“Тулгар төрийн 2230”, “Их Монгол Улс байгуулагдсан 815”, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110, “Ардын хувьсгалын 100 жил”, “Монгол Улсын төрийн далбааны өдөр” болон “Монгол Улсад орчин цагийн Тагнуулын байгууллага үүсч хөгжсөний түүхт 99 жилийн ой”-г тохиолдуулан,
Монгол Улсын Үндсэн хуулийн 33 дугаар зүйлийн 1 дэх хэсэгийн 7 дахь заалт, 34 дүгээр зүйлийн 1, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 1, 15 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 07, 2021 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 37 дугаар зарлигийг тус тус үндэслэн Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний ерөнхий командлагч Ухнаагийн Хүрэлсүх “Цэргийн дээд цол олгох тухай” зарлиг гаргав.
Уг зарлигаар Тагнуулын Ерөнхий газрын дарга, хурандаа Пэлжээгийн Одонбаатарт хошууч генерал цол олгов. Цэргийн дээд цол олгох ёслол өнөөдөр буюу “Монгол Улсын Төрийн далбааны өдөр” Төрийн ордны Ёслол хүндэтгэлийн Их танхимд болж, Тагнуулын ерөнхий газрын дарга, хошууч генерал Пэлжээгийн Одонбаатарт “Цэргийн дээд цол”-ны батламжийг Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх гардуулав.
Тагнуулын ерөнхий газрын дарга, хошууч генерал Пэлжээгийн Одонбаатар нь 1974 онд Дундговь аймгийн Мандалговь хотод төрсөн. Хуульч мэргэжилтэй.
1996 оноос хойш Дундговь аймгийн Засаг даргын дэргэдэх Цагдаагийн хэлтэст мөрдөн байцаагч, Тагнуулын ерөнхий газарт мөрдөн байцаагч, ахлах мөрдөн байцаагч, Тасгийн дарга, Хэлтсийн орлогч дарга, Хэлтсийн дарга, Албаны дарга, Газрын дарга, Тэргүүн дэд даргаар ажилласан туршлагатай. Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн тогтоолоор Тагнуулын ерөнхий газрын даргаар томилогдон ажиллаж байна.