Засгийн газрын 2017 оны 246 дугаар
тогтоолын 3 дугаар хавсралт
ТӨРИЙН БОЛОН АЛБАНЫ НУУЦЫН БҮРТГЭЛ, МЭДЭЭЛЛИЙН
НЭГДСЭН САН БАЙГУУЛАХ, АШИГЛАХ ЖУРАМ
Нэг. Нийтлэг үндэслэл
1.1. Төрийн болон албаны нууцын бүртгэл, мэдээллийн нэгдсэн сан (цаашид “мэдээллийн сан” гэх) байгуулах, ашиглах, түүний нууцлал, аюулгүй байдлыг хангах, төрийн байгууллага, бусад хуулийн этгээд төрийн болон албаны нууц (цаашид “нууц” гэх) мэдээллийг тус санд бүртгүүлэхтэй холбоотой харилцааг энэхүү журмаар зохицуулна.
Хоёр. Мэдээллийн сан
2.1. Мэдээллийн санг байгуулах, лавлагаа, тайлан гаргах, хэвийн ажиллуулах чиг үүргийг тагнуулын байгууллага хариуцна.
2.2. Мэдээллийн санг тагнуулын байгууллага, түүний орон нутаг дахь салбар, нэгж ашиглана.
Гурав. Мэдээллийн санг бүрдүүлэх
3.1. Мэдээлийн сан нь дараах мэдээллээс бүрдэнэ:
3.1.1. төрийн байгууллага, бусад хуулийн этгээдийн төрийн болон албаны нууцын жагсаалтад орсон мэдээлэл;
3.1.2. аюулгүй байдлын шалгалтад хамрагдаж төрийн нууц хамгаалах, нууцтай танилцах зөвшөөрөл олгогдсон, зөвшөөрөл олгохоос татгалзсан албан тушаалтан, иргэний мэдээлэл;
3.1.3. төрийн болон албаны нууцын хууль тогтгоомжийн хэрэгжилтийг хянан шалгасан тухай мэдээлэл, шалгалтаар илэрсэн зөрчил, дутагдлыг арилгуулах чиглэлээр авсан арга хэмжээний талаарх мэдээлэл;
3.1.4. төрийн болон албаны нууцын хууль тогтоомж зөрчсөн албан тушаалтан, иргэний мэдээлэл;
3.1.5. төрийн байгууллага, бусад хуулийн этгээдийн нууцын хадгалалт, хамгаалалтын чиглэлээр хэрэгжүүлсэн ажлын талаарх мэдээлэл;
3.1.6. нууцад хамаарах мэдээ, баримт бичиг, бусад нууц тээгчийн шилжилт хөдөлгөөний талаарх мэдээлэл;
3.1.7. халдлагын мэдээ (гадаад, дотоод, цахим гэх зэрэг).
3.2. Тагнуулын байгууллагын төрийн нууцын асуудал хариуцсан нэгж болон орон нутаг дахь салбар, нэгж энэ журмын 3.1-д заасан мэдээллийг тухай бүр мэдээллийн санд оруулна.
3.3. Энэ журмын 3.1.1, 3.1.2, 3.1.4, 3.1.5, 3.1.6, 3.1.7-д заасан мэдээллийг төрийн байгууллага, бусад хуулийн этгээдийн нууц хамгаалах нэгж, ажилтан нэгтгэж, жил бүрийн 1 дүгээр сард багтаан тагнуулын байгууллагад цахим хэлбэрээр хүргүүлнэ.
Дөрөв. Мэдээллийн сангийн нууцлал, аюулгүй байдал
4.1. Мэдээллийн сан нь тагнуулын байгууллагын төв байранд байрлана. Мэдээллийн сангийн хадгалалт, хамгаалалт, нууцлал, аюулгүй байдлыг тагнуулын байгууллага хариуцна.
4.2. Тагнуулын байгууллагын дотоод хяналт-аюулгүй байдлын асуудал хариуцсан нэгж мэдээллийн сангийн байнгын, тасралтгүй, хэвийн үйл ажиллагааг хангаж ажиллана.
4.3. Мэдээллийн санг ашиглах, түүний хадгалалт, хамгаалалт, нууцлал, аюулгүй байдлыг хангах ажиллагаа, программ хангамж нь мэдээллийн аюулгүй байдал, мэдээллийн технологийн Монгол Улсын холбогдох стандартад нийцсэн байна.
4.4. Мэдээллийн санг бүрдүүлэх, удирдах, ашиглах, түүний хадгалалт, хамгаалалт, нууцлал, аюулгүй байдлыг хангах, өргөтгөн сайжруулахтай холбогдох зардлыг тагнуулын байгууллагын төсөвт тусган санхүүжүүлнэ.
---оОо---