92263017 •
  Ерөнхий зохицуулагч
1800-1280 •
  Иргэдээс мэдээ мэдээлэл авах
92263535 •
  Төрийн болон албаны нууцтай   холбоотой мэдээ, мэдээлэл
ТАГНУУЛЫН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ТУСГАЙ АРХИВ
Монгол Улсын ууган архивуудын нэг болох ТЕГ-ын Тусгай архив нь Дотоодыг хамгаалах газрын даргын 1932 оны 2 дугаар сарын 10-ны өдрийн 41 дүгээр тушаалаар байгуулагдсан түүхтэй.
 
1930-аад оноос Дотоодыг хамгаалах ерөнхий газрын баримт бичгийг эмхлэн цэгцлэх ажлыг зохион байгуулж, байнга хадгалах баримтыг төв, орон нутгаас төвлөрүүлэн, карт бүртгэлд оруулж эхэлжээ. 1944 он хүртэл архивын баримтыг төрөлжүүлэн цэгцлэх, дугаар бүртгэлийг шалгах зэрэг ажлууд үргэлжлэн хийгдэж, 1945 оноос архивын заавар гарган мөрдөх болсон бaйнa. Улмаар 1950-иад онд архивын ажлын чиглэлээр зохион байгуулалт, үйл ажиллагааны олон чухал арга хэмжээ авч хэрэгжүүлсэн нь зохих үр дүнд хүрсэний зэрэгцээ төрөлжсөн сангуудыг байгуулж эхэлжээ.
 
1980 онд архивын зориулалтын байрыг ашиглалтад оруулсан нь архивын баримтын хадгалалт, хамгаалалтыг сайжруулах, ажилтнуудын ажиллах нөхцөл, боломжийг дээшлүүлэхэд чухал ач холбогдолтой болжээ.
 
Тус архив нь 1922 онд Дотоодыг хамгаалах газар байгуулагдсан үеэс хойших Тагнуулын байгууллагын үйл ажиллагааны явцад үүсэн бий болсон бүх баримт, мөн хуучин НАХЯ-ны бүтцэд байсан Цагдан сэргийлэх байгууллага, Хилийн ба Дотоодын цэрэг, Засан хүмүүжүүлэх хөдөлмөрийн байгууллагын үйл ажиллагааны явцад бий болсон 1990 оныг хүртэлх баримтаас бүрдсэн сан хөмрөгтэй юм.
 
1959 онд тус архивын баримтуудад судалгаа хийх групп байгуулагдаж, эх орон, тусгаар тогтнолын төлөө амь бие, хөдөлмөр зүтгэлээ зориулсан олон алдар гавьяатныг тодруулан нээн гаргасан билээ.
 
1983 онд байгуулагдсан НАХЯ-ны музей, 1998 онд байгуулагдсан Хилийн цэргийн музей, 2002 онд байгуулагдсан ТЕГ-ын музейн сан хөмрөгийн эх үндэс нь тус архивын сан хөмрөгөөс үүсэлтэй юм.
 
Тусгай архивын баримтад тулгуурлан манай нэрт зохиолч, яруу найрагч, хөгжмийн зохиолч, кино найруулагч, уран бүтээлч, судлаач нар олон арван тууж, өгүүллэг, судалгааны бүтээл, уран сайхны болон баримтат кино, телевиз, радиогийн нэвтрүүлэг бэлтгэсэн нь олны хүртээл болсон юм. Одоо тус архивын уншлагын танхимаар архивын баримтыг ашиглуулан үйлчилгээ үзүүлж бaйнa.
 
Тус архив байгууллага, иргэдээс хуучин НАХЯ-ны системд ажиллаж байсан болон Хилийн ба Дотоодын цэрэгт алба хаасан, мөн аюулаас хамгаалах байгууллагад тусгай үүрэг гүйцэтгэж байсан болон бусад асуудлаар лавлагаа, тодорхойлолт авахыг хүссэн эрэлт, хүсэлтийг хүлээн авч, архивын үйлчилгээ үзүүлж байна. Түүнчлэн улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийг цагаатгах, тэдэнд нөхөн олговор олгох тухай хуулийг хэрэгжүүлэх хүрээнд мөрдөн байцаалтын хэргийг холбогдох байгууллагуудад гаргаж өгөх, хэлмэгдэгчийн талаар архивын лавлагаа, цагаатгасан тогтоолын хуулбар олгох зэрэг ажил, үүргийг гүйцэтгэж бaйнa.
 
Тус архив нь долоо хоногийн даваа, лхагва, баасан гаригийн 08.30-12.30, 14.00-16.00 цагийн хооронд ТЕГ-ын Тусгай архивын иргэд хүлээн авах байраар иргэдийг хүлээн авч, архивын үйлчилгээ үзүүлж байна.
 
Тусгай архивын иргэд хүлээн авах байр
НИЙТЭЛСЭН: 2018-10-01 өдөр 17:32:2 цаг           ҮЗСЭН: