1949 оны 10 дугаар сарын 1-нд БНХАУ байгуулагдахад хамгийн түрүүнд хүлээн зөвшөөрсөн улсын нэг нь БНМАУ болж, 10 дугаар сарын 16-ны өдөр дипломат харилцаа тогтоосноос хойш өдгөө 70 жил болжээ. Аюулгүй байдал судлалын хүрээлэн энэ долоо хоногийн тоймдоо Монгол, Хятадын харилцааг авч үзэхдээ түүхэн үе шатыг дурдалгүй, харин хамтын ажиллагаанд нөлөө үзүүлдэг суурь хүчин зүйлүүд юу болох, тэдгээр нь хэрхэн нөлөө үзүүлдэг, ойрын ирээдүйд үзүүлж болзошгүй нөлөөний талаар тоймлон гаргахыг оролдов.
МОНГОЛ, Хятад хоёр улсын хамтын ажиллагаанд тулгардаг бэрхшээл юунаас үүсдэг вэ? Үүнийг тодруулахын тулд харилцаанд нөлөөлдөг тодорхой ба тодорхой бус хүчин зүйлсийг авч үзлээ. Эхлээд тодорхой хүчин зүйлс буюу Монгол, Хятад хоёр орны суурь өгөгдөл ямар вэ, тэр нь харилцаа хамтын ажиллагаанд хэрхэн нөлөөлдөг вэ, цаашид яаж нөлөөлөх вэ гэдгийг харъя.
МОНГОЛ, Хятад хоёр улсын хэмжээ, цар хүрээ эрс ялгаатай, Хятад улс хэт том, Монгол Улс хэт жижиг, үүнээс болж нэг нь хэт давамгайлах, нөгөөх нь хэт хамааралтай болох эрсдэл үүсдэг. Хятадын эдийн засаг дэлхийд 2-т, Монголын эдийн засаг дэлхийд 133-т, батлан хамгаалах хүчээр Хятад улс дэлхийд 3-т ордог, нийт хоёр сая цэрэгтэй. Монгол 3 сая хүн амтай, Хятад 1.3 тэрбум хүнтэй … гэх мэтээр үргэлжилнэ. Цар хэмжээгээрээ эрс тэс ялгаатайн дээр Монголын газарзүйн хашигдмал нөхцөл манай гадаад хамаарлыг улам хүндрүүлдэг. Харамсалтай нь энэ өгөгдлийг өөрчлөх боломжгүй, өөрөөр хэлбэл хашигдмал жижиг улс хэмээх нөхцөл маань тодорхой хугацаандаа тогтмол юм. Өгөгдлөөс үүсдэг энэ хамаарлыг бууруулах боломжтой юу, ямар арга хэмжээ авбал зохистой вэ?
Тэнцвэргүй байдлаас үүсдэг хэт хамаарал, эмзэг байдлыг саармагжуулах зарим боломж бий. Монголын тал энэ боломжийг эрэлхийлж ажилладаг. Хэт хамаарал, эмзэг байдал манай аюулгүй байдал, эдийн засаг, нийгмийн гээд дийлэнх салбарт илэрч гардаг юм. Өнөөгийн байдлаар худалдаа эдийн засгийн салбарт хамгийн тод илрээд байгаа. Хятадын хэт том зах зээл Монголын хэт жижиг зах зээлтэй харилцахад гарсан гол үр дагавар нь Монголын экспортын бараг 90 хувь зөвхөн Хятад руу гардаг болсон буюу хэдийн том жижиг зах зээлийн тэнцвэргүй харилцаа бий болж ужгирсан явдал юм. Тиймээс Монгол, Хятадын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг улам сайжруулангаа хамааралтай эмзэг байдлаа яаж саармагжуулж явах вэ гэдэг нь тулгамдсан асуудал болоод буй.
Хамаарлыг бууруулахад гадаад орчин, дотоод бодлого хоёр гол нөлөөлтэй. Гадаад орчин талаас авч үзвэл манай хамаарлыг ойрын ирээдүйд даруй бууруулах боломжгүй, харин дунд болон хэтийн алсдаа “Нэг бүс, нэг зам”, Евразийн эдийн засгийн холбоо зэрэг бүс нутгийн эдийн засгийн интеграцууд хэр амжилттай болохоос шалтгаалж, гуравдагч зах зээлтэй холбогдсоноор хамаарлыг сая саармагжуулах боломжтой. Өөрөөр хэлбэл биднээс үл хамаарах үйл явц юм. Харин биднээс шууд хамаардаг дотоод бодлого буюу ужиг хамаарлыг саармагжуулж олон талт болгох, төрөлжүүлэх чиглэлд түлхүү ажиллах ёстой болж байна.
Ингэж чадсан амжилттай нэг жишээ нь гадаадын хөрөнгө оруулалтын салбар юм. 2010 он гэхэд Монгол дахь Хятадын хөрөнгө оруулалт нийт хөрөнгө оруулалтын 70 гаруй хувийг эзлэх болж, нэг улсаас хэт хамааралтай болчихоод байв. Монгол Улс шинэчлэн баталсан Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалдаа (2010 он) нэг улсаас авах хөрөнгө оруулалтыг нийт хөрөнгө оруулалтын гуравны нэгээс хэтрүүлэхгүй байхаар зааж өгсөн. Яг дараа жил нь 2011 онд Оюутолгойн хөрөнгө оруулалт орж ирснээр энэ хувь огцом тэнцвэржиж, Хятадын хөрөнгө оруулалт 30 гаруй хувийг эзлэх болсон юм. Гуравдагч улсын хөрөнгө оруулалтыг татан оруулснаар Монголд Хятадын хөрөнгө оруулалтыг цаашид өсгөх орон зайг илүү тэлсэн, Монголын талд ч, Хятадын талд ч, гуравдагч талд ч ашигтай, тэр тусмаа Монголын эдийн засгийн аюулгүй байдлыг баталгаажуулах чухал бодлого арга хэмжээ байлаа. Өдгөө Хятадын хөрөнгө оруулалт нийт гадаадын хөрөнгө оруулалтын 30 хувийг эзэлж байгаа. Цаашид Хятадын “Нэг бүс, нэг зам” санаачилга, эдийн засгийн коридорын төслүүдээр дамжин хөрөнгө оруулалт улам нэмэгдэх хандлага бий, тиймээс бид бусад улсын хөрөнгө оруулалтыг мөн адил түвшинд нэмэгдүүлж явахад анхаарч ажиллах ёстой гэсэн үг. Энэ чиглэлд гурван талын хамтарсан буюу “Монгол+Хятад+гуравдагч тал” гэсэн хамтарсан хөрөнгө оруулалтын загварыг ч хэрэгжүүлэх боломжтой. Хятадын тал “Нэг бүс, нэг зам” дагуух орнуудтай олон талт хамтын ажиллагааны загвар хэрэглэхэд нээлттэй хандаж буй юм.
Цар хэмжээгээрээ эрс тэс ялгаатайн дээр Монголын газарзүйн хашигдмал нөхцөл манай гадаад хамаарлыг улам хүндрүүлдэг. Харамсалтай нь энэ өгөгдлийг өөрчлөх боломжгүй, өөрөөр хэлбэл хашигдмал жижиг улс хэмээх нөхцөл маань тодорхой хугацаандаа тогтмол юм. Өгөгдлөөс үүсдэг энэ хамаарлыг бууруулах боломжтой юу, ямар арга хэмжээ авбал зохистой вэ?
Худалдааны салбарт хэт хамаарлыг бууруулах арга зам нь гуравдагч зах зээлтэй холбогдох явдал. “Гадаад худалдааны дамжин өнгөрөх тээврийн нөхцлөөс хэт хараат байдлыг бууруулж, далайд гарцгүй орны хувьд тээврийн салбарт хөрш орнуудтай хоёр болон гурван талын урт хугацааны, харилцан ашигтай хэлэлцээр байгуулна гэсэн бодлого бий (ҮАБ-ын үзэл баримтлал, 3.2.2.5). 2014 онд БНХАУ-ын дарга Ши Жиньпин Монгол Улсад айлчлах үеэр талууд “Төмөр замын дамжин өнгөрөх тээврийн хамтын ажиллагааны тухай” хэлэлцээрийг байгуулж, шинээр төмөр замын 4 боомт нээх, эдгээр хилийн боомтоор дамжуулан гуравдагч оронд Монгол Улсын экспортын бүтээгдэхүүнээ төмөр замаар дамжуулан экспортлох квот, тээврийн хөнгөлөлттэй тариф зэрэг нөхцлүүдийг тохирсон. Энэ бол хэт хамаарлыг бууруулах чиглэлээр Монгол, Хятад талууд хамтран ажиллаж буйн жишээ боловч одоо хэр хэрэгжиж эхлээгүй байна. Хятад улс далай тэнгист түшиглэсэн даяаршлыг өөрчилж эх газар руу тэлж өргөжүүлэх зорилготой “Нэг бүс, нэг зам” санаачилга дэвшүүлснээр далайд гарцгүй орнуудыг далайтай холбох, Евразийн эх газарт хэлхээ холбоог бий болгох стратегиа дэвшүүлэн хэрэгжүүлж эхэлсэн. Ши Жиньпиний явуулж буй хөрш орны “дотно, үнэнч, ашигтай, хүртээмжтэй” байх бодлого хийгээд “Нэг бүс, нэг зам”-ын дээрх зорилго нь Монгол Улсын гуравдагч зах зээлтэй холбогдох боломж буюу худалдааны хэт хамаарлаа бууруулах боломж байж болохын зэрэгцээ Монгол, Хятадын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны орон зайг тэлж өгөх ач холбогдол бий.
Аюулгүй байдлын салбарт цар хүрээний хэт зөрүүтэй байдал нь аяндаа жижиг улсад аюулгүй байдлын зовнил үүсгэдэг. Монгол Улс хоёр том хөрш орноос хэт хамаарал үүсгэхгүй байх зорилгоор олон талт гадаад бодлого хэрэгжүүлдэг билээ. Монгол Улс Хятадтай иж бүрэн стратегийн түншлэлийг тогтоосны зэрэгцээ “гуравдагч хөрш”-ийн бодлогыг идэвхтэй явуулахыг хичээдэг нь цөөн хөрштэй жижиг орны бодит байдлаас урган гарсан, хэт хамаарлаа бууруулах зорилготой зүй ёсны үйлдэл юм. Монголын “гуравдагч хөрш”-ийн бодлого нь хэт хамаарлаа бууруулж, аюулгүй байдлаа бататгах гэсэн жижиг орны зовнилоос үүдэлтэй болохоос бус Хятадад сорилт учруулж хожоо гаргах гэсэн “тоглоом” биш билээ.
Нийгмийн салбарт хэт хамаарлаас болж том орны нөлөөнд автах вий гэсэн ард иргэдийн зовнилоос үүдэлтэй “Хятадын эсрэг үзэл” Монголд түгээмэл юм. Гэхдээ хамтын ажиллагаа нэмэгдэхийн хэрээр иргэд хоорондын ойлголцол сайжирч буй хандлага бий. Иргэдийн санал асуулгаар Монголчуудын хамгийн сайн түнш орон аль вэ хэмээхэд 2005 онд ердөө 14 хувь нь Хятад гэж нэрлэж байсан бол 2018 онд 23.7 хувь болж аажим боловч нэмэгдсээр байна.
Цар хүрээний хэт зөрүүтэй байдлаас болж үүсдэг хамаарал, түүнээс урган гарах үр дагаврууд Монгол, Хятадын харилцааны байнгын асуудал юм.
ЦАР хэмжээний зөрүүтэй байдлаас гадна хөгжлийн түвшний ялгаа нь хоёр талын хамтын ажиллагаанд хүндрэл дагуулдаг. Хятад улс 1978 оноос хойш 40 гаруй жил модернизацийг эрчимжүүлж, аж үйлдвэржсэнээр өдгөө дийлэнх гол бүс нь аж үйлдвэржилтийн дараах үе шатанд ороод байгаа бол Монголын эдийн засаг ХАА, уул уурхайн салбарт тулгуурладаг, тэр нь анхан шатны боловсруулалтын түвшинд, гарааны эхэн үе шатанд явж байгаа юм. Хөгжлийн түвшний зөрүүгээс болж гарах үр дагавар нь Монгол Улс түүхий эдийн ханган нийлүүлэгч бааз хэвээр үлдэх эрсдэлтэй байдаг. Монгол, Хятадын хөгжлийн түвшний зөрүүнээс үүсэн гарч буй эрсдлийг арилгах гол шийдэл нь Монгол өөрөө хөгжих явдал. Энэ нь дотооддоо нэгдмэл бодлого явуулж, гадаад боломжуудыг ашиглах гэх мэттэй түлхүү холбогдоно. Монголын хөгжил буурайгаас үүсдэг хүндрэл буюу дэд бүтэц сул, хяналт шалгалтын тогтолцоо хангалтгүй, авлига хүнд суртал гаарсан гэх мэт асуудлаас өөрсдөө ангижрах ёстой.
Цар хүрээгээрээ зөрүүтэй ч хөгжлийн түвшин ойролцоо бол худалдаа эдийн засгийн тэгш хамтын ажиллагааг өрнүүлж болдог нэг жишээ нь Сингапур, Хятадын худалдаа эдийн засгийн хамтын ажиллагаа юм (Сингапурын аж үйлдвэржилт хөгжингүй орны түвшинд хүрсэн, нэг хүнд ногдох ДНБ-ий хэмжээгээр 2011 онд АНУ-ыг гүйцсэн). Монгол, Хятадын хөгжлийн зөрүүнээс үүсдэг бэрхшээлийг талууд хоорондоо зөвшилцөх замаар шийдвэрлээд явах боломжтой, хөгжил дэвшлийн хэрээр аяндаа арилж болохуйц асуудал юм.
МОНГОЛ, Хятад хоёр улс тусгаар тогтнолоо харилцан зөвшөөрсөн, газар нутгийн маргаангүй. Гэвч Монгол, Хятадын харилцаанд үе үе Далай ламын асуудал үүсдэг нь үндэсний ашиг сонирхлын зөрүүтэй байдлаас урган гардаг. Монголын зонхилох шашин бол буддын шашин, Монгол Улс Х Богдоо тодруулахад шашны түүхэн уламжлалт институцын дагуу Далай ламын оролцоо зайлшгүй хэрэг болдог. Энэ шалтгаанаар Далай ламыг Монголд айлчлуулсан. Үүний зэрэгцээ буддын шашин шүтдэг сүсэгтнүүд Далай ламын номын айлдварыг сонордох хэрэгцээ шаардлага бий. Энэ мэт шалтгаанаар XIV Далай лам Монголд нийт 9 удаа айлчилсан. Харин Хятадын хувьд Далай лам салан тусгаарлах үзэлтэн, хагалан бутаргагч, Далай ламыг айлчлуулах нь Хятадын бүрэн бүтэн байдалтай холбоотой язгуур ашиг сонирхлыг шууд хөндсөн хэрэг гэж Хятад улс үздэг.
Үндэсний ашиг сонирхол давхцан зөрчилдөх энэ мэт тохиолдол байнга биш боловч үе үе хоёр талын харилцаанд сорилт учруулдаг. Энэ асуудал ойрын ирээдүйд сорилт учруулсан хэвээр байх болно. Хятадын талаас язгуур ашиг сонирхол нь өөрчлөгдөхгүй учраас цаашид энэ тал дээр улам хатуу байр суурь баримтлах магадлалтай. Монголд ч буддын шашны нөлөө мөн хэвээр байх тул Далай ламыг урьж адис хүртэх шаардлага оршсоор байх болно. Гагцхүү Монголд шашны реформ хэрхэн хийгдэхээс хамаарч (Богдыг тодруулдаг уламжлалт институцид шинэчлэлт хийх гэх мэт) цаашид энэ асуудал сонголтын хувилбартай болж магадгүй. Үүнээс гадна Далай лам таалал төгсвөл Монгол, Хятад хоёр улс Далай ламын статусын талаар тодорхой зөрчилд орж болзошгүй.
Дээр дурдсан цар хэмжээний ялгаа, хөгжлийн түвшний зөрүү, ашиг сонирхлын давхцал зэргээс үүсдэг хүндрэлүүдийг Монгол, Хятадын харилцаан дахь тодорхой хүчин зүйлс гэж үзэж болно. Тодорхой хүчин зүйлсийг тооцож, хариу арга хэмжээ авах боломжтой байдгаараа давуу талтай.
МОНГОЛ, Хятадын харилцаанд нөлөөлдөг тодорхойгүй хүчин зүйл бол олон улсын харилцаа буюу их гүрнүүдийн хүчний харьцааны шилжилт, харилцааны өөрчлөлт, түүнээс гарах үр дагавар юм. Тодорхойгүй хүчин зүйлс гол төлөв гэнэтийн, өргөн цар хүрээтэй, хор хөнөөлтэй шинж чанартай байдгаараа эрсдэл ихтэй.
Өдгөө их гүрнүүдийн өрсөлдөөн улам ширүүсэж байна. Олон улсын харилцаанд одоо байгаа дефакто супер хүч шинээр өндийн тэлж буй хүчинд шахагдаж, хүчний шилжилт явагдахад орон зай, байр суурийн төлөөх өрсөлдөөн, мөргөлдөөн гарцаагүй үүснэ гэж үздэг. Одоо явагдаж буй хүчний дахин хуваарилалтын явцад өрсөлдөөн ширүүсэж эхэлсэн нь худалдааны дайн, тогтворгүй бүсүүд дэх хямралаар илрэн гарч байна.
Хүчний харьцаа өөрчлөгдөж, шинэ ба хуучин хүчнүүд аюулгүй байдлын нөлөөний бүсээ тэлэхийг хичээснээр гарах нэг үр дагавар нь жижиг орнуудын гадаад бодлогын орон зай хумигдах эрсдэлтэй. Цаашид Орос, Хятад, АНУ гурван улсын хооронд нэгнээ хазаарлах гэсэн оролдлого урт хугацаанд өөрчлөгдөхгүй.[ Хэдийгээр хүйтэн дайны үеийнх шиг аль нэг тал руу эрс хэлбийж, Монгол Улс аль нэг талыг сонгох шаардлага өнөө маргаашдаа гарахгүй байж болох ч их гүрнүүдийн өрсөлдөөн, нэгнээ хазаарлах оролдлого нь манай гадаад бодлогод сорилт учруулна.
Хүйтэн дайны дараа социалист, капиталист хоёр лагерьт хуваагдахаа больсны үр дүнд Монгол Улс сүүлийн 30 гаруй жил олон талт гадаад бодлого явуулах боломж нээгдэж, Монгол, Хятадын харилцаа сэргэн, амжилттай хөгжиж буй билээ. 2014 он гэхэд Монгол, Хятад хоёр Иж бүрэн стратегийн түншлэл тогтоож, Монгол Улс Хятадын дэлхий даяар тогтоож буй түншлэлийн сүлжээний нэг түнш болсон бол Хятад улс Монголын гадаад бодлогын тэргүүлэх чиглэл болдог. Тиймээс хоёр талын харилцаа түүхийнхээ хамгийн сайн үед ирээд байна гэж үнэлэгдэх боллоо. Өдгөө олон улсад хүчний тэнцвэр бүрэн тогтоогүй, хүчний шилжилт явагдаж байгаа үе учраас ойрын ирээдүйд олон талт гадаад бодлогын орон зай боломжийн, Монгол, Хятадын харилцаанд шууд нөлөөлөх гадаад орчны хүчин зүйл харьцангуй тогтвортой байх шинжтэй.
МОНГОЛ, Хятадын харилцаанд нөлөөлдөг тодорхой ба тодорхой бус хүчин зүйлсийг авч үзлээ. Тодорхой хүчин зүйлс нь Монгол, Хятад хоёр улсын цар хэмжээний зөрүү, хөгжлийн ялгаа, ашиг сонирхлын давхцал, эдгээрээс үүссэн хүндрэл байв. Тодорхой бус хүчин зүйлс нь гадаад талд их гүрнүүдийн өрсөлдөөн, хүчний шилжилт гэсэн мегатрэндийн хүчин зүйл байв.
Монгол, Хятадын харилцаанд туламдаж буй болон ойрын ирээдүйд тулгарч болох эрсдэл гол төлөв тодорхой хүчин зүйлстэй холбогдож байгаа учраас эрсдлийг саармагжуулах боломжтой, тодруулбал дотоодын бодлого болон хоёр талын хамтын ажиллагаагаар дамжуулан зохицуулалт хийх, шийдвэрлэх боломжтой нөхцлүүд харагдаж байна. Харин алс хэтдээ тодорхой бус хүчин зүйлсээс ирэх аливаа эрсдэл, өөрөөр хэлбэл цаашид Хятад, АНУ, Орос гурав нэгнээ хазаарлах оролдлого худалдааны дайнаас халин аюулгүй байдлын нөлөөний бүсээ хуваах чиглэлд шилжвэл Монгол Улсын гадаад бодлого, аюулгүй байдалд томоохон сорилт учруулна.