92263017 •
  Ерөнхий зохицуулагч
1800-1280 •
  Иргэдээс мэдээ мэдээлэл авах
92263535 •
  Төрийн болон албаны нууцтай   холбоотой мэдээ, мэдээлэл
ТҮҮХЭН ӨДӨР: 1945 оны 10 дугаар сарын 20. Тусгаар тогтнолын төлөөх Монголын бүх ард түмний санал хураалт

Түүхийн ухааны доктор Б.Эрдэнэбилэг

Монголчуудын XX зууны түүх бол тусгаар тогтнолоо олох, баталгаажуулах, олон улсад хүлээн зөвшөөрүүлэх тэмцлийн түүх байсан бөгөөд 1911 оны үндэсний эрх чөлөөний хөдөлгөөнөөр төрийн тусгаар тогтнолоо зарласан тэр үеэс эхлээд тусгаар тогтнолоо дэлхийн бусад улсуудаар хүлээн зөвшөөрүүлэх алхмыг хийж эхэлсэн боловч тухайн үеийн их гүрнүүдийн бодлого, үйл ажиллагаанаас шалтгаалаад төдийлөн үр дүнд хүрч чадахгүй байсаар 1945 онтой золгосон.

            Монголын тусгаар тогтнолыг асуудлыг их гүрнүүдийн хэмжээнд анх удаа гаргаж тавьсан түүхэн баримт бол 1945 оны 2 дугаар сарын 4-11-ний өдрүүдэд Ялтад болсон холбоотон гүрнүүдийн удирдагчид болох ЗХУ-аас И.В.Сталин, АНУ-ын ерөнхийлөгч Ф.Рузвельт, Их Британийн ерөнхий сайд У.Черчилль нарын оролцсон хурал байсан.

Энэ хурлаар ЗХУ Европт дайн дууссанаас хойш 2-3 сарын дараа Японы эсрэг дайнд тодорхой болзолтойгоор орохдоо гэрээний 1 дүгээр зүйлд БНМАУ-ын тусгаар тогтнолыг тухайн үед байсан хилээр нь хадгалахаар заасан нь манай улсын тусгаар тогтнолыг үндсэндээ дэлхийн их гүрнүүдийн хэмжээнд анх удаа хүлээн зөвшөөрсөн хэрэг байв. ЗХУ-ын энэхүү болзлыг Японыг ялсны дараа бүрэн хангагдсан байвал зохино гэж гурван их гүрний удирдагч нар тохиролцсон.

Америкийн тал Ази дахь Японы түрэмгийллийг богино хугацаанд хүн хүч, эдийн засгийн хохирол багатайгаар зогсоохын тулд ЗХУ-ыг уг дайнд татан оролцуулахдаа Зөвлөлтийн талаас тавьсан ямар болзлыг хүлээн авахад бэлэн байсан бөгөөд Зөвлөлтийн тал тухайн үед Гоминьданы Хятадад маш их тусламж дэмжлэг үзүүлдэг, хамгийн их нөлөөтэй байсан АНУ-аас Монголын тусгаар тогтнолыг Чан Кай Шигаар хүлээн зөвшөөрүүлэхэд дэмжлэг авахаар шийдвэрлэсэн байдаг.

1945 оны Чөлөөлөх дайнд БНМАУ оролцсон нь цэрэг, дайны үйл ажиллагаа гэхээсээ илүүтэй Зөвлөлтийн удирдагчидтай харилцан тохиролцож, дайны дараа хөрш Хятад болон олон улсад тусгаар тогтнолоо хүлээн зөвшөөрүүлэх алхам хийх холыг харсан шатрын нүүдэл байсан бөгөөд хожим энэ дайнд энхийг эрхэмлэгч улсуудын талд орсон нь Нэгдсэн Үндэстний байгууллагын бүрэн эрхт гишүүн болоход томоохон түлхэц болсон. Энэ тухай НҮБ-д гишүүнээр элсэхэд илгээсэн албан бичигт “1945 оны чөлөөлөх дайнд энхийг эрхэмлэгч орнуудын тоонд орж тулалдсан, энхийг эрхэмлэгч улс” хэмээн тодорхойлсон байдаг.

БНМАУ-ын төрийн удирдлагаас дайнд оролцохдоо ЗХУ-ын өмнө холбоотны үүргээ биелүүлэх, БНМАУ-ын тусгаар улс болох баталгааг харуулах, Өвөр Монголыг японы цэргээс чөлөөлөн өөртөө нэгтгэх, БНМАУ нь тусгаар улс бөгөөд хангалттай хүчин чадал бүхий зэвсэгт хүчинтэй болохыг харуулахын тулд Японд эзлэгдсэн хятадын нутгийг чөлөөлөн түүний хөршийн хувьд чөлөөлөх үүрэг хүлээсэн болохоо харуулах зорилгоор 1945 оны 8 сарын 10-нд  Японд дайн зарлан Монгол ардын хувьсгалт цэрэг, Зөвлөлтийн улаан армийн ангиудтай хамтран Хятадын цагаан хэрэм хүртэл давшин байлдаж, японы цэргийг бут цохиход оролцсон түүхтэй.

Чөлөөлөх дайны өмнөх болон дунд үед Монголын тусгаар тогтнолын асуудал Зөвлөлт, Хятадын хоорондох хэлэлцээний хамгийн эмзэг асуудал болон тавигдаж байв.

Зөвлөлт Хятадын хэлэлцээр 1945 оны 6 дугаар сарын 30-наас мөн оны  8 дугаар сарын 14-нийг хүртэл 9 удаа хуралдсан бөгөөд хэлэлцээр сунжирсан гол асуудал нь Гадаад Монголын тусгаар тогтнолын асуудал байв. Сталины Гадаад Монголын тусгаар тогтнолыг Хятадын талд хүлээн зөвшөөрүүлэх хүчин чармайлтын үр дүнд сар гаруй үргэлжилсэн уг хэлэлцээрт хоёр тал БНМАУ-ын тусгаар тогтнол, газар нутгийн бүрэн бүтэн байдлыг хүндэтгэх тухай ноот бичиг солилцсон. 

Монголын тусгаар тогтнолыг Зөвлөлтийн саналын дагуу Хятадаар хүлээн зөвшөөрүүлэхэд Америкийн тал багагүй хүчин чармайлт гаргасан. Хятадын төлөөлөгч доктор Сунтэй Москва дахь Америкийн элчин сайд Харриман удаа дараа уулзаж ятгасны эцэст тэрбээр Зөвлөлтийн талын байр суурийг аргагүйн эрхэнд хүлээн зөвшөөрсөн.

Их гүрнүүдийн шахалтанд орсон Гоминьданы Хятадын тал 1945 оны 8-р сарын 14-нд ЗХУ болон Хятад улс найрамдалт холбоо тогтоох хэлэлцээрт гарын үсэг зурж, байгуулсан гэрээгээр БНМАУ-ын тухай 2 тал тохиролцохдоо "Японыг ялсны дараа,Гадаад Монголд Ард иргэдийн санал хураалт явуулахыг БНХУ-ын Засгийн газар зөвшөөрөв. Түүний ард иргэд тусгаар тогтнолыг сайшаах эсэхээ шийдвэрлэнэ. Хэрэв ард иргэдийн санал хураалтын дүн тусгаар тогтнолыг сайшаавал БНХУ-ын Засгийн газар Гадаад Монголын тусгаар тогтнолыг одоогийн байгаа хилээр нь зөвшөөрч байна" гэж заасан байна. Энэ хэлэлцээрт Гоминданы Хятадын талаас ерөнхий сайд Сүн Зи Вен, Гадаад яамны сайд Ван Си Зы нар оролцсон.

Хэлэлцээрийн дараа Зөвлөлтийн удирдагч И.В.Сталин, ЗХУ-ын Гадаад Хэргийн Ардын Комиссариат В.М.Молотов нараас Зөвлөлт Хятадын хэлэлцээрийн талаар баярын цахилгаан ирүүлсэн бөгөөд харин эдгээр ноотыг Монголын удирдагчид хэрхэн  хүлээн авсан талаар БНМАУ-д элчин сайдаар сууж байсан И.А.Иванов “БНМАУ нь Японы эсрэг дайнд оролцсоноор Өвөр Монгол, Баргыг эргээд БНМАУ-д нэгтгэж чадна гэж итгэж байсан учраас Чойбалсан болон Монголын бусад удирдагчид ноот хүлээн аваад сэтгэл дундуур байсан” гэж бичсэн байдаг.

Зөвлөлт Хятадын хэлэлцээрийн дараа "Монгол улсын тусгаар тогтнолын асуудлыг ард түмнийх нь санал хураалтын үр дүнгээс шалтгаалан авч үзэж болох юм" гэсэн мэдэгдэл нот бичгийг Бүгд Найрамдах Хятад улсын Гадаад яамны сайд Ван Си Зыгээс БНМАУ-д 1945 оны 08 дугаар сарын 14-ний өдөр ирүүлсэн бөгөөд уг нот бичгийг үндэслэн БНМАУ-ын Бага Хурлын тэргүүлэгчдийн 1945 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 76 дугаар хурлаас “Бүх ард түмний саналыг тус улсын бүх дэвсгэр нутаг дээр 10 дугаар сарын 20-ны өдөр нэгэн зэргээр гаргуулахаар тогтоосугай" хэмээн заасан байдаг.

Харин БНМАУ-ын Бага Хурлын Тэргүүлэгчдийн 1945 оны 10 сарын 5-ны өдрийн 85 дугаар тогтоолд: “Санал гаргах хуудсан дээр тавьсан өөрийн овог, нэрийн доор “зөвшөөрөх” буюу “татгалзах” хоёрын аль нэгийг бичиж, гарынхаа үсгийг зур. Хэрвээ бичиг мэдэхгүй бол баруун гарынхаа эрхий хурууг дар” гэж заасны дагуу санал хураах ажил явагдсан.

Санал хураалтанд зориулан зурагт хуудас хэвлэн гаргаж байсан бөгөөд  зурагт хуудасны бичвэрт “Би. Бүгд Найрамдах Монгол Ард Улсын харъяат мөн. Хүн болж төрсний минь дээд зэргийн эрхэм эрмэлзэл бол өөрийн эх орны тусгаар тогтнолын төлөө амь ба санаа сэтгэлээ зориулахад хэзээ ч бэлхэн байхад оршино. Би өөрийн харъяат эх орны тусгаар тогтнолын төлөө батлана” гэсэн байдаг. Энэ бичгийн цаад дэвсгэрт Монголын газрын зургийг байрлуулан, гараа өргөн санал өгч буй хүнийг дүрслэн зурсан байдаг.

Ухуулга таниулгын хуудсыг Улаанбаатарт хэвлүүлж, орон нутагт тарааснаас гадна улс орон даяар 13000 удаа хурал цуглаан зохион байгуулж, малчин, ард, ажилчин, сэхээтнүүдийг оролцуулсан. Санал хураалтын төв комиссын дарга болон орлогч нар аймаг бүрийг хуваарилан авч, өөрийн биеэр бэлтгэлийн ажлыг зохион байгуулсан байна.

Санал хураах Төв ба салбар комиссууд байгуулагдан бэлтгэл ажлыг сар хүрэхгүй хугацаанд хангаснаар БНМАУ-ын тусгаар тогтнолыг батлах бүх ард түмний санал хураалт товлосон өдрийн өглөөний 6 цагт эхэлж 18 аймаг, Улаанбаатар хот, МАХЦ, Хязгаарын цэрэг, 3ХУ-д сурч ажиллаж байсан 487285 хүн буюу нийт сонгогчдын 98.6%  нь оролцож, бүгд тусгаар тогтнолын төлөө санал өгч, татгалзсан хүн гараагүй байна.

Санал хураалтын дүнг ажиглахаар ДИУ-ын Засгийн газрын төлөөлөгч Ли Фа Жаныг дагалдсан 12 хүнтэй баг Улаанбаатар хотын 3,5,8-р хороо, Төв аймгийн Лүн сумын 1-р багт санал хураалтын явцыг харж, 11 дүгээр сарын 1-нд “Гадаад Монголын ард түмний санал хураалтын тухай илтгэл”-ийг ерөнхийлөгч Чан Кай Ши-д өргөн барьжээ.

Санал хураалтын дүнгийн тухай Төв комиссын тогтоолыг Улсын Бага хурлын Тэргүүлэгчид батлан 11 дүгээр сарын 10-нд ЗХУ, ДИУ-ын Засгийн газарт илгээжээ.

1946 оны 1 сарын 5-нд Дундад иргэн улсын Засгийн газраас  БНМАУ-ын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрсөн тухай мэдэгдлийг гаргасан бөгөөд санал хураах Төв комиссын орлогч дарга Ч. Сүрэнжав тэргүүтэй төлөөлөгчид 1946 оны 2 сарын 8-нд Чунцинд очиж, санал хураалтын дүнг танилцуулан Хятадын Засгийн газартай хэлэлцээ явуулсны дүнд 1946 оны 2 дугаар сарын 13-нд БНМАУ, ДИУ-ын хооронд дипломат харилцаа тогтоох, элчин төлөөлөгчөө харилцан суулгах тухай нот бичиг солилцож, 1946 оны 11 дүгээр сарын 5-нд Хятадын Гоминданы Засгийн газар Монгол Улсын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрч, хожим 1949 онд БНХАУ байгуулагдсанаар албан ёсоор БНМАУ-ын тусгаар тогтнолыг баталгаажуулсан түүхтэй.

Тусгаар тогтнолын төлөөх бүх ард түмний санал хураалт явагдсан энэ түүхэн үйл явдлыг XX зууны Монголын  10 түүхэн үйл явдлын нэгээр нэрлэдэг бөгөөд энэ өдрийг баяр ёслолын байдалтай тэмдэглэх гэхээсээ илүү залуу хойч үед  тусгаар тогтнолын үнэ цэнэ, ямар үнээр бидний үед ирснийг таниулах, түүхийн ухаарал, сургамж, ой санамжийг өвлүүлэх нь илүү чухал ач холбогдолтой юм.

НИЙТЭЛСЭН: 2021-10-20 өдөр 14:02:1 цаг           ҮЗСЭН: 9871