Шилийн сайн эрчүүдийн тухай үлгэр домог мэт яриа, уран зохиолын дүрүүдийг бид мэднэ. Үлгэр домогт мөнхөрсөн өнөөх дүрүүд Монголын Улсын тусгаар тогтнол, аюулгүй байдал эгзэгтэй цаг үед тагнуулын албанд хүчин зүтгэж түүхэн үүрэг гүйцэтгэж явжээ. Шилийн сайн эрчүүд тагнуулын албанд хэрхэн ажиллаж байсан тухай түүхэн баримтын талаар ТЕГ-ын Тусгай архивын түүх судлаач, докторант Н.Батболдтой ярилцлаа.
-Шилийн сайн эрчүүдийн талаар Цахиур Төмөр, Царцаа Намжил гэх мэт уран зохиолын дүрүүд байдаг ч бодит хүний тухай мэдээлэл ховор. Эдгээр дүрүүд үнэхээр бодит хүний амьдралаас төрсөн үү?
-Шилийн сайн эрчүүдийн талаарх уран зохиолын дүрүүд олон байдаг. Энэ дүрүүд нь бодит хүний амьдралаас сэдэвлэсэн, тэр хүний амьдралын түүхийг уран зохиолын дүрээр ургуулан гаргаж ирсэн байдаг. Үндэсний төв архивт Богд Хаант Монгол Улсын үеийн, Манжийн үеийн Тоорой Банди, Тогос Чүлтэм нарын талаарх баримтууд бий. Гэхдээ тэдний зорилго бол Манжийн төрийг эсэргүүцэж, Манжийн сүргээс мал хулгайлж энгийн ардад тарааж өгөх, Манжийн өрийн дансыг булааж авч шатаах зэргээр эсэргүүцлээ илэрхийлдэг байсан.
Гэтэл 1921 онд үндэсний ардчилсан хувьсгал ялсны дараа Дарьгангын шилийн сайн эрчүүдийн зорилго, үйл ажиллагаа өөр чиглэлтэй болсон. 1922 онд тагнуулын байгууллага буюу Дотоодыг хамгаалах газар байгуулагдаж, аймгуудад салбар анги байгуулж, шилийн сайн эрчүүдийг Өвөр Монголын нутаг дахь улс төрийн нөхцөл байдлын талаар Хятадын нутагт суусан суурин тагнуулчдаас мэдээлэл авах, үүрэг даалгавар дамжуулж холбоочин тагнуулчаар ажиллуулах болсон байдаг.
Бизьяагийн Чилхаа-Яагаад шилийн сайн эрчүүдийг тагнуулын албанд элсүүлэн ажиллуулах болов?
-Дарьгангын сайн эрчүүдийн хувьд Өвөр Монголын газар нутгийг маш сайн мэддэг давуу талыг нь харж үзсэн байдаг. Машин техник, утсан харилцаа гэж байгаагүй тэр цагт хаанаас адуу олж, унаа сэлгэж, яаж нууцаар явахыг шилийн сайн эрчүүд л хамгийн сайн мэднэ. Жишээ нь, Дарьгангын “Богино” Чилхаа хэмээх шилийн сайн эр Өвөр Монголын нутагт явахдаа нутгийн ард иргэдэд “Хээр алагтай, хүрэн азаргатай арваад тооны адуу алдчихаад хайж явна” гэж ярьж явсан байдаг. Тэгээд тав хоногийн дараа “Хээр алагтай, хүрэн азаргатай адуугаа олчихлоо” гээд туугаад Монголын нутаг руу буцсан байгаа юм.
-Гэтэл үүний цаана юу нуугдаж байсан хэрэг вэ?
-Тэр хүн Өвөр Монголын нутаг дахь Бандид гэгээний хийдэд очоод хийдэд сууж байсан суурин тагнуулчаас мэдээ авах зорилготой явсан байдаг. Ингэж сайн эрчүүд 1921 оноос Монгол Улсын үндэсний аюулгүй байдал, тусгаар тогтнолын төлөө ажиллаж байсан түүхтэй. Цэрэг, улс төрийн цаг үеийн мэдээллийг шилийн сайн эрчүүд маш сайн дамжуулж, үүргээ амжилттай гүйцэтгэсэн.
-Тагнуулын албанд элссэн шилийн сайн эрчүүд хэр олон байсан бол?
-Нутаг нутагт нэлээд олон байсан. Тэдний нэг нь Дарьгангын сайн эр “Богино” хэмээх алдартай Бизьяагийн Чилхаа гэж тагнуулч байсан. Түүнийг 1925 онд Дотоодыг хамгаалах газраас Гэндэн-Яринпил гэж хүн очиж тагнуулчаар элсүүлж авсан байдаг. Шилийн сайн эр Б.Чилхаа Дарьгангын ангид саатуулагдаад байхад нь Гэндэн-Яринпил очиж уулзсан.
Уулзахдаа “Чи энд ял эдэлж байхаар Монгол Улсынхаа тусгаар тогтнол, аюулгүй байдлын төлөө зүтгэ. Тэгвэл чамайг суллаж, даалгавар өгнө. Энэ бол Монгол Улсын төлөө юм шүү!” гэж ухуулсан. Тэгэхэд нь “Монгол Улсынхаа төлөө юм бол би бүхнийг хийнэ” гэж хэлсэн байдаг. Б.Чилхаа эцэст нь Маршал Х.Чойбалсангийн итгэлтэй тагнуулч болсон.
Маршал Чойбалсан Сан бэйсийн хүрээнээс Нийслэл хүрээ рүү алхаж ирэхдээ нэг хүнтэй хамт явж ирсэн гэдэг. Тэр хүн нь Б.Чилхааг элсүүлсэн Гэндэн-Яринпил болж таарч байгаа юм. Тухайн үеийн тагнуулын байгууллагаас Монгол Улсын тусгаар тогтнолд хувь нэмэр оруулж чадах сайн эрчүүдийг судалж, тагнуулын албанд элсүүлж байсан түүхтэй.
Одоогийн Сүхбаатар аймгийн Дарьганга сум шилийн сайн эрчүүдээрээ алдартай. Дарьгангын 5-6 шилийн сайн эрийг тагнуулын албанд элсүүлсэн байдаг. Тэд Монгол Улсын хилээс цааш 200 км газар морьтой явж үүрэг гүйцэтгэж байсан. Шилийн сайн эрчүүд үүрэг гүйцэтгэхдээ Чингис хааны үеийн цэргийн Аравтын систем шиг морьт бүлгийн систем зохиож, маш нарийн зохион байгуулалттай ажиллаж байсан.
-Дарьгангын Б.Чилхааг тагнуулд элсүүлэх үүргийг Маршал Х.Чойбалсан Гэндэн-Яринпилд өгсөн юм болов уу?
-Тэгсэн байж магадгүй. Маршал 1921 онд анх байгуулагдсан эдүгээн Цэргийн тагнуулын газрын дарга байсан шүү дээ. Энэ жил Цэргийн тагнуулын газрын 100 жилийн ой тохиож байна.
-Шилийн сайн эрчүүд тагнуулын ямар ажиллагаа явуулж байсан талаар архивт үлдсэн баримт мэдээлэл хэр арвин байдаг вэ?
-100 жилийн түүхтэй Тагнуулын байгууллагад байлгүй яах вэ. Б.Чилхаагийн толгойлсон сайн эрчүүдийн морьт группийг судалж үзэхэд: Нэг нь Дарьгангадаа алдартай анчин байсан. Хилээс цааш гарахад хүнтэй тааралдвал шууд устгах ёстой. Устгахгүй бол тэр хүн Японы цэрэг, тагнуулынханд мэдэгдэж, улмаар өөрсдөө эрсдэлд орох учир ийм даалгавар өгдөг байж. Тиймээс анчныг мэргэн буучаар авч явсан.
Шилийн сайн эрчүүд Монгол Улсын хилээс цааш 200 км газар морьтой явж үүрэг гүйцэтгэж байсан.
Хоёр дахь нь адуунд эрэмгий хүн. Хилээс цааш гарахад нэг мориор 200 км явна гэж байхгүй. Тэгэхээр унаа сэлгэгч хаана адуу байна, тэндээс сайн морь сонгож бусдадаа өгнө. Дараагийн хүнийг нь судлахад нэлээд зальтай, алиа хошин зантай хүн байна. Энэ хүн ямар үүрэгтэй вэ? гэхээр нутгийн ард иргэдээс мэдээлэл олзлогч. Ар халхаас явж байна гэсэн хар сэр авахуулахгүйгээр нутгийн иргэдэд түүний үг ярианд итгэж Японы тагнуулд мэдэгдэхгүй байхаар зохион ярьж, тэндээс мэдээ, мэдээлэл олзолдог. Ийм өөр өөрийн гэсэн онцлог чадваруудтай эрчүүд байжээ.
-Энэ бүх баримтууд Тагнуулын ерөнхий газрын архивт байдаг уу?
-ТЕГ-ын Тусгай архивт хадгалагдаж байгаа. Энэ талаар эрдэм шинжилгээний өгүүллүүд өмнө нь нийтлэн гаргаж байсан. Би энэ сэдвээр сүүлийн арваад жил судалж байна. Шилийн сайн эрчүүд 1939 оны Халх голын дайнд мөн оролцсон. Халх голын цаана Халуун рашаан гэж газар бий. Халуун рашааны төмөр замаар Японы зэвсэг техник зэрэг арын хангамж нь татагддаг. Тэр төмөр замын тэнд нэг том гүүртэй, гүүрийг дэлбэлж чадвал Японы хангамжийг тасалж, ялалтад хүрэх боломжтой гэж үзсэн.
Мягмарын БалданДорнодын Мягмарын Балдан гэж сайн эр Халх голын чиглэлдхилийн цаана 33 удаа үүрэг гүйцэтгэсэн. Халх голын цаана байгаа Японы цэргийн ангийн байршил, ямар техник хэрэгсэлтэйг судалж, цэргийн ангийнх нь агуулах руу ороод цэргүүдийнх нь хэрэглэж байсан бууг хүртэл авч ирж байсан тагнуулч. Халх голын дайны довтолгоог Буйр нуурын хойд хэсэг буюу баруун хойд талаар Булан дэрсээр дайрах нь уу? эсвэл Халх голын дайн болсон хэсгээр дайрах нь уу? гэдгийг тогтооход энэ хүний мэдээлэл маш чухал ач холбогдолтой байсан.
Япончуудын арын хангамж ирж байгаа тэр урсгалыг зогсооход Орос, Монголын цэргийн ангиас тусгай групп явуулж болох байсан. Гэвч Маршал Х.Чойбалсан Дорнодын Баянтүмэнд очоод Дарьгангаас “Богино” Чилхааг “Нэг сайн шилийн сайн эр дагуулаад ирээрэй” гэж дуудуулсан.
Б.Чилхааг Баянтүмэнд ирэхэд тагнуулын мэдээлэлд үндэслэн Халуун рашааны төмөр замыг дэлбэлэх төлөвлөгөө гарсан байдаг. Маршал Б.Чилхаад “Халуун рашааны төмөр замыг дэлбэлэх маш хариуцлагатай үүргийг чамд өгч байна. Үүнийг заавал биелүүлэх ёстой шүү” гэж даалгасан гэдэг. Дорнодоос Халхын гол, Нөмрөгийн голыг гатлаад Халуун рашаан руу очиход мориор явахад хоёр өдөр болно гэсэн тооцоолол гаргасан. Б.Чилхаа гуай Дарьгангын сайн эр Санжаажамцыг авч явна гэсэн.
Мөн цэргийн галт зэвсгийн мэргэжилтэн нэг хүнийг дагуулаад гурвуулаа явжээ. Ингээд очтол Нөмрөгийн гол үертэй улаан хоормог болчихсон, хаагуур гатлах нь мэдэгдэхгүй болсон байсан учир нөгөө цэргийн хүн нь буцъя гэсэн байдаг. Гэтэл Санжаажамц нь усч хүн байсан байгаа юм. Тэр хүн улаанаар эргэсэн үертэй голыг сэлж гатлаад, буцаж гарч ирээд “Энүүгээр гарвал болохоор байна” гэж нөгөө хоёрыгоо дагуулж гарсан байдаг. Ингээд төмөр замыг дэлбэлэх ажиллагаа амжилттай болсон. Сайн эрчүүд үүрэг гүйцэтгэхдээ маш нарийн тооцоололтой ажиллаж байсныг батлах энэ мэт баримт олон бий.
-Шилийн сайн эрс гүйлгээ ухаантай, сийрэг хүмүүс байсан нь Таны өгүүлэх баримтуудаас харагдаж байна?
-Тийм ээ. Халх голын дайн дууссаны дараа Маршал Чойбалсан Чилхаа гуайг машинаар Улаанбаатар хотод авчирч Халх голын дайны үед маш сайн үүрэг гүйцэтгэсэн гэж Байлдааны гавьяаны улаан тугийн одонгоор шагнасан. Шалгарсан сайн эр Б.Чилхаад Маршал Х.Чойбалсан “Монгол Улсын аль ч нутагт энэ хүн тааралдвал бүх талын дэмжлэг үзүүлж явуул” гэсэн өөрийнхөө гарын үсэгтэй үнэмлэх өгсөн. Дээр нь Оросын Сибирийн цэргийн тойргийн командлалаас бас яг ийм үнэмлэх өгсөн. Ийм онцгой бүрэн эрхтэй тагнуулч болсон.
Маршал Х.Чойбалсан Шалгарсан сайн эр Б.Чилхаад “Монгол Улсын аль ч нутагт энэ хүн тааралдвал бүх талын дэмжлэг үзүүлж явуул” гэсэн өөрийнхөө гарын үсэгтэй уг үнэмлэхийг өгсөн.
-Шилийн сайн эрчүүд 1921 оноос эхлэн 1939 оны Халх голын дайн, 1945 оны чөлөөлөх дайн гээд эх орныхоо тусгаар тогтнолд үнэтэй хувь нэмэр оруулжээ. Энэ гавьяа нь төрийн нууцад хамаарч амьдарч байсан цаг хугацаанд нь яригдахгүй 100 жил хадгалагдах нь нэг талаар чамламаар, гомдмоор ч юм шиг?
-Тагнуулын албаны онцлог, тагнуулч хүний үүрэг юм даа. Бүх цаг үеийн тагнуулчид ингэж ажилладаг. 1945 оноос хойш ч сайн эрчүүд үүрэг гүйцэтгэсээр байсан. 1945 оны дайны дараа Монгол Улс тусгаар тогтнолоо олсноос хойш баруун хилийн түгшүүртэй цаг үед ч сайн эрчүүдийг мөн л үүрэг гүйцэтгүүлж байсан. Оспаныг устгах нэг группийг Бизьяагийн Чилхаагаар удирдуулж явуулсан юм. Гэхдээ ажиллагаа бүтэлгүй болсон. Яагаад гэвэл урьд нь хилийн цаадах тагнуулын пунктуудыг устгах ажиллагааг Чилхаа гуай өөрөө удирдаж, групп байгуулан ажиллагаа явуулдаг байсан. Гэтэл энэ ажиллагааг Булган дахь ангиас зохион байгуулсны дээр Чилхаа гуай баруун хязгаарт газар мэдэхгүй учир буцаж ирсэн байдаг.
-Тагнуулч сайн эрчүүдийн талаар сонирхолтой түүхэн баримтыг манай уншигчдад дэлгэсэнд баярлалаа.
-Энэ өдрүүдэд Цэргийн тагнуулын газрын түүхт 100 жилийн ой тохиож байна. Ирэх онд Тагнуулын байгууллагын 100 жилийн ой тохионо. Энэ хоёр түүхэн ойг тохиолдуулан Монгол Улсынхаа тусгаар тогтнол, эрх чөлөө, үндэсний аюулгүй байдлын төлөө амь бие хайрлалгүй зүтгэж ирсэн хүмүүсийн нэгээхэн төлөөлөл нь бидний хэлж заншсанаар Шилийн сайн эрчүүд юм гэдгийг тодотгож байна. 1921 оны үндэсний ардчилсан хувьсгалын дараа Шилийн сайн эрчүүд эх орныхоо тусгаар тогтнол, аюулгүй байдлыг сахин хамгаалах үйлсэд хоёргүй сэтгэлээр зүтгэж, зарим нь амь насаа эрсдүүлж явсан юм шүү.
-Сонирхолтой баримт дэлгэсэн Танд баярлалаа.
-Баярлалаа. Түүх гэгээн байг.