрдүүлдэг гэсэн шалгуур үзүүлэлтээр ийм ангилалд орох аж.  Үүнээс 29 улсыг буурай болон дундаас доош түвшний хөгжилтэйд тооцох бөгөөд нийтлэг үзүүлэлтүүд нь: нэгд, төсвийн орлого, экспортын бүрэлдэхүүн хоёр нь байгалийн баялгаас хэт хамааралтай, хоёрт, хуримтлал бага, гуравт, эдийн засгийн өсөлт удаашралтай, дөрөвт, нөөц баялгаас орох орлогын хэмжээ ихээхэн хэлбэлзэлтэй байх аж.

Гэтэл 2016 онд явуулсан нэгэн судалгаагаар байгалийн баялаг заавал эдийн засгийн урт хугацааны өсөлтөд сөргөөр нөлөөлдөг гэдэг гаргалгааг няцаасан байна. Байгалийн нөөц баялаг ихтэй улсуудаар хийсэн нийт эмпирик судалгаануудын 40 хувь нь сөрөг нөлөөлөл байгааг харуулж байгаа бол 20 хувьд нь эерэг нөлөөлөлтэй, харин 40 хувьд нь ямар нэгэн өөрчлөлт ажиглагдахгүй байгаа гэж тэд дүгнэжээ. Үүнээс үзэхэд, “баялгийн хараал” хэмээх үзэгдлийг хэт зүй тогтлын хэмжээнд авч үзэх, бүр цаашлан эдийн засгийн шинжлэх ухааны тодорхой аксиом төдийгүй “хууль”-ийн түвшинд хэрэглэх болсон нь судалгааг зөвхөн эдийн засгийн сөрөг нөлөөлөлд автсан улсуудын жишээн дээр түүвэрлэж хийдгээс үүдэлтэй алдаа гэж үзэж болох юм.

Эдийн засаг анклавжих

Түүхий эдийн борлуулалтаас орж ирэх төсвийн орлого нэмэгдэх мөчлөгийн үед эрх баригчдад эдийн засгийг төрөлжүүлэх буюу “солонгоруулах” сонирхол төдийлэн төрдөггүй нь мөн нийтлэг хандлага байдаг. Харин баялгийн орлогоор төсвийн ихэнхийг бүрдүүлж буй улсын төр, засгаас эдийн засгаа “солонгоруулах” нэрийн дор хувийн хэвшлийг биш, төрийн оролцоотой дэд бүтэц, үйлдвэрийн томоохон объектуудыг барьж байгуулах, тэнд ажиллах хүчийг олноор нь төвлөрүүлэх оролдлого хийдэг ба ийм том төслүүдийг үр ашиг багатай, засаглалын оновчтой бус тогтолцоогоор удирдан хэрэгжүүлэх нь олонтаа. Эдийн засгийг жинхэнэ утгаар нь төрөлжүүлэхийг эрмэлзэх үед ч олборлох үйлдвэрлэлийн татах хүчний хүндийн жин бусад салбарынхаас хавьгүй илүү болсон байдаг тул хүн хүчний болон хөрөнгө оруулалтын хувьд тэгш гараанаас өрсөлдөх боломж олгодоггүй. Байгалийн баялгийн экспортод тулгуурласан эдийн засаг бүхий өндөр хөгжилтэй улсууд хүртэл энэ салбараараа хамааралтай болох нь бий. Эдийн засгийн бусад салбарт хөрөнгө оруулалт хийх сонирхлыг бууруулж, эрсдэлийг нэмэгдүүлснээр эргээд түүхий эдийн үнийн уналтад нэн эмзэг байдал үүснэ. Олборлох үйлдвэрийг дагасан ханган нийлүүлэлт, үйлчилгээ болон дэд бүтцийн чиглэлийн аж ахуйн нэгжүүд ажлын байр бий болгож цөөнгүй тооны иргэд орлогын тогтвортой эх үүсвэртэй болох үзэгдэл ажиглагддаг ч тэр нь “анклав”-ын шинжтэй, тухайн улсынхаа нутаг дэвсгэрийн бусад нэгж, хүн амын бусад бүлгүүдээс тусгаарлагдсан байдлаараа болон түүхий эдийн үнийн мөчлөгөөс хамааралтай байдлаараа үндэсний эдийн засгийг төрөлжүүлж чаддаггүй.

Хүний нөөцийн тэнцвэр алдагдах

Хүн амын амьжиргааны түвшин доогуур улсуудад олборлох үйлдвэрийн ажил олгогчид эдийн засгийн бусад салбарын ажил олгогчдоос илүү цалин хөлс амлах, олгох замаар төрийн байгууллага төдийгүй хувийн хэвшлээс нарийн мэргэшсэн, эсхүл тодорхой ажил үүргийн гүйцэтгэлийн ур чадвар сайтай ажиллах хүчнийг татах нөхцөл үүсдэг. Энэ нь улсын дотоод дахь “тархины гоожилт” (brain drain) юм. Мөн тухайн үедээ буюу түүхий эдийн үнийн өсөлтийн мөчлөгийн үед боловсрол, ялангуяа эдийн засгийн бусад салбарт шаардагдах  мэргэжлийн боловсролын хэрэгцээ буурч, үнэ цэнэ нь алдагдахад хүргэдгээрээ тухайн улсын эдийн засаг, нийгмийн болон хүний хөгжлийн түвшинд урт хугацааны сөрөг нөлөөлөл үзүүлдэг. Харин түүхий эдийн баялгаар хомс орнууд өндөр технологид суурилсан шинжлэх ухаан-үйлдвэрлэлийн олон салбарыг хөгжүүлдэг байна. Хэдий тийм боловч энэ үзлийг хүлээн зөвшөөрөхгүй судлаачид бий. Тухайлбал, Нидерландын судлаач Й.-П.Стейнс байгалийн баялгийн олборлолт, экспортоос түргэн хугацаанд олох орлогыг чанартай боловсролын тогтолцоонд хөрөнгө оруулах бүрэн боломжтой төдийгүй ийм практик байдаг тухай дурджээ.[i]


Орлого, ажил эрхлэлт буурах

“Баялгийн хараал” хэмээх энэ үзэгдэл зөвхөн засаглалын хувьд сул, буурай хөгжилтэй орнуудад тохиолддог, харин өндөр хөгжилтэй орнуудад олборлох үйлдвэрлэлээс учирч болох сөрөг нөлөөлөл байхгүй буюу бага түвшинд байна гэсэн түгээмэл ойлголтыг АНУ-д хийгдсэн хоёр судалгаа няцааж байна. 2015 онд Баруун Виржинийн Их Сургуулийн С.Дуглас, Колорадогийн Их Сургуулийн А.Уокэр нарын Америкийн зүүн хойд мужуудын Аппалачийн нурууны нүүрсний орд газрууд бүхий тойргуудын хүн амын амьжиргааны түвшин, орлогын хуримтлалд хийсэн судалгаагаар, “… хүн амын орлогод нийт нүүрсний олборлолт, борлуулалтаас орох орлогын эзлэх хувь 0.5 нэгжээр нэмэгдэх тутамд орлогын өсөлт 0.6-0.7 хувиар буурч байжээ.”[i] Нүүрсний уурхай тус бүс нутагт харьцангуй өндөр цалинтай ажлын байруудыг шинээр бий болгосон нь маргаангүй боловч урт хугацааны хангалуун байдалд сөргөөр нөлөөлж байна гэж тэд үзжээ.

2014 онд Г.Жэйкобсен, Д.Паркер нарын АНУ-ын өрнөд нутаг дахь нефтийн орд газар бүхий муж улсууд, тойргуудад хийсэн судалгаагаар, түүхий эдийн үнийн өсөлтийн үед орон нутагт ажлын байр шинээр бий болж, хүн амын орлого нэмэгддэг ч буурах мөчлөгийн үед нэг хүнд ногдох орлого эрс буурч, ажилгүйдлийн нөхөн олговор орон нутгийн төсөвт ихээхэн ачаалал болдог байна. Энэ нь харин ч нефтийн олборлолтыг дагасан ажил эрхлэлт нэмэгдсэний сөрөг үр дагавар болж байгаа аж.[ii]

АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ҮР ДАГАВАР

Байгалийн баялаг нь “эдийн засгийн рент” буюу баялгийн олборлолт, борлуулалтад хяналт тогтоож буй бүлэг хүмүүст их хэмжээний эрх мэдэл төвлөрүүлэх замаар улс төрийн тогтвортой байдлыг сулруулах нөлөөтэй. Нөөц ашигласны төлбөр буюу роялти, бусад татвараас улсын төсөвт орж ирэх орлогыг захиран зарцуулах, хянах давуу эрхийн төлөө улс төрийн эсрэг тэсрэг бүлэглэлүүдийн тэмцэл хурцдах нөхцөл бүрддэг. Ялангуяа үндэстэн хоорондын зөрчилтэй улсуудын хувьд салан тусгаарлах үзэл, түүн дээр дөрөөлсөн зэвсэгт мөргөлдөөнийг хурцатгагч хүчин зүйл нь байгалийн баялгийн зарцуулалт болдог байна. Улс төрийн хувьд тогтвортой, дотоодын эв нэгдэл сайн хангагдсан, ардчилсан тогтолцоотой улсад хүртэл гүйцэтгэх эрх мэдлийн яам, агентлаг хооронд төсвийн хөрөнгийг зарцуулах эрх мэдлийн төлөө тэмцэл, зөрчил гарч, төрийн үйл ажиллагааны хэвийн механизмыг алдагдуулдаг ажээ. Манай улсад ч тодорхой үе шатанд үүнтэй төстэй байдал давтагдаж, мөнгөний бодлогыг зэрэгцсэн хоёр бүтэц хэрэгжүүлж байснаар уул уурхайн орлогоос бүрдсэн  хөрөнгийн зарцуулалтад доголдол үүссэн  үзэж болох юм.

Зэвсэгт мөргөлдөөөний магадлал

Дэлхийн банкны Й.Баннон, П.Коллиер нарын 2003 онд хийсэн нэгэн судалгаагаар ДНБ-ий 5 хүртэлх хувь нь түүхийн эдийн экспортоос бүрдэж байгаа улс зэвсэгт мөргөлдөөнд өртөх магадлал 6 хувь байдаг бол ДНБ дэх түүхий эдийн борлуулалтын эзлэх хувь 25 хувь байгаа тохиолдолд мөргөлдөөний магадлал 33 хувь хүртэл өсдөг гэсэн дүн гарчээ. Энэхүү зүй тогтлыг “баялгийн хараалаас үүдэлтэй баялгийн дайн” гэх нэр томъёогоор илэрхийлдэг байна. Энэ нь өөрөө эргэх холбоо буюу гинжин урвалын үзэгдлээр үргэлжилдэг ба байгалийн нөөц баялаг нь мөргөлдөөнийг зогсоох биш, цааш үргэлжлүүлэх, санхүүжүүлэх боломжийг бүрдүүлж өгдөг аж. Энэ үзэгдлийг “мөргөлдөөний нөөц”-ийн парадокс гэж нэрийддэг.
Африк тивд 1997–2010 оны хооронд буюу түүхий эдийн үнийн өсөлтийн үед орлого нэмэгдсэн ч дотоодын зэвсэгт мөргөлдөөний давтамж 21 хувиар нэмэгдсэн гэсэн дүн Н.Берман нарын судалгаагаар гарчээ.[i] Дотоодын төдийгүй улс хоорондын мөргөлдөөнд ч байгалийн баялаг нөлөөлдөг байна. Нөөц ихтэй улсууд түрэмгийлэл үйлдэх, түрэмгийлэлд өртөх магадлал бараг адил байдгийг Ж.Колган тодорхойлж, “баялгийн түрэмгийлэл” хэмээх нэр томъёог 2013 онд судалгааны эргэлтэд оруулжээ.[ii]

Улс төрийн дэглэмийн уруудал

Байгалийн баялгаас үүдэлтэй засаглалын доройтол, үндэсний эв нэгдэл алдагдах, дотоодод болон олон улсын тавцанд зэвсэгт мөргөлдөөн гарах магадлалын талаар олон судалгаа, нотолгоо гарсан байдаг ч энэ нь богино болон дунд хугацааны сөрөг нөлөөлөл бөгөөд урт хугацаанд улс төрийн дэглэм, ардчилсан тогтолцоонд заавал сөргөөр нөлөөлөх зүй тогтол байхгүй гэсэн судалгааг С.Хэйбер, В.Меналду нар 2011 онд хийжээ. Тэд 1800-2006 оны хооронд дэлхийн улсуудын улс төрийн дэглэмийн хувьсал, байгалийн баялгийн олборлолт, орлогын харилцан хамаарлын байдлыг харьцуулан судлаад улс төрийн дэглэмийн хувьсал, өөрчлөлтүүд нь эдийн засгийн хүчин зүйлээс илүүтэйгээр түүх, соёлын бусад хүчин зүйлсийн нөлөөллөөр өрнөж ирсэн гэж тогтоожээ.
Харин тэдний энэхүү судалгааны аргачлалыг М.Росс няцааж, 1970-аад оноос хойш байгалийн баялаг, “баялгийн хараал” хэмээх үзэгдэл, ардчиллаас авторитар дэглэм рүү ухрах үзэгдэл гурвын хооронд шууд хамааралтай болж ирснийг харуулсан байна.