92263017 •
  Ерөнхий зохицуулагч
1800-1280 •
  Иргэдээс мэдээ мэдээлэл авах
92263535 •
  Төрийн болон албаны нууцтай   холбоотой мэдээ, мэдээлэл
ТАГНУУЛЫН БАЙГУУЛЛАГЫН ҮҮСЭЛ ХӨГЖИЛ
Монголчуудын тагнуулын хөгжил, сэтгэлгээний түүх нь эдүгээгээс 2200-аад жилийн тэртээд буюу монгол угсааны анхны төрт улс болох Хүннү улсын үеэс эхлэлтэй.
 
Хүннү гүрний тагнуулын үйл ажиллагааны арга, тактикийг дараагийн улсууд нь өвлөн авч улам боловсронгуй болгон хөгжүүлж байсан байна.
 
Хүннү, Сяньби нартай түүх, соёлын залгамж холбоотой, Нирунчуудын үгийн санд “алгинч, харгулсан” зэрэг хэллэг байжээ. Алгинч гэдэг нь мэдээ авагч, туршуулч, мэдээ чимээг сураглах хүн, тагнуул, хаймсуур, харуул гэсэн утгатай хэмээн тайлбар толиуд болон Монголын нууц товчоонд дурдсан байдаг. 
 
Тэмүжин Хамаг Монгол Улсын хаанаар өргөмжлөгдсөнийхөө дараа тагнуулын ажил эрхлэх “туршуулч” хэмээх тушаалыг буй болгож, Монголын тулгар төрийн тагнуулын байгууллагын зохион байгуулалтын суурийг тавьжээ. 1189 оны орчим орчин цагийн Монгол Улсын тусгай албаны тагнуулын ажилтны эхлэл туршуулч нэртэйгээр тавигдав.
 
Чингис хаанаас нэгдсэн Монгол Улсыг байгуулах зорилгоо биелүүлснийхээ дараа засаглалын тогтолцоогоо зохион байгуулахдаа тагнуулын ажлыг цэрэг, улс төр, эрүүгийн чиглэлээр төрөлжүүлж, улс төрийн гадаад тагнуулын үүргийг гадаад харилцааны асуудал эрхэлсэн нэгжид, улс төрийн сөрөх тагнуулыг хишигтэнд, цэргийн тагнуулыг цэргийн бодлогын газарт, эрүүгийн чиглэлээр зохиох гүйцэтгэх ажлыг улсын дээд заргачийн эрх, үүрэгт хамааруулсан байна. 
 
Тэрхүү тагнуулын тогтолцоог Хубилай хаан 1271 онд өөрчилж, цэргийн болон улс төр, эрүүгийн чиглэлээр зохиох тагнуулын ажил, үүргийг Нууц бичгийн яаманд төвлөрүүлжээ.
 
Чингис хаан, түүнийг залгамжлагчид төрийн аюулгүй байдалд анхаарал тавьж байсны зэрэгцээ гадаад орнууд руу хийсэн аян дайны амжилт нь байлдах тухайн газар, орны тухай урьдчилсан судалгаа, тухай нутаг орны ард иргэдийн дунд өөрсдийг нь дэмжих, туслах хүчнийг буй болгох үйл ажиллагаанаас хамаарч байв. Энэ нь уг ажлыг эрхэлдэг тагнуулын хүчтэй байгууллага байсныг гэрчилнэ.
 
XIV зууны II хагасаас XIX зууны үед монголчууд нь тагнуул, сөрөх тагнуулын ажлыг хэрхэн зохион явуулж байсан нь тодорхойгүй бөгөөд харин XVII зууны үед Зүүн гарын Ойрадын Галдан бошгот хаан Манж чин улсын нийслэл Бээжинд 200 орчим хүнтэй суурин тагнуулчдыг ажиллуулж байсан мэдээ байдаг.
 
Энэ үед тагнуулын ажлыг цэргийн болон гадаад харилцааны асуудал эрхэлсэн нэгжээс эрхлэн гүйцэтгэж байжээ.
НИЙТЭЛСЭН: 2018-10-03 өдөр 15:00:5 цаг           ҮЗСЭН: