92263017 •
  Ерөнхий зохицуулагч
1800-1280 •
  Иргэдээс мэдээ мэдээлэл авах
92263535 •
  Төрийн болон албаны нууцтай   холбоотой мэдээ, мэдээлэл
ТӨРИЙН БОЛОН АЛБАНЫ НУУЦЫН ТУХАЙ ХУУЛЬ ТОГТООМЖИЙГ САХИН БИЕЛҮҮЛЭХ НЬ ИРГЭН БҮРИЙН ҮҮРЭГ МӨН

Монгол Улсын иргэн нь Монгол Улсын Үндсэн хуульд заасан улс төр, нийгэм-соёл, эдийн засгийн хүрээний эрх, эрх чөлөөг эдлэхийн зэрэгцээ Үндсэн хууль, бусад хуулийг дээдлэн хүндэтгэж, сахин биелүүлэх үндсэн үүргийг хүлээдэг.

Энэхүү үндсэн үүргийн хүрээнд иргэн, байгууллага, албан тушаалтан төрийн болон албаны нууцыг хамгаалах талаарх хууль тогтоомжийг сахин биелүүлэх үүрэг хариуцлагыг хүлээж байна.    

Тагнуулын байгууллагаас Төрийн болон албаны нууцын тухай хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт тавих, байгууллага, албан тушаалтанд мэргэжил, арга зүйн туслалцаа үзүүлэх чиглэлээр дараах арга хэмжээг авч хэрэгжүүлээд байна.

  • Төрийн болон албаны нууцын тухай хууль тогтоомж хэрэгжиж эхэлсэнтэй холбогдуулан байгууллагын түвшинд авч хэрэгжүүлэх нэн шаардлагатай үйл ажиллагааны талаар төрийн бүх шатны байгууллагуудад хоёр удаа зөвлөмж хүргүүлсэн.
  • Төрийн болон албаны нууц төвлөрсөн нийт 35 байгууллагад нууц хамгаалах тухай хууль тогтоомжийн хэрэгжилтийн хяналт шалгалт явуулж, илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулах чиглэлээр мэргэжил, арга зүйн туслалцаа үзүүлж, хамтран ажилласан.
  • Төрийн болон албан нууц төвлөрсөн төрийн байгууллага, бусад хуулийн этгээдийн нийт 979 нууц хамгаалах ажилтнуудад мэргэшүүлэх сургалт зохион байгуулж, гэрчилгээ олгож, нууц төвлөрсөн төрийн байгууллага, бусад хуулийн этгээдийн нууцад хамаарах мэдээлэлтэй танилцах эрх бүхий 4423 албан тушаалтанд сургалт, мэдээлэл зохион байгуулсан.
  • Төрийн байгууллагын нууцад хамаарах тодорхой үйл ажиллагаа явуулахаар сонгогдсон 20 хуулийн этгээдэд аюулгүй байдлын гэрчилгээ олгож, мэргэжил, арга зүйн туслалцаа үзүүлэх ажлыг тус тус хэрэгжүүлэн ажиллалаа.

Манай улсын хувьд Үндсэн хуулийн Арванзургадугаар зүйлд “төр, байгууллага, хувь хүний нууцыг хуулиар тогтоон хамгаална” гэж заасныг үндэслэн Төрийн нууцын тухай хууль, Төрийн нууцын жагсаалт батлах тухай хуулийг анх 1995 онд батлан мөрдүүлж эхэлсэн бөгөөд улс төр, нийгэм, эдийн засгийн харилцааны хөгжил, хэрэгцээ шаардлагын улмаас хууль тогтоомжийг шинэчлэн Төрийн болон албаны нууцын тухай хуулийг 2016 онд баталж, 2017 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөж байна.

1995 онд баталсан Төрийн нууцын тухай хуульд албан тушаалтантай холбоотой зохицуулалт зонхилж, иргэн хүн нууцад хамаарах мэдээлэлтэй танилцах, энэ хүрээнд үүрэг, хариуцлага хүлээхтэй холбоотой нарийвчилсан зохицуулалт дутагдаж байсныг Төрийн болон албаны нууцын тухай хуульд нууцтай танилцсан иргэн, гадаад улсын иргэн, харьяалалгүй хүн уг хуулийн дагуу нууц мэдээлэл задарч, үрэгдэхээс урьдчилан сэргийлэх үүрэг хүлээхээр эрх зүйн орчинг боловсронгуй болгосон.

Тухайлбал Төрийн болон албаны нууцын тухай хуулийн 27 дугаар зүйлд нууцад хамаарах мэдээлэлтэй танилцсан албан тушаалтан, иргэн дараах нийтлэг үүрэг хүлээхээр заасан байна:

  • төрийн болон албаны нууцыг хамгаалах хууль тогтоомжийг сахин биелүүлэх;
  • танилцсан болон ажил үүргээ гүйцэтгэх явцад мэдсэн нууцыг задруулахгүй байх;
  • төрийн болон албаны нууцыг задруулах, үрэгдүүлэхээс урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах;
  • нууц задрах, үрэгдэх нөхцөл байдал бий болсон, эсхүл задарч, үрэгдсэн, нууц хамгаалах журам зөрчигдсөн бол нууц хамгаалах ажилтанд нэн даруй мэдэгдэх;
  • ажил, үүргийн дагуу итгэмжлэн хариуцсан төрийн болон албаны нууц тээгчийг зохих ёсоор хүлээлгэн өгөх, танилцсан төрийн болон албаны нууцыг задруулахгүй байх баталгааг бичгээр гаргах;
  • хуульд өөрөөр заагаагүй бол хувийн хэргээр гадаад улсад зорчих тохиолдолд байгууллагадаа урьдчилан бичгээр мэдээлэх зэрэг болно.

Түүнчлэн уг хуулиар төрийн болон албаны нууцтай танилцсан албан тушаалтан, иргэн дээр дурдсан нууц хамгаалах талаарх хууль тогтоомжийг сахин биелүүлэхийн зэрэгцээ санамсар болгоомжгүй байдлын улмаас гадаадын тусгай албадын үйл ажиллагаанд өртөх, ашиглагдах нөхцөл байдалд орохоос урьдчилан сэргийлэх боломж бүрдсэн.

Тодруулбал иргэн, албан тушаалтны хувьд гадаад улсад зорчих үеийн хувийн аюулгүй байдлаа хэрхэн хангах, тухайн орны хил, гаалийн дэглэм болон тагнуул, хууль сахиулах байгууллагын хяналтын талаар мэргэжлийн байгууллагаас зөвлөгөө авах эрх нээлттэй болсон.

Иймд төрийн болон албаны нууцтай танилцсан хүн бүр хууль тогтоомжийг сахин биелүүлэх, үүнтэй холбоотой сонирхсон асуудлаараа мэргэжлийн зөвлөгөө авах зэргээр улсынхаа тагнуулын байгууллагатай хамтран ажиллах нь үүсч болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх чухал ач холбогдолтой.

НИЙТЭЛСЭН: 2019-11-22 өдөр 10:04:0 цаг           ҮЗСЭН: 1528