92263017 •
  Ерөнхий зохицуулагч
1800-1280 •
  Иргэдээс мэдээ мэдээлэл авах
92263535 •
  Төрийн болон албаны нууцтай   холбоотой мэдээ, мэдээлэл
ОЛОН УЛСЫН ТЕРРОРИЗМЫН НӨХЦӨЛ БАЙДЛЫН ТАЛААР
“Исламын улс” бүлэглэлийн “Халифат” улс байгуулах мөрөөдөл нь үгүй болж, үүнтэй холбоотойгоор террорист үйл ажиллагаагаа илүү өргөн хүрээнд явуулахыг эрмэлзэж байна. Тус бүлэглэл газар нутгаа алдсаныхаа хариуг авахаар Ирак, Сири дэх төвлөрсөн цэгээсээ Ливи, Египет, Йемен, Алжир, Нигер, Афганистан, Пакистан, ОХУ-ын Кавказ болон Зүүн Ази дахь кибер орон зайд үйл ажиллагаагаа идэвхжүүлэхэд анхаарч эхэллээ.
 
Мөн “Аль-Кайда” бүлэглэлийн зүгээс Сирид үүсээд буй тогтворгүй байдал, “Исламын улс” бүлэглэлийн үлдээсэн орон зайг ашиглаж, бүс нутагт тархсан бүлэглэл, дайчдыг өөрийн удирдлага дор нэгтгэн, бусад улс орнуудад террорист үйл ажиллагаагаар заналхийлэх сонирхол нь давамгайлж байна.
 
“Исламын улс” бүлэглэлийн “Аль-Хаят” хэвлэл мэдээллийн албанаас 2017 оны 12 дугаар сард өөрийн дэмжигчиддээ хандан “...тэвчээртэй хүлээ, ялалтад хүрэх болно...” гэсэн суртал ухуулгыг видео бичлэгээр тараасан.
 
Зарим улс, орнуудын Засгийн газар тех-компаниудтай хамтран тус бүлэглэлийн цахим орчноор дамжуулан хийж буй Жихадын зан үйл, дайчид элсүүлэхтэй холбоотой суртал ухуулгын тархцыг сааруулах тал дээр идэвхтэй үйл ажиллагаа явуулж байна.
 
Гэвч сүүлийн үед тус бүлэглэлийн гишүүд “Телеграм” зэрэг шифрлэгдсэн аппликэйшн ашиглаж, бие биетэйгээ харилцан холбогдох, мэдээ мэдээлэл тарааж буй нь анхаарал хандуулах асуудал болоод байгаа. Тухайлбал, “Исламын улс” бүлэглэлийн удирдлага Ирак болон Сирийн газар нутгаас “Телеграм” аппликэйшн ашиглан Индонезийн орон нутгийн дайчдад зааварчилга өгч, тус улсад 14 удаагийн халдлагыг зохион байгуулсан тухай  Индонезийн Үндэсний Цагдаагийн газрын дарга Генэрал Тито Карнавиан ярьжээ.
Улс орнуудын терроризмтой тэмцэх бодлого
 
Нэгдсэн үндэсний байгууллага (НҮБ)
НҮБ-ын Терроризмоос урьдчилан сэргийлэх газрын дарга В.Воронков “терроризм” гэсэн тодорхойлолтыг НҮБ-ээс гаргахад гишүүн улс орнуудын үзэл санаа зөрөлдөж, нэгдсэн ойлголтод хүрч чадахгүй байгаа бөгөөд “...Терроризм нь олон улсад нүүрлэж буй томоохон аюул гэдэгт улс орнууд санал нэгтэй байгаа боловч, нэгдсэн тодорхойлолт байхгүй нь терроризмтой тэмцэх олон улсын хамтын ажиллагааг бататгахад саад учруулж байна...” хэмээжээ. НҮБ-ын гишүүн орнууд терроризмыг оновчтой тодорхойлох шаардлагатай байгаа талаар санал нэгтэй байна.
 
Мөн тэрээр НҮБ-аас терроризмтой тэмцэхийн тулд олон нийтийн болон интернэт сүлжээнд идэвхтэй үйл ажиллагаа явуулж байгаа талаар хэлэв.  Дийлэнх террорист бүлэглэлүүд нь интернэтийг хэт даврах үзлийг дэлгэрүүлэх, суртал ухуулга хийх, санхүүжилт авах болон бусад хууль бус үйл ажиллагаанд ашиглаж байна. Ирээдүйд террорист бүлэглэлүүд орчин үеийн техник технологийг чадварлагаар ашиглах магадлал өндөр байгаа. ОХУ-ын зүгээс НҮБ-ын Терроризмоос урьдчилан сэргийлэх газарт үзүүлсэн 2 сая ам.долларын дэмжлэгийг Төв Азид терроризмтой тэмцэх төслүүдийг санхүүжүүлэх болон тус газрын үйл ажиллагааг бэхжүүлэхэд зарцуулах аж. Тус газрын төсвийн 90 хувь нь сайн дурын дэмжлэгээс бүрддэг байна.
 
Европын холбоо
Европын Зөвлөлөөс 3 дугаар сарын 1-ний өдөр Европын холбооны гишүүн улсууд болон тех-компаниудад хандаж зөвлөмж гаргажээ. Зөвлөмжид,террорист агуулга бүхий контент интернэтэд тавигдсанаас хойш 1 цагийн дотор ихээхэн хор уршиг үзүүлдэг тул интернэтийн компаниуд ийм төрлийн контентыг нийтлэгдсэн  даруйд нь устгах хэрэгтэй гэжээ. Европын зөвлөл өнгөрсөн оноос “facebook”, “twitter” зэрэг олон нийтийн сүлжээний компаниудад хандаж, террорист суртал ухуулга бүхий мэдээллийг илрүүлэх, устгах нийтлэг хэрэгсэл бий болгохыг уриалж эхэлсэн. Энэхүү зөвлөмж нь улс орнуудыг террорист үйл ажиллагаатай холбоотой контентыг цахимаас шуурхай устгах болон бусад хэрэгжүүлж буй арга хэмжээг идэвхжүүлэхэд чиглэжээ.
 
Оросын холбооны улс
ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин “Утсаар сүрдүүлэх” буюу халдлага болж байгаа талаар хуурамч дуудлага өгсөн этгээдэд ял ногдуулах тухай хуульд 2017 оны 12 дугаар сарын 31-ний өдөр гарын үсэг зурсан. Учир нь 2017 оны 9 дүгээр сараас хойш ОХУ-ын нийт 170 гаруй хотуудад хуурамч халдлагын талаар мэдээлсэнтэй холбогдуулан, ойр орчмын байгууллагын үйл ажиллагааг зогсоож, хүмүүсийг нүүлгэн шилжүүлэх хүртэл арга хэмжээ авсан байна. Гэтэл хэсэг хугацаанд намжаад байсан уг хэрэг 2018 оны 1 дүгээр сараас дахин идэвхжиж  эхэлжээ. ХАБА-ны мэдээлснээр, тухайн хэрэгтэй холбогдуулж, нийт 300 сая рублийн хохирол учирч,1 сая гаруй иргэнийг нүүлгэн шилжүүлсэн байна.
 
Дээрх хуулийн дагуу ногдуулах шийтгэл нь учирсан хохирлоос хамаарч
4 шатлалтай байхаар заажээ. Үүнд,
 
- Засаг захиргааны байгууламжид /сургууль, эмнэлэг, г.м/ халдсан болон 1 сая рублиэс дээш хохирол учруулсан тохиолдолд 3-5 жил хорих эсхүл 500 мянгаас 700 мянган рубль хүртэлх торгууль ногдуулах,
 
- Төрийн байгууллагуудын үйл ажиллагааг тогтворгүйжүүлэх зорилгоор хуурамч дуудлага өгсөн тохиолдолд 6-8 жил хорих эсхүл 700 мянгаас 1 сая хүртэлх рублийн торгууль ногдуулах,
 
- Хуурамч дуудлагын уршгаар иргэн амь насаа алдсан тохиолдолд 8-10 жил хүртэлх хорих ял эсвэл 1,5-2 сая рубльтэй тэнцэх торгууль ногдуулахаар тус тус заажээ. 
 
“Нэгдсэн Орос” намын гишүүд 3 дугаар сард “ОХУ-д зорчих тухай” хуулийн 26 дугаар зүйлд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг санаачлан хэлэлцүүлэхээр Төрийн Думд өргөн барьжээ. Уг нэмэлт өөрчлөлтөөр, террорист бүлэглэлд санхүүгийн тусламж үзүүлсэн, мөнгө угаасан гэмт хэрэгт сэжиглэгдэж буй гадаадын болон харьяалалгүй иргэнийг ОХУ-д зорчихыг хориглохоор тусгасан байна.
 
Бүгд найрамдах Казакстан улс
Казахстанд 2018 оны 1 дүгээр сарын 30-ны өдөр “Шашны хэт даврах үзэл, терроризмтой тэмцэх тухай Засгийн газрын 2018-2022 оны төлөвлөгөөний төсөл”-ийг хэлэлцсэн байна. Уг төлөвлөгөөний төсөлд, радикалчлагдсан иргэд нь шашны хэт даврах шинж чанартай хүчирхийлэл үйлдэж болзошгүй байдаг нь Казахстаны үндэсний аюулгүй байдалд заналхийлж байна гэж тусгажээ. Сүүлийн 4 жилийн хугацаанд террорист байгууллагад элсэгдсэн 440 казах иргэнийг Казахстанаас гарахыг хориглоод байгаа аж. Дээрх хэлэлцүүлгийн үеэр Сири, Иракийн байлдааны бүсээс 125 казах иргэн нутагтаа буцаж ирсэн бөгөөд тэдний 57 нь терроризмын гэмт хэрэгт буруутгагдан шүүхээр хэрэг нь таслагдсан талаар мэдээлжээ.
 
Казахстаны Иргэний нийгэм болон шашны яамны сайд Нурлан Ермекбаев 
1 дүгээр сарын 29-ний өдөр Казахстаны Парламентад шашны дээд боловсрол эзэмших зорилгоор гадаадад зорчихыг хориглох тухай шинэ хуулийн төслийг өргөн барьжээ. Уг хориг нь зөвхөн Казахстаны шашны сургуулийг төгсөөгүй хүмүүст хамаарах аж.
 
Их Британи Умард Ирландын Нэгдсэн Вант улс
Их Британий Дотоод хэргийн яамнаас компьютерийн программ хангамжид суурилсан хиймэл оюун ухааны программ бүтээсэн талаар энэ оны 2 дугаар сард мэдэгдсэн. Энэхүү технологийн тусламжтайгаар экстремист контенттой зураг, видео бичлэгийг цахимд байршуулахаар уншиж байх явцад дүн шинжилгээ хийж, илрүүлэн зогсоох юм. Тухайлбал, “Исламын улс” бүлэглэлийн цахим ертөнцөд тавих гэж байсан терроризмын суртал ухуулга бүхий 1000 видео бичлэгийн 94 хувийг амжилттай илрүүлж чадсан байна. Тухайн төхөөрөмжийг Дотоод хэргийн яам “ASI Data science” компани хамтран бүтээсэн ба интернэт платформуудаар олон нийтэд хүртээлтэй болгох юм байна.
 
Израйль
Израйлын Парламент /Кнессет/ терроризмын гэмт хэрэгт цаазын ял ногдуулах тухай хуулийн төслийг танилцуулсан талаар 1 дүгээр сарын 3-нд Кнессетын цахим хуудсанд мэдээлсэн. Уг төсөлд, цаазын ялыг Цэргийн шүүх ногдуулах бөгөөд 3 шүүгчийн 2 нь ялласан тохиолдолд хууль хэрэгжихээр заажээ. Өмнө нь 3 шүүгч гурвуулаа ялласан тохиолдолд л хэрэгждэг байв.
 
Кнессетийн урьдчилсан хэлэлцүүлгээр уг хуулийн төслийг 52 гишүүн дэмжиж 49 гишүүн эсэргүүцсэн байна. Израйлын Ерөнхий сайд Биньямин Нетаньяху уг хуулийн төслийг дэмжсэн бөгөөд терроризм нь дайны гэмт хэрэг учир хуулийн хатуу цээрлэл хүртээх ёстой хэмээжээ. Харин Европын холбооноос уг хуулийн төслийг буруутгаж байна.
НИЙТЭЛСЭН: 2018-10-05 өдөр 12:25:1 цаг           ҮЗСЭН: